Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2020/03034

 

      2020         11             06

                      183/ШШ2020/03034

                    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн .......................... оршин суух Б овогт Г-ын Х /РД::::::::::::::::/-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн ........................ тоотод оршин суух Т овогт Ал-ийн О /РД:....................../,

            Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ....................тоотод оршин суух Н овогт М-ын С /РД............./ нарт холбогдох

            хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах, гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулсантай холбоотой 42.429.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э /ШТЭҮД:0000/, хариуцагч А.О, хариуцагч А.О-гийн өмгөөлөгч А.Б /ШТЭҮД:0000/, гэрч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Баттөмөр нар оролцов.

                                                                                                                              ТОДОРХОЙЛОХ   нь:

          Нэхэмжлэгч Г.Х-ын шүүхэд анх гаргасан нэхэмжлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг дэмжиж  итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Нэхэмжлэгч Г.Х нь 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр М.С-ын эгч болох А.О-гээс 10.000.000 төгрөг зээлсэн. Гэтэл А.Онь зээлийн мөнгөний оронд өөрийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо 0 дүгээр гудамжны 0 тоот хаягт байрлах 542 м.кв газар, 47.25 м.кв хувийн сууцыг дүү болох М.С-ын нэр дээр шилжүүл, мөнгөө төлж дууссаны дараа миний хашаа байшинг буцааж шилжүүлэхээр тохиролцсон. Миний бие А.О-гээс зээлсэн төлбөрөө бүрэн төлсөн боловч миний өмчлөлийн хашаа байшинг өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөхгүй байна. Миний бие анхнаасаа хашаа, байшингаа худалдах санаа зорилго байгаагүй бөгөөд одоогоор хашаа, байшиндаа амьдарч байгаа болно. Иймд 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 3.000.000 төгрөгийн үнэ бүхий газар худалдах, худалдан авах гэрээ, мөн өдөр байгуулсан 7.000.000 төгрөгийн үнэ бүхий хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Г.Х миний нэр дээр шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү. Мөн зээлийн гэрээний дагуу миний бие А.О-гээс нийт 25.800.000 төгрөгийг авсан. Гэтэл А.О нь надаас хүү, алданги гэж нийт 73.355.000 төгрөгийг авсан нь үндэслэлгүй байна. Учир нь тус гэрээгээр хүү, алданги тохиролцоогүй  байж үндэслэлгүйгээр миний хашаа, байшинг надад шилжүүлж өгөхгүйгээр илүү мөнгө надаас нэхэмжилж авсан байна. Иймд миний бие А.О-т төлсөн 73.500.000 төгрөгөөс илүү төлсөн 42.429.000 төгрөгийг буцаан шаардаж байгаа тул хариуцагч А.О-гээс гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагч М.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Намайг хариуцагчаар шүүхэд өгсөн Г.Х гэгчийг би танихгүй бөгөөд нэхэмжлэлд дурдсан Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 0 дүгээр гудамж, 0 тоотод байх хашаа байшин нь миний нэр дээр биш, уг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүйгээр намайг энэ иргэний хэрэгт холбогдолгүй болохоор хариуцагчаас гаргаж өгнө үү. Учир нь хэдэн онд байсныг нь санахгүй байна, миний хуучин эхнэр Н-гийн эгч О нь над руу залгаж чамд иргэний үнэмлэх чинь байна уу гэж асуусан, би байна гэсэн чинь тэгвэл чи Хан-Уул дүүрэг дээр яаралтай хүрээд ирээч, би хүнд мөнгө зээлсэн юм, барьцаанд нь өөрийн хашаа байшингаа тавьж байгаа юм, тэгсэн чинь миний иргэний үнэмлэх олддоггүй, өнөөдөр мөнгө нь хэрэгтэй гээд байгаа, чи ирээд өөрийнхөө нэр дээр энэ хашаа байшинг шилжүүлээд авчих, би чамаас дараа нь иргэний үнэмлэхээ олчхоод шилжүүлээд авчихъя гэсэн юм. Тэгээд би Хан-Уул дүүргийн ойролцоо явж таараад очсон. Очиход О хоёр хүний хамт үүдэн дээр хүлээгээд зогсож байсан. Би тэр гурав дээр очоод ямар учиртай юм гэж дахиж лавлаж асуухад урд нь болон тэр өдрөөс хойш нэг ч харж байгаагүй, жижиг биетэй, харавтар бор царайтай залуу, дүү нь О эгчээс мөнгө аваад хашаа байшингаа нэр дээр нь шилжүүлж өгч байгаа юм, Одноо эгч иргэний үнэмлэхгүй гээд таныг дуудсан юм, дүүд нь мөнгө маш их хэрэг болоод гээд өмнө минь сөхөрчих гэсэн сайхан зантай, инээсэн залуу тэгж хэлсэн. Яагаад энэ бүгдийг хэлж байна вэ гэвэл нэхэмжлэл дээр арай өөрөөр буюу хүчээр тулгаж нэр дээр шилжүүлсэн гэж байсан болохоор хэллээ. Юманд үнэн гэж байх ёстой, миний харсан, нүдэнд өртсөн нь тийм л байсан. Би О-гийн дүүгээс салсан болохоор О-гтэй одоо ямар нэгэн холбоо байдаггүй. Би тэд нарын хоорондох  тохироо болон хэдэн төгрөг авч өгөлцөж байгааг мэдэхгүйгээр, хаана байдгийг нь ч мэдэхгүйгээр хашаа байшингийн гэрчилгээгээр нь өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Гэрчилгээ тэд хоногийн дараа гарна, өөрийн биеэр ирж аваарай гээд жижиг цаас өгч байсныг санаж байна. Хэд хоногийн дараа бас л ажил болгож очиж аваад  О-т миний нэр дээр гарсан гэрчилгээг өгсөн. Тэр нэр шилжүүлэхэд тааралдсан өдрөөс хойш дахиж би тэр залуу болон надтай мэндэлж инээснээс өөр юм ярилцаагүй хүүхэн хоёрыг дахиж хараагүй. Нэрийг нь ч мэдэхгүй, гар барилцаж нэр усаа хэлж танилцаагүй. Тэр өдрөөс хойш  би ч тэр, О ч тэр мартаж байгаад гэнэт санаж, би О-т хэлж буцааж тэр очиж үзээгүй, хаана байдгийг нь мэдэхгүй хашаа байшингаа Одончимэгийн нэр дээр шилжүүлсэн. Яагаад гэнэт санасан бэ гэхээр энэ хашаа байшин миний нэр дээр шилжиж ирснээрээ  надад болон манай хүүхдүүдэд их гай болсныг мэдээд санасан юм. Учир нь  улсаас иргэн бүр  газар өмчлөх эрхтэй гээд сугалаа явуулж хэд хэдэн газар сугалаагаар өгсөн, тэр сугалаанд  гэх юм уу  тохируулгад гэх юм уу манай гэр бүлээс нэг ч хүн орохгүй байсан, ямар учиртай юм бол гэж бодож байгаад миний нэр дээр О хашаа байшин шилжүүлснийг санаад гай болсон хашаа байшинг О-т хурдан шилжүүлж өгсөн юм. Иймээс энэ яригдаад байгаа хашаа байшин, авч өгөлцсөн мөнгө төгрөг гэх юмнуудыг нэгийг нь ч харж үзэж байгаагүй, ярианд нь ч оролцож байгаагүй учраас энэ хэрэгт хариуцагчаар оролцох боломжгүй гэж үзэж хариуцагчаас хасаж өгнө үү гэж тайлбар гаргаж байна гэжээ.

            Хариуцагч А.О шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: А.О миний би иргэн Г.Х-рын гуйсны дагуу 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 10.000.000 төгрөг зээлсэн болно. Уг мөнгийг зээлж авахдаа Г.Х Хан-Уул дүүрэгт байрлах өөрийн эзэмшлийн хашаа байшинг миний нэр дээр шилжүүлье гэсний дагуу шилжүүлсэн. Би тухайн үед нийтийн хоолны газар ажиллуулдаг, ачаалал ихтэй, завгүй байсан учир өөрийн хүргэн дүү болох М.С-ыг нэр дээрээ шилжүүлж өгөөч гэж хүссэний дагуу М.С-ын нэр дээр шилжсэн. Г.Х миний гэр бүлийн хүн Г.А нар бизнесийн хамтрагчид, мөн найзууд байсан. 2014 оны хавар Г.А, Г.Х нар  хамтран Яармагийн Вива ситид махны павильон түрээслэн ажиллуулахаар  болж нэмээд надаас 12.000.000 төгрөг зээлсэн. Удалгүй махны павильон нь дампуурсан учир  авсан мөнгөө төлж чадаагүй. Би Г.А, Г.Х хоёрт зээлсэн мөнгөө  тав таван саяар хуваан төлөөрэй гээд хоёр сая төгрөгөө бүр орхиж нэхээгүй болно. Г.Х 2017 оны 06 дугаар сарын 06-нд лангуу нь хоосроод наймаагаа хийж чадахгүй боллоо гэж гуйсаар байгаад нэмж 3.000.000 төгрөг дахин зээлж авсан. Надаас мөнгө зээлж авах бүрдээ миний хашаа байшингийн бичиг баримт нэр дээр чинь байгаа юм чинь санаа зовох зүйлгүй, би найдвартай гэж хэлдэг байсан. Би ч итгээд зээлдэг байсан. Зээлсэн мөнгөний хүүг  өгч байсан нь үнэн. Би 2017 оны 06 дугаар сарын 20-нд одоо мөнгөө авъя, бичиг баримтаа шилжүүл гэхэд Г.Х авсан 18.000.000 төгрөгөө 3 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй тохироод 2017 оны 07 дугаар сарын 20-ноос  эхлэн төлье гэж гуйхаар нь зөвшөөрсөн.  Ингээд сар бүр үндсэн төлбөрт 500.000 төгрөг, хүүгийн төлбөрт 900.000 төгрөг, нийт 1.400.000 төгрөгийг төлж байгаад 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 680.000 төгрөгийг хийгээд, 2019 оны 8 дугаар сараас мөнгөө төлөхгүй, утас руу нь залгахаар авахгүй, гэрт нь очоод байхгүй, махны лангуун дээр нь очоод  байхгүй, ор сураггүй алга болсон. Би оюутны цайны газар 10 жил хөлсөө урсгаж хуушуурын халуун  тогоон дээр ажиллаж, зовж байж олсон бүх мөнгөө  энэ хүнд луйвардуулсан. Г.Х мөнгө зээлж авах бүртээ би найдвартай, бүх өрөө төлөөд  бичиг баримтаа шилжүүлж авна гэж хэлдэг, би ч тэр үгэнд нь итгээд мөнгөө өгсөөр байсан. 2019 оны 8 дугаар сараас хойш мөнгөө өгөхгүй болохоор нь  утас руу нь зогсоо зайгүй залгаад байхад аваагүй байж, гэнэт нэхэмжлэл гаргасан гайхаж байна. Мөн Г.Х нь 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэл нийт 30.850.000 төгрөгийг нэмж зээлсэн. Лангуу ажиллуулж байгаа, хашаа, байшингийн бичиг баримт таны нэр дээр байгаа учир найдвартай, нотариат орж гэрээ хийгээд байх шаардлагагүй  гэж хэлсэн үгэнд нь итгэж байсан. Одоо би энэ хүнээс зээлийн төлөөгүй үлдэгдэл төлбөр болох 49.000.000 төгрөгийг нэхэмжлэх учир хашаа, байшинг шилжүүлэн өгөх боломжгүй. Зээлийн төлбөрөө төлж дуусгасны дараа буцаан шилжүүлж  өгөхөөр тохиролцсон. 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс хойш Г.Х нь надад 37.780.000 төгрөгийг шилжүүлсэн байх ба үүний зарим хэсэг нь тохиролцсоны дагуу хүүгийн төлбөрт тооцогдож  байгаа учир буцаан өгөхийг зөвшөөрөхгүй. Би ажилтай, дээр нь иргэний үнэмлэх олдохгүй байсан учир хүргэн дүү М.С-ын нэр дээр хашаа, байшинг нь шилжүүлсэн байсныг  2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр М.С-аас хашаа байшингийн бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан учир энэ хэрэгт М.С хамаагүй юм гэв.

       Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрч Г.А-гийн мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

          Тус шүүх хуралдааны товыг хариуцагч М.С-т мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

         Нэхэмжлэгч Г.Х нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч А.О-г, М.С нарт холбогдуулан хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулсантай холбоотой 42.429.000 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулсантай холбоотой 42.429.000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй  болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах шаардлагын тухайд:

            Зохигчдын хооронд 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ аман хэлбэрээр байгуулагдаж, нэхэмжлэгч Г.Х нь нэхэмжлэгч А.О-гээс 10.000.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, хугацаагүйгээр зээлэхдээ өөрийн өмчлөлд байсан Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 0 дүгээр гудамжны 0 тоот хаягт байрлах 542 м.кв газар, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, 0 дүгээр гудамж, 0 тоот хаягт байрлах 47.25 м.кв талбай бүхий хувийн сууцыг тус тус барьцаалж, барьцааны зүйл болох газар, хувийн сууцыг зээлийн төлбөрийг төлж барагдуулсны дараа буцаан шилжүүлж авах нөхцөлтэйгөөр 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зээлдэгчийн хүргэн дүү болох М.С-ын өмчлөлд шилжүүлж, худалдах, худалдан авах гэрээг байгуулжээ.

            Хариуцагч А.О нь дээрх маргаан бүхий газар, хувийн сууцыг 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр М.С-аас өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан болох нь хариуцагчийн тайлбар, улсын бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдож байна.

            Нэхэмжлэгч Г.Х нь хариуцагч А.О-гээс зээлсэн төлбөрөө бүрэн төлж барагдуулсан боловч миний өмчлөлийн хашаа байшинг шилжүүлж өгөхгүй байгаа, анхнаасаа хашаа байшингаа худалдах санаа зорилго байгаагүй гэсэн үндэслэлээр 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн газар болон хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, газар болон хувийн сууцын өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгахаар шаардсан бол хариуцагч А.О нь хариуцагчаас зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй учир хашаа, байшинг шилжүүлэн өгөх боломжгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

            Хариуцагчийн татгалзал үндэсгүй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч Г.Х нь хариуцагч А.О-гээс 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зээлсэн 10.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 0 дүгээр гудамжны,0 тоот хаягт байрлах 0 м.кв газар, Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 0 дүгээр гудамж, 0 тоот хаягт байрлах 47.25 м.кв талбай бүхий хувийн сууцыг тус тус барьцаалахаар тохиролцсон боловч тэдгээрийн хооронд барьцааны гэрээ байгуулагдаагүй байна.

Харин нэхэмжлэгч Г.Х нь хариуцагч М.С-тай 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, өөрийн өмчлөлийн хувийн сууц болон газрыг түүний өмчлөлд шилжүүлжээ.

Хариуцагч А.О нь иргэний үнэмлэхээ олохгүй байсан учраас тухайн хувийн сууц болон газрыг хүргэн дүү М.С-ын  өмчлөлд шилжүүлснийг 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Г.Х нь өөрийн өмчлөлийн хувийн сууц, газрыг зээлийн барьцаанд барьцаалахаар зээлдэгчтэй тохиролцсон атлаа Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасны дагуу барьцааны гэрээ  байгуулаагүй байх тул хариуцагч М.С-тай байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн  худалдах, худалдан авах гэрээ, хариуцагч нарын хооронд байгуулсан 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн бэлэглэлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 56.1.1, 56.1.2, 56.1.10-т заасан хүчин төгөлдөр  бус байх хэлцэл болно.

Учир нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан барьцааны гэрээг бичгээр байгуулсан байх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан байх ба энэхүү шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасныг зөрчиж, барьцааны гэрээ байгуулаагүй атлаа барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэн авчээ.

Өөрөөр хэлбэл,  худалдагч болон худалдагч авагчийн хэн алинд хувийн сууц болон газрыг худалдах, худалдан авах хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй атлаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсныг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.

            Иймд зохигчдын хооронд 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хийгдсэн хувийн сууц болон газар худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоох нь зүйтэй.

            Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан тул хариуцагч М.С, хариуцагч А.О нарын хооронд хийгдсэн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.

            Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т зааснаар энэ хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй.

            Талууд  маргаан бүхий хувийн сууц болон  газрыг барьцаалж барьцааны гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэгч Г.Х нь хариуцагч А.О-тэй байгуулсан зээлийн гэрээний үүргийг бүрэн төлж барагдуулаагүй нь хувийн сууц болон газрыг буцаан шилжүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй юм.

            Иймд хариуцагч А.О-т Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 0 дүгээр гудамжны 0 тоот хаягт байрлах 542 м.кв газар, Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 0 дүгээр гудамж, 0 тоот хаягт байрлах 47.25 м.кв талбай бүхий хувийн сууцны өмчлөх эрхийг тус тус нэхэмжлэгч Г.Х-т  буцаан шилжүүлж өгөхийг даалгах нь зүйтэй байна.

            Гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулсантай холбоотой 42.429.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

            Зохигчдын хооронд 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ аман хэлбэрээр байгуулагдаж, нэхэмжлэгч Г.Х нь нэхэмжлэгч А.О-гээс 10.000.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, хугацаагүйгээр, 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 3.000.000 төгрөгийг тус тус хүү, хугацаагүйгээр зээлдэн авсан болох нь зохигчийн тайлбар, гэрч Г.А-гийн мэдүүлэг, дансны хуулга зэргээр тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч Г.Х нь 2015 оны 03 дугаар  сарын 13-ны өдөр гэрч Г.Адъяагийн хамт махны павильон ажиллуулахаар хариуцагч А.О-гээс тус бүр 5.000.000 төгрөг буюу нийт 10.000.000 төгрөгийг зээлдэн авсан боловч бизнес нь амжилтгүй болсноос уг мөнгийг одоог хүртэл төлж барагдуулаагүй гэж мэдүүлсэн хариуцагчийн тайлбар, гэрч Г.А-ийн мэдүүлгийг үгүйсгэж, түүнтэй холбоотой баримтаа гаргах өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй тул үнэн зөвд тооцох үндэстэй.

            Хариуцагч А.О-гээс зээлдэн авсан мөнгө 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт 18.000.000 төгрөг болсныг нэхэмжлэгч Г.Х нь 3 жилийн хугацаанд, 5 хувийн хүүтэйгээр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

            Учир нь нэхэмжлэгч Г.Х нь зээлсэн 18.000.000 төгрөгийг сар бүр үндсэн төлбөр 500.000 төгрөг дээр  5 хувиар тооцсон хүүгийн төлбөрийн хамт 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл төлж барагдуулж ирсэн болох нь зохигчдын дансны хуулга, хариуцагчийн тооцооны дэвтэр зэргээр тогтоогдож байна.

Мөн талууд хэзээ, хэдэн төгрөг зээлдүүлсэн, зээлийн гэрээний үүрэгт хэзээ, хэдэн төгрөг төлсөн талаар маргаж байх тул  шүүх нэхэмжлэгч Г.Х, хариуцагч А.О, гэрч Г.А нарын дансны хуулгыг судлан үзэхэд  нэхэмжлэгч Г.Х нь хариуцагч А.О-гээс дээрх 18.000.000 төгрөгөөс гадна 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд нэмж 32.350.000 төгрөгийг зээлдэн авсан болох нь нотлогдож байх ба хариуцагч А.О-гийн нэхэмжлэгч Г.Х-т зээлдүүлсэн мөнгөн хөрөнгийг тооцоход нийт 50.350.000 төгрөг болж байна.

            Нэхэмжлэгч Г.Х-аас хариуцагч А.О-гийн нөхөр Г.А-гийн дансаар дамжуулан нийт 13.575.000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч А.О-гээс уг мөнгийг аваагүй, гэрч Г.А нь уг төлбөрүүд нь тэдний хооронд хийсэн бизнесийн  болон зээлийн гэрээний харилцаатай холбоотой гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэгч Г.Х, хариуцагч А.О нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний төлбөрт оруулан тооцох үндэслэлгүй байна.

Харин нэхэмжлэгч Г.Х-ын хариуцагч А.О-гээс анх 10.000.000 төгрөгийг  зээлдэн авсан 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс сүүлд төлбөр төлсөн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны төлбөрийг тооцон үзэхэд 41.649.000 төгрөгийн зээлийн төлбөр, 6.943.000 төгрөгийн хүүгийн төлбөр, нийт 48.592.000 төгрөгийг төлсөн байна.

Нэхэмжлэгч Г.Х 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 380.000. төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 400.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 780.000 төгрөг 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 580.000 төгрөг, 2017 оны 05 дугаар  сарын 16-ны өдөр 780.000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 780.000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1.350.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 780.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1.175.000 төгрөг, нийт 6.943.000 төгрөгийг “хүү, зээлийн хүү” нэрээр тус тус төлсөн байх тул үндсэн зээлээс хасаж тооцох боломжгүй юм.

            Учир нь талуудын хооронд хүү тогтоосон зээлийн гэрээ байгуулагдаагүй боловч зээлдэгч нь өөрөө хүлээн зөвшөөрч  хүү төлж байсан байна.

            Иймд хариуцагч А.О-гийн нэхэмжлэгч Г.Х-т зээлдүүлсэн нийт 50.350.000 төгрөгөөс зээлийн төлбөрт төлсөн 41.649.000 төгрөгийг хасаж тооцоход нэхэмжлэгч Г.Х нь зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох  8.701.000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч А.О-гийг  зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 42.429.000 төгрөгийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй.

            Шүүхээс нэхэмжлэгч Г.Х-ын хариуцагч А.О-г, хариуцагч М.С-т нарт шилжүүлсэн хувийн сууц болон газар худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл  болохыг тогтоосон нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй.

            Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Г.Х-ын хариуцагч А.О-гт холбогдох гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулсантай холбоотой 42.429.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 683.809 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.О-гээс нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 245.150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Х-т олгох нь зүйтэй байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118  дугаар зүйлүүдийг удирдлага болгон                        

                                                                                                                                  ТОГТООХ нь:

      1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.10, 56.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын хооронд 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан газар болон хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, эрхийн улсын бүртгэлийн Г-.............. дугаартай, Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Буянт-Ухаа 0 дүгээр гудамжны 0 тоот хаягт байрлах 542 м.кв газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-................ дугаартай, Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 0 дүгээр гудамж, 0 тоот хаягт байрлах 47.25 м.кв талбай бүхий хувийн сууцны өмчлөх эрхийг тус тус нэхэмжлэгч Г.Х-ын өмчлөлд буцаан шилжүүлж өгөхийг хариуцагч А.О-т даалгаж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Г.Х-ын хариуцагч А.О-т холбогдох гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулсантай холбоотой 42.429.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй.

      3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 683.809 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.О-гээс улсын тэмдэгтийн хураамжид 245.150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Х-т олгосугай.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

      5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

                   

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХБАЯР