Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 46

 

 

 Д.Од холбогдох эрүүгийн

хэргийн тухай                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд

прокурор П.Т,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.А,

шүүгдэгч Д.О,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Я.Эрдэнэ-Уянга нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж шийдвэрлэсэн, 2016 оны 06 дугаар сарын       06-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Д.Од холбогдох 2016 1000 0069 дугаартай, 1 хавтас 206 хуудас бүхий эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Од холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Д.О нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Олон-Овооны 1 дүгээр гудамжны хойд талд 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр танхайн сэдэлтээр хохирогч Ч.Бг хутгалж хүнд гэмтэл  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Боржигон овогт Доржбалын Оийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оийг 3 жил 5 сар хорих ял шийтгэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Од оногдуулсан 3 жил 5 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Од урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, мөн иргэний нэхэмжлэгч нар зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

Прокурор П.Т бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Танхайрах гэмт хэргийг Монгол Улсын дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 дугаартай тогтооолд: “Гэмт этгээд олон нийтийг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчихдөө нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлон, өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэх, ямар ч шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжлох, айлган сүрдүүлэх, басамжлах, дарамтлах, хүч хэрэглэх буюу хэрэглэхээр заналхийлэх зэрэг үйлдлээр илэрнэ гэж,

“Нийгмийн хэв журам” гэдэгт нийгмийн амгалан тайван байдал, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж буй нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны болон аж төрөх ёсны хэм хэмжээг ойлгоно гэж,

Энэхүү хэм хэмжээг хууль тогтоомж, зан заншил,ёс суртахууны шаардлагын алинаар нь ч тогтоосон байж болно гэж тус тус заасан байна. Гэтэл шүүгдэгч Д.О, хохирогч Ч.Б нарын хооронд тухайн үед болон, урьд өмнө ямар нэг хувийн таарамжгүй харилцаа үүсээгүй байдаг. Энэ нь хохирогч, яллагдагч, гэрч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр бүрэн нотлогддог юм. Үүнээс дүгнэлт хийхэд шүүгдэгч Д.О гэмт хэрэг үйлдэхэд Монгол Улсын дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 дугаартай тогтоолд заасан “Эр эмийн хардлага, хохирогчийн зүй бус ажиллагаа зэргээс үүдэн өөр хоорондоо маргалдсан, зодолдсон” гэх мэт хувийн таарамжгүй харилцаанаас үүссэн сэдэлт байхгүй байсан байна. Харин гэмт хэрэг гарах болсон шалтгааныг хохирогч Ч.Б мэдүүлэхдээ “... Оийн гуталд нь чулуу орчихсон юм шиг байна гээд суугаад баруун хөлийн гутлаа тайлахад том хүрэн өнгийн иштэй хутга гарч ирсэн, би тэгэхлээр нь чи хутганд хөлөө исгэчихэвээ гэж хэлэхэд чамайг дүрчихвэл яадаг юм бэ гэж хэлээд шууд босож ирээд миний зүүн хэвлий тус газарт хүрэн өнгийн иштэй хутгаараа нэг хутгалсан” гэжээ. Энэ нь бусдыг “Чи хутганд хөлөө исгэчихэвээ” гэж хэлсний төлөө ямар ч шалтгаангүйгээр, өчүүхэн зүйлээр шалтаглаж хохирогч Ч.Бг илтэд үл хүндэтгэн, соёлт нийгмийн харилцаанд байх энгийн үзэгдэл болох хүний биед халдаж болохгүй гэж ёс суртахуун, зан заншлын хэм хэмжээг үл тоомсорлон түүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд нь хүч хэрэглэн,танхайн сэдэлтээр халдаж, хутга зэвсгийн чанартай хэрэглэн хутгалж хүнд гэмтэл учруулан үйлдсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн хангасан байна.Мөн танхайрах гэмт хэргийн “Олон нийт” гэдэгт заавал хоёр ба түүнээс дээш хүн байхыг шаардахгүй байхыг Улсын дээд шүүхийн тогтоолд дурдсан байна.

Иймд Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 56 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх саналтай байна гэв.

Шүүгдэгч Д.Оийн өмгөөлөгч Э.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг сая 20-ны өдөр гардаж авсан юм. Энэ хэргийг Д.Оийн хувьд болгоомжгүйгээр үйлдсэн үйлдэл юм. Тухайн үед Д.О согтуу байсан, найз нь хөлөө исгэчихэв ээ гээд хэлэхэд нь би чамайг хатгаад үзчих үү гээд болгоомжгүйгээр, тэр хутгаар хутгалчихна гэж бодоогүй байдаг юм. Үүнийг анхан шатны шүүх хурал дээр хохирогч ч хэлдэг. Тухайн үед Д.О согтуу байсан, өвөл хүйтэн байсан болохоор хутгыг тэр хүнд хүрчихнэ гэж бодоогүй. Үйлдэлдээ хөнгөмсөгөөр найдаж, найзыгаа хутгалчихна гэж бодоогүй. Хүч хэрэглэхээр заналхийлсэн зүйл ч байдаггүй. Танхайрах гэмт хэргийн үндсэн шинж бусдын анхаарлын төвд өөрийгөө байлгах гээд байна, заналхийлсэн, хүч хэрэглэсэн шинжүүд байдаггүй. Анхнаасаа улсын яллагч хэргийг хянаж байх явцдаа гэмт хэргийн сэдэлт, гэм бурууг тогтоох ёстой байсан. Энэ дээр тогтоогоогүй. Хохирогч хохирол төлбөрийн асуудал дээрээ байцаалт өгөхдөө би танхайрсан гэж бодоод байна гэж мэдүүлсэн байдаг. Тэр мэдүүлгээр яваад байгаа юм уу яадаг юм. Тэрнээс энэ танхайн гэмт хэрэг огт биш юм. Танхайн сэдэлтээр хүнд гэмтэл учруулсан зүйл байдаггүй. Харин ч Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлд зааснаар бусдын бие махбодид болгоомжгүйгээр гэмтэл учруулсан үйлдэл байдаг юм. Тиймээс давж заалдах шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаагаад уг гэмт хэргийн гарсан сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг дахин тогтоолгохоор буцаах шаардлагатай гэж үзэж байна гэв.

Шүүгдэгч Д.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анхнаасаа хохирогчийг хутгална гэж санаа ч үгүй, хутга дүрсэн гэдгээ ч мэдээгүй. Би буруугаа маш их хүлээж байна. Миний зөв, бурууг үнэн зөвөөр шүүж өгнө үү гэж хүсч байна. Гэмшиж байна, дахиж хэзээ ч хэрэг хийхгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцвэл шүүгдэгч Д.Оийг гутлын түрийндээ хийсэн хутгаа янзалж байх үед Ч.Б хажуунаас нь “ чи хөлөө хутганд исгэчихвий дээ” гэж анхааруулж хэлэхэд “ чамайг дүрчихвэл яадаг юм бэ” гэж хэлээд шууд түүний хэвлийн  тус газар нь хутгалж, бие махбодид нь хэвлийн өмнөд ханын артер гэмтээсэн,  хэвлийн хөндий рүү нэвтэрсэн амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулжээ.

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хохирогчийн биемахбодид учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн 32 тоот дүгнэлт,  гэрч Г.Цогюүрэн болон хохирогч,  шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна. Эдгээр нотлох баримтууд нь хэргийг хуулийн дагуу, шударга, үндэслэлтэйгээр хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг тогтоохын тулд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт олж авсан баримт сэлт, мэдээллүүд байна.

            Прокурор шүүгдэгчийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96-р зүйлийн 96.2.1-д зааснаар яллуулахаар Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яллах дүгнэлт үйлдэж шилжүүлснийг анхан шатны шүүх танхайн гэмт хэргийн гол шинж болох нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн обеъктив шинж энэ гэмт хэрэгт тогтоогдсонгүй гэсэн үндэслэлээр хуулийн зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн   96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар ял шийтгэсэн нь хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн байна гэж үзлээ.

            Танхайн гэмт хэрэг нь олон нийтийг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчихдөө нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлон, өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэх, ямар ч шалтгаангүй,  эсхүл ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжлох, айлган сүрдүүлэх, басамжлах, дарамтлах, хүч хэрэглэх буюу хэрэглэхээр заналхийлэх зэрэг үйлдлээр илрэх ба  шүүгдэгч Д.О нь ямарч шалтгаангүйгээр, хохирогч Ч.Бг илтэд үл хүндэтгэн,  хүний халдашгүй байх,  амьд явах эрхэд бүдүүлгээр халдан хутгалж байгаа үйлдэл нь танхайн гэмт хэргийн шинжийг бүрэн илэрхийлж байх тул түүнийг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэж үзнэ.

Иймд прокуророос анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хуулийн зүйлчлэлийг хөнгөрүүллээ гэж бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 56 дугаартай  шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар  дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 321-р зүйлийн 321.1.3, 322 дугаар зүйлийн 322.1, 315 дугаар зүйлийн 315.1.2, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны шатанд дахин хэлэлцүүлэхээр Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.          

            2. Энэхүү магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ           Н.БОЛОРМАА

ШҮҮГЧИД                          Л.ДАВААСҮРЭН

                                                                                                   А.САЙНТӨГС