Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/02345

 

С.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/02490 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч С.Бын хариуцагч “М” ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх, Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн тэмдэглэлийн нэхэмжлэгчид холбогдох хэсэг буюу С.Бод сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халах арга хэмжээ авахыг даалгасан хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цолмонбат, хариуцагч “М” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Үржинсүрэн, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ренчинболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Б нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “М” ТӨХК-д гадаад улс дахь төлөөлөгчийн газрын ажилтнуудтай байгуулах Хөдөлмөрийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай байгуулан тус компанийн Сөүл хот дахь төлөөлөгчийн газрын Аэрофорт менежерийн туслах ажилтны үүргийг гүйцэтгэх болсон. Нэхэмжлэгч нь гэрээний хугацаанд ажил үүргээ үр дүнтэй, зохих ёсоор биелүүлсээр ирсэн тул энэхүү гэрээг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дахин нэг жилийн хугацаатай сунгаж байгуулсан. Гэтэл 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ засгийн газрын хуралдаанаар нэр бүхий хүмүүсийг мөрийтэй тоглоом, казино тоглож ёс зүйгүй үйлдэл гаргасан талаар мэдээлсний дотор миний нэрийг дурдаж, улмаар “М” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/808 дугаартай тушаалаар намайг гадаад улсад ажил үүргээ гүйцэтгэж байхдаа мөрийтэй тоглоом буюу казино тоглож компанийн нэр хүндийг гутаасан, зохисгүй байдал гаргасан, Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн ёс зүйн хэм, хэмжээ зөрчсөн, хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халсан нь үндэслэлгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “М” ТӨХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч С.Быг гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/920 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалтыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулан Сөүл хот дахь төлөөлөгчийн газарт Аэрофорт менежерийн туслахаар түр томилсон. С.Быг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунган ажиллуулсан ба мөн шалтгаанаар Хөдөлмөрийн гэрээний хугацааг харилцан тохиролцож 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хөдөлмөрийн хугацаатай гэрээ дахин байгуулсан. Засгийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хурлаар нэр бүхий хүмүүсийг гадаад улсад мөрийтэй тоглоом тоглож, ёс зүйн хэмжээ зөрчсөн тухай асуудлыг хэлэлцээд холбогдох албан хаагчдад зохих журмын дагуу сахилгын шийтгэл ногдуулж, халах арга хэмжээ авахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгасан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар “М” ТӨХК-ийн Сөүл хот дахь Төлөөлөгчийн газрын ажилтан С.Быг мөрийтэй тоглоом тоглож, ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн нь тогтоогдсон гэж олон нийтэд мэдээллэсэн. “М” ТӨХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 6.2.11, 11.9.10, хөдөлмөрийн гэрээний 8.1-д заасны дагуу хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Иймд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн гэрээний 8.1, 9.4.6, Компанийн дүрмийн 8.8.9, 8.8.11, Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.11, 10.1.1в, 11.9.10, Гадаад улс дахь төлөөлөгчийн газрын ажилтнуудад хүргүүлсэн Гүйцэтгэх захирлын 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 01/2386 дугаар албан бичиг, Засгийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 49 дүгээр тэмдэглэл, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А-1/3905 дугаартай албан бичгийг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан явдал нь хуульд нийцэж буй тул С.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс Засгийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 49 дүгээр тэмдэглэлийн хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба тус үйл баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 13 дугаар зүйлийн 13.1, 65 дугаар зүйлийн 65.1.1-т заасны дагуу хэргийн харьяалал зөрчсөн байна. Иймд Монгол Улсын Засгийн газарт хандан гаргасан С.Баярцогтыг ажлаас халах талаар хуралдаж шийдвэр гаргасан Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Бын гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хариуцагч Засгийн газарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161,162 дугаар зүйлд заасны дагуу давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс хуулийг буруу хэрэглэж, үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. “М” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн тушаалаар нэхэмжлэгч С.Быг казино тоглож, компанийн нэр хүндийг гутаасан зохисгүй байдлыг гаргаж, улмаар уг асуудлыг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцэн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн гэж үзсэн гэсэн үндэслэлээр ажлаас халсан. “М” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 4 дүгээр сарын 31-ний өдрийн А/306 тоот тушаалаар хавсралт 1 дүгээр “М” ТӨХК-ийн ажилтны ёс зүйн дүрэм, хавсралт хоёроор “М” ТӨХК-ийн ёс зүйн хорооны ажиллах журмыг тус тус баталсан бөгөөд эдгээр нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа болно. “М” ТӨХК-ийн ажилтны ёс зүйн дүрмийн 1.4.2, 1.4.3, 2 дугаар зүйлд 1.1, 5.15-д тус тус ёс зүйн зөрчлийн талаар зохицуулсан. С.Быг ёс зүйн зөрчил гаргасан талаар Ёс зүйн хорооны шийдвэр гараагүй бөгөөд хурал болоогүй. Хэрэгт авагдсан Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдааны 49 дүгээр тэмдэглэлээр “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гаалийн Ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, “М” ТӨХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Б нар нь гадаад улсад зорчихдоо мөрийтэй тоглоом ёс зүйн хэм хэмжээ зөрчсен тухай асуудлыг хэлэлцээд холбогдох албан хаагчдад зохих журмын дагуу сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас халах арга хэмжэз авахыг тус тус даалгав гээд Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр мэдэгдэл хийж, Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг шинэчилсэн. С.Быг төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан гэж Монгол Улсын Засгийн Газраас буруутгасан боловч С.Б төрийн албан хаагчийн аль ч ангилалд хамаарахгүй, төрийн үйлчилгээний болон захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм түүнд үйлчлэхгүй, харин “М” ТӨХК-ийн ёс зүйн дүрэм үйлчлэх ёстой. Анхан шатны шүүх сайтад хийсэн үзлэгт хариуцагч С.Б гэж тайлбарлаж, нэхэмжлэгч няцаагаагүй болно хэмээн дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дэх хэсэгт тус тус заасан үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй. Энэхүү бичлэг дээрх хүн нь С.Б мөн эсэх, хаана ямар газар хэзээ, юу хийж буй нь ч тодорхой бус, бичлэгийн зарим хэсгийг бүдгэрүүлж, бүрсийлгэсэн, хаанаас, хэн гэж хүн бичлэг хийсэн, ямар эх сурвалжаас авсан зэргээр бичлэгээр казино тоглож буй нь нотлогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч “М” ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх, хариуцагч Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан  2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн тэмдэглэлийн нэхэмжлэгчид холбогдох хэсэг буюу С.Бод сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халах арга хэмжээ авахыг даалгасан хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. /хэргийн 1-2, 30-31 дүгээр тал//

 

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч “М” ТӨХК-ийн хооронд хугацаатай хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн болох нь хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/920 тоот С.Быг Сөүл хот дахь төлөөлөгчийн газарт Аэрофорт менежерийн туслахаар түр томилсон тушаал, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/713 тоот хөдөлмөрийн хугацаатай гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/784 тоот хөдөлмөрийн хугацаатай гэрээ болон тус гэрээнүүдийг сунгах тухай тушаал, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 42-44 дүгээр тал/

 

            Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/808 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халжээ. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.11, 10.1.1.в, 11.9.10, Компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.8.9, 8.8.11 дэх заалт, хөдөлмөрийн гэрээний 8.1, 9.4.6 дахь заалт, Гадаад улс дахь төлөөлөгчийн газрын ажилтнуудад хүргүүлсэн гүйцэтгэх захирлын 2019 оны 07 сарын 04-ны өдрийн 01/2386 дугаар албан бичиг, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 11 сарын 06-ны өдрийн 49 дүгээр тэмдэглэл, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 11 сарын 11-ний өдрийн А-1/3905 дугаар албан бичгийг тус тус үндэслэж, нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хэргийн 45-47, 135 дугаар тал/

 

            Тодруулбал, ажилтан С.Б нь гадаад улсад ажил, үүргээ гүйцэтгэж байхдаа мөрийтэй тоглоом буюу казино тоглосон нь ажил олгогч компанийн нэр хүндийг гутаасан зохисгүй буюу ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон гэж нэхэмжлэгч шаардлагынхаа үндэслэл болгосныг хариуцагч энэ нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд хамаарахгүй гэсэн агуулгатай татгалзсан тайлбар гаргаж маргасан.

 

Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргахыг ойлгохоор зохицуулсан.

 

Улмаар талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9.4.6-д компанийн нэр хүндийг гутаах үйлдлийг ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэлд хамруулах, мөн 9.4.13-т Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтыг зөрчсөн бол ноцтой зөрчилд тооцохоор зохицуулсан байх ба Хөдөлмөрийн дотоод журмын 11.9.10-т мөн адил зохицуулахаар заажээ.

 

Гэтэл нэхэмжлэгч С.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мөрийтэй тоглоом тоглоогүй буюу ёс зүйн зөрчил гаргаагүй гэсэн агуулгаар түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргаж байх боловч хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж, тухайн өдөр түүнийг БНСУ-ын казино буюу мөрийтэй тоглоомын газраар үйлчлүүлж байгаа бичлэг “Дарга нар Казино тоглож буй бичлэг дэлгэгдлээ” гэсэн гарчигтай сайтад тавигдсан болон тус бичлэгт шүүх 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэлийг нэхэмжлэгч няцаагаагүй буюу үгүйсгэсэн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу гаргаагүй тул хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж үзнэ.

 

Тодруулбал, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзал болгон гаргасан баримт нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа тохиолдолд түүнд үүнийгээ нотлох үүрэг үүснэ. Гэвч нэхэмжлэгч тухайн өдөр тус улсад байхдаа мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг газраар үйлчлүүлээгүй гэдэг тайлбар нь хэргийн баримтаар нотлогдохгүй байна. /хэргийн 133, 134 дүгээр тал/

 

Монгол Улсын хуулиар хориглосон үйл ажиллагааг гадаад улсад эрхэлдэг байгууллагаар нэхэмжлэгч үйлчлүүлсэн талаарх бичлэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан үйл баримт нь дээр дурьдсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журамд тусгайлан заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах сахилгын зөрчилд тооцох үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл тус улсын хуулиар хориглосон үйл ажиллагааг өөр улс эрхлэн явуулж байгаа байгууллагаар хариуцагч байгууллагын ажилтан үйлчлүүлсэн нь ажил олгогчийн нэр хүндтэй холбоогүй гэх үндэслэлгүй. 

 

Иймээс хариуцагч нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачлагаар цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй.

 

 Түүнчлэн нэхэмжлэгч С.Бын Монгол улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн тэмдэглэлийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар шүүхээр хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарахгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т заасан хэргийн харьяалал зөрчсөн үндэслэл тогтоогдож байх гэж мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Засгийн газарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй. 

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/02490 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                      ШҮҮГЧИД                           Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                   С.ЭНХТӨР