Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/00827

 

 Я.Нацагдоржийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2020/02335 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2315 дугаар магадлалтай,

Я.Нацагдоржийн нэхэмжлэлтэй,

Ариг банк ХХК-д холбогдох   

Ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одзаяа, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие 2015 оноос Номин хадгаламж зээлийн хоршоонд ажиллаж байсан. 2017 онд Номин хадгаламж зээлийн хоршоо нь Ариг банкны 39 хувийг эзэмшиж авсан. 2017 оны 02 сард намайг Номингийн зүгээс төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилж уг тушаал нь 2017.02.23-ны өдөр гарсан. Би Номин хадгаламж зээлийн хоршоонд болон Ариг банканд ажиллаж байгаад 2019 онд хувьцаа эзэмшигчдийн маргаан гараад 10 сараас эхлэн ажил үүргээ гүйцэтгэхэд хүндрэлтэй болж эхэлсэн. Ажил хийж байсан өрөө болон сейфийг хурааж авсан. Би ер нь нарийн бичгийн дарга хэвээрээ юм уу гэж асуухад огт хариу өгдөггүй байсан. Харин Монгол банкнаас намайг Ариг банкны нарийн бичгийн дарга гэж харьцаж, ярьж холбогддог байсан. Ариг банканд очоод ажил үүргээ хийх гэхээр хийлгүүлдэггүй. Үүнийг удаа дараа асууж, хүсэлт гаргасан. Ингээд хариу өгөхгүй байхаар баталгаат шуудангаар Монгол банк болон Ариг банкнаас асууж байсан баримтууд хэргийн материалд авагдсан. Ингээд миний бие 2019.12.30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэв намайг ажиллуулж байгаа бол ажил үүргийг минь чөлөөтэй хийлгэж өгнө үү, ажлаас чөлөөлсөн бол тушаалтайгаа танилцуулна уу гэсэн хүсэлтийг удаа дараа тавьж байсан. Монгол банканд би Ариг банкны төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга гэж бүртгэлтэй байгаад байдаг. Монгол банк хувьцаа эзэмшигчтэй харилцах харилцааг нарийн бичгийн даргаар дамжуулан хүргэдэг. Тэгтэл тэр ажил нь хийгддэггүй. Хувьцаа эзэмшигч нар нь надад ажил үүргээ биелүүлэхгүй байна гэж гомдол гаргадаг. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд надаас мэдээлэл авна гэхэд надад ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй байдаг байсан. Ийм хүндрэлтэй байдал үүссэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагад ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийлгэхийг хүссэн гэжээ. 

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай зүгээс тухайн гаргасан нэхэмжлэлтэй холбоотойгоор 2020.01.28-ны өдөр шүүхэд хүлээн зөвшөөрөхгүй хариу тайлбараа гаргасан. Нэхэмжлэгчийг ажлаас халаагүй харин нэхэмжлэгчтэй анх тохиролцсоны дагуу төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллах хугацаа 2 жил байхаар төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолд дурдсанаар Я.Нацагдорж ажил үүргээ биелүүлж явсан. Нэхэмжлэгч нь 2017.02.23-нд Ариг банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас тогтоол гарч түүний дагуу анх томилогдсон. Тогтоол гаргахаас өмнө 2017.02.13-ны өдөр Ариг банкны хувьцаа эзэмшигчдийн хурал болж Ариг банкны төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2 жилийн хугацаатай сонгосон. Түүнийг үндэслэж 10 хоногийн дараа Я.Нацагдорж нарийн бичгийн даргаар томилогдсон. Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа цалин хөлс урамшууллыг төлөөлөн удирдах зөвлөлийн хурал болон хувьцаа эзэмшигчдийн хурлаар тус тус тогтоосон байдаг. Төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээний асуудал нь Монгол Улсын Банкны тухай хууль болон Компанийн тухай хуулиар зохицуулагддаг. Хуульд төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргыг төлөөлөн удирдах зөвлөлийн дарга санал болгосноор төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд санал хурааж олонхын саналаар шийдвэрлэдэг. ТУЗ-ийн бүрэлдэхүүний 2 жилийн хугацаа 2019.02.23-ны өдрөөр дуусгавар болсон. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг 2019.04.05-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурал болж төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн хугацааг дахин 2 жилээр сунгасан. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосны дараагаар хурал хийх ёстой байсан боловч компанийн тогтвортой үйл ажиллагаа алдагдаж, маргаан үүссэн. Төлөөлөн удирдах зөвлөл цаашид хуралдах боломжгүй болсон. Тэгэхээр нэхэмжлэгчийн ажиллах эрхийг цааш сунгах эсэхийг шийдэх боломжгүй болсон. Төлөөлөн удирдах зөвлөлийн хугацааг дуусгавар болтол томилогдсон учир Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар ажлаас чөлөөлөгдсөн. Мөн тухайн ажилд эгүүлэн томилох бодит нөхцөл байхгүй. 2020.01.24-ний өдөр Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч Ариг банканд томилогдож компанийн удирдлагын бүрэн эрх шилжсэн. Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гишүүдийг ажлаас чөлөөлж тэдгээрт олгогдох цалин хөлсийг зогсоосон байдаг. 2020.07.24-ний өдөр бүрэн эрхт төлөөлөгчийг дахин 6 сараар сунгасан. Ариг банкны бүх үйл ажиллагааг зогсоосон байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилох асуудал яригдахгүй байх бодит нөхцөл үүссэн. 2018 оны 11 сараас хойш нэхэмжлэгчид цалин олгоогүй байдаг. Учир нь төлөөлөн удирдах зөвлөл хуралдаагүй хувьцаа эзэмшигч хурал хийх боломжгүй байсан. Нэхэмжлэгч өөрөө ажил үүргээ биелүүлээгүй нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. 2018 оны 11 сараас 2019.04.01-нийг хүртэл нэхэмжлэгч ажил үүргээ биелүүлээгүй учир 2019.01.23-ны өдөр төлөөлөн удирдах зөвлөл нарийн бичгийн даргагүй болсон учир н.Очбаяр гэх хүн томилогдсон. Үүнээс хойш нэхэмжлэгч 2019.04.05-ны төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд н.Очбаярын хамт оролцсон байдаг. Түүнээс хойш нэхэмжлэгч нь цаашид ажиллах боломжгүй болсныг мэдсэн гэж манай зүгээс үзсэн. Банканд өмнө нь намайг ажилд үүрэг гүйцэтгүүлэхгүй байна гэж шаардлага тавьж байгаагүй. Энэ хугацаанд нэхэмжлэгч нь 2018 оны 09 сараас эхлэн ажилд ирээгүй болохоор үүрэгт ажлыг 2019.01.23-ны өдрөөс н.Очбаяр гэх хүнд шилжүүлсэн. 2019.04.05-нд хувьцаа эзэмшигчдийн хурлаар энэ асуудал огт хөндөгдөөгүй. Тухайн үед н.Очбаярыг томилсон учир төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын асуудлыг хөндөөгүй байна гэж үзэж байгаа. 2019.04.01-ний өдөр, 2019.05.01-ний өдөр Шпаркассэ банканд даалгаврын гэрээ болон хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан байгаа. Үүнээс харахад өмнөх ажиллах эрх нь дуусгавар болсныг мэдсэн нь харагдаж байна. Номин болон Ариг банканд ажиллаж байсан боловч Шпаркассэ банканд ажиллаж эхэлснээс хойш буюу 2019 оны 04 сараас хойш Ариг банк болон Номин хадгаламж зээлийн хоршооноос гарсан байна. 2019 оны 11 сар хүртэл Шпаркассэ банканд ажиллаж байсан нь өөрийнх нь гаргаж өгсөн баримтаар харагдаж байна. Энэ асуудлаас дүгнэхэд нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Ариг банк нэхэмжлэгчийг ажлаас буруу халаагүй, нэхэмжлэгч нь өөрөө ойлгоогүй байна. Хэрэв буруу халсан бол ажил олгогчийн шийдвэрийг хүлээж авснаас 1 сарын хугацаанд гомдол гаргах эрхтэй байдаг. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2020/02335 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.7, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Ариг банк ХХК-д Ариг банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны олговорт 33,023,255 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн Я.Нацагдоржийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2315 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2020/02335 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.7 гэснийг 128 дугаар зүйлийн 128.1.2 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.04-ний өдрийн 183/ШШ2020/02335 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.09-ний өдрийн 2315 тоот магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэг. Нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй, бодитой талаас нь үнэлээгүй. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэн зөв, хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, бодитой талаас нь үнэлээгүй гэж үзэж байна. Магадлалын хянавал хэсэгт "...Түүнчлэн, хариуцагч байгууллагын дүрэмд зааснаар тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийг бүрэн эрхийн хугацаа буюу 2 жил нь 2019.02.23-ны өдөр дуусгавар болсонтой холбогдуулан, 2019.04.05-ны өдрийн хугацаа эзэмшигчдийн ээлжит хурлаар дараагийн Ариг банк ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн 2 жилийн хугацаа эхлэхээр тогтоосон нь тус хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна. Тус хувьцаа эзэмшигчдийн хуралд нэхэмжлэгч нь дараагийн төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга буюу өөрийнх нь оронд томилогдсон Ө.Очбаярын хамт оролцсон талаар зохигчид тайлбар гаргасан болон тус тэмдэглэлд бичигдсэн үйл баримтын талаар маргаагүй байна. гэжээ. Давж заалдах шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон дараах үйл баримтыг анхаарч үзээгүй. Үүнд: 2019.04.05-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тэмдэглэлд Очбаяр нь Төлөөлөн Удирдах Зөвлөлийн нарийн бичгийн даргын хувиар оролцоогүй, харин Төлөөлөн Удирдах Зөвлөлийн нарийн бичгийн даргын хувиар Я.Нацагдорж оролцсон болох нь тогтоогддог. Хэрэв Я.Нацагдоржийн хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасны дагуу дуусгавар болсон гэж үзвэл 2019.02.23-ны өдрөөс хойш ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх байсан. Гэтэл Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019.04.05-ны өдрийн хуралд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан нь нотлогддог. Монгол банкны 2020.04.09-ний өдрийн Б-6/313 тоот албан бичгээр Ариг банкнаас Я.Нацагдоржийг Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын ажлаас чөлөөлсөн тухай шийдвэр Монгол банканд ирүүлээгүй болох нь нотлогддог. Банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь компанийн тухай хуулиас гадна банкны хууль тогтоомжоор нарийвчлан зохицуулагддаг. Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт зааснаар Банк хувьцаа эзэмшигчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, шийдвэр, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцогчдын саналын эрхийн тооллогын баримт бичгийн баталгаажуулсан хувийг хувьцаа эзэмшигчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэр гарснаас хойш 45 хоногийн дотор Монгол банканд хүргүүлнэ. гэж заасан байдаг. Мөн Банкны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшиж байгаа этгээд нь энэ хуулийн 32.1-д заасан шалгуурыг хангаж байгаа эсэхийг банкнаас бичгээр урьдчилан ирүүлсэн мэдээлэлд үндэслэн Монголбанк тогтоож, энэ тухай банканд мэдэгдэнэ. гэж заасан байдаг. Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ хууль зүйн зохицуулалтын хувьд тусгайлан зохицуулсан хуулийг баримталж, нотлох баримтыг үнэлээгүй гэж үзэж байна. Шүүх Ө.Очбаярыг томилсон шийдвэрийг Я.Нацагдоржид танилцуулсан эсэх үйл баримтыг үнэлээгүй, тус тогтоолыг зохигчид Я.Нацагдоржид танилцуулаагүй талаар мэтгэлцээний үе шатанд нэхэмжлэгчээс асуусан асуултад хариулсан байдлыг нотлох баримтаар үнэлээгүй байна. Шүүхээс 2020 оны 12 дугаар сард Я.Нацагдоржоос ажил үүргийг хүлээлцэж авсан талаар үйл баримтад талууд маргаагүй болохыг нотлох баримтаар үнэлээгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч 11 дүгээр сард Я.Нацагдоржоос албан ёсоор ажил үүрэг хүлээлцэж, эд хөрөнгийг авсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Гэтэл шүүхээс 2019.04.05-ны өдрөөс хойш ажиллаагүй гэжээ. 2019.04.05-ны өдрөөс хойш Төлөөлөн Удирдах Зөвлөл хуралдаагүй болох нь тогтоогддог. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно. гэж заасан.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэн зөв, хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, бодитой талаас нь үнэлээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн 183/ШШ2020/02335 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт "Ариг банк ХХК-д банкны нөхцөлт удирдлагыг хэрэгжүүлэх тухай Монгол банкны ерөнхийлөгчийн 2020.01.24-ний өдрийн А-17 тоот тушаал гарсан, улмаар Монгол банкны Ерөнхийлөгчийн 2020.01.24-ний өдрийн А-21 Зарим арга хэмжээний тухай тушаалаар Ариг банк ХХК-ийн ТУЗ-ийн дарга, гишүүдийг, гүйцэтгэх захирлыг орлон гүйцэтгэгч нарыг 2020.01.24-ний өдрөөс албан тушаалаас чөлөөлж, цалин, нөхөн олговор, бусад хангамжийг зогсоосон байдлаас үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ. гэжээ. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон дараах үйл баримтыг анхаарч үзээгүй. Үүнд: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ шийдвэрийн үндэслэх хэсэгт Монгол банкны 2020.04.09-ний өдрийн Б-6/313 тоот албан бичгээр Ариг банкнаас Я.Нацагдоржийг Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын ажлаас чөлөөлсөн тухай шийдвэр Монгол банканд ирүүлээгүй болохыг мэдсэн бөгөөд тухайн ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1-ээс 40.1.7-д заасан аль нэг үндэслэлийг зааж эрхийн акг гаргаагүй, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар ажилтанд Хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөр нь өгөх үүргээ биелүүлээгүй Ариг банк буруутай байна. гэж үзсэн атлаа Ариг банкны ТУЗ-ийн эрх, үүргийг 2020.01.24-ний өдөр дуусгавар болгосон гэж үзсэн бол 2019 оны 04 дүгээр сараас 2020 оны 01 дүгээр сар хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговрыг тооцон, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлээгүй нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлээгүй гэж үзэхээр байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд удаа дараа ажлаас халагдсан, чөлөөлсөн тушаал шийдвэр гаргаагүй, өнөөдрийг хүртэл ажлаас халаагүй гэж тайлбарласан. Цаашлаад тушаал шийдвэр гаргаагүй талаар маргадаггүй. Гэтэл шүүхээс зохигчийн тайлбарыг нотлох баримтаар үнэлээгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно." гэж заасан. Шүүх хэргийн оролцогч буюу зохигчийн тайлбарыг нотлох баримт биш гэж үзэн, хариуцагч Я.Нацагдоржийг ТУЗ-ийн нарийн бичгийн даргын ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр, эрхийн акт гаргаагүй талаар тайлбарласан атал энэ үйл баримтад нэхэмжлэгч Я.Нацагдорж буруутай байна гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасантай нийцэхгүй байна. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримт бүрийн талаар шүүх үнэлгээ өгсөн байх шаардлагатай. Энэхүү үнэлгээ нь тухайн нотлох баримтын хамаарал, ач холбогдол, зөвшөөрөгдсөн байдлаас шалтгаалан өөр өөр байх боловч үнэлэгдэхгүй орхигдох ямар ч нотлох баримт байх учиргүй. Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийн тайлбарыг нотлох баримт биш гэж үзэн нотлох баримтыг үнэлэхгүй орхигдуулсан байна гэж үзэх үндэслэлтэй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларч буй аливаа нотлох баримтыг шүүх үнэлэх учиртай. Ямар ч нотлох баримтыг шүүх бусад нотлох баримтаас дээгүүр тавьж, илүү хүчин чадалтай гэж үзэж болохгүй. Нөгөө талаар зохигчдын гаргасан зарим нотлох баримтын талаар ямар нэгэн дүгнэлт өгөхгүй байх, нэг талын баримтыг нөгөө тал баримтаар үгүйсгэсэн байхад түүнийг нь үнэлэхгүй байх, эсрэг талаас үгүйсгэгдээгүй баримтыг шүүх өөрөө үгүйсгэх, баталсан, үгүйсгэсэн хоёр баримтыг хоёуланг нь биш харин аль нэгийг нь л үнэлэх зэргээр нотлох баримтыг тал бүрээс үнэлэх хуулийн зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

Хоёр. Хууль буруу тайлбарлан хэрэглэсэн тухай. Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Магадлалын хянавал хэсэгт ...Иймд Я.Нацагдорж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу 2019.04.05-ны өдрөөс хойш 3 сарын дотор гомдол гаргах эрхтэй бөгөөд шүүхэд 2019.12.30-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх тул гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дахь хэсэгт зааснаар Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй. гэж заасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол" гэж заасан байх бөгөөд шүүх эрх зүйн харилцааг буруу тодорхойлж 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан эрх зүйн харилцааг 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсгийг баримтлан шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй юм. Мөн анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэлдээ "...2019 оны 12 сард ажлын сейфийг хүлээлгэн өгсөн гэх талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Я.Нацагдорж тухайн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэх үйл баримт тогтоогдсон байна гэж үзсэн атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан ажил хүлээлцсэн өдрийг ажлаас халсан өдөр гэж үзнэ гэж заасныг баримтлаагүй Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг баримтлаагүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэг нь тушаалыг гардан авснаас хойш 1 сарын дотор шүүхэд гомдол гаргахаар хуульчилсан зохицуулалт юм. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар тушаал гаргах, тушаалыг танилцуулах нь ажил олгогчийн үүрэг байдаг болно.

Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Магадлалын хянавал хэсэгт ...Иймд зохигчдын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний харилцаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар дуусгавар болгосон гэдгийг нэхэмжлэгч мэдсэн гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй дээрх хугацаанаас хойш нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад ажил үүрэг гүйцэтгэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй." гэжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 6 дахь хэсэгт Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн Хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан хугацаатай гэрээ гэдэг нь хөдөлмөрийн гэрээний үргэлжлэх хугацааг хуанлийн он, сар, өдрөөр, эсхүл жил, улирал, сараар, үйл явдлаар /тухайлбал: ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж буй ажилтан эргэж ажилдаа ортол гэх мэт/ тодорхойлогдсон байна. Энэхүү гэрээний хугацааг тоолохдоо Иргэний хуулийн хугацаа тоолох журмыг хэрэглэнэ. гэж заасан байна. Дээрхээс үзвэл Иргэний хуулийн хугацаа тоолох журмаар Я.Нацагдоржтой 2 жилийн хугацаатай гэж үзвэл 2019.02.23-ны өдөр дуусгавар болсон. Харин Иргэний хуулийн хугацаа тоолох журмаар хугацаа дууссан ажил үүргээ гүйцэтгэсэн хэвээр бол хугацаа анх заасан хугацаагаар сунгагдахаар заасныг баримтлаагүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасныг шүүх баримтлаагүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, Шүүх 2019 оны 12 дугаар сард ажил хүлээлцсэн үйл баримтыг зөв үнэлсэн хэрнээ ажил үүрэг гүйцэтгээгүй гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 7 дахь хэсэгт ...Харин энэ зүйлийн 23.2.2-т дээрх гэрээг "талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор заасан нь ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хамаарна. Энэ нөхцөлд тухайн шаардлага, шалтгааныг, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгасан байвал зохино. гэж зааснаар Хөдөлмөрийн эрх зүйн гэрээний хугацаатай гэрээний харилцааг тодорхойлохдоо Хөдөлмөрийн гэрээнд гэрээний хугацааны талаар зайлшгүй тодорхой тусгах, ингэж тусгаагүй тохиолдолд Хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар заажээ. Иймд Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан эсэх дүгнэлтийг хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 болон 23.2.2 дахь хэсэгт заасныг баримтлаагүй, эрх зүйн үйл баримтад хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт зааснаар Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул ажлаас чөлөөлсөн гэж шүүх дүгнэжээ. Шүүхийн ийнхүү дүгнэсэн үйл баримт нь нотлох баримт байхгүй, хугацаа дуусгавар болж цаашид сунгагдахгүй болсон талаар Я.Нацагдоржид мэдэгдэх хуудас өгсөн эсэх, тушаал шийдвэрийг гаргасан эсэхийг үнэлэхгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ. Нэхэмжлэгч Я.Нацагдоржийг Төлөөлөн Удирдах Зөвлөлийн бүрэн эрхийн хугацаанд ажилд томилсон. Ийнхүү бүрэн эрхийн хугацаа нь дахин 2 жилээр сунгагдсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Нөгөө талаар Я.Нацагдоржийг 37.1.3 дахь хэсэгт зааснаар ажлаас чөлөөлсөн талаар тушаалгүй атал шүүх юунд үндэслэж, ажил олгогчийн өмнөөс шийдвэр гаргаж 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.04-ний өдрийн 183/ШШ2020/02335 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.15-ны өдрийн 2315 тоот магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ: 

Нэхэмжлэгч Я.Нацагдорж нь хариуцагч Ариг банк ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгч Я.Нацагдорж нь Ариг банк ХХК-ийн 2017.02.23-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 01 тогтоолоор тус зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох хүртэл хугацаагаар Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилогдож, 2018.01.12-ны өдрийн 01 тогтоолоор түүний сарын цалинг 2,000,000 төгрөгөөр тогтоосон байна. 

Хэргийн баримтаас үзэхэд Ариг банк ХХК нь Я.Нацагдоржтой хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй, дээрх тогтоолд заасан хугацаанд нэхэмжлэгч нь нарийн бичгийн даргын ажил үүргийг гүйцэтгэж байсан талаар маргаагүй байна.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан контрактын харилцаанд хамаарах баримтыг талууд шүүхэд ирүүлээгүй, ямар нэгэн тайлбар гаргаагүй байхад анхан шатны шүүх зохигчийн хооронд контрактын гэрээ байгуулагдсан гэж дүгнэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7-д заасан үндэслэл бий болсон гэж үзсэн нь буруу, шүүх хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж чадаагүй байна.

 Иймээс нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болоогүй, зохигч маргаагүй үйл баримтын талаар анхан шатны шүүх дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т нийцсэн гэж үзнэ.

 Ариг банк ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа нь 2019.02.23-ны өдөр дуусгавар болсон буюу 2019.04.05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар дараагийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа эхлэхээр тогтоосон тухай хурлын тэмдэглэл хэрэгт авагдсан байх бөгөөд энэ хуралд нэхэмжлэгч нь дараагийн төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга буюу өөрийнх нь оронд томилогдсон Ө.Очбаярын хамт оролцсон байна.

 Зохигчийн хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар дуусгавар болсон гэдгийг нэхэмжлэгч мэдсэн, тэрээр 2019.04.05-ны өдрөөс хойш хариуцагч байгууллагад ажил үүрэг гүйцэтгэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч гэрээний харилцаа үргэлжилж байсан тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдлийг зөв гэж үзнэ.

 Түүнчлэн нэхэмжлэгч Я.Нацагдорж нь 2019.04.01-ний өдөр, 2019.05.01-ний өдөр Шпаркассэ банк-ны Монгол дахь сантай даалгаврын болон хөдөлмөрийн гэрээ байгуулсан тухай баримт хэрэгт авагджээ.  

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020.08.03-ны өдрийн А-300 дугаар тушаалаар Ариг банк ХХК-д бүрэн эрхт төлөөлөгчийг томилж, нэхэмжлэгчийн ажлын байр үгүй болсон нь зохигчийн тайлбар болон хэргийн баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагчийг хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг нэхэмжлэгчид гардуулаагүй буруутай гэж үзэж, ажилд эгүүлэн томилох үндэслэлгүй тухай шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.  

Нэхэмжлэгч Я.Нацагдоржийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.  

Хоёр шатны шүүх хэргийн баримтыг хуульд зааснаар үнэлсэн, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2315 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД