Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2020/02618

 

      2020         09             29

                  183/ШШ2020/02618

                    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ................. хотхонд байрлах “С” РД:........./-ийн нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Хан-Уул дүүргийн .............. тоотод оршин суух Г овогт Ч-ын А /РД:......../-д холбогдох,

       түрээсийн гэрээний үүрэгт 10.463.814 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С /ШТЭҮД:000/, хариуцагч Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч “С”-ийн шүүхэд  гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Миний бие “С”-ийн борлуулалтын ажилтан бөгөөд ажил үүргийн болон компаниас олгосон итгэмжлэлийн дагуу 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр иргэн Ч.А-тай байр түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулсан юм. Гэтэл хариуцагч Ч.А манай компанийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр байрны 0 тоот хаягт байрлах 87.81 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сарын 1.500.000 төгрөгөөр түрээслэн амьдарч байгаа атлаа  гэрээний дагуу түрээсийн төлбөрөө төлөлгүй өдий хүрлээ. Тэрээр 2020 оны 4 дүгээр сарын түрээсийн төлбөр үлдэгдэл 500.000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын төлбөр  1.500.000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөр 1.100.000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөр 4.150.000 төгрөг, нийт 7.250.000 төгрөгийн түрээсийн төлбөр, хугацаандаа төлөөгүйгээс тооцсон алданги 2.543.750 төгрөг, мөн ашиглалтын зардал буюу ус, дулаан, цахилгаан, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 645.064 төгрөг,  мөн цоожны гол сольсон 25.000 төгрөг, нийт 10.463.814 төгрөгийг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагч Ч.А-аас гаргуулж өгнө үү. Ч.А-д бид албан шаардлага болон мэдэгдэх хуудас удаа дараа өгсөн боловч тэрээр үл тоон түрээсийн байрыг суллаж өгөхгүй, хууль бусаар бусдын орон байранд амьдарч байгаа болно. Байрны цоожны голыг сольсон боловч өөрөө дур мэдэн дахиад сольчихсон байсан. Байрны ус, цахилгааны төлбөрөө төлөөгүй учраас ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг компани хаасан байгаа. Байр манай компанийн өмч учраас сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, ашиглалтын зардал нь манай дээр гардаг юм гэв.

Хариуцагч Ч.А шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Миний бие Ч.А нь Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороонд байрлах “С”ХХК-ийн эзэмшилд байгаа гэх Туул ван хотхоны  0 дүгээр байрны 0 тоотод 2014 оны 11 дүгээр сараас 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл амьдарч байгаад бусдын дарамт, айлган сүрдүүлэлтээс дайжих зорилгоор тус байрны 0 дугаар орцны 13 давхарт 0 тоот байранд тус байрны хятад захирал, менежер нартай харилцан тохиролцсоны дагуу түрээсийн төлбөрөөр 2 жилийн хугацаатай амьдарч, цаашид энэ хугацаанд худалдан авах гэрээ байгуулан амьдарч эхэлсэн. Миний бие 2018 оны 9 дүгээр сараас амьдран сууж байхдаа түрээсийн төлбөрийг чадлын хирээр төлж байсан бөгөөд тус компанийн борлуулалтын менежер Ч.Б-гийн хүсэлтээр анхны гэрээг буцаан өгч түрээсийн гэрээ болгуулж байсан юм. Миний бие тус байранд хэдий бусдад асуудал үүсгэж амьдарч байгаа боловч энэ нь дараах шалтгаантай холбоотой. Миний бие Ч.А нь 23-09 насны 4 хүүхдийн хамт амьдардаг. Б.Бадамцэцэг, Б.Эрдэнэцэцэг нар нь миний нөхөр байсан Ц.Б-ын хүүхдүүд, Б.О, Б.С нар нь иргэн М.Б-ын хүүхдүүд юм. Тус байрны 0 дүгээр байрны 0 тоот байранд дээрх М.Б нь 2014 оны 11 дүгээр сард Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас нүүлгэн авч ирж оруулсан юм. Анх оруулахдаа дүүгээсээ авч байгаа, амьдарч бай, би удахгүй эзэмшлийн асуудлыг шийдвэрлэж өгнө гэж оруулсан боловч  өнөөг хүртэл шийдвэрлээгүйгээр барахгүй, эцэг хүнийхээ үүргийг үл ухамсарлан, бага насны хоёр хүүхэд болон оюутан хоёр охинтой минь биднийг  амьдрах аргагүй байдалд оруулан, холбогдох бүх утсаа хаан, ор сураггүй алга болоод байгаа юм. Миний бие өнөөдрийг хүртэл түүнийг хүүхдүүдийн эцэг хүний хувьд дээрх бидний асуудлыг шийдэж өгнө, хүлээж бай гэсэн үгэнд нь итгэн хүлээж байсан боловч цаашид хүлээх боломжгүй болж арга буюу шүүхэд хандаж эцэг тогтоох, цаашид тэтгэлэг тогтоолгох, мөн өнөөдөр үүсээд байгаа түрээсийн төлбөр болон албадан чөлөөлүүлэх иргэний хэрэгт гэрч, хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргаад байна. Миний бие 2014 оноос хойш өр толгойлон 4 хүүхдийнхээ амьдрал, хичээл сургуулийн асуудлыг шийдвэрлэхээр чадлынхаа хирээр боломжтой бүхий л чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд цаашид ийнхүү ажиллаж амьдрах ямар ч боломжгүй болж, өнөөдөр гэрэл, усгүй харанхуй байранд 2020 оны 6 дугаар сараас хойш амьдарч байна. Бид усгүй, харанхуй орчинд эрүүл ахуйн хувьд халдварт өртөх эрсдэлтэй байдалд ороод байгаа тул энэхүү байдлыг минь дүгнэлт хийж “С”ХХК-тай тохиролцох, хүүхдүүдийг минь аюулгүй, эрсдэлгүй амьдрах нөхцөл байдалд анхаарч өгнө үү. Миний бие орон сууцны ашиглалт болон сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлөөд явж байгаа. Дэлхий даяар Ковид-19 цар тахал тархахаас өмнө түрээсийн төлбөрөө төлөөд явж байсан. Үлдэгдэл төлбөрөө төлнө. Гэхдээ надад хугацаа хэрэгтэй байна. 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс хойш ус, цахилгаангүй, халдварт өвчин гарах эрсдэлтэй орчинд амьдарч байгаа учир нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

          Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг  бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч “С”ХХК  нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Ч.А-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 4.483.501 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн түрээсийн гэрээний үүрэгт нийт 10.463.814 төгрөгийг гаргуулахаар шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагаас 3.412.001 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 7.051.813 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдэрлэлээ.

            Нэхэмжлэгч “С”ХХК нь борлуулалтын ажилтан Ч.Б-д компанийг төлөөлөн Туул ван 0 дүгээр байрны 0тоот байрны түрээслэгчтэй түрээсийн гэрээ байгуулж, гарын үсэг зурах, төлбөр тооцоог хүлээн авах, байрны ашиглалтад хяналт тавих болон бусад холбогдох үйл ажиллагаанд оролцох бүрэн эрхийг 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №16 дугаартай итгэмжлэлээр олгожээ.

            Нэхэмжлэгч “СХХК-ийн борлуулалтын ажилтан Ч.Б нь хариуцагч Ч.А-тай 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр  байр түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр байрны 0 тоот хаягт байршилтай, 87.81 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг  сарын 1.500.000 төгрөгөөр 12 сарын хугацаанд түрээслүүлэхээр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, байр түрээслэх, түрээслүүлэх гэрээ зэргээр тогтоогдож байна.

            Энэхүү хэлцлийг талууд байр түрээслэх, түрээслүүлэх гэрээ гэж нэрлэсэн боловч гэрээний зүйл нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 0 дүгээр байрны 0 тоот хаягт байршилтай, 87.81 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц байх бөгөөд уг орон сууцыг амьдран суух зориулалтаар хөлсөлсөн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т  хөлслүүлэгч нь  сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх,  хөлслөгч нь хэлэлцэх тохирсон хөлс төлөх үүргийг хүлээнэ гэж заасан  орон сууц хөлслөх гэрээ  байгуулагдсан гэж үзнэ.

            Дээрх орон сууц хөлслөх гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

            Хариуцагч Ч.А нь байр түрээслэх, түрээслүүлэх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан үүргээ зөрчиж, орон сууцны хөлс болон ашиглалтын зардал төлөх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Ч.А-аас  2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны хөлс 7.250.000 төгрөг болон орон сууцны ашиглалтын зардал буюу ус, дулаан, цахилгаан, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 645.064 төгрөг, цоожны гол сольсон зардал 25.000 төгрөг, нийт 10.463.814 төгрөгийг гаргуулахаар

шаардсан бол хариуцагч Ч.А нь орон сууцны ус, цахилгааныг тасалсан 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацааны  түрээсийн төлбөрийг ашиглалтын зардлын хамт төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа боловч хугацаа шаардлагатай байна. Харин ус, цахилгааныг тасалснаас хойш ус, цахилгаангүй, халдварт өвчин гарах эрсдэлтэй орчинд  амьдарч байгаа учраас түүнээс хойших хугацааны түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлыг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

            Хариуцагчийн татгалзлын зарим хэсэг үндэстэй гэж шүүх дүгнэв.

            Учир нь хариуцагч Ч.А нь орон сууцны 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны хөлсийг төлж барагдуулсан байх бөгөөд талууд энэ талаар маргахгүй байна.

            Хариуцагч Ч.А нь 2020 оны 04 дүгээр сарын хөлсөнд  1.000.000 төгрөгийг төлснөөс өөр төлбөр төлөөгүй байх тул нэхэмжлэгч “С” ХХК нь 2020 оны 4 дүгээр сарын  үлдэгдэл  төлбөр 500.000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын төлбөр 1.500.000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгч “С” ХХК-иас хариуцагч Ч.А-ыг орон сууц хөлсөлсөн төлбөрөө хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүй тул удаа дараа нэмэлт хугацаа тогтоож мэдэгдэл хүргүүлж, 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөр  дуусгавар болгон гэрээ цуцалж байгаа болохыг мэдэгдсэн боловч биелүүлээгүй байх тул хариуцагч Ч.А-тай байгуулсан байр түрээслэх, түрээслүүлэх гэрээг цуцалж, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 29 дүгээр байрны 233 тоот хаягт байршилтай, 87.81 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны ус, цахилгааныг хааж, орон сууцны хаалганы голыг сольж байрыг хүлээн авчээ.

            Нэхэмжлэгч өөрийн санаачилгаар орон сууц хөлслөх гэрээг хугацаанаас өмнө цуцалж, орон сууцыг хүлээн авсан тул 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны хөлсийг шаардах эрхтэй.

            2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс гэрээг цуцалж, орон сууцыг хүлээн авсан 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх 17 хоногийн төлбөрийг тооцоход 850.000 /1.500.000:30=50000х17 хоног=850.000/ төгрөг болж байна.

            Иймд хариуцагч Ч.А нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны орон сууцыг хөлсөлсөн төлбөр 2.850.000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

            Мөн хариуцагч Ч.А нь орон сууцыг хөлсөлж байсан 2020 оны 1 дүгээр сараас 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны ус, дулаан, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 537.001 төгрөгийг төлөөгүй болох нь “Б”ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, “Т”СӨХ-ны нэхэмжлэх, “ТХХК-ийн төлбөрийн задаргаа хүснэгт зэргээр тогтоогдож байгаа, энэхүү хугацааны төлбөрийг төлсөн болохоо баримтаар нотлоогүй тул орон сууц хөлслүүлэгч нь хөлслөгчөөс дээрх зардлыг төлүүлэхээр нэхэмжлэх эрхтэй байна.

            2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч “С” ХХК-иас хариуцагч Ч.А-ын хөлсөлж байсан орон сууцны ус, цахилгааны таслан, орон сууцыг битүүмжлэн хүлээн авч, хаалганы голыг солиход 25.000 төгрөгийн зардал гаргасан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан байх тул хариуцагч Ч.Ааас гаргуулах үндэслэлтэй.

            Харин хариуцагч Ч.А нь нэхэмжлэгч “С” ХХК-иас орон сууц хөлслөх гэрээг цуцалж, хөлсөлж буй орон сууцны ус, цахилгааныг хязгаарлан, хаалганы голыг сольж, байрыг хүлээн авсан боловч түүний зөвшөөрөлгүйгээр хаалганы голыг дахин сольж, ус, цахилгаангүй  өрөөнд амьдарч  байгаа нь хууль бус боловч энэ нь түүнээс орон сууц хөлсөлсөн төлбөр нэхэмжлэх үндэслэл болохгүй.

            Учир нь тухайн орон сууц ус, цахилгаангүй тул орон сууцны зориулалтаар ашиглах боломжгүйгээс гадна талуудын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болсон тул гэрээнд заасан хэмжээгээр хөлс шаардах эрхгүй.

            Мөн талуудын хооронд байгуулагдсан байр түрээслэх, түрээслүүлэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т түрээсийн төлбөрийг энэхүү гэрээний 1.3 дугаар зүйлд заасан төлбөрийг төлөх ба хугацаа хэтэрсэн хоног тутамд  0.5 хувийн алданги тооцож барьцаа төлбөрөөс суутган тооцно гэж заасан боловч хариуцагч Ч.А нь гэрээний 1.4-т зааснаар барьцаа төлбөр 1.500.000 төгрөгийг төлөөгүй учир гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс алданги тооцох боломжгүй юм.

            Хариуцагч Ч.А нь 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс хойш хөлсөлж байсан ус, цахилгаангүй орон сууцанд орогнох байдлаар амьдарч байгаа тул орон сууц ашигласны нэмэлт төлбөр гараагүй байх бөгөөд  нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад хавсарган өгсөн “Төрийн банк”ХХК-ийн төлбөрийн задаргааны хүснэгтэд авагдсан 2020 оны 5, 6 дугаар сарын цахилгааны, 2020 оны 4-6 дугаар сарын сууц өмчлөгчдийн холбооны төлбөр нь анх нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагад багтсан байна.

            Хариуцагч Ч.А-тай байгуулсан орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болсон тул 2020 оны 7-10 дугаар саруудын сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг орон сууцны өмчлөгч төлөх үүрэгтэй.

            Иймд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 292 дугаар зүйлийн 292.3, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.А-аас 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 17-ний өдөр хүртэлх хугацааны хөлс 2.850.000 төгрөг,  орон сууцны ашиглалтын төлбөр 537.001 төгрөг, хаалганы гол сольсон зардал 25.000 төгрөг, нийт 3.142.001 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7.051.813 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 3.412.001 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197.322 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангаж буй үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 60.950 төгрөгийг хариуцагч Ч.А-аас гаргуулж нэхэмжлэгч “С”ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон           

                                                                                                                                   ТОГТООХ нь:

     1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 292 дугаар зүйлийн 292.3, 227 дугаар зүйлийн 227.1, дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.А-аас 3.412.001 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “С”ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7.051.813 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

     3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197.322 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.А-аас улсын тэмдэгтийн хураамжид 60.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч  “С”ХХК-д олгосугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАЯР