Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2020/02335

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2020            09             04                                               183/ШШ2020/02335                           

 

 

М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний  шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, 00 дүгээр байр, 00 тоот оршин суух, И овогт Я.Н  /РД:0000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байр, А ХХК  /РД:0000/-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Н түүний өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмандал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгч Я.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2015 оноос Н хадгаламж зээлийн хоршоонд ажиллаж байсан. 2017 онд Н хадгаламж зээлийн хоршоо нь А-ны 39 хувийг эзэмшиж авсан. 2017 оны 02 сард намайг Н-н зүгээс төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилж уг тушаал нь 2017.02.23-ны өдөр гарсан. Би Н хадгаламж зээлийн хоршоонд болон А ХХК-д ажиллаж байгаад 2019 онд хувьцаа эзэмшигчдийн маргаан гараад 10 сараас эхлэн ажил үүргээ гүйцэтгэхэд хүндрэлтэй болж эхэлсэн. Ажил хийж байсан өрөө болон сейфийг хурааж авсан. Би ер нь нарийн бичгийн дарга хэвээрээ юм уу гэж асуухад огт хариу өгдөггүй байсан. Харин М банкнаас намайг А банкны нарийн бичгийн дарга гэж харьцаж, ярьж холбогддог байсан. А банканд очоод ажил үүргээ хийх гэхээр хийлгүүлдэггүй. Үүнийг удаа дараа асууж, хүсэлт гаргасан. Ингээд хариу өгөхгүй байхаар баталгаат шуудангаар М банк болон А банкнаас асууж байсан баримтууд хэргийн материалд авагдсан. Ингээд миний бие 2019.12.30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэв намайг ажиллуулж байгаа бол ажил үүргийг минь чөлөөтэй хийлгэж өгнө үү, ажлаас чөлөөлсөн бол тушаалтайгаа танилцуулна уу гэсэн хүсэлтийг удаа дараа тавьж байсан. М банканд би А банкны төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга гэж бүртгэлтэй байгаад байдаг. М банк хувьцаа эзэмшигчтэй харилцах харилцааг нарийн бичгийн даргаар дамжуулан хүргэдэг. Тэгтэл тэр ажил нь хийгддэггүй. Хувьцаа эзэмшигч нар нь надад ажил үүргээ биелүүлэхгүй байна гэж гомдол гаргадаг. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд надаас мэдээлэл авна гэхэд надад ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй байдаг байсан. Ийм хүндрэлтэй байдал үүссэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагад ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийлгэхийг хүссэн гэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай зүгээс тухайн гаргасан нэхэмжлэлтэй холбоотойгоор 2020.01.28-ны өдөр шүүхэд хүлээн зөвшөөрөхгүй хариу тайлбараа гаргасан. Нэхэмжлэгчийг ажлаас халаагүй харин нэхэмжлэгчтэй анх тохиролцсоны дагуу төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллах хугацаа 2 жил байхаар төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолд дурдсанаар Я.Н ажил үүргээ биелүүлж явсан. Нэхэмжлэгч нь 2017.02.23-нд А банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас тогтоол гарч түүний дагуу анх томилогдсон. Тогтоол гаргахаас өмнө 2017.02.13-ний өдөр А банкны хувьцаа эзэмшигчдийн хурал болж А банкны төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2 жилийн хугацаатай сонгосон. Түүнийг үндэслэж 10 хоногийн дараа Я.Н нарийн бичгийн даргаар томилогдсон. Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа цалин хөлс урамшууллыг төлөөлөн удирдах зөвлөлийн хурал болон хувьцаа эзэмшигчдийн хурлаар тус тус тогтоосон байдаг. Төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээний асуудал нь М-н Банкны тухай хууль болон Компанийн тухай хуулиар зохицуулагддаг. Хуульд төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргыг төлөөлөн удирдах зөвлөлийн дарга санал болгосноор төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд санал хурааж олонхын саналаар шийдвэрлэдэг.ТУЗ-ийн бүрэлдэхүүний 2 жилийн хугацаа 2019.02.23-ны өдрөөр дуусгавар болсон. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг 2019.04.05-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурал болж төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн хугацааг дахин 2 жилээр сунгасан. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосны дараагаар хурал хийх ёстой байсан боловч компанийн тогтвортой үйл ажиллагаа алдагдаж, маргаан үүссэн. Төлөөлөн удирдах зөвлөл цаашид хуралдах боломжгүй болсон. Тэгэхээр нэхэмжлэгчийн ажиллах эрхийг цааш сунгах эсэхийг шийдэх боломжгүй болсон. Төлөөлөн удирдах зөвлөлийн хугацааг дуусгавар болтол томилогдсон учир Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар ажлаас чөлөөлөгдсөн. Мөн тухайн ажилд эгүүлэн томилох бодит нөхцөл байхгүй. 2020.01.24-ний өдөр М банкны бүрэн эрхт төлөөлөгч А банканд томилогдож компанийн удирдлагын бүрэн эрх шилжсэн. Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гишүүдийг ажлаас чөлөөлж тэдгээрт олгогдох цалин хөлсийг зогсоосон байдаг. 2020.07.24-ны өдөр бүрэн эрхт төлөөлөгчийг дахин 6 сараар сунгасан. А банкны бүх үйл ажиллагааг зогсоосон байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилох асуудал яригдахгүй байх бодит нөхцөл үүссэн. 2018 оны 11 сараас хойш нэхэмжлэгчид цалин олгоогүй байдаг. Учир нь төлөөлөн удирдах зөвлөл хуралдаагүй хувьцаа эзэмшигч хурал хийх боломжгүй байсан. Нэхэмжлэгч өөрөө ажил үүргээ биелүүлээгүй нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. 2018 оны 11 сараас 2019 оны 04 сарын 01-нийг хүртэл нэхэмжлэгч ажил үүргээ биелүүлээгүй учир 2019 оны 01 сарын 23-ны өдөр төлөөлөн удирдах зөвлөл нарийн бичгийн даргагүй болсон учир н.О гэх хүн томилогдсон. Үүнээс хойш нэхэмжлэгч 2019.04.05-ны төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд н.О-н хамт оролцсон байдаг. Түүнээс хойш нэхэмжлэгч нь цаашид ажиллах боломжгүй болсныг мэдсэн гэж манай зүгээс үзсэн. Банканд өмнө нь намайг ажилд үүрэг гүйцэтгүүлэхгүй байна гэж шаардлага тавьж байгаагүй. Энэ хугацаанд нэхэмжлэгч нь 2018 оны 09 сараас эхлэн ажилд  ирээгүй болохоор үүрэгт ажлыг 2019 оны 01 сарын 23-ны өдрөөс н.О гэх хүнд шилжүүлсэн. 2019 оны 04 сарын 05-нд хувьцаа эзэмшигчдийн хурлаар энэ асуудал огт хөндөгдөөгүй. Тухайн үед н.О-г томилсон учир төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын асуудлыг хөндөөгүй байна гэж үзэж байгаа. 2019 оны 04 сарын 01-ний өдөр, 2019 оны 05 сарын 01-ний өдөр Ш банканд даалгаврын гэрээ болон хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан байгаа. Үүнээс харахад өмнөх ажиллах эрх нь дуусгавар болсныг мэдсэн нь харагдаж байна. Н болон А банканд ажиллаж байсан боловч Ш банканд ажиллаж эхэлснээс хойш буюу 2019 оны 04 сараас хойш А банк болон Н хадгаламж зээлийн хоршооноос гарсан байна. 2019 оны 11 сар хүртэл Ш банканд ажиллаж байсан нь өөрийнх нь гаргаж өгсөн баримтаар харагдаж байна. Энэ асуудлаас дүгнэхэд нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. А банк нэхэмжлэгчийг ажлаас буруу халаагүй, нэхэмжлэгч нь өөрөө ойлгоогүй байна. Хэрэв буруу халсан бол ажил олгогчийн шийдвэрийг хүлээж авснаас 1 сарын хугацаанд гомдол гаргах эрхтэй байдаг. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

           

           Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгч Я.Н-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч тал ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

 

Хэргийн баримтаас үзэхэд А банкны 2017.02.23-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 01 тогтоолоор Я.Н нь А банк ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ТУЗ-ийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох хүртэл хугацаагаар томилогдон ажиллаж байсан, ТУЗ-ийн 2018.01.12-ны өдрийн 01 тогтоолоор ТУЗ-ийн нарийн бичгийн даргын сарын цалинг 2,000,000 төгрөгөөр тогтоосон байна.

 

Компанийн ТУЗ-ийн гишүүдийг батлах тухай 2017.02.13-ны өдрийн 02 тоот хувьцаа эзэмшигчдийн хурлаар А банк ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан шинээр бүрэлдэх ТУЗ-ийг нийт 7 гишүүнтэй болгож, бүрэн эрхийн хугацааг 2 жил байхаар тогтоон томилжээ.

 

Нэхэмжлэгч тал “...2019 онд хувьцаа эзэмшигчдийн маргаан гараад 10 сараас эхлэн ажил үүргээ гүйцэтгэхэд хүндрэлтэй болсон, ажлын өрөө болон сейфийг хурааж авсан, 2019.04.05-ны өдөр болсон хувьцаа эзэмшигчдийн хуралд нарийн бичгийн даргаар ажилласнаас хойш ажил хийлгээгүй, надад ажлаас халсан шийдвэрийг өгөөгүй” гэж тайлбарласан байна.

 

Хариуцагч тал “...2019.04.05-ны өдөр ТУЗ-ийн бүрэн эрхийн хугацаа дууссанаар нарийн бичгийн даргын гэрээний хугацаа дууссан, 2019.04.05-ны өдөр ТУЗ-н нэр бүхий 5 гишүүдийн хугацааг дахин 2 жилээр сунгасны дараагаар хурал хийх ёстой байсан боловч компанийн тогтвортой үйл ажиллагаа алдагдсан, төлөөлөн удирдах зөвлөл цаашид хуралдах боломжгүй болсон. 2020.01.24-ний өдөр М банкны бүрэн эрхт төлөөлөгч А банканд томилогдож компанийн удирдлагын бүрэн эрх шилжсэн, А банкны бүх үйл ажиллагааг зогсоосон байгаа” гэж тайлбарласан байна.

 

Нэхэмжлэгчийг анх ажилд ороход гэрээ байгуулаагүй, ажлаас чөлөөлсөн шийдвэр гараагүй гэх боловч Я.Н-д 2018 оны 11 сараас хойш цалин олгогдоогүй, 2019.04.05-ны өдрөөс хойш нарийн бичгийн даргаар ажиллаагүй, 2019 оны 11, 12 сард А банк болон М банкинд хандаж ажлаас чөлөөлсөн шийдвэрийг авах тухай өргөдөл гаргасан, 2019 оны 12 дугаар сард ажлын сейфийг хүлээлгэн өгсөн гэх талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Я.Н тухайн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэх үйл баримт тогтоогдсон байна.

 

           А банкны дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох, өөр ажилд шилжүүлэх үед үүрэгт ажлыг хүлээлцэх актаар тухайн албан тушаалд хэрэглэж байсан эд хогшил, компьютер дагалдах хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хүлээлцүүлнэ гэжээ.

Компанийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргыг төлөөлөн удирдах зөвлөлийн даргын санал болгосноор төлөөлөн удирдах зөвлөл томилно”, 84 дүгээр зүйлийн 84.1-д “компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэж заажээ.

Дээрх заалтаас үзэхэд ТУЗ-ийн нарийн бичгийн даргын бүрэн эрхийн хугацааг ТУЗ-ийн шийдвэрээр өөрчилж болох, Компанийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т зааснаар төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь мөн хуулийн 82.2.1-ээс 82.2.5-д заасан ажлыг гүйцэтгэх үүрэг хүлээсэн, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.8-д зааснаар компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх шаардлагатай этгээд байна.

           А банк ХХК-ийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.3.4, 9.3.5-д зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлаар ТУЗ-ийн гишүүдийг сонгох, чөлөөлөх, тэдгээрийн бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгох, мөн тэдний эрх хэмжээ, хариуцлага, ажлын хөлс, урамшууллын хэмжээг тогтоох, тайланг хэлэлцэж шийдвэрлэдэг, мөн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.2, 10,3-т ТУЗ-ийн гишүүдийг хувьцаа эзэмшигчдийн хурлаас сонгож томилно, ТУЗ-ийн бүрэн эрхийн хугацаа 2 жил байна, дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1-д банкны нарийн бичгийн даргыг ТУЗ-ийн хурлаас томилно гэж тус тус заажээ.

           Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д банк төлөөлөн удирдах зөвлөлтэй байна, 31.3.4-т хувьцаа эзэмшигчдийн ээлжит, ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахаар заасан байх бөгөөд А банкны 2019.04.05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар ТУЗ-ийн нэр бүхий 5 гишүүний бүрэн эрхийн хугацааг 2 жилээр сунгаснаар өмнөх 2017.02.13- ны өдрийн 02 тоот хувьцаа эзэмшигчдийн хурлаар сунгасан А банк ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон байна.

Банкны тухай хуулийн   49 дүгээр зүйлийн 49.1-д “М банк нь энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь банкны үйл ажиллагааг сайжруулах, найдвартай тогтвортой удирдлагыг сэргээхэд хангалтгүй гэж үзсэн, эсхүл энэ хуулийн 3.1.16-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд банкинд нөхцөлт удирдлагыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, бүрэн эрхт төлөөлөгчийг томилж болно” гэж заажээ.

 

А банк ХХК-д банкны нөхцөлт удирдлагыг хэрэгжүүлэх тухай М банкны ерөнхийлөгчийн 2020.01.24-ний 00 тушаал гарсан, улмаар М банкны ерөнхийлөгчийн 2020.01.24-ний өдрийн 00 “Зарим арга хэмжээний тухай” тушаалаар А банк ХХК-ийн ТУЗ-ийн дарга, гишүүдийг, гүйцэтгэх захирлыг орлон гүйцэтгэгч нарыг 2020.01.24-ний өдрөөс албан тушаалаас чөлөөлж, цалин, нөхөн олговор, бусад хангамжийг зогсоосон байдлаас үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ.

А банк ХХК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргаар 2019.01.01-ний өдрөөс Ө.О-г эчнээ санал хураалтын дүнг үндэслэн 2019.01.23-ны өдрийн ТУЗ-ийн хурлын 01 тоот тогтоолоор томилсон гэх боловч 2019.04.05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын протоколд ТУЗ-ийн нарийн бичгийн даргаар Я.Н оролцсон гэж тэмдэглэсэн, тухайн өдрийн хуралд Ө.Очбаярын хамт оролцсоныг талууд тайлбарласан байна.

Компанийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.5-д зааснаар компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь мөн хуулийн 97.1-д заасан баримт бичгийг зохих журмын дагуу холбогдох этгээдээс хүлээн авч хадгалах, эрх бүхий этгээдэд танилцуулах, архивд шилжүүлэх зэрэг ажиллагааг эрхлэн гүйцэтгэнэ, 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, компанийн гүйцэтгэх удирдлагын хурлын тэмдэглэл, тушаал, шийдвэр болон хууль тогтоомжоор нийтэд мэдээлэхийг хориглосноос бусад баримт бичигтэй танилцах, үнэ төлбөртэй хуулбарлан авах бололцоог хувьцаа эзэмшигчид олгох үүрэг хүлээнэ.

 

Дээрх байдлуудаас үзэхэд компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын албан тушаал нь байнгын ажлын байр биш бөгөөд эрх зүйн байдал онцлогтой боловч талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсэж байгаа тохиолдолд ажилтантай хөдөлмөрийн гэрээ эсхүл контрактын гэрээ байгуулах эсэхийг А банк ХХК шийдвэрлээгүй нь буруу байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг хэрэгжүүлэхдээ бусдын хөдөлмөрлөх үйл ажиллагааг, мөн ажил олгогч нь иргэний гоц буюу ховор авьяас, өндөр ур чадварыг хөлслөн авч ашиглах зорилгоор иргэнтэй контракт байгуулна” гэж заасан байна.

М банкны  2020.04.09-ний 0000 тоот албан бичгээр А банкнаас Я.Нийг Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай шийдвэр М банкинд ирүүлээгүй болохыг мэдэгдсэн бөгөөд тухайн ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1-ээс 40.1.7-д заасан аль нэг үндэслэлийг зааж эрхийн акт гаргаагүй, мөн хуулийн  43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар  ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүргээ биелүүлээгүй А банк буруутай байна.

          Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.

          Гэвч нэхэмжлэгч Я.Нийн А банк ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллах хугацаа А банкны 2019.04.05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдсанаар дууссан, 2018 оны 11 сараас хойш цалин олгогдоогүй, өөрийнх нь эрх зөрчигдсөнийг мэдсэн атлаа шүүхэд хандаагүй нэхэмжлэгч буруутай байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.7, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар А банк ХХК-д А банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын даргын албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны олговорт 33,023,255 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн Я.Нийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Д.ЭНХЦЭЦЭГ