Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2022/01162

 

“СП” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/02618 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 00271 дүгээр магадлалтай,

“СП” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Ч.Ад холбогдох

Орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд болон хохиролд 10,463,814 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагч Ч.Аын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Содхүү, хариуцагч Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “СП” ХХК нь Ч.Ад холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд болон хохиролд 10,463,814 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/02618 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 292 дугаар зүйлийн 292.3, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Ааас 3.412.001 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “СП” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7.051.813 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197.322 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 60.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “СП” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 00271 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/02618 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “3 412 001” гэснийг “6 528 127” гэж, “7 051 813” гэснийг “3 935 687” гэж, 2 дахь заалтын “60 950” гэснийг “114 172” гэж тус тус өөрчилж, “3,3” гэснийг “2,3” гэж дугаарлан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 127 780 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Ч.А хяналтын гомдолдоо: ...Шийдвэрээр нэхэмжлэгч талд 3,412,000 төгөрөгийг түрээсийн төлбөр болон ашиглалтын зардалд төлөхөөр болсон. Гэтэл нэхэмжлэгч тал Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасны дагуу уг шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хуульд ...заасан тайлбарыг буруу тайлбарласан, нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан 6,528,127 төгрөг болгон шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул энэхүү гомдлыг хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Миний бие Ч.А нь энэхүү “СП” ХХК-ийн нэхэмжлэлтэй холбоотойгоор харилцдаг бүх банкны дансаа хаалгасан байгаа тул энэхүү данс хаалгах ажиллагааг нээж, өнөөдөр дэлхий нийтээр үүсээд байгаа цар тахлын улмаас ажил амьдралд минь үүсээд байгаа хүндрэлтэй нөхцөл байдалд амьдрах, амьдралаа залгуулах, мөн Засгийн газраас гаргаад байгаа бэлэн мөнгө хэрэглэхгүй байх зөвлөмжийн дагуу “Голомт банк” ХХК болон бусад банкны дансыг нээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэв.

6. Нэхэмжлэгч “СП” ХХК, хариуцагч Ч.Ад холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 4,483,501 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ 5,980,313 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 10,463,814 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Тэрээр нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “...2019.08.30-ны өдрийн гэрээний дагуу хариуцагч нь орон сууц түрээслээд, 2020.04 сараас төлбөрөө төлөхгүй, үүргээ зөрчсөн, иймд 2020 оны 04 сарын үлдэгдэл төлбөр 500,000 төгрөг, 2020 оны 05 сараас 2020.09.15 хүртэлх түрээсийн төлбөр нийт 7,250,888 төгрөг, хэрэглээний болох СӨХ-ийн зардал 645,064 төгрөг, цоожны гол сольсон зардал 25,000 төгрөг нийт 10,463,814 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, уг байранд 2014 оноос амьдарч байгаа ба 2020.08.30-ны өдөр гэрээг сольж, түрээсийн гэрээ болгосон, сар бүр 1,500,000 төгрөгийг төлж байсан, би 09-23 насны 4 хүүхэдтэйгээ амьдардаг, бага 2 хүүхдийн аав М.Болд нь энэ байранд оруулахдаа дүүгээсээ худалдаж авч байгаа амьдарч бай гэсэн боловч өөрөө сураггүй болсон, хүүхдүүдийн сургуулийн асуудлыг шийдвэрлэж чадлаараа хичээсэн боловч байрны төлбөр төлөх боломжгүй болсон, цар тахал гарсан, нэхэмжлэгч нь 2020 оны 6 сараас хойш тог, ус тасалж амьдрах аргагүй болгосон, хугацаа хэрэгтэй байна, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр мэтгэлцжээ.

7. Анхан шатны шүүх хариуцагчаас 3,412,001 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 6,528,127 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээ, гэрээний хүчин төгөлдөр байдал, талуудын хүлээсэн үүргийг үндэслэлтэй дүгнэсэн боловч хариуцагчийн биелүүлэх үүргийн хэмжээг тодорхойлохдоо гэрээг цуцалсан үе, цахилгаан ус тасалснаас орон сууцыг эзэмшиж ашиглах боломжгүй болсон нөхцөл байдлыг анхаараагүй нь үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлсөн байна.

8. Талууд 2019.08.30-ны өдөр бичгээр гэрээ байгуулж, “СП” ХХК нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны 29 дүгээр байрны 233 тоотод байрлах 4 өрөө орон сууцыг 1 жилийн хугацаагаар хөлслүүлэхээр Ч.Аын эзэмшилд шилжүүлэх, хариуцагч сар бүр 1,500,000 төгрөгийн хөлс төлөх, ашиглалтын зардал /ус, дулаан, цахилгаан/, СӨХ-ны төлбөр, интернэт, кабел болон бусад дагалдах зардлуудыг өөрөө хариуцахаар харилцан тохирсон, талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагджээ. Гэрээ хүчин төгөлдөр тул талууд үүргээ харилцан биелүүлэх ёстой байна.

9. Хэрэгт байгаа баримтаас үзвэл хариуцагч Ч.А орон сууцны хөлс төлөх үүргээ 2020 оны 04 дүгээр сараас эхлэн зөрчсөн, нэхэмжлэгч нь гэрээг цуцлах мэдэгдлийг 2020.06.16-ны өдөр хүргүүлж байсан /хх-15-18/ 2020 оны 06 сард нэхэмжлэгч нь орон сууцны цахилгаан, усыг тасалсан, хариуцагч 2020 оны 09 сарын эхээр орон сууцыг сулласан үйл баримт тогтоогдож байх ба гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэл тогтоогдсон байна. Орон сууц хөлслөх гэрээг цуцалсан хугацааг  талууд тодорхойлоогүй байх ба харин хариуцагч нь 2020.06.11-ний өдөр 4,5,6 сарын төлбөрийн дутуу 3,500,000 төгрөгийг төлөх үүргээ зөвшөөрч нэхэмжлэгчид мэдэгдсэн бичгийн баримтыг үндэслэж хөлс төлөх үүргийг энэ хэмжээнд тогтоож, ашиглалтын болон СӨХ-ийн зардал 562,000 төгрөг, цоожны гол сольсон зардал 25,000 төгрөг нийт 4,062,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 292 дугаар зүйлийн 292.3, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт нийцнэ гэж үзэв. /хх-19/

10. Анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад талууд барьцааны 1,500,000 төгрөгийг хэрхэх талаар мэтгэлцээгүй тул шүүх хэлэлцэгдээгүй асуудлаар дүгнэлт хийхгүй, ийм байхад давж заалдах шатны шүүх тооцооноос хасч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан “Анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй ...” гэснийг зөрчсөн байна. Мөн  нэхэмжлэгч нь орон сууцны хөлс нэхэмжилсэн байхад 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд олох ёстой орлогыг эд хөрөнгө хөлслөх гэрээний хөлсөөр тооцон 4,150,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж, нэхэмжлэлд заагаагүй, талуудын мэтгэлцээгүй асуудлаар  давж заалдах шатны шүүх дүгнэлт хийсэн нь алдаатай болно.

11. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэлгүй гэж үзсэнээс гадна данс битүүмжилснээс хүүхдийн мөнгөө авч чадахгүй хохирч байгаа гээд данс нээж өгнө үү гэсэн байх ба  энэ нь хяналтын шатны шүүхэд гомдол гаргах үндэслэлд хамаарахгүй юм. Төрөөс хүүхдэд олгох мөнгийг хүүхдэд зориулах тул энэ талаар нэхэмжлэгч нь зохих байгууллагад хандаж эрхээ хэрэгжүүлэх боломжтой.

Иймд тогтоолын 9-д заасан үндэслэлээр хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 00271 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/02618 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 292 дугаар зүйлийн 292.3, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Ч.Ааас 4,062,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “СП” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 6,401,814 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтад “...60,950...” гэснийг “...79,942...” гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

                            ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                            Х.ЭРДЭНЭСУВД

                              ШҮҮГЧИД                                                            Г.БАНЗРАГЧ

                                                                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                                           Б.МӨНХТУЯА

                                                                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ