Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2993

 

 

 

 

 

 

 

2020           10            01                                    184/ШШ2020/02993

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн   танхимд хийсэн шүүх  хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч:Баянзүрх дүүрэг, 4 дүгээр  хороо, Энхтайвны  өргөн чөлөө  Жуков оффис /РД: ................/-ийн  .................   нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг,  .............. дүгээр  хороо, Тахилтын 8 дугаар гудамж   ........................,   

           Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг,  .....................нарт   холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт  5,009,319,00  төгрөг гаргуулах   тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувд, хариуцагч .................,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бизъяа   нар оролцов.                                                                                 

       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл  болон  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн ................. нар нь Хаан банкны Оргил тооцооны төвөөс 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн № БЗГЦ/13112/460 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж 9 000 000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай хэрэглээний зээл зориулалтаар авсан.Зээлдэгч нар нь  2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн № БЗГЦ/13112/460 тоот Барьцаат зээлийн гэрээний Хавсралт 1-т заасан “Зээл буцаан төлөх хуваарь”-ийн дагуу үндсэн зээлээс 7,719,511 төгрөг, хүүгийн төлбөрт 1,444,433 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,754 төгрөг, нийт 9,168,699 төгрөгийг төлсөн байна.

Зээлдэгчид “Зээл буцаан төлөх хуваарь”-ийг удаа дараа зөрчсөн тул “Барьцаат зээлийн гэрээ”-ний Хоёрдугаар зүйлийн 2.4.1, Дөрөвдүгээр зүйлийн 4.2.2-д заасан үүргээ биелүүлэхийг шаардаж банк зээлдэгчидтэй удаа дараа уулзах, зээлийн төлбөрийг төлөх мэдэгдэл өгөх, төлөхгүй тохиолдолд хууль болон гэрээнд заасны дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан сануулж, мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөлгүй хуваарьт хугацааг хэтрүүлсэн.

Иймд банк 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №317465 тоот Барьцаат зээлийн гэрээний Хоёрдугаар зүйлийн 2.4.1, Дөрөвдүгээр зүйлийн 4.2.2, 4.2.11, 4.3, Тавдугаар зүйлийн 5.1.1, 5.1.7, 5.1.10, Долоодугаар зүйлийн 7.5, Наймдугаар зүйлийн 8.1, 8.2 дахь заалт болон Монгол улсын Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1,242.3-т заасныг тус тус үндэслэн Зээлдэгч ................., Хамтран үүрэг гүйцэтгэгч ................. нарт холбогдуулан 2020 оны 8 сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 1 280 488 төгрөг, хүүнд 3 377 550 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 351 280 төгрөг нийт 5 009 319 төгрөг гаргуулж  өгнө үү.

Зээлдэгчийн  сар бүр төлж  байгаа  төлбөрийн хэмжээнээс хамаарч  зээлийн төлбөр буурдаг. Хүү нь тухайн  буурсан  дүнгээс өдөр тутам  бодогдон  хуримтлагддаг.Зээлдэгчээс  төлбөрөө  төлөхийг  шаардаж  байна.  Нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн  зөвшөөрөхгүй байгаа  шалтгаан нь    гэрээний  зүйл заалттай   танилцаагүй  байна.    Иймд  шаардлагаа  дэмжиж  байна  гэв. 

Хариуцагч нар  шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагыг  бүгдийг  хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие  анх  2014  онд   цалингийн зээл авснаас хойш  нийт  9,168,699.00 төгрөг төлсөн. Хаан банкны зүгээс одоо дахин 5,009,319.00  төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь  амьдралд хүнд байна. Бид  ээжийнхээ  тэтгэврийн  дэвтрийг  барьцаалж  төлж  байсан.  Би ажлаас халагдсан нь  төлбөрийг  хугацаандаа  төлөх  боломж  алдагдсан.  Гэрээний  хугацаа   2017 онд  дууссан,  гэрээг  сунгаагүй. Одоо  ээж  минь  хүнд  өвчтэй байна.

Хариуцагч ..................: Намайг  оюутан  байхад  хамтран  үүрэг  гүйцэтгэгч  гэж  гэрээнд  гарын  үсэг  зуруулсан. Би зээлээс   хэрэглээгүй. Ахдаа  тус болж  байна гэж  бодсон.   Би өөрөө  тусдаа  амьдралтай   байдаг.   Энэ  зээлийг  дуусаагүй  байна төл гэж   банкнаас  шаардаж байгаагүй. Зээлээс    1,280,488 төгрөг  үлдсэн   гэж   байсан  болохооос  5,0 сая гаруй  төгрөг  төлнө гэдгийг  мэдээгүй. Ийм   их мөнгө  нэхэмжилж  байгаа нь бидний амьдралд хүнд байна, ээжийн  тэтгэврийн  дэвтрийг  барьцаалж  мөнгийг  авдаг байсан гэдгийг мэдэж  байсан. Дэвтрийг  нь буцааж  өгсөн  болохоор  төлбөр дууссан  гэж  бодож  байсан. Ах  ажилгүй,  ээж  хүнд  өвчтэй  би тусдаа  амьдралтай  байдаг, гэрээг  сунгаагүй.  Бидний  эрх ашигт маш  хохиролтой  байна  гэв.   

             

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар  хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

                    ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  .............. ХХК  нь  хариуцагч   ..................  нарт  холбогдуулан  зээлийн гэрээний  үүрэгт   үндсэн зээлийн төлбөр  1,280,488.82 төгрөг,  зээлийн хүү 3,377,550.00  төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн  төлбөр  351,280.00 төгрөг,   нийт  5,009,319.00  төгрөгийг  гаргуулах  тухай  нэхэмжлэлийг  шүүхэд  гаргасан байна.   

 Хариуцагч ...................  нар   нэхэмжлэлийн шаардлагын  татгалзах үндэслэлээ   гэрээний  хугацаа   2017 онд  дууссан,  гэрээг  сунгаагүй. Ээжийн  тэтгэврийн  дэвтрийг  барьцаалж  мөнгийг  авдаг байсан.  Дэвтрийг  нь буцааж  өгсөн  болохоор  төлбөр дууссан  гэж   тооцсон..............   миний   дансанд  мөнгө  шилжин ороогүй  энэ зээлээс  хэрэглээгүй,  зээлийн төлбөр төлөхийг шаардаж  байгаагүй  гэж  тус тус  маргаж  байна.

  

           Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбар,    хэргийн үйл баримтуудаар  дараах  нөхцөл  байдал  тогтоогдож  байна.

             

          Зохигчид    барьцаат  зээлийн  гэрээг    2014 оны 09 сарын 04-нд   №БЗГЦ/ 13112/460  тоот  “барьцаат зээлийн гэрээ”   байгуулж   9,000,000 төгрөгийг  жилийн  21,6 хувийн хүүтэй, 36  сарын хугацаатай  зээлж  авсан байна. Гэрээний зүйл болох 9,000,000 төгрөгийг  хариуцагчийн Хаан банкны 5131045301 дугаар   зээлийн дансанд  мөн   өдөр    шилжүүлж нэхэмжлэгч гэрээгээр  хүлээсэн үүргээ биелүүлсэн  байна.

          Талуудын хооронд Иргэний  хуулийн  451 дүгээр зүйлийн  451.1,  452 дугаар зүйлийн  452.1-д заасан гэрээ  байгуулагджээ.  Зээлийн гэрээний харилцаанд  хамтран үүрэг гүйцэтгэгчээр  хариуцагчийн  дүү ................. оролцож  гэрээнд     харилцан  гарын   үсэг зурсан байна.      

Хариуцагч нар зээлийн  гэрээний үүрэгт  зээл  буцаан  төлөх  хуваарийн  дагуу   үндсэн зээлэнд  7,719,511.00 төгрөг, хүүгийн төлбөрт 1,444,433.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,457.67 төгрөг  нийт  9,168,699.00 төгрөгийг төлсөн  болох нь зохигчдын тайлбар  болон  хэрэгт  бичгийн   баримтаар   ирүүлсэн  зээлийн бүртгэлийн картаар  тогтоогдож   байх  бөгөөд   зохигчид  энэ   талаар  болон гэрээний хүчин төгөлдөр байдлын  тухайд  маргаагүй  тул дээрх  үйл  баримтууд  тогтоогдсон гэж үзлээ.   /хх  13-19, 23-26 дүгээр тал /   

Зээлдэгч нар  2017 оны  1 сарын  6-ны өдөр зээлиййн  төлбөрт   5,663,000 төгрөг  төлж,  зээлийн  үлдэгдэл  1,280,488.82 төгрөг  төлөгдөөгүй  үлдсэн  болох  нь баримтаар тогтоогдож  байна.  

 

Хариуцагч нар  2017.01.06-ны  өдрийн байдлаар буюу зээлийн  гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээний үүргийн ихэнх хэсгийг биелүүлсэн  бөгөөд    гэрээний хугацаа  2017.09.04 нд  дууссан  байна.  Талууд  гэрээг сунгаагүй тул  цааш үргэлжлээгүй байна.Зээлийн гэрээний  эргэн  төлөлтийг  хариуцагч  ................... төлж байсан.    

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч:   шүүх  хуралдаанд  тайлбарлахдаа “  ... гэрээг   сунгаагүй боловч 2019.04.16 нд  мэдэгдэл өгсөн,  уулзалт хийсэн  “ гэх боловч нэхэмжлэгчээс хэрэгт   зээл төлөхийг мэдэгдсэн       баримт  нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр буюу гэрээний хугацаа дууссанаас хойш даруй 2 жил гаруй хугацааны дараах үйл баримт байх тул зээлдэгч зээлийн гэрээнд заагдсан эрх үүргээ хугацаанд нь  хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй тул  үнэлээгүй  болно.  / хх 27 дугаар тал /

 Түүнчлэн  талуудын хооронд  байгуулсан  гэрээний    5.1.1-д “ гэрээгээр   хүлээсэн  үүргийг  зохих ёсоор  биелүүлэхийг  зээлдэгчээс  шаардах”,  5.1.2-д “  зээл  олголт  эргэн  төлөлтийн хуваарийн  дагуу   болон  хугацаа хэтэрсэн ...  төлбөрийг  банкин  дахь харилцах  данснаас...  мөнгөн  хөрөнгө нь хүрэлцэхгүй  бол  хамтран  үүрэг  гүйцэтгэгчийн  бусад  данснаас ..  суутгах  авах,  ...   зээлдэгч,  хамтран  үүрэг  гүйцэтгэгчид  мэдэгдэх  ... ” гэсэн     заалтыг тусгасан  байх ба гэрээний  дагуу  болон хуульд зааснаар  шаардах эрхээ хугацаандаа хэрэгжүүлсэн  нь  хэрэгт ирүүлсэн  баримтаар  тогтоогдохгүй байх тул   нэхэмжлэгч  компани нь гэрээний   хугацаа дууссанаас  хойших   хугацааны  хүү, алданги тооцох эрхээ  алдсан   гэж  үзлээ.

 

 Өөрөөр хэлбэл:Иргэний хуулийн  223 дугаар зүйлийн  223.2-д  “үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд  үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн  үйлдэл хийх ёстой” гэж зааснаар  нэхэмжлэгч  нь  хариуцагч болон хамтран үүрэг гүйцэтгэгч   нарыг  үүргээ биелүүлэхийг  шаардаагүй   байна.  

        

  Нэхэмжлэгч шаардах эрхээ  хэрэгжүүлээгүй  нь   буруутай   байх тул  мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-д зааснаар мөнгөн төлбөрийн  гэрээний үүргийн  дагуу  хүү, алданги авах эрхээ тодорхой хэмжээнд  алдсан гэж   дүгнэлээ.     

 

               Иргэний хуулийн   13 дугаар  зүйлийн  13.1-д “ Иргэний  эрх зүйн  харилцаанд оролцогч   хууль  буюу  гэрээнд заасан  эрх үүргээ   үнэнч   шударгаар  хэрэгжүүлнэ” гэж,  мөн хуулийн  13.3-д “  ...эрх үүргээ  хэрэгжүүлэхдээ ...  хууль  ёсны  давуу байдлаа  хууль  бусаар  ашигласан  үйл ажиллагаа  явуулж   болохгүй  бөгөөд  хэрэв  зөрчвөл  хууль  тогтоомжид заасан   хариуцлага  хүлээнэ”  гэж  тус  тус зааснаар  иргэн  хуулийн этгээд  аль аль нь   хуулийн  өмнө   тэгш  эрх  эдлэх   шударга  ёсны  зарчимд   нийцэх  ёстой гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч  компани нь  хариуцагч нарыг үүргээ  биелүүлээгүй  гэж үзэж  2020.09.02 нд  шүүхэд нэхэмжлэл гаргахдаа   2017 оны  1 сарын  06-ны өдрөөс  2020 оны  8 сарын 31-ний өдрөөр буюу 1033  хоногийн   зээлийн   тооцоо хийсэн нь  зээлдэгчийн эрхийг дордуулсан, гэрээний талуудын тэгш эрхийн зарчимд нийцэхгүй гэж үзлээ.

Иргэний хуулийн  9 дүгээр зүйлийн  9.4.8-д  “Иргэний   эрх  зүйн харилцааг  өөрчлөх, дуусгавар  болох  ” гэж  мөн хуулийн  240 дүгээр  зүйлийн  240.1.5-д “ хууль буюу гэрээнд заасан  бусад үндэслэл”  гэж   зааснаар иргэний  эрх ашиг  сонирхол  дээрх хуулиар  хамгаалагдах  тул  шаардах эрхгүй гэж  дүгнэлээ.  

 

         Харин    Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д ... “ үүргийг  хугацаанд нь шударгаар биелүүлэх үүрэгтэй,  мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно” гэж  тус тус   зааснаар Зээлдүүлэгч нь гэрээний үүргийн  үлдэх   хэсгийг биелүүлэхийг шаардах эрхтэй, зээлдэгч нь гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй байна.

  Иймд  хариуцагч нараас  зээлийн гэрээний  үндсэн төлбөр  1,280,488 төгрөгийг   гаргуулж  нэхэмжлэлийн шаардлагаас 3,728,830  төгрөгийг  хэрэгсэхгүй  болгох нь  зүйтэй  гэж үзлээ.

            Зээлийн гэрээний харилцаанд хамтран үүрэг  гүйцэтгэгчээр  зээлдэгчийн гэр бүлийн гишүүн орсон ба  түүний дансанд мөнгө шилжин ороогүй, төлбөрийг төлж байгаагүй   гэх үндэслэл  нь   нэхэмжлэгчийн шаардах эрхийг  хязгаарлах үндэслэл  болохгүй  гэж үзлээ.

           Өөрөөр   хэлбэл   Иргэний хуулийн  242 дүгээр зүйлийн  242.3-д “  ...  үүрэг  гүйцэтгүүлэгч  өөрийн үзэмжээр  аль ч үүрэг  гүйцэтгэгчийг  болон  хамтран  үүрэг  гүйцэтгэгчээр   гэрээний үүргийг  бүхэлд нь шаардах эрхтэй  байхаар  зохицуулсан байна.

          Харин нэхэмжлэгч компани нь нэхэмжлэлдээ   2013.04.02.-ны  өдрийн  №ЗГ/465 тоот  барьцаат зээлийн  гэрээний  2.4.1,  4.2.2-4.2.11,   4.3, 5.1.1-5.1.10, ... д  тус  тус   заасан     үүрэг  зөрчсөн ...”  гэж  үндэслэсэн  бөгөөд  уг гэрээ  нь  хэрэгт  нотлох  баримтаар ирээгүй болохыг дурдав.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 206 дугаар  зүйлийн  206.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар  хариуцагч  ................  нараас  1,280,488,82   /нэг сая хоёр зуун наян  мянга дөрвөн  зуун наян найман/   төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ .............. ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас  үлдэх  3,728,830.18  төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай  хуулийн  7 дугаар зүйлийн  7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  95 100  төгрөгийг  улсын оролгод  хэвээр үлдээж   хариуцагч ................ нараас  35 288 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “.................. ” ХХК-д олгосугай.  

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2- д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОЮУНЦЭЦЭГ