Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 3375

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,    

Нэхэмжлэгч: Д.М/РД:00000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ө.Д /РД:00000/-т холбогдох, 

10,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагважав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Тогоосүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.М-ийншүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагважав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Днь Д.Мтэй 10,500,000 төгрөгөөр Приус 30 маркийн автомашиныг 15,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах наймаа хийсэн байдаг. Ингээд манай дүү тохиролцооны дагуу 7,000,000 төгрөг, 500,000 төгрөг, 2,000,000 төгрөгийг Ө.Дашзэвэгт шилжүүлж өгсөн. Гэтэл Ө.Днэгэнт тохиролцооны дагуу автомашинаа шилжүүлж өгч чадахгүй байгаа тул авсан өгснөө буцааж 10,500,000 төгрөгөө гаргуулж авах хүсэлтэй байна гэжээ.  

Хариуцагч Ө.Дшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 03 сарын 06-ны өдөр банк бус санхүүгийн байгууллагаас 17,500,000 төгрөгөөр Приус 30 маркийн автомашиныг худалдаж аваад тухайн оны 07 сард Д.Мд худалдахаар түүний ээж болох н.Бандихүүтэй тухайн машиныг худалдах, худалдан авах талаар аман хэлбэрээр тохиролцсон. Уг машиныг банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд байсныг Д.М мэдэж байсан. Миний хувьд "... 8,000,000 төгрөг өгчих. Үлдсэн мөнгөө банк бус санхүүгийн байгууллагадаа өгөөд явчих..." гэж хэлсэн боловч "...Цалингийн зээлтэй, сард 730,000 төгрөг төлж чадахгүй..." гэж хэлсэн болохоор би машины зээлийг төлөөд явахаар болсон. Тухайн үед би Төмөр замын цагдаагийн эсрэг талд байрлалтай Гоё Паб болон Граматик караокег ажиллуулдаг байсан. Ингээд машины зээлийг тухай бүрт нь төлж байгаад цар тахал гарснаас хойш эргэн төлөлт хийх боломжгүй болсон тул Д.Мд үлдэгдэл 7,000,000 төгрөгөө надад эсхүл банк бус санхүүгийн байгууллагад өгчих гэж хэлсэн боловч өгөөгүй ингээд банк бусаас машиныг хурааж авсан байдаг. Үүний дараа би Д.М эгчид та банк бус санхүүгийн байгууллагад 2,000,000 төгрөг өгөөд машинаа буцаагаад авчих гэж хэлсэн. Тэгэхэд н.Мядагсүрэн эгчийн аав нь өөрийн биеэр банк бус санхүүгийн байгууллагад очиж 2,000,000 төгрөг өгөөд машинаа буцааж авсан. Үүнээс хойш хорио тавигдахгүй байсаар миний ажиллуулж байсан караоке, паб хаалгаа барьж эргэн төлөлт хийгдээгүйн улмаас дахин 2020 оны 07 сард машиныг хурааж авсан байсан. Тухайн үед би надад өгөх мөнгөө банк бус санхүүгийн байгууллагадаа өгчих ядаж хүүг нь багасгая гэж хэлэхэд "...Угаасаа өмнө нь нэг хураалгачихсан юм чинь би наад машиныг чинь авахаа болилоо. Мөнгөө буцааж авъя, би өөр машин авлаа..." гэж хэлсэн. Д.М эгчийн хувьд миний машиныг 1 жилийн хугацаанд унаж байсан ба тухайн хугацаанд ажил, гэр 2 хооронд унасан гэдэг боловч ажил, гэрийн хооронд л унасан гэхэд итгэмээргүй маш их эвдрэл, гэмтэлтэй байсан. Тэр талаарх баримтыг хавтаст хэрэг хавсаргаж өгсөн. Д.М-ийнхувьд миний машиныг 1 жилийн хугацаанд эдэлж, хэрэглээд, эвдрэл, гэмтэл гарсных нь дараа шинэ машин авна мөнгөө буцааж авъя гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн миний бие машинаа ч өгөхөөс татгалзаж байгаа. Миний хувьд Д.Мд 1 жилийн хугацаанд машинаа эдлүүлсэн тул машины түрээсийг өдрийн 30,000 төгрөгөөр тооцож надад өгсөн мөнгөнд суутгаж авна. Иймд бид нарын хооронд ямар нэг тооцоо байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:        

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Ө.Д-тхолбогдуулан 10,500,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.  

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Нэхэмжлэгч Д.М, хариуцагч Ө.Днар 2019 оны 07 дугаар сард 1464 УБО улсын дугаатай, Тоюута Приус 30 маркийн автомашиныг 15,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон байна.  

Талуудын худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон автомашиныг нэхэмжлэгч Ричкапитал инвестмент ББСБ-аас зээл авч, зээлийн барьцаанд барьцаалсан байсантай холбоотойгоор нэхэмжлэгч автомашины үнэ 15,000,000 төгрөгөөс 8,000,000 төгрөгийг хариуцагчид төлж, автомашиныг эзэмшилдээ авах, хариуцагч Ричкапитал инвестмент ББСБ-аас авсан зээлээ төлж дуусган барьцаанаас чөлөөлсний дараа үлдэх төлбөрийг авахаар тохирчээ.  

Талууд хүсэл зоригоо илэрхийлэн харилцан тохиролцсоны дагуу хэлцэл хийгдсэн байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хэлцэл хүчин төгөлдөр байна гэж үзэв.  

Зохигчид шүүх хуралдаанд хариуцагчийг хэлцлийн дагуу автомашиныг нэхэмжлэгчид шилжүүлсэн боловч Ричкапитал инвестмент ББСБ-аас авсан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж төлбөр төлөх боломжгүй болсноос нэхэмжлэгч 2,000,000 төгрөгийг төлбөрт тооцуулахаар Ричкапитал инвестмент ББСБ-ын зээлийн төлбөрт шилжүүлсэн. Хариуцагч дахин Ричкапитал инвестмент ББСБ-аас авсан зээлийг хуваарийн дагуу төлөөгүйгээс 2020 оны 07 дугаар сард барьцааны гэрээний дагуу автомашиныг Ричкапитал инвестмент ББСБ нь нэхэмжлэгчийн эзэмшлээс хураан авсантай холбоотойгоор нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, мөнгөө буцаан авахаар шаардаж, хариуцагч автомашиныг буцаан өөрийн эзэмшилд авсан, гэрээ талууд цуцлахаар шийдвэрлэсэн үйл баримтын талаар маргаангүй байна. 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.  

Хариуцагч Ричкапитал инвестмент ББСБ-аас авсан зээлийг хугацаанд нь төлөөгүйгээс нэхэмжлэгч худалдан авсан автомашиныг ашиглах боломжгүй болсонтой холбоотойгоор талууд гэрээнээс татгалзсан үйл баримт тогтоогдсон. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу гэрээнээс татгалзсан талууд өгсөн авсан зүйлээ буцаан өгөх үүрэгтэй.  

Зохигч талууд худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч 10,000,000 төгрөг төлсөн талаар маргаагүй. Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгт холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул 500,000 төгрөгт холбогдох хэсгийг тогтоогдохгүй байна.  

Хариуцагч нь гэрээнээс татгалзаж, автомашиныг буцаан авахад их хэмжээний засвар хийж, гэрээ цуцлах хүртэл хугацаанд автомашиныг нэхэмжлэгч унаж ашигласан гэж тайлбарласан боловч учирсан хохирлын талаар шаардлага гаргаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 10,000,000 төгрөгийг төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй.  

            Иймд хариуцагч Ө.Д-ээс10,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Ө.Д-ээс10,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Д.Мгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ө.Д-ээс174,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.АЗБАЯР