Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2020/02380

 

 

Ж.Дийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/02658 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Дийн хариуцагч О.Нид холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, О.Н, Б.Б нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Б.Б Р.Х нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, О.Нийн “С ИББСБ” ХХК-тай байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлагатай,

Ж.Дтэй 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах тухай 014/27, 014/28 тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай О.Нийн сөрөг шаардлагатай,

гуравдагч этгээд Н.Мгийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байрны 19 тоот хаягт байршилтай, 5 өрөө орон сууцыг Ж.Дийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Д, түүний өмгөөлөгч Б.Булгантамир, А.Зоригтбаатар, гуравдагч этгээд Н.Мгийн өмгөөлөгч Л.Дашравдан, гуравдагч этгээд Б.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Даваажаргал, гуравдагч этгээд Р.Хын өмгөөлөгч М.Бадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие хариуцагчтай 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 014/28 тоот орон сууц захиалан бариулах гэрээ, 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 014/27 тоот орон сууц захиалан бариулах гэрээг тус тус байгуулж, гэрээний төлбөрийг бүрэн төлсөн. Гэвч О.Н нь дээрх гэрээний дагуу шилжүүлэх ёстой орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулсан. Гэрээнд заасны дагуу 19 тоот орон сууцыг хүлээлгэн өгсөн боловч 2 тоот орон сууцыг хүлээлгэн өгөөгүй, О.Н Б.Б нар нь 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж 2 тоот орон сууцны өмчлөх эрхийг Б.Бд шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Р.Х нь 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 2 тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан ба Б.Б болон О.Н нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэлд юм. О.Н нь 19 тоот орон сууцыг “С ИББСБ” ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр барьцааны гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн бөгөөд нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн. Иймд  О.Н болон “С И ББСБ” ХХК-ийн хооронд байгуулагдсан барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг үндэслэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие Ж.Дтэй зээлийн гэрээ байгуулсан. Ж.Дийг төлөөлж Ж.Нямдовчин 300 000 000 төгрөг, 96 000 000 төгрөг, С.Д28 000 000 төгрөгийн тус тус зээлсэн. Маргаан бүхий орон сууцны ажил явагдаж байхад миний бие 300 000 000 төгрөгийг зээлсэн нь үнэн. Орон сууц захиалан бариулах гэрээний хувьд Ж.Дийн шахалтаар дараа нь нөхөж хийсэн гэрээ юм. 2 тоот орон сууц “С ИББСБ” ХХК-ийн барьцаанд байсан гэдгийг Ж.Д мэдэж байсан. 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тус байрыг улсын комисс хүлээж авсан. Ж.Д шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө 19 тоотод дайран орсон. Түүнээс хойш тус байранд амьдарч байгаа гэх боловч яг амьдарч байгаа эсэх нь тодорхойгүй. Бидний хооронд анхнаасаа орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдаагүй. Миний бие нэхэмжлэгчээс мөнгө зээлж авсан. Сөрөг нэхэмжлэлийн тухайд нэхэмжлэгчийн шаардаж байгаа орон сууцуудыг Ж.Дийн өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулаагүй, түүнд зохих ёсоор өмчлөх эрх үүсээгүй. Би Ж.Дийн эхнэр Н.Д, Ж.Дийн дүү Ж.Н нараас тодорхой хугацаатай мөнгө зээлсэн. Харин дээрх зээлийн төлбөрийн тодорхой хэсгийг өгч чадаагүй байсан тул тэд барьцаа өг эсвэл орон сууцны захиалгын гэрээ хийж барьцаалчих гэж удаа дараа шаардаж байсан учраас аргагүйн эрхэнд өөрийн барьж буй орон сууцанд Ж.Дийг захиалга өгсөн байдлаар буюу барьцаа болгох хүсэл зоригийн үүднээс гэрээ байгуулсан. Тухайн гэрээ нь зээлийн төлбөрийг төлөх үүргийг баталсан байдлаар гэрээ байгуулсан учраас хуульд нийцэхгүй байгаа юм. Иймд Ж.Дтэй байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн орон сууц захиалан бариулах тухай 014/27, 014/28 тоот гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.М шүүхэд гаргасан шаардлагадаа: Миний бие О.Ноос гэрлэлтээ цуцлуулсан ба 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/0144 тоот шийдвэрээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамжны 93 дугаар байрны 19 тоотод байрлах, 295 м.кв талбайтай, 5 өрөө байрыг надад болон хүүхдүүдийн өмчлөлд үлдээсэн. Гэтэл тус байрны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан Ж.Д нь 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн найзын хамт манай байранд дайрч орж ирээд гарахгүй улмаар би хүүхдүүдээ авч гэрээсээ явсан. Шүүхээр миний болон хүүхдүүдийн өмчлөлд үлдсэн байранд дайрч орж ирээд амьдарч байгаа, одоо байрны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан Ж.Дээс өөрийн өмчлөлийн байрыг албадан чөлөөлүүлэх шаардлагыг гаргаж байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “С ИББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “С И ББСБ” ХХК, О.Нтой 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 6 сарын хугацаатай, 120 000 000 төгрөг зээлүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах зорилгоор 19 тоот орон сууцыг барьцаалсан. Барьцааны гэрээг байгуулахад өмчлөгч нь О.Н байсан. Өөр ямар нэгэн газар барьцаалуулсан гэх мэдээлэл байгаагүй. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дахь хэсэгт заасны дагуу ямар нэгэн эрхийн асуудал үүсээгүй байсан. Барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу барьцааны гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.1.8-д заасныг тус тус үндэслэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тус гэрээ нь хуулиар хориглосон зүйл заалтыг зөрчөөгүй. Иймд О.Н “С И ББСБ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 онд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:О.Н, Б.Б нарын хооронд 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болсон. О.Н, Б.Б нарын хооронд байгуулагдсан хэлцэл нь талуудын хүсэл зоригийн үндсэн дээр хийгдсэн. Нэхэмжлэгчийн зүгээс О.Н, Б.Б нарын хооронд байгуулагдсан 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8 гэх заалтыг баримтлан шаардлага гаргасан. Энэ нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 56.1.1-д заасны дагуу хууль зөрчсөн зүйл байхгүй. Хуульд заасан хэлбэрийн дагуу, талууд хүсэл зоригийн үндсэн дээр гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Тус хуулийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж байна. Тухайн үйл баримтыг хуульд заасны дагуу талууд харилцан тохиролцож байгуулсан тул дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх боломжгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэсэн байна. Өмчлөгч этгээд нь О.Н байсан. О.Н нь орон сууцыг худалдах хүсэл зоригоо илэрхийлж, хуулийн дагуу орон сууцыг шилжүүлсэн тул зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэхгүй. Тиймээс О.Н, Б.Б нарын хооронд байгуулагдсан 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Р.Хын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дшүүх хуралдаанд тайлбарлахдаа: Р.Х нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж 93 дугаар байрны 5 давхрын 02 тоот орон сууцыг Б.Баас худалдаж авсан. Гурван шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын хууль зүйн үндэслэл тодорхойгүй байна. Б.Б хууль ёсны өмчлөгч бөгөөд Р.Х нь хууль ёсны өмчлөгчөөс орон сууцыг худалдаж авсан. Иймд 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б.Б, Р.Х нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8, 56.1.10, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т зааснаар Ж.Дийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байрны 19 тоот хаягт байршилтай 295.02 м.кв, 5 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байрны 2 тоот хаягт байршилтай 127.89 м.кв, 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, “С ИББСБ” ХХК-тай байгуулсан барьцааны гэрээ, О.Н, Б.Б нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, Б.Б, Р.Х нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Ж.Д, О.Н нарын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан Орон сууц захиалан бариулах тухай 014/27, 014/28 тоот гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байгааг дурдаж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байрны 19 тоот орон сууцыг Ж.Дийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ж.Дийн төлсөн 210 000 төгрөг, хариуцагч О.Нийн төлсөн 70 200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Мгийн төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжаас дутуу төлсөн 1 590 650 төгрөгийг Ж.Дээс, 3 425 500 төгрөгийг О.Ноос тус тус гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, Ж.Дээс 3 636 100 төгрөгийг гаргуулан О.Нид 3 565 900 төгрөгийг, Н.Мд 70 200 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэжээ.

       Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс Н.Дэлгэрмаа болон Ж.Нямдовчин нараас О.Нид зээлдүүлсэн гэх төлбөрийг орон сууцны төлбөрт зориулан шилжүүлсэн эсэх, тухайн зээлдүүлсэн гэх мөнгөн хөрөнгө нь Ж.Д миний мөнгөн хөрөнгө мөн эсэхийг тогтоолгохоор гэрчээр асуулгах хүсэлтийг гаргасан боловч шүүх тус хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээн аваагүй. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч миний бие Н.Дэлгэрмаа болон Ж.Нямдовчин нараас О.Нид зээлдүүлсэн гэх мөнгөн хөрөнгийг ямар зорилгоор О.Нид шилжүүлсэн болох, мөн тухайн мөнгөн хөрөнгө нь хэний хөрөнгө байсан талаар Н.Дэлгэрмаа болон Ж.Нямдовчин нараас тодорхойлолт бичүүлэн, нотариатаар гэрчлүүлж шүүхэд өгсөн боловч шүүх тус баримтыг нотлох баримтаар үнэлэлгүй орхигдуулж, Ж.Д намайг орон сууцны төлбөрийг бүрэн төлөөгүй бөгөөд тухайн мөнгөн хөрөнгө нь орон сууцны төлбөрт тооцогдохгүй гэх агуулга бүхий үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Анхан шатны шүүх Орон сууц захиалан бариулах гэрээний төлбөрт 650 000 000 төгрөг төлсөн болохоо нотлоогүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд хариуцагч О.Н нь дээрх зээлүүдийг Ж.Дээс хүлээн авч байсан, уг мөнгөн хөрөнгө нь Ж.Д миний хөрөнгө болох талаар хүлээн зөвшөөрч, маргаагүй ба ийнхүү гаргасан тайлбар нь шүүх хуралдаанд тэмдэглэлээр нотлогдоно. Хариуцагч 19 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч Ж.Дэд мэдэгдэлгүйгээр, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээд болох “С И” ББСБ ХХК-д орон сууцыг барьцаалсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. О.Н болон Б.Б нар нь 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж 2 тоот орон сууцны өмчлөх эрхийг мөн өдөр Б.Бд шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д тус тус заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад дүгнэлт хийлгүй орхигдуулсан ба худалдах, худалдан авах гэрээгээр зээлийн гэрээг халхавчлах боломжгүй хэмээн дүгнэж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн О.Н болон Б.Б нар нь 4 тоот орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа татвараас зайлсхийх зорилгоор тус 250 000 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг 5 000 000 төгрөгөөр худалдан борлуулах талаар гэрээнд заасан Иргэний хуулийн 56.1.1 дэх хэсгийг зөрчсөн ба шүүх дээрх үйл баримтад дүгнэлт хийгээгүй. Хариуцагч нь дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа Ж.Дээс авсан зээлийн төлбөрөө төлж чадаагүй тул түүний дарамт, шахалтын дагуу орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан гэх боловч баримтаар нотлоогүй.Түүнчлэн хариуцагчийн зүгээс хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тухайн хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ дүгнэлт хийх ёстой. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагын тухайд шүүхийн шийдвэрээр Н.М болон хариуцагч О.Н нарын гэрлэлтийг цуцалж, 19 тоот хаягт байрлах 5 өрөө орон сууцыг Н.М, хүү М.Ананд, Н.Тэнүүн, Н.Чингүүн нарын өмчлөлд үлдэхээр шийдвэрлэсэн. Талууд хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээнд заасны дагуу бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.М нь хариуцагч О.Нийн төлөх ёстой 150 000 000 төгрөгийн зээлийн төлбөрийг “С ИББСБ” ХХК-д төлж барагдуулсан тохиолдолд тухайн орон сууцны өмчлөгчөөр үлдэхээр харилцан тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл хугацаанд Н.М нь дээрх зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй бөгөөд зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүйн улмаас түүнд өмчлөх эрх үүсээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.Даваадорж гэх хүн тус хэрэг хянан шийдвэрлэх “ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлтийг шүүхэд хандаж гаргасан боловч анхан шатны шүүх тус хүсэлтийг хэлэлцэлгүйгээр хэргийг шийдвэрлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна. Анхан шатны шүүх дээрх байдлаар маргааныг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, удаа дараагийн гэрээний үүргээ ноцтой зөрчиж, нэхэмжлэгч Ж.Д намайг хохироосон О.Нийг дэмжиж, мөнгө зээлдүүлээд уг зээлийн төлбөрийг орон сууц захиалан бариулах гэрээ болгон гэрээний үүргээ шударгаар бүрэн биелүүлсэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироон шийдвэрлэсэнд туйлын харамсалтай байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч миний бие хариуцагчид 518 000 000 төгрөг төлж, орон сууц захиалсан атлаа өнөөдөр өөрийн амьдарч буй орон сууцнаас ч мөн хөөгдөн гарах дээрээ тулаад буйд үнэхээр гомдож байна. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2658 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчаас гаргасан сөрөг болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ж.Д нь хариуцагч О.Нид холбогдуулан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байрны 19 болон 2 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, О.Н Б.Б нарын хооронд 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Б.Б Р.Х нарын хооронд 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, О.Нийн “С ИББСБ” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлагуудыг гаргасныг хариуцагч болон гуравдагч этгээд эс зөвшөөрч маргажээ. /1 хэргийн 1, 55, 80, 2 хэргийн 41 дүгээр тал/

Хариуцагч О.Н нь 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Ж.Дтэй байгуулсан орон сууц захиалан бариулах тухай 014/27, 014/28 тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг шаардлага, гуравдагч этгээд Н.М нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байрны 19 тоот хаягт байршилтай орон сууцыг Ж.Дийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлагыг тус тус гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ. /1 хэргийн 69, 91 дүгээр тал/

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

            Нэхэмжлэгчээс Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байрны 19 болон 2 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ О.Нтой байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн орон сууц захиалан бариулах тухай гэрээ гэх боловч тус гэрээний 4.1.2-т Ж.Д нь төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд байрыг түүний эзэмшил, өмчлөлд шилжүүлэх, 4.2.2-т Ж.Д нь гэрээнд заасан хугацаа, хувь хэмжээгээр байрны төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /1 хэргийн 4,5,7,8/

            Гэтэл Ж.Д нь дээрх гэрээний дагуу 650 000 000 төгрөгийг О.Нид шилжүүлсэн болох нь баримтаар нотлогдохгүй байх бөгөөд тэрээр 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс өмнө Н.Дэлгэрмаа, Ж.Нямдовчин нараас хариуцагчид зээлсэн мөнгийг тус гэрээний үүргийн төлбөрт шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Ж.Нямдовчин, О.Н нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Н.Дэлгэрмаа О.Н нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний төлбөрийг 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээний үүргийн гүйцэтгэлд тооцох боломжгүй. /1 хэргийн 93-94 дүгээр тал/ Өөрөөр хэлбэл тухайн гэрээний талууд өөр өөр этгээдүүд байх тул Иргэний хуулийн 236 дугаар зүлйийн 236.1.3-т зааснаар өмнөх гэрээний үүргийг зохигчид солихоор тохиролцсон гэж үзэхгүй тул мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.2 дах хэсэгт зааснаар орон сууц захиалан бариулах гэрээний үүрэг дуусгавар болсонд тооцогдохгүй юм.

            Иймд Ж.Д нь энэхүү хэлцлийн дагуу орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардах эрх үүсээгүй байна.

Түүнчлэн Ж.Дийн хувьд хариуцагчтай байгуулсан орон сууц захиалан бариулах тухай гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах эрхтэй болохоос О.Н, Б.Б нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Б.Б Р.Х нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, О.Нийн “С ИББСБ” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага гаргах эрхгүй. /1 хэргийн 133-144, 164 дүгээр тал, /

Тодруулбал нэхэмжлэгч нь дээрх гэрээнүүдийн тал биш байх бөгөөд гэрээний дагуу эд зүйлийг буцаан шаардах эрх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу үүсээгүй байна. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд заасны дагуу аливаа этгээд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх, өмчлөх эрх олж авах бөгөөд тус хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Ж.Дэд өмчлөх эрх үүссэн болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Ийнхүү нэхэмжлэгч нь дээрх орон сууцнуудын өмчлөгч болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Нөгөө талаар дээрх орон сууц захиалан бариулах гэрээ биелэгдээгүй тул О.Н, Б.Б нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Б.Б Р.Х нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, О.Нийн “С ИББСБ” ХХК-тай байгуулсан барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлага гаргах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй. Эдгээр гэрээнүүдийн дагуу хариуцагч гуравдагч этгээд нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнүүдийн хувьд талуудын хэн нь ямар үүрэг хүлээсэн буюу хэдэн төгрөг төлсөн талаар дүгнэх шаардлагагүй.

Харин шүүхээс Ж.Дтэй 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах тухай 014/27, 014/28 тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай О.Нийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь буруу болжээ. Учир нь гэрээгээр хүлээсэн үүргээ талууд зөрчсөн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлээс 59 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл, хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцлийн үндэслэл болохгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь зохигчдын хүсэл зоригийн үндсэн дээр хийгдсэн тохиолдолд гэрээний үүргийг биелүүлэхийг шаардах эрх талуудын хэн алинд нь үүснэ. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Түүнчлэн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Мгийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байрны 19 тоот орон сууцнаас Ж.Дийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. /1 хэргийн 69 дүгээр тал/ Учир нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байрны 19 тоот орон сууцны өмчлөх эрх Ж.Дэд шилжсэн эсэх, өмчлөх эрхтэй эсэхийг нотолсон баримт хэрэгт байхгүй байхад анхан шатны шүүхээс гуравдагч этгээд Н.Мгийн гаргасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу.

Тодруулбал Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-т эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгүүлснээр, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж тус тус заасан. Гэтэл анхан шатны шүүхээс Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1444 дугаар шийдвэрийг үндэслэн Н.Мд өмчлөх эрх үүссэн байна гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд буруу болжээ. /1 хэргийн 18-20 дугаар тал/

Өөрөөр хэлбэл тус шүүхийн шийдвэрээр гэр бүлийн дундын хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байрны 19 тоот орон сууцыг Н.М, хүү М.А, Н.Т, Н.Ч нарын өмчлөлд үлдээсэн эвлэрлийг баталсан нь Н.М нь тус орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэх буюу Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан өмчлөх эрх үүссэн гэж үзэхгүй.

Учир нь тус шүүхийн шийдвэр биелэгдсэн буюу шүүхийн шийдвэрийн дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байрны 19 тоот орон сууцны өмчлөх эрх О.Ноос Н.Мд шилжсэн эсэх, улсын бүртгэлд өөрчлөлт орсон эсэх баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд Н.Мг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэй хууль ёсны өмчлөгч гэж дүгнэх боломжгүй тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангах үндэслэлгүй.

Дээр дурдьсан үндэслэлээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, зохигчийн гаргасан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

            1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/02658 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “Ж.Д, О.Н нарын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан “Орон сууц захиалан бариулах тухай” 014/27, 014/28 тоот гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байгааг дурдаж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байрны 19 тоот орон сууцыг Ж.Дийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй” гэснийг “Ж.Д, О.Н нарын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан “Орон сууц захиалан бариулах тухай” 014/27, 014/28 тоот гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Мгийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туулын гудамж, 93 дугаар байрны 19 тоот орон сууцыг Ж.Дийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

            2 дахь заалтын “оруулж, Ж.Дээс 3 636 100 төгрөгийг гаргуулан О.Нид 3 565 900 төгрөгийг, Н.Мд 70 200 төгрөгийг тус тус олгосугай.” гэснийг “оруулсугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 437 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                   ШҮҮГЧИД                          Б.НАРМАНДАХ

 

                                                                                               С.ЭНХТӨР