Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 1320

 

Хын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Т.Туяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2016/02965 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Хын нэхэмжлэлтэй

Хариуцагч “ХХХ” ХЗХ-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХ,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Хын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:

Х "ХХХ" ХЗХ-той 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан гүйцэтгэх захирлын албан тушаалд ажиллаж эхэлсэн. Тэрээр эрхэлсэн ажил албан тушаалдаа хариуцлагатай хандаж ямар нэгэн зөрчил дутагдалгүйгээр ажиллаж байгаад 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр эмнэлэгт үзүүлэн чөлөө авсан ба жирэмсэн байсан учир тухайн өдрүүдэд зайлшгүй эмнэлэгт хэвтрийн дэглэм барих шаардлагатай байсан. Гэтэл байхгүй хооронд 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөр ажлаас халах тушаал гаргаж Хыг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэдгийг мэдсэн бөгөөд ажлаа хүлээлгэж өг гэж шахан дарамтлах болсон. Энэхүү ажлаас халагдсан тушаалыг 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсан. Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа бол мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлийн аль нэг нь бий болсон байхыг шаарддаг боловч эдгээр үндэслэлүүдийг болон Хөдөлмөрийн дотоод журмын заалтыг ч дурдалгүйгээр 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр тушаалыг гаргаж ажлаас халсан байдаг. Сахилгын зөрчил гаргаагүй, мөн шалгаж тогтоогоогүй асуудлаар шалтаглан ажилтныг жирэмсэн байхад нь ажлаас үндэслэлгүй халсан тул тус хоршооны гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорыг гаргуулан нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч "ХХХ" ХЗХ-ны тайлбарт:

Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Х нь дараах зөрчил дутагдлуудыг гаргасан учир ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн юм. Тэрээр гүйцэтгэх захирал болон нягтлан бодогчийн ажлыг давхар хийсэн, албан тушаалаа ашиглаж гэрээ баталгаажуулаагүй өөртөө зээл гаргасан, хоршооны гишүүн ХХХХХийн нэр дээр хууль бусаар зээл авсан, хөдөлмөрийн гэрээг удаа дараа зөрчсөн, зээлийн эргэн төлөлт нэхэж зээлдэгч нарын хойноос явдаггүй, нэгдмэл сонирхолтой этгээдэд зээл гаргахдаа урьдчилан мэдэгдээгүй, смарт картны тооцоо болох 2 118 400 төгрөгийг хувьдаа завшсан байж магадгүй бөгөөд удаа дараа шаардсан боловч тайлбар өгөөгүй. 2015 оны 6 дугаар сарын 01-нээс 7 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хөдөлмөрийн гэрээ байхгүй байж цалин авсан байсан. Жирэмсэн гэдгийг нь бид тухайн үед мэдээгүй, өөрөө ч хэлээгүй болно. Хын асуудлыг хоршооны Тэргүүлэгчдийн зөвлөл хэлэлцээд ажлаас нь халахаар шийдвэрлэсэн. Хоршооны даргын хувьд би тушаалыг нь гаргаж гарын үсэг зурсан. Нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дах хэсгийг баримтлан нэхэмжлэгч Хыг "ХХХ” ХЗХ-ны гүйцэтгэх захирлын албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 2 690 909 төгрөгийг хариуцагч "ХХХ" ХЗХ-ноос гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийж, баталгаажуулахыг хариуцагч "ХХХ” ХЗХ-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 58 004 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “ХХХ” ХЗХ-ны гүйцэтгэх захирал ХХХХгийн давж заалдах гомдолд:

Эрх зүйн туслалцаа авах зайлшгүй шаардлагатай гэж үзэж өмгөөлөгч авах тухай хүсэлтэй байсан. Тухайн үед манай хоршооны бүх баримтыг Санхүүгийн зохицуулах хороо авч шалгаж байсан болохоор Хт холбогдох Хөдөлмөрийн хууль болон хөдөлмөрийн гэрээ зөрчсөн баримтуудыг шүүхэд гаргаж өгөх боломжгүй байсан зэрэг шалтгаануудаар тодорхой хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт тавьсаныг шүүхийн зүгээс хүлээн аваагүй тул бид ямар ч нотлох баримт бүрдүүлж өгөлгүй шүүх хуралд орж шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэр гарсанд гомдолтой байна.

Х нь тус хоршооны гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээг удаа дараа зөрчин албан тушаалаа ашиглаж зээлийн гэрээгээ баталгаажуулалгүй өөртөө зээл гаргасан, хоршооны гишүүн ХХХХХийн нэр дээр зээл гарган өөртөө авсан, смарт картны тооцоо болох 2 118 400 төгрөгийг төлөөгүй болон ажилд томилогдохоос өмнөх сарын цалинг дур мэдэн авч байсан зэрэг баримтууд нь байдаг. Иймд анхан шатны шүүхийн 102/ШШ2016/02965 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Х "ХХХ" ХЗХ-нд холбогдуулан тус хоршооны гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч "ХХХ" ХЗХ эс зөвшөөрч, “албан тушаалаа ашиглаж, хоршооны гишүүн ХХХХХийн нэр дээр өөртөө зээл авсан, смарт картны тооцоо 2 118 400 төгрөгийг төлөөгүй, ажилд томилогдохоос өмнөх сарын цалинг дур мэдэн авсан, гүйцэтгэх захирал, нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгэсэн зэрэг зөрчлийг гаргасан гэж маргажээ.  

 

Шүүх маргааны үйл баримтад хамааралтай нотлох баримтууд нь хуулийн шаардлага хангасан эсэх, зохигчид тайлбарын үндэслэлийг нотлосон баримтуудыг өөрөө бүрдүүлэх үүргээ хэрхэн гүйцэтгэсэн талаар анхаараагүй, зөвхөн ажлаас халсан тушаалынх нь хэлбэрт дүгнэлт өгч, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбараа нотлохоор ирүүлсэн, хэргийн 17-35 дугаар тал дахь нэхэмжлэгч Хын тус хоршооны дүрмийг зөрчиж өөртөө зээл авсан гэх зээлийн болон барьцааны гэрээ, смарт картны тооцоотой холбоотой 2 118 400 төгрөгийн нэхэмжлэх, хоршооны нийгмийн даатгалын болон татварын тайлан зэрэг баримтуудад хариуцагч байгууллага өөрийнхээ тэмдэгийг дарсан байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь өгөх, хэрэв эхийг өгөх боложгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн шаардлагыг хангаагүй байна.

 

Мөн "ХХХ" ХЗХ-ны дүрмийг бүрэн эхээр нь биш зарим хэсгээс хуулбарлан ирүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч Х нь гүйцэтгэх захирлын хувьд хоршооноос зээл авч болох эсэх буюу хоршооны гишүүн, ажилтнууд хоршооноос зээл авахдаа баримтлах журам зэрэг нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгчийн тус хоршооноос зээл авсан нь хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд тооцогдох эсэхд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

Түүнчлэн "ХХХ" ХЗХ-ны дарга ХХХХХХ, гүйцэтгэх захирал ХХХХХ, ХХХХ нарын ажил үүрэг, эрх хэмжээг тодорхойлсон баримтууд хэрэгт авагдаагүй байх тул эдгээрээс хэн нь хариуцагчийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх бүхий этгээд болох нь тодорхойгүй байна.

 

Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2016/02965 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246 320 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ЭНХТӨР

 

                                     ШҮҮГЧИД                                   Т.ТУЯА

 

                                                                                         А.МӨНХЗУЛ