Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2020/02315

 

Я.Нийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2020/02335 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Я.Нийн хариуцагч “А Б” ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2015 оноос Номин хадгаламж зээлийн хоршоонд ажиллаж байсан. 2017 оны 02 дугаар сард намайг Номингийн зүгээс төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилж уг тушаал нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гарсан. Би Номин хадгаламж зээлийн хоршоонд болон А Банд ажиллаж байгаад 2019 онд хувьцаа эзэмшигчдийн маргаан гарч, тус оны 10 дугаар сараас эхлэн ажил үүргээ гүйцэтгэхэд хүндрэлтэй болж эхэлсэн. Ажил хийж байсан өрөө болон сейфийг хурааж авсан. Монгол банкнаас намайг А Бны нарийн бичгийн дарга гэж харьцаж, ярьж холбогддог байсан. Баталгаат шуудангаар Монгол банк болон А Бнаас лавлаж байсан баримтууд хэргийн материалд авагдсан. Ингээд миний бие 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэв намайг ажиллуулж байгаа бол ажил үүргийг минь чөлөөтэй хийлгэж өгнө үү, ажлаас чөлөөлсөн бол тушаалтайгаа танилцуулна уу гэсэн хүсэлтийг удаа дараа тавьж байсан. Монгол банканд би А Бны төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга гэж бүртгэлтэй байгаад байдаг. Монгол банк хувьцаа эзэмшигчтэй харилцах харилцааг нарийн бичгийн даргаар дамжуулан хүргэдэг. Ийм хүндрэлтэй байдал үүссэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагад ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийлгэхийг хүссэн гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийг ажлаас халаагүй бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллах хугацаа 2 жил байхаар төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолд дурдсанаар Я.Н ажил үүргээ биелүүлж явсан. Нэхэмжлэгч нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр А Бны төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас тогтоол гарч түүний дагуу анх томилогдсон. Тогтоол гаргахаас өмнө 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр А Бны хувьцаа эзэмшигчдийн хурал болж А Бны төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2 жилийн хугацаатай сонгосон. Түүнийг үндэслэж 10 хоногийн дараа Я.Н нарийн бичгийн даргаар томилогдсон. Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа цалин хөлс урамшууллыг төлөөлөн удирдах зөвлөлийн хурал болон хувьцаа эзэмшигчдийн хурлаар тус тус тогтоосон байдаг. ТУЗ-ийн бүрэлдэхүүний 2 жилийн хугацаа 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөр дуусгавар болсон. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурал болж төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн хугацааг дахин 2 жилээр сунгасан. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосны дараагаар хурал хийх ёстой байсан боловч компанийн тогтвортой үйл ажиллагаа алдагдаж, маргаан үүссэн. 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч “А Б” ХХК-д томилогдож компанийн удирдлагын бүрэн эрх шилжсэн. 2018 оны 11 дүгээр сараас хойш нэхэмжлэгчид цалин олгоогүй байдаг. Учир нь төлөөлөн удирдах зөвлөл хуралдаагүй хувьцаа эзэмшигч хурал хийх боломжгүй байсан. 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Шпаркассэ банканд даалгаврын гэрээ болон хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан байгаа. Үүнээс харахад өмнөх ажиллах эрх нь дуусгавар болсныг мэдсэн нь харагдаж байна. Номин болон А Банд ажиллаж байсан боловч Шпаркассэ банканд ажиллаж эхэлснээс хойш буюу 2019 оны 4 дүгээр сараас хойш А Б болон Номин хадгаламж зээлийн хоршооноос гарсан байна. Иймд  нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.7, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар “А Б” ХХК-д А Бны Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны олговорт 33 023 255 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн Я.Нийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Тушаал шийдвэр гараагүй тул түүнийг хүлээн авах боломжгүй атал шүүх нэхэмжлэгчийн буруу гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт ажил олгогч тушаал шийдвэрийг танилцуулах үүрэгтэй байна. Мөн нэхэмжлэгч Я.Нид тушаал шийдвэрийг бие даан гаргах, гарын үсэг зурах хууль зүйн үндэслэл байхгүй юм. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, хариуцагчийн хариу тайлбар, түүний үндэслэлийг хөндлөнгийн байр суурьнаас хандах бөгөөд талуудын хооронд ямар төрлийн гэрээ байгуулах ёстой, Гэтэл шүүх талуудын хооронд байгуулсан харилцааг дүгнэхдээ мэтгэлцэх зарчимд хамаарахгүй, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад хамаарахгүйгээр хууль хэрэглэсэн нь хуульд нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Я.Н нь хариуцагч “А Б” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Я.Н нь “А Б” ХХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 01 тогтоолоор тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар, тус төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох хүртэл хугацаагаар томилогджээ. Мөн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 тогтоолоор Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын сарын цалинг 2 000 000 төгрөгөөр тогтоосон байна. /хэргийн 7-10 дугаар тал/

 

Хэдийгээр хариуцагч “А Б” ХХК нь нэхэмжлэгч Я.Нтой хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй байх боловч дээрх тогтоолд заасан хугацаанд нарийн бичгийн даргын ажил үүргийг нэхэмжлэгч гүйцэтгэж байсан талаар маргаагүй. Гэтэл анхан шатны шүүхээс зохигчдын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг хэрэгжүүлэхдээ бусдын хөдөлмөрлөх үйл ажиллагааг, мөн ажил олгогч нь иргэний гоц буюу ховор авьяас, өндөр ур чадварыг хөлслөн авч ашиглах зорилгоор иргэнтэй контракт байгуулна.” гэж заасан үйл баримт хэргийн баримтаар тогтоохгүй байхад контрактын гэрээ байгуулагдсан гэж дүгнэн, тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7-д заасан үндэслэл бий болсон гэж дүгнэсэн нь буруу болжээ. Харин тэдний хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн талаар зохигч маргаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болоогүй ба зохигчдын хооронд маргаагүй үйл баримтын талаар шүүх дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

            Түүнчлэн, хариуцагч байгууллагын дүрэмд зааснаар тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийг бүрэн эрхийн хугацаа буюу 2 жил нь 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болсонтой холбогдуулан, 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар дараагийн “А Б” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн 2 жилийн хугацаа эхлэхээр тогтоосон нь тус хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна. Тус хувьцаа эзэмшигчдийн хуралд нэхэмжлэгч нь дараагийн төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга буюу өөрийнх нь оронд томилогдсон Ө.Очбаярын хамт оролцсон талаар зохигчид тайлбар гаргасан болон тус тэмдэглэлд бичигдсэн үйл баримтын талаар  талууд маргаагүй байна.

 

Иймд зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний харилцаа Хөдөлмөрийн  тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар дуусгавар болсон гэдгийг нэхэмжлэгч мэдсэн гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй. /хэргийн 106 дугаар тал/ Дээрх хугацаанаас хойш нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад ажил үүрэг гүйцэтгэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй. Үүнийгээ нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Улмаар нэхэмжлэгч Я.Н нь 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр, тус оны 5 дугаар сарын 01-ний өдөр Шпаркассэ банкны Монгол дахь сантай даалгаврын болон хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хэргийн 170-173 дугаар тал/

 

Түүнчлэн, 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Монгол банкны ерөнхийлөгчийн А-300 дугаар тушаалаар “А Б” ХХК-д бүрэн эрхт төлөөлөгчийг томилж, зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчилж, тухайн компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаагүй буюу түүний ажлын байр үгүй болсон үйл баримт зохигчийн тайлбар, дээрх тушаалаар тогтоогджээ. Нэхэмжлэгч үүнийг үгүйсгэж маргаагүй ба зөвшөөрсөн тайлбар гаргасан байх тул хариуцагч хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг түүнд гардуулаагүй буруутай гэж үзэж, ажилд эгүүлэн томилох үндэслэлгүй.

 

Иймд Я.Н нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш 3 сарын дотор гомдол гаргах эрхтэй байсан бөгөөд шүүхэд 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх тул гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2020/02335 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.7” гэснийг “128 дугаар зүйлийн 128.1.2” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс  чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                     ЕРӨНИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                      ШҮҮГЧИД                            Д.БАЙГАЛМАА 

 

                                                                                                   С.ЭНХТӨР