Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 843

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2017/00843

 

 

Улаанбаатар хот

 

 

                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн 84-9 гудамж, 2 тоотод оршин суух Гөмчин овогт Эрдэнэбатын Наранбаяр/РД-ЦГ63041419/-ын,

            Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Баянхошууны эцсийн буудал “Боса” худалдааны төвийн 2 давхарт оршин байх “Баялаг Ундрах Арвижих” хадгаламж зээлийн хоршоо/РД-5936012/-нд холбогдох

            Хууль бусаар ажлаас халагдсан болохыг тогтоож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, мөн сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Наранбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэнгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Нямсүрэн, гэрч А.Навчаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алдармаа нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Э.Наранбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Баялаг Ундрах Арвижих” хадгаламж Зээлийн хоршоонд 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан, сарын 800.000 төгрөгийн цалинтай ажиллаж эхэлсэн. Миний бие эрхэлсэн ажил албан тушаалдаа хариуцлагатай хандаж, ямар нэгэн зөрчил дутагдал гаргалгүй ажиллаж байгаад 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр эмнэлэгт үзүүлэн чөлөө авсан. Миний бие жирэмсэн байсан учир тухайн өдрүүдэд зайлшгүй эмнэлэгт хэвтэж дэглэм барих шаардлагатай болсон. Намайг эзгүйгээр буюу 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр үндэслэлгүйгээр ажлаас халах тушаал гаргаж ажлаас халсан гэдгийг мэдэгдсэн бөгөөд ажлаа хүлээлгэн өг гэж шахан дарамтлах болсон. Би уг ажлаас халах тухай тушаалыг 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсан. Миний зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцлах ямар ч үйлдэл гаргаагүй байхад хууль бусаар ажлаас халсан байсан. Иймд намайг ажлаас хууль бусаар халагдсан болохыг тогтоож, ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү. Тухайн үед би гүйцэтгэх захирлын албан тушаалд ажиллаж байсан. Би хоршооны гишүүний хувьд хоршооноос зээл авах эрхтэй. Миний зээл авах хүсэлтийг зээлийн хороо хуралдаж зээл олгох шийдвэр гаргасан. Миний зээлийн асуудлыг хоршооны тэргүүлэгчдийн зөвлөл болон зээлийн хороо шийдвэрлэснээр зээл гарсан. Зургийн камерын хувьд гүйцэтгэх захирал нийт активын 10 хувиас гэрээ  хэлцэл хийх эрхтэй. Зээлийн үйл ажиллагаанд болон хоршооны хурал хийх үед ашигладаг, одоо хоршооны байранд байгаа. Хөдөлмөрийн гэрээ хийх асуудал нь хоршооны эрхийн асуудал. Би 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ажилдаа орж ажиллаж ажил үүргээ хэвийн гүйцэтгэсэн. Дөнгөж шинэ байгуулагдсан байгууллага болохоор ажил маш ихтэй орой 18 цагаас хойш болон хагас бүтэн сайн өдрүүдэд илүү цагаар ажиллах тохиолдол гарч байсан. н.Хунцэцэгийн нэр дээрх зээл нь зээлийн хорооны шийдвэрийн дагуу зээлийг 1 сарын хугацаатай олгосон байгаа. н.Хунцэцэг нь зээлээ хугацаандаа төлсөн байдаг. Би н.Солонго гэдэг хүнийг нэг ч удаа харж байгаагүй, таньж мэдэхгүй. Би ажлаа хэвийн хийж байсан. Ажлаа 100 хувь хүлээлгэж өгөөгүй байхад 2016 оны 01 сарын 04-ний өдөр ажлаас халах тушаал гаргаж гэнэт ажлаас халсан. А.Навчаагийн бичиг баримт нь надад байсан. Смарт картуудын хувьд хоршоодод гэрээ хийж тараасан тухай нотлох баримтууд нь байгаа гэв.

Хариуцагч “Баялаг Ундрах Арвижих” хадгаламж зээлийн хоршоо шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Нямсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баялаг Ундрах Арвижих” ХЗХоршооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Э.Наранбаяр нь дараах зөрчил, дутагдлуудыг гаргасан тул ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн юм. Үүнд: Э.Наранбаяр нь өөртөө 5.000.000 төгрөгийн зээл гаргахдаа гэрээг нотариатоор батлуулаагүй, барьцаагүй зээл гаргасан 2015 оны 10 сарын 23-ны өдрийн 1538 тоот зээлийн гэрээ байгаа. Өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй байдаг. Энэ нь Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 35.1.8-д заасан дутагдлуудыг гаргасан. Хөдөлмөрийн гэрээний 2.3.1, 2.3.2, 35.1.18-д заасныг  зөрчсөн. Мөн смарт картны тооцоо болох 2.118.400 төгрөгийн тооцоог одоог хүртэл Смарт карт ХХК-тай хийгээгүй. Удаа дараа шаардсан боловч өгдөггүй. Смарт картны үйлчилгээний ашиг байдаг. Үүнийг өөрийн нэр дээр Худалдаа хөгжлийн банкны дансанд оруулсан байдаг. Энэ нь Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 41.2, Хоршооны дүрмийн 18.2, Хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагааны зохицуулалтын журмын 3.1.3, Хөдөлмөрийн гэрээний 2.3.3-т заасныг тус тус зөрчсөн байна. Хоршоо алдагдалтай байхад тэргүүлэгчдийн зөвшөөрөлгүй дижитал аппаратыг 928.989 төгрөгөөр худалдаж авсан байдаг. Энэ нь хөдөлмөрийн гэрээний 2.3.2-т зааснаар эд хөрөнгө захиран зарцуулах эрх хэмжээг хэтрүүлэн 42.1, 42.3-т заасныг тус тус зөрчсөн байна. 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 07 сарын 30-ны өдрийг хүртэлх хөдөлмөрийн гэрээ байхгүй боловч цалин болох 1.600.000 төгрөг авсан. 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хоршооны даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Энэ нь хөдөлмөрийн гэрээний 4.3, Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 39.8, 35.1.7-д заасныг зөрчсөн байдаг. Хоршооны гишүүн н.Хунцэцэгийн гарын үсгийг хууль бусаар дуурайлган 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өөртөө зээл гаргасан. Энэ нь хөдөлмөрийн гэрээний 2.3, 5.2.2-г зөрчиж ажилласан. Мөн хоршооны даргаар ажиллаж байсан А.Навчаад зээл гаргахдаа хяналтын зөвлөлийн дарга н.Солонгын гарын үсгийг хуурамчаар зурсныг мэдсээр байж үгсэн хуйвалдаж зээл гаргасан. Энэ нь 42.1, 42.2, 42.3, Хөдөлмөрийн гэрээний 2.3.1, 2.3.2-т заасныг тус тус зөрчиж ажилласан, Хоршооны гишүүн А.Навчаагийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, газрын гэрчилгээ болон бусад хоршооны гишүүдийн материалыг эх хувиар нь гэртээ нуун хадгалсан. Энэ нь Ёс зүйн дүрмийн 8, 9, 10-т заасныг зөрчиж ажилласан. Э.Наранбаяр нь ХЗХоршооны тухай хуулийн 35.1.7, 39.8, 41.1, 41.2, 45.1.18, 42.1, 42.2, 42.3, Хоршооны дүрмийн 18.1, 18.2, 18.3,  18.4, 18.3.6, хөдөлмөрийн гэрээний 2.2.2, 2.2.3, 2.2.4, 2.3.1, 2.3.2, 2.3.3, 4.3, 5.2, Хоршооны ёс зүйн журмын 8, 9, 10 дахь заалтуудыг зөрчсөн тул ажлаас халагдсан. Иймд Э.Наранбаярын нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Зээлийн хороонд гүйцэтгэх захирал өөрөө ордог, зөвхөн зээлийн хорооны буруутай үйл ажиллагаа гэж хэллээ. Зээлийн хороонд гүйцэтгэх захирал ордог. Би тэр үед Хяналтын зөвлөлийн дарга байгаагүй. Яг эдгээр алдаа дутагдлууд гарч ирэхэд би сүүлд 12 сард хяналтын зөвлөлийн даргаар орсон. Гүйцэтгэх захирлын эдгээр буруутай үйл ажиллагаануудыг Санхүүгийн зохицуулах хороо, Хяналтын зөвлөл, Тэргүүлэгчдийн зөвлөл хяналт тавьж ажиллаж чадаагүй гэж үзэж байгаа. Мөн хөдөлмөрийн гэрээнд заасан заалтуудыг мөрдлөг болгож ажиллах ёстой. Жирэмсэн  байж болно, бага насны хүүхэдтэй ч байж болно гэвч Монгол Улсын иргэн хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой, ажил мэргэжилдээ үнэнч байх хэрэгтэй. Хоршооны бусад гишүүдийн эрх ашгийг хамгаалах ёстой, эрх ашгийг 1 дүгээрт тавих ёстой гэдэг байр  суурьтай байна. Хүн ажил төрлөө хийхдээ алдаа дутагдалгүй, мэргэжлийн өндөр түвшинд ажиллах ёстой гэдгийг хэлье. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

Шүүх зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн  нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                Ү Н Д Э С Л Э Х  Н Ь:

            Нэхэмжлэгч Э.Наранбаяр нь шүүхэд хариуцагч  “Баялаг Ундрах Арвижих” хадгаламж зээлийн хоршоо/Цаашид “ХЗХ” гэнэ/-нд холбогдуулан хууль бусаар ажлаас халагдсан болохыг тогтоож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч Э.Наранбаяр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэхийг шаардах эрхтэй ба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хангах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хариуцагч “Баялаг Ундрах Арвижих” ХЗХ-ны захирлын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 00/01 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Э.Наранбаярыг ажлаас чөлөөлж, уг тушаалын хууль зүйн үндэслэлд Монгол улсын хөдөлмөрийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, “Баялаг Ундрах Арвижих” ХЗХ-ны даргын гүйцэтгэх захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.2.2, 2.2.3, 2.2.4, 2.2.10, 2.3, 2.3.1, 2.3.2, 2.3.3 дах заалтуудыг зөрчсөн, “Баялаг Ундрах Арвижих” ХЗХ-ны тэргүүлэгчдийн зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тогтоолыг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна./ХХ-ийн 38 дугаар хуудас/

Нэхэмжлэгч Э.Наранбаяр уг тушаалыг 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гардан авч, тус шүүхэд 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Э.Наранбаяр нь 2015 оны 06 дугаар сараас “Баялаг Ундрах Арвижих” ХЗХ-нд ажилд орж, сард 800.000 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлоготойгоор ажилласан болох нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогддог./ХХ-ийн 7 дугаар хуудас/

“Баялаг Ундрах Арвижих” ХЗХ-ны дарга А.Навчаа, гүйцэтгэх захирал Э.Наранбаяр нар нь 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр харилцан тохиролцон “Гүйцэтгэх захиралтай байгуулах хөдөлмөрийн гэрээ”-г байгуулан баталгаажуулсан байдаг. Уг гэрээнд Э.Наранбаярыг “Баялаг Ундрах Арвижих” ХЗХ-ны гүйцэтгэх захирлын албан тушаалд мөн өдрөөс ажиллуулж, гэрээг 1 жилийн хугацаатайгаар, сарын үндсэн цалинг 800.000 төгрөгөөр тохиролцон ажиллуулахаар тохиролцсон байдаг./ХХ-ийн 40 дүгээр хуудас/

Нэхэмжлэгч Э.Наранбаяр нь ажил олгогч “Баялаг Ундрах Арвижих” ХЗХ нь надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан, хөдөлмөрийн гэрээнд заасан ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй, түүнчлэн жирэмсний учир эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад хөдөлмөрийн харилцааг шууд зогсоон, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй байхад хууль бусаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан, хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэх тайлбар, татгалзал үндэслэлгүй, шалгагдаж тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн хангах үндэслэлтэй гэж маргадаг. Нэхэмжлэгч нь уг хугацаанд жирэмсэн байсан болох нь тогтоогддог./ХХ-ийн 8 дугаар хуудас/

Хариуцагч “Баялаг Ундрах Арвижих” ХЗХ гүйцэтгэх захирал Э.Наранбаяр нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын зөрчил гаргасан, үүнд: хоршооны мөнгөн хөрөнгөөс өөртөө 5.000.000 төгрөгийн зээлийг гаргасан, зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй, “Смарт карт” ХХК-тай  2.118.400 төгрөгийн смарт картны тооцоог хийгээгүй, хоршоо алдагдалтай байхад тэргүүлэгчдийн зөвлөлийн зөвшөөрөлгүй 928.989 төгрөгийн үнэ бүхий дижитал апапаратыг авч хоршоог хохиролгүй болгоогүй, 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээгүй байж 1.600.000 төгрөгийн цалинг авсан, гүйцэтгэх захирал, нягтлан бодогчийн ажлыг давхар гүйцэтгэж байсан, хоршооны гишүүн Х.Хунцэцэгийн гарын үсгийг дуурайлган хууль бусаар өөртөө зээл гаргасан, хоршооны дарга А.Навчаад зээл гаргахдаа хяналтын зөвлөлийн дарга Б.Солонгын гарын үсгийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж үгсэн хуйвалдаж зээл гаргасан, хоршооны гишүүн А.Навчаагийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл гэртээ нуусан үйлдлүүд гаргасан тул ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж марган мэтгэлцсэн.

Зохигчид хөдөлмөрийн гэрээ байгуулсан болон хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй. Харин хөдөлмөрийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан, ажлаас халснаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон гэж тайлбарладаг. Хариуцагч “Баялаг Ундрах Арвижих” ХЗХ нь хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг, Санхүүгийн зохицуулах хорооноос хадгаламж, зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд болох талаар зохигчид маргаагүй.

Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд дурдагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1   дэх хэсэгт "хуулийн этгээдэд эд хөрөнгө захиран зарцуулах эрх мэдэл хэрэгжүүлэх ажил, албан тушаалд ажилладаг ажилтан адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг өмчийн бусад төрөл, хэлбэрийн өмчлөгчтэй эрхэлж байгаа ажил, албан тушаалтайгаа ижил, эсхүл удирдах, хяналт тавих шинжтэй ажил, албан тушаалд ажиллахаар зэрэгцсэн гэрээ буюу контракт байгуулахыг хориглоно" гэж, тус хоршооны дүрмийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт "гүйцэтгэх захирал зэрэг албан тушаалтнууд хоршооны хөрөнгийг хувийн хэрэгцээнд ашигласан, түүний буруутай үйл ажиллагааны улмаас хоршоонд учруулсан хохирлыг буруутай этгээд өөрийн хувийн хөрөнгөөр хариуцна" гэж тус тус заасан байх бөгөөд хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлд гүйцэтгэх захирлын эрх, үүргийг тодорхойлсон байна.

Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан хэд хэдэн ажил олгогчид нэгэн зэрэг ажиллахыг хориглосон заалтыг удирдлага болгон энэ үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх боловч хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад уг үндэслэл тогтоогддоггүй, Э.Наранбаяр өөр байгууллагад ажиллаагүй, цалин авч байгаагүй болох нь тогтоогддог.

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус хоршооны гүйцэтгэх захирал Э.Наранбаяр нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан гээд ажил олгогчийн мэдлийн мөнгөн хөрөнгөөс өөртөө завшин зээл гаргасан, зээлийг эргэн төлөөгүй, “Смарт карт”-ны тооцоог хийгээгүй, зөвшөөрөлгүй 928.989 төгрөгийн үнэ бүхий дижитал аппаратыг авсан, хөдөлмөрийн гэрээгүй байж 1.600.000 төгрөгийн цалин авсан, гүйцэтгэх захирал, нягтлан бодогчийн ажлыг давхар гүйцэтгэж байсан, хоршооны гишүүдийн гарын үсгийг дуурайлган зурж, үгсэн хуйвалдаж зээл гаргасан, хоршооны гишүүдийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гэртээ нуусан гэх үйлдлүүд гаргасан гэж үзэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэх тайлбар нь хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтаар тогтоогддоггүй.

Хариуцагчийн тайлбар, татгалзалд дурдсан үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохдоо Э.Наранбаярыг ажлаас чөлөөлөх тушаалд хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлд заасан холбогдох зүйл, заалт, хэсгийг удирдлага болгон баримтлаагүй, гаргасан зөрчлийн талаар дурдаагүй, мөн түүнчлэн гүйцэтгэх захиралтай байгуулах хөдөлмөрийн гэрээнд ч хөдөлмөрийн гэрээ цуцлах, дуусгавар болох заалтаас баримтлаагүй болох нь тогтоогддог.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн зохих хэсгийг ажил олгогч удирдлага болгон ажилтныг ажлаас чөлөөлсөн гэх боловч энэ үндэслэл тогтоогддоггүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлаагүй ч мөн зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан зөрчилд хамааруулан тайлбар гаргасан гэж үзэх үндэслэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогддог. Өөрөөр хэлбэл ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлд уг тайлбар хамаарахаар байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан байхыг шаарддаг бол энэ үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэл тогтоогдохгүй байх ба зохигчдын хэн аль нь энэ үндэслэл болон урьд сахилгын арга хэмжээ авагдсан эсэх талаар зохигчид маргаагүй тул хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэл хамаарахгүй юм гэж дүгнэлээ.

Харин тус зүйлийн диспозицэд заасан “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлд хамааруулан тайлбарлах нь үндэслэлтэй байна.

“Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харш үйлдэл, эс үйлдлийг ойлгох ба ажил олгогч, ажилтан нь ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаарддаг боловч Э.Наранбаярыг ажлаас чөлөөлсөн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тушаалд Э.Наранбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.2 дах заалтыг баримтлаагүй байдаг. Мөн уг зүйлд заасан ноцтой зөрчилд ямар зөрчлүүд хамаарахыг хөдөлмөрийн гэрээнд нарийвчлан заагаагүй, гүйцэтгэх захирлын эрх үүргийн хэсгийг баримталсан байдаг.

Түүнчлэн хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэлд Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дах хэсэгт хамаарах тайлбар дурдагддаг ба энэ тайлбар нь үндэслэлгүй, хөдөлмөрийн гэрээ цуцлахаар ажлаас чөлөөлсөн тушаалд уг үндэслэлийг баримтлаагүй байх боловч энэхүү тайлбар нэхэмжлэгч Э.Наранбаярт хамаарахгүй юм. Э.Наранбаяр нь нягтлан бодогчийн албан тушаалд ажиллаж байсан эсэх нь тогтоогддоггүй, хөдөлмөрийн гэрээний дагуу мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан мөн эсэх, үүнтэй холбоотой зөрчлийг гаргасан эсэх, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь хууль хяналтын холбогдох байгууллагаар шалгагдаж тогтоогдсон болох нь хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул энэ үндэслэл хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэлд хамаарахгүй юм. “Санхүүгийн зохицуулах хороо”-ноос хариуцагч “Баялаг Ундрах Арвижих” ХЗХ-ны үйл ажиллагаанд хийсэн газар дээрх шалгалтын тайланд Э.Наранбаярын буруутай үйлдлийн талаар огт дурдагдаагүй байдаг./ХХ-ийн 112-126/

Ажил олгогч Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр “Баялаг Ундрах Арвижих” ХЗХ нь Э.Наранбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй боловч хариуцагчийн тайлбарт дурдсан ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан, түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харш үйлдэл, эс үйлдлийг хийсэн, ажил олгогч болон ажилтан нь ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан урьдчилан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заагаагүй болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн ажилтны гаргасан зөрчил тус бүр баримтаар тогтоогдсон байх шаардлагатай ба санхүүгийн анхан шатны болон бусад нотлох баримтаар давхар тогтоогдсон нөхцөлд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үндэслэл болох юм. Өөрөөр хэлбэл хариуцагчийн тайлбарт дурдсан нэхэмжлэгч өөртөө зээл гаргасан нь ноцтой зөрчилд хамаарах эсэх нь тодорхойгүй байх ба зээл олгох шийдвэрийг гүйцэтгэх захирал гаргадаггүй зээлийн хороо шийдвэрлэдэг болох нь тус хоршооны дүрмийн 16 дугаар зүйлийн 16.3-т зааснаар тогтоогддог.

Мөн Э.Наранбаяр “Смарт карт” ХХК-тай картны тооцоо хийгээгүй, өөртөө завшсан эсэх болон зөвшөөрөлгүй 928.989 төгрөгийн үнэ бүхий дижитал аппаратыг авч, хоршоог хохиролгүй болгох үүрэгтэй эсэх, хоршооны гишүүдийн гарын үсгийг дуурайлган зурж, үгсэн хуйвалдаж зээл гаргасан, хоршооны гишүүдийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гэртээ нуусан гэх зэрэг үйлдлүүдийг холбогдох хууль хяналтын байгууллагаар шалгуулан тогтоогоогүй байх ба хууль зөрчсөн үйлдлийг шалган гэм бурууг тогтоолгоогүй, уг үйлдлээс хариуцагч байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүргээд байгаа эсэх нь тогтоогддоггүй. Хавтаст хэргийн 181 дүгээр хуудсанд авагдсан нотлох баримтад “Смарт карт” ХХК-ийн албан бичиг/Мэдэгдэлд/-т “Баялаг Ундрах Арвижих” ХЗХ нь картын төлбөрт 2.118.400 төгрөгийг төлөөгүй гэсэн байх ба Э.Наранбаяр төлөхөөр тусгаагүй байх тул шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй. Мөн хавтаст хэргийн 182 дугаар хуудсанд 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн зарлагын баримтуудад “Баялаг Ундрах Арвижих” ХЗХ-ны нэрээр Э.Наранбаяр зургийн аппаратыг хүлээн авсан болох нь тогтоогддог ч уг аппаратыг хувьдаа завшсан болон 929.989 төгрөгийг хувьдаа авсан эсэх нь тогтоогдоогүй, уг аппаратыг хоршооны үйл ажиллагаанд одоог хүртэл ашиглаж байгаа болох нь тогтоогддог. Хавтаст хэргийн 183 дугаар хуудсанд бичиг баримтыг хүлээн авсан актанд хүлээлгэн өгсөн хүн гарын үсэг зураагүй байдаг.

Мөн түүнчлэн Э.Наранбаяр хөдөлмөрийн гэрээгүй байж 1.600.000 төгрөгийн цалин авсан гэх зөрчилтэй холбогдуулан ажил олгогч “Баялаг Ундрах Арвижих” ХЗХ нь Э.Наранбаярыг ажилд авсан болон ажлын байрны тодорхойлолт, цалингийн тодорхойлолт, тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журам зэрэг хөдөлмөрлөхтэй холбоотой баримтыг татгалзлаа нотлон шүүхэд ирүүлээгүй, энэ баримт бичгүүдийг мөрддөггүй гэх тайлбарыг шүүхэд өгсөн. Хавтаст хэргийн 180 дугаар хуудсанд авагдсан баримтад хэнд цалин олгосон нь тодорхойгүй, харилцагч гарын үсгээ зураагүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

Мөн нэхэмжлэгч Э.Наранбаяр нь гүйцэтгэх захирал, нягтлан бодогчийн ажлыг давхар гүйцэтгэж байсан гэх үндэслэл тогтоогддоггүй, хөдөлмөрийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан өөр байгууллагад хөдөлмөрийн зэрэгцсэн гэрээ байгуулан ажиллаагүй болох нь тогтоогддог.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангаагүй нотлох баримтуудыг зохигчид нотлох баримтаас хасуулах тухай хүсэлт гаргаагүй тул бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд болох хавтаст хэргийн 3-6, 16-35, 39, 51-53, 142-157, 160-174, 179-180, 185-195, 212-213 дугаар хуудаснуудад авагдсан бичгийн баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй, мөн хавтаст хэргийн 158-159 дугаар хуудсанд авагдсан нотлох баримт нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй байх тул үнэлээгүй болно.

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ажлаас чөлөөлөх үндэслэлд Хоршооны ёс зүйн дүрмийг үнэлүүлэхээр ирүүлсэн байх ба энэхүү дүрмийн заалтыг хариуцагч “Баялаг Ундрах Арвижих” ХЗХ нь Э.Наранбаярыг ажлаас чөлөөлсөн тушаалд баримтлаагүй атлаа ёс зүйн дүрмийн заалт үндэслэж шүүх хуралдаанд тайлбар гаргах нь үндэслэлгүй байх тул уг хоршооны ёс зүйн дүрмийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно./ХХ-ийн 183 дугаар хуудас/

Хариуцагч “Баялаг Ундрах Арвижих” ХЗХ нь хөдөлмөрийн гэрээний гэрээ цуцлах үндэслэлийг тушаалд дурдаагүй боловч хөдөлмөрийн гэрээний гүйцэтгэх захирлын эрх, үүрэгтэй холбоотой заалтуудыг удирдлага болгон ажлаас чөлөөлөх тухай тушаалын хууль зүйн үндэслэл болгосон нь үндэслэлгүй байх ба тушаалын хууль зүйн үндэслэл болон хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарууд хоорондоо зөрчилддөг.

Түүнчлэн Э.Наранбаяр нь 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн эмнэлгийн магадалгаагаар 20-21 долоо хоногтой жирэмсэн байсан болох нь тогтоогддог./ХХ-ийн 8-9 дүгээр хуудас/

Хариуцагч “Баялаг Ундрах Арвижих” ХЗХ  нь хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн холбогдох заалт, хэсгийг ажлаас чөлөөлөх тухай тушаалд баримтлаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан 5 сартай жирэмсэн эмэгтэй Э.Наранбаярыг ажлаас халсан шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн байна гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.    

Иймд хариуцагч “Баялаг Ундрах Арвижих” ХЗХ-ний гүйцэтгэх захирал Э.Наранбаярыг ажлаас чөлөөлсөн шийдвэр/тушаал/ нь хууль зүйн үндэслэлгүй, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хариуцагчийн гаргасан тайлбар нь сахилгын ноцтой зөрчил гэж үзэх үндэслэлд хамаарахгүй, хариуцагчийн татгалзал нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзлээ. Иймээс “Баялаг Ундрах Арвижих” ХЗХ нь ажилтан Э.Наранбаярын хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байх тул нэхэмжлэгч Э.Наранбаярыг “Баялаг Ундрах Арвижих” ХЗХ-ны гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Э.Наранбаярыг “Баялаг Ундрах Арвижих” ХЗХ-ны гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар дундаж цалин олговрыг 660.000/800.000+680.000+500.000=1.980.000:3=660.000/ төгрөгөөр, 1 өдрийн цалинг 30.000 төгрөгөөр тооцон, ажилгүй байсан хугацааны цалин олговор болох  10.050.000  төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгох  үндэслэлтэй гэж шүүх үзлээ  

            Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Наранбаярын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.3-д зааснаар  хариуцагч “Баялаг Ундрах Арвижих” ХЗХ-оос улсын тэмдэгтийн хураамжид 316.150 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Э.Наранбаярыг “Баялаг Ундрах Арвижих” ХЗХ-ны гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан “Баялаг Ундрах Арвижих” ХЗХ-ноос 10.050.000 төгрөг гаргуулан Э.Наранбаярт олгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 4.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Наранбаярын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч “Баялаг Ундрах Арвижих” ХЗХ-нд даалгасугай.

 5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасныг баримтлан  хариуцагч “Баялаг Ундрах Арвижих” ХЗХ-оос улсын тэмдэгтийн хураамжид 316.150 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б. БАЯРМАА