Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/00271

 

“С” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/02618 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “С” ХХК-ийн хариуцагч Ч.Ад холбогдуулан гаргасан орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэл болон хохиролд 10 463 814 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С, хариуцагч Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч “С” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Ч.Атай байр түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагч Ч.А нь манай компанийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн ...дугаар хороо, 29 дүгээр байр,.... тоот, 87.81 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны түрээсийн төлбөрийг төлөөгүй өдий хүрсэн.

Тэрээр 2020 оны 4 дүгээр сарын түрээсийн төлбөр үлдэгдэл 500 000 төгрөг, 5 дугаар сарын 1 500 000 төгрөг, гэрээ цуцалсан буюу 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөр 1 100 000 төгрөг, гэрээ цуцлагдсанаас хойш амьдарч байгаа хугацааны буюу 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх төлбөр 4 150 000 төгрөг, нийт 7 250 000 төгрөгийн түрээсийн төлбөр, гэрээний хугацаандаа хөлс төлөөгүйгээс тооцсон алданги 2 543 750 төгрөг, мөн ашиглалтын зардал буюу ус, дулаан, цахилгаан, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 645 064 төгрөг, мөн цоожны гол сольсон 25 000 төгрөг, нийт 10 463 814 төгрөгийг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагч Ч.Ааас гаргуулж өгнө үү.

Ч.Ад бид албан шаардлага болон мэдэгдэх хуудас удаа дараа өгсөн боловч тэрээр үл тоон түрээсийн байрыг суллаж өгөхгүй, хууль бусаар бусдын орон байранд амьдарч байгаа болно. Байрны цоожны голыг сольсон боловч өөрөө дур мэдэн дахиад сольчихсон байсан. Байрны ус, цахилгааны төлбөрөө төлөөгүй учраас ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг компани хаасан байгаа. Байр манай компанийн өмч учраас сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, ашиглалтын зардал нь манай дээр гардаг юм гэжээ.

 

Хариуцагч Ц.Амаржаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Хан-Уул дүүргийн ... дүгээр хороонд байрлах “С” ХХК-ийн эзэмшилд байгаа гэх Туул ван хотхоны 29 дүгээр байрны ... тоотод 2014 оны 11 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл амьдарч байгаад бусдын дарамт, айлган сүрдүүлэлтээс дайжих зорилгоор тус байрны 3 дугаар орцны 13 давхарт ....тоот байранд тус байрны хятад захирал, менежер нартай харилцан тохиролцсоны дагуу түрээсийн төлбөрөөр 2 жилийн хугацаатай амьдарч, цаашид энэ хугацаанд худалдан авах гэрээ байгуулан амьдарч эхэлсэн. Миний бие 2018 оны 9 дүгээр сараас амьдран сууж байхдаа түрээсийн төлбөрийг чадлын хирээр төлж байсан бөгөөд тус компанийн борлуулалтын менежер Ч.Болормаагийн хүсэлтээр анхны гэрээг буцаан өгч түрээсийн гэрээ болгуулж байсан юм.

Миний бие Ковид-19 цар тахал тархахаас өмнө түрээсийн төлбөрөө төлөөд явж байсан. 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх үлдэгдэл төлбөрөө төлөх хугацаа хэрэгтэй. Харин уг хугацаанаас хойш ус, цахилгаангүй, халдварт өвчин гарах эрсдэлтэй орчинд амьдарч байгаа учир нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 292 дугаар зүйлийн 292.3, 227 дугаар зүйлийн 227.1, дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Ааас 3 412 001 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 051 813 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197 322 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 60 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгон шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Содхүү давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв, бодитой дүгнэж үнэлэлгүй шийдвэр гаргасан. Иргэний хуулийн 302 дугаар зүйлд зааснаар орон сууц хөлслөх гэрээг байгуулсан бөгөөд хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээсэн. Гэвч энэ үүргээ хариуцагч Ч.А биелүүлээгүй бөгөөд тус байранд амьдарч байгаад 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр албан шаардлагаар байрыг чөлөөлж гарсан. Ингэхдээ амьдарч байсан хугацааны төлбөрийг болон ашиглалтын зардлыг төлөөгүй. Шүүхээс ямар нотлох баримтыг үндэслэн 6 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хөлсөлж байсан гэж үзэж дүгнэлт хийсэн нь тодорхойгүй байна.

Хуулийг буруу хэрэглэж тайлбарласан. Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дах хэсэгт хөлсийг тогтмол хугацаанд төлөхөөр тогтоосон бол уг хугацаанд төлнө гээд түрээсийн гэрээний ерөнхий нөхцөл: 1.3-т түрээсийн төлбөр төлөх хугацааг заасаар байтал энэ үүргээ хариуцагч биелүүлээгүй. Мөн Иргэний хуулийн 227 зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бол алданги тооцох тухай гэрээнд заасаар байтал шүүх хангаагүй.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т....Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан байтал анхан шатны шүүх энэхүү заалтыг үл тоон дур зоргоороо аашилдаг хариуцлагагүй, хариуцагчийн талд шийдвэр гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон 7 051 813 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч “С” ХХК, хариуцагч Ч.Ад холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 483 501 төгрөг гаргуулах шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 5 980 313 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 10 463 814 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

Талууд 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр “Байр түрээслэх, түрээслүүлэх” нэртэй гэрээ байгуулж, гэрээний дагуу  “С” ХХК нь Хан-Уул дүүргийн .... дугаар хорооны 29 дүгээр байрны ..... тоотод байрлах 4 өрөө орон сууцыг хөлслүүлэхээр Ч.Аын эзэмшилд шилжүүлсэн үйл баримтыг хэрэгт авагдсан бичгийн гэрээ, талуудын тайлбар зэрэг баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоож, тэдгээрийн хооронд орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэг заасантай нийцжээ. /хх-3-4,53,59/ Нэгэнт талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн учир хэн аль нь гэрээний үүргээ биелүүлэхийг харилцан шаардах эрхтэй.

Талууд гэрээг 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, сарын хөлсийг 1 500 000 төгрөгөөр, гэрээний 1.5-д гэрээний хугацаанд гарах ашиглалтын зардал /ус, дулаан, цахилгаан/, СӨХ-ны төлбөр, интернэт, кабел болон бусад дагалдах зардлуудыг түрээслэгч тал өөрөө хариуцан цаг хугацаанд нь төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ. /хх-3-4/

Хариуцагч Ч.А орон сууцны хөлс төлөх үүргээ 2020 оны 4 дүгээр сараас зөрчсөн, нэхэмжлэгчээс олгосон нэмэлт хугацаанд үүргээ биелүүлээгүйгээс тэрээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг хугацаанаас өмнө буюу мөн оны 6 дугаар сарын 17-ны өдөр цуцалсан үйл баримтад маргаангүй. Мөн хөлсөлж байсан хугацааны орон сууцны ашиглалтын зардал төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй, гэдгээ хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж, хохирол нэхэмжилж буй нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүх хариуцагчийн тайлбар, “Туулван” СӨХ-ны төлбөрийн нэхэмжлэх, “Батбаян-Дулаан” ХХК-ийн ашиглалтын зардлын төлбөрийн нэхэмжлэх зэрэг нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч Ч.Ааас гэрээ цуцалсан өдрийг хүртэлх хугацааны орон сууцны хөлсөд  /2019 оны 4 дүгээр сарын үлдэгдэл төлбөр 1 000 000  төгрөг, 5 дугаар сарын төлбөр 1 500 000 төгрөг, 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хөлс 1 100 000 төгрөг/ 3 100 000 төгрөг, ашиглалтын болон СӨХ-ны зардал 645 064 төгрөг, цоожны гол солих зардалд 25 000 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 292 дугаар зүйлийн 292.3, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Харин нэхэмжлэгчийн алданги болон хохирол шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо хуулиар тогтоосон нотлох баримт үнэлэх журмыг зөрчснөөс гадна хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх боломжтой гэж үзлээ.

Зохигчид гэрээний 4.3-т “Түрээсийн төлбөрийг энэхүү гэрээний 1.3-т заасан төлбөрийг төлөх ба хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож барьцаа төлбөрөөс суутган тооцно” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцох тухай нөхцөлд нийцээгүй байна. Нөгөөтэйгүүр, талууд гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан учир алданги шаардах эрхгүй юм.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн алдангийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо “хариуцагч Ч.А нь гэрээний 1.4-т зааснаа барьцаа төлбөр төлөөгүй учир алданги тооцох боломжгүй” гэж дүгнэсэн нь дээрх хуульд заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Хариуцагч Ч.А нь гэрээ цуцалснаас хойш нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр Хан-Уул дүүргийн .... дугаар хорооны 29 дүгээр байрны .... тоот орон сууцад амьдарч байгаа болох нь түүний тайлбараар нотлогдож байна. Иймээс нэхэмжлэгч нь 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд олох ёстой орлогоо эд хөрөнгө хөлслөх гэрээний хөлсөөр тооцон 4 150 000 төгрөг, СӨХ-ны 7-9 дүгээр сарын төлбөрт 108 063 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардаж буй нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 229.1 дэх хэсэгт заасантай нийцнэ. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хохирол шаардах эрхийн талаар хуулийн үндэслэлгүй дүгнэлт хийснээс гадна СӨХ-ны 7-9 дүгээр сарын засвар үйлчилгээний зардал нэхэмжилж байхад анх нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагад багтсан гэж үзэн хэрэгсэхгүй болгон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчжээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл хариуцагч Ч.А нь орон сууцны хөлсөд 3 100 000 төгрөг, олох ёстой орлого буюу хохиролд 4 150 000 төгрөг, нийт 7 250 000 төгрөг төлөхөөр байна. Хариуцагч нь орон сууц хөлслөх гэрээний дагуу барьцааны төлбөрт 1 500 000 төгрөг төлсөн болох нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар нотлогдож байх тул уг мөнгийг дээрх төлбөрөөс хасч тооцвол 5 750 000 төгрөг болж байна. Үүн дээр ашиглалтын зардалд 753 127 /645 064+108 063/ төгрөг, цоожны гол солих зардал 25 000 төгрөгийг нэмээд нийт 6 528 127 төгрөг хариуцагчаас гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангав.

  

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/02618 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “3 412 001” гэснийг “6 528 127” гэж, “7 051 813” гэснийг “3 935 687” гэж, 2 дах заалтын “60 950” гэснийг “114 172” гэж тус тус өөрчилж, “3,3” гэснийг “2,3” гэж дугаарлан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 127 780 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ш.ОЮУНХАНД

 

                                    ШҮҮГЧИД                                  Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                       Ч.ЦЭНД