Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2020/02314

 

 

“Х Б” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2020/02993 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Х Б” ХХК-ийн хариуцагч П.Ц, П.З нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 5 009 319 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн П.Ц, П.З нар нь “Х Б” ХХК-аас 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн БЗГЦ/13112/460 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж 9 000 000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай хэрэглээний зээл зориулалтаар авсан. Зээлдэгч нар нь 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн БЗГЦ/13112/460 тоот барьцаат зээлийн гэрээний хавсралт нэгт заасан зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 7 719 511 төгрөг, хүүгийн төлбөрт 1 444 433 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4 754 төгрөг, нийт 9 168 699 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгчид зээл буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн тул барьцаат зээлийн гэрээний 2.4.1, 4.2.2-д заасан үүргээ биелүүлэхийг шаардаж банк зээлдэгчидтэй удаа дараа уулзах, зээлийн төлбөрийг төлөх мэдэгдэл өгөх, төлөхгүй тохиолдолд хууль болон гэрээнд заасны дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан сануулж, мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөлгүй хуваарьт хугацааг хэтрүүлсэн. Иймд банк 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 317465 тоот барьцаат зээлийн гэрээний 2.4.1, 4.2.2, 4.2.11, 4.3, 5.1.1, 5.1.7, 5.1.10, 7.5, 8.1, 8.2 дахь заалт болон Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1,242.3-т заасныг тус тус үндэслэн зээлдэгч П.Ц, хамтран үүрэг гүйцэтгэгч П.З нарт холбогдуулан 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 1 280 488 төгрөг, хүүнд 3 377 550 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 351 280 төгрөг нийт 5 009 319 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х Бны нэхэмжлэлийн шаардлагыг бүгдийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие анх 2014 онд цалингийн зээл авснаас хойш нийт 9 168 699 төгрөг төлсөн. Х Бны зүгээс одоо дахин 5 009 319 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь амьдралд хүнд байна. Бид ээжийнхээ тэтгэврийн дэвтрийг барьцаалж төлж байсан. Би ажлаас халагдсан нь төлбөрийг хугацаандаа төлөх боломж алдагдсан. Гэрээний хугацаа 2017 онд дууссан, гэрээг сунгаагүй. Одоо ээж минь хүнд өвчтэй байна гэжээ.

Хариуцагч П.З шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг оюутан байхад хамтран үүрэг гүйцэтгэгч гэж гэрээнд гарын үсэг зуруулсан. Би зээлээс хэрэглээгүй. Ахдаа тус болж байна гэж бодсон. Би өөрөө тусдаа амьдралтай. Энэ зээлийг дуусаагүй байна төл гэж банкнаас шаардаж байгаагүй. Зээлээс    1 280 488 төгрөг үлдсэн гэж байсан болохоос 5 000 000 гаруй төгрөг төлнө гэдгийг мэдээгүй. Ийм их мөнгө нэхэмжилж байгаа нь бидний амьдралд хүнд байна, ээжийн тэтгэврийн дэвтрийг барьцаалж мөнгийг авдаг байсан гэдгийг мэдэж байсан. Дэвтрийг нь буцааж өгсөн болохоор төлбөр дууссан гэж бодож байсан. Ах ажилгүй, ээж хүнд өвчтэй би тусдаа амьдралтай, гэрээг сунгаагүй. Бидний эрх ашигт маш хохиролтой байна гэжээ.

           Шүүх: Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч П.Ц, П.З нараас 1 280 488.82  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 728 830.18 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч П.Ц, П.З нараас 35 288 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х Б” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр эс зөвшөөрч байна. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, Иргэний хуулийн Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 206 дугаар зүйлийн 206.1, 222 дугаар зүйлийн 222.4, 453 дугаар зүйлийн 453.1, Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолоор хуулийн дээрх зохицуулалтыг тодорхой тайлбарласан. Хуульд зааснаар зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан. Хугацаанд буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөх үүрэгтэй байхаар зохицуулсан тул хариуцагч П.Ц, П.З нар нь нэхэмжлэгчид шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаагаар тооцож нэхэмжилсэн хүү. нэмэгдүүлсэн хүүг зээлдүүлэгчид төлөх нь хууль зүйн үндэслэлтэй. Гэтэл шүүх нь нэхэмжлэгч компани нь хариуцагч нарыг үүргээ биелүүлээгүй гэж үзэж 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөр буюу 1033 хоногийн зээлийн тооцоо хийсэн нь зээлдэгчийн эрхийг дордуулсан бөгөөд гэрээний талуудын тэгш эрхийн зарчимд нийцэхгүй гэж үзлээ. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8, 240 дүгээр зүйлийн 240.1.5-д тус тус зааснаар иргэний эрх ашиг сонирхол дээрх хуулиар хамгаалагдах тул шаардах эрхгүй гэж дүгнэн хариуцагч нараас зээлийн гэрээний үндсэн төлбөр 1 280 488 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаас 3 728 830 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ гэж шийдвэрлэсэн нь буруу юм. Нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд заасан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, арга хэмжээ аваагүйгээс болж хүүгийн хэмжээ нэмэгдсэн гэж зээлдүүлэгчийг буруутгаж, зээлдэгч нарыг гэрээгээр болон хуулиар хүлээсэн үүргээс нь чөлөөлж болохгүй. Хэрвээ хариуцагч нар зээлийн төлбөр төлөх боломжгүй болсон, гэрээгээ үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзвэл өөрсдөө ч шуүхэд нэхэмжлэлээ гаргаж шийдвэрүүд эх боломжтой, эрх нь ч нээлттэй. “Х Б” ХХК-д хариуцагч П.Ц, П.З нар нь зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болсон, зээлийн гэрээг цуцалъя гэсэн хүсэлт гаргаж байгаагүй талаар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдааны явцад хэлсэн тайлбаруудаас харагдаж байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Х Б” ХХК нь хариуцагч П.Ц, П.З нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 1 280 489 төгрөг, зээлийн хүү 3 377 550 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 351 280 төгрөг, нийт 5 009 319 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр БЗГЦ/13112/460 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж, 9 000 000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, барьцааны зүйл болох цалин, хөргөгч, 2 ширхэг зурагт, бусад эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 13-15 дугаар тал/ Нэхэмжлэгч барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Зээлдэгч буюу хариуцагч П.Ц, П.З нар нь зээлийн гэрээний үүрэгт хугацаа дуусахаас өмнө, зээл 7 719 511 төгрөг, хүү 1 444 433 төгрөг, нэмэгдүүлсэн хүү              4 458 төгрөг, нийт 9 168 699 төгрөг төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй байна. /хэргийн 13-19, 23-26 дугаар тал/

 

Хариуцагч нар нь барьцаат зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн графикаар хүлээсэн үүргээ зөрчиж, зээл, хүүгийн төлөлтийг гэрээгээр тогтоосон хугацаанд төлөлгүй барьцаат зээлийн гэрээний 2.4.1, 4.2.2-т заасан үүргээ зөрчсөн болохыг үгүйсгээгүй ба энэхүү үйл баримт нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарь, зээлийн дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 13,14, 26 дугаар тал/

 

 Харин анхан шатны шүүх хариуцагч нар 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар буюу зээлийн гэрээний харилцаа дуусахаас өмнө гэрээний ихэнх хувийг биелүүлсэн, зээлийн гэрээний хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр дуусч, нэхэмжлэгчийн зүгээс гэрээнд заасан үүргээ хугацаанд нь хэрэгжүүлээгүй гэж зөв дүгнэжээ. Гэвч Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-д зааснаар гэрээний хугацаа дууссанаас хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү 3 377 550 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 351 280 төгрөг, нийт 3 728 830 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

Тодруулбал, хариуцагч нар зээлийн гэрээний хугацаанд зээл 9 000 000 төгрөг, хүү     3 286 232 төгрөг, нийт 12 286 232 төгрөгийг буцаан төлөхөөр гэрээний хавсралтаар харилцан тохиролцсон байна. Гэтэл анхан шатны шүүхээс хариуцагч нарын зээл төлөх үндсэн үүргээс бага хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна. /хэргийн 15 дугаар тал/ Учир нь хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйд нэхэмжлэгч буруутай буюу нэхэмжлэгч хариуцагчаас үүрэг шаардах эрхээ алдсан нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Талууд хугацаа хэтэрсэн тохиолдолд зээлдэгч нар нь нэмэгдүүлсэн хүүг “зээлийн хүүгийн 20 хувь байна”, “зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцох” талаар зохигчид барьцаат зээлийн гэрээний 2.1.5 дах хэсэгт тохиролцжээ. Эдгээр тохиролцоог хийхдээ Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно.” гэж заасныг зөрчөөгүй байна.

 

Иймээс нэхэмжлэгч “Х Б” ХХК нь дээрх гэрээний дагуу 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 9 000 000 төгрөгийг хариуцагч нарт олгосон тул зээлийг шилжүүлснээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн үлдэгдэл, түүний хүү, хугацаа хэтэрсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон шаардах эрхтэй юм.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байх зохицуулалтыг нэхэмжлэгч зөрчиж нэхэмжлэл гаргасан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Хэрэгт хариуцагч П.Ц нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр зээл төлөх баримтад зээлийн хүүг төлөх тухай тайлбар өгсөн байгаа нь нэхэмжлэгч “Х Б” ХХК-ийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэх боломжгүй юм. /хэргийн 27 дугаар тал/

 

Хариуцагч П.Ц, П.З нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар, түүний үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул тэдгээрээс зээлийн гэрээний үүрэгт 5 009 319 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х Б” ХХК-д олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тооцож хариуцагч нараас шаардсан нь дээрх гэрээ болон хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2020/02993 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Ц, П.З нараас 5 009 319 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х Б” ХХК-д олгосугай.” гэж,

2 дах заалтын “35 288 төгрөг” гэснийг “95 100 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь  хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                            Д.БАЙГАЛМАА

 

                                                                                       С.ЭНХТӨР