Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/00577

 

 

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/00577

 

 

Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2020/02993 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2314 дүгээр магадлалтай,

Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

*******, ******* нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 5,009,319 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунтуяа, хариуцагч *******, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хаан банк ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,009,319 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2020/02993 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч *******, ******* нараас 1,280,488.82 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,728,830.18 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч *******, ******* нараас 35,288 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2314 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2020/02993 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 5,009,319 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгосугай. гэж, 2 дах заалтын 35,288 төгрөг гэснийг 95,100 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.09-ний өдрийн хуралдаанаас анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч *******, ******* бидний эрх ашгийг хөндсөн байна. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан "шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул хяналтын журмаар гомдол гаргаж байна. Миний бие Хаан банк ХХК-тай 2014.09.04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 9,0 сая төгрөг авсан. Үүнийгээ төлж явсаар ажлаасаа халагдсан. Төлбөр төлөхөд хүндрэлтэй байдал бий болж Хаан банканд хэлэхэд танай ээж Т.Эрдэнэчимэгийн тэтгэврийг зээлээр гаргаж өгье, тэгээд зээлийг чинь хаая гэж хэлсэн. Бид ярилцаж байгаад зөвшөөрсөн бөгөөд 2016 онд ээж Т.Эрдэнэчимэгийг дагуулж Хаан банканд очсон. Гэтэл ээжийн маань тэтгэврийн зээл дээд тал нь 2 жилээр өгдөг байхад танай ээжид тусгайлан 4 жилээр гаргаж өгөөд чиний авсан зээлийг хаая гэж хэлсэн ба ээжийг тэтгэврийн зээл авахуулж миний төлбөрийг төлсөн. Яг хэдэн төгрөг гаргаж миний зээлэнд өгснийг мэдэхгүй байна. Ингээд өнгөрсөн жил ээжийн тэтгэврийн зээл дууссан. 2019 онд Хаан банкнаас дуудаж уулзаад миний зээлийг хааж дууссан, гэхдээ хүүгийн үлдэгдэл бага зэрэг төлбөр байна гэж байсан. Би ажилгүй хэзээ яаж төлөхөө сайн мэдэхгүй байна. Та нар зээлийг ээжийн маань 4 жилийн тэтгэврийн зээлээр төлчихлөө гээд байсан биз дээ гэж хэлсэн. Тэгээд төлөхгүй бол шүүхэд өгнө гэхээр нь тэгвэл тэг дээ гэж хэлсэн. Ингээд зээлийн гэрээ дууссанаас хойш 3 жилийн дараа буюу 2020 оны 9 дүгээр сард шүүхээс дуудсан. Бидний хувьд хууль, санхүүгийн мэдлэг байхгүй бөгөөд зээлийн үлдэгдлийг ээжийнхээ 4 жилийн тэтгэврийн зээлээр 2016 онд төлөөд дууссан гэж бодож явсан. Одоо бодоход Хаан банк надаас авсан зээлийн хүү, ээжийн тэтгэврийн зээлийг авч түүнээс бас давхар хүү бодож биднийг маш ихээр хохироосон гэж үзэж байна. Иймд асуудлыг тал талаас нь харж шударгаар шийдсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Нэхэмжлэгч Хаан банк ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 1,280,488.82 төгрөг, зээлийн хүү 3,377,550.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 351,280.00 төгрөг, нийт 5,009,319.00 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч *******, ******* нар нэхэмжлэлийн шаардлагын татгалзах үндэслэлээ гэрээний хугацаа 2017 онд дууссан, гэрээг сунгаагүй. Ээжийн тэтгэврийн дэвтрийг барьцаалж мөнгийг авдаг байсан. Дэвтрийг нь буцааж өгсөн болохоор төлбөр дууссан гэж тооцсон. ******* миний дансанд мөнгө шилжин ороогүй энэ зээлээс хэрэглээгүй, зээлийн төлбөр төлөхийг шаардаж байгаагүй гэж маргажээ. 

 

6. Анхан шатны шүүх хариуцагч *******, ******* нараас 1,280,488.82 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,728,830.18 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гомдлыг хангасан байна.

 

7. Зохигчид барьцаат зээлийн гэрээг 2014.09.04-ний өдөр байгуулж 9,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлэхээр тохиролцож, 9,000,000 төгрөгийг хариуцагчийн Хаан банкны 5131045301 дугаар зээлийн дансанд мөн өдөр шилжүүлсэн. Зээлийн гэрээний харилцаанд хамтран үүрэг гүйцэтгэгчээр хариуцагчийн дүү ******* оролцож гэрээнд харилцан гарын үсэг зурсан, гэрээний хугацаа 2017.09.02-ны өдөр дууссан байна. 

 

8. ...хариуцагч нар 2017.01.06-ны өдрийн байдлаар буюу зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээний үүргийн ихэнх хэсгийг биелүүлсэн бөгөөд гэрээний хугацаа 2017.09.04-ний өдөр  дууссан. ...нэхэмжлэгч нь гэрээний дагуу болон хуульд зааснаар шаардах эрхээ хугацаандаа хэрэгжүүлсэн нь хэрэгт ирүүлсэн баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч компани нь гэрээний хугацаа дууссанаас хойших хугацааны хүү, алданги тооцох эрхээ алдсан, Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нарыг үүргээ биелүүлэхийг шаардаагүй тул мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-д зааснаар мөнгөн төлбөрийн гэрээний үүргийн дагуу хүү, алданги авах эрхээ тодорхой хэмжээнд алдсан гэж анхан шатны шүүх дүгнэн, хариуцагч нараас зээлийн гэрээний үндсэн төлбөр 1,280,488 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаас 3,728,830 төгрөгийг хэрэгсэхгүй болгожээ.

 

9. Давж заалдах шатны шүүх ...анхан шатны шүүхээс хариуцагч нарын зээл төлөх үндсэн үүргээс бага хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу, ... хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйд нэхэмжлэгч буруутай буюу нэхэмжлэгч хариуцагчаас үүрэг шаардах эрхээ алдсан нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

 

10. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.  

 

11. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн тухайд маргаагүй ч зээлийн үүргийн биелэлтийн талаар маргасан, хариуцагч ******* өөрийн эх Т.Эрдэнэчимэгийн нэр дээр тэтгэврийн зээл авч 2014.09.04-ний өдрийн зээлийг дуусгавар болгосон гэж тайлбарласныг хариуцагч эсэргүүцээгүй хэдий ч энэ үйл баримтын талаар аль аль нь баримтыг шүүхэд ирүүлээгүй, тэтгэврийн зээлийн эргэн төлөлт хэрхсэн нь ойлгомжгүй байна. Иймээс хариуцагчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолд заасан ...Хаан банк надаас авсан зээлийн хүү, ээжийн тэтгэврийн зээлийг авч түүнээс бас давхар хүү бодож биднийг маш ихээр хохироосон гэсэн үндэслэлийг шалгах нь зүйтэй байна.

 

12. Хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд хууль хэрэглээний дүгнэлт хийж, зохигчдын хооронд үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2020/02993 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2314 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн 74,611 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

Б.МӨНХТУЯА

 

П.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОЛМОН