| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2020/02089/И |
| Дугаар | 210/МА2020/02370 |
| Огноо | 2020-12-16 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2020/02370
А.Э-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/02728 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Э-ын хариуцагч МТС ХХК-д холбогдуулан гаргасан, тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Буянжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: А.Э- нь МТС ХХК-ийн Хэнтий аймаг дахь 97 дугаар салбарт 2009 оноос хойш тасралтгүй ажилласан. Ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Ажил олгогчийн зүгээс 2020 оны 05 сарын 13-ны өдөр А.Э-ыг НӨАТ-ын баримт хэвлэн хувьдаа ашигласан, Ю пойнт картыг уншуулж урамшууллыг авсан, компанийн эд хөрөнгө, мөнгө, бараа материалыг хувийн зорилгоор ашигласан гэх үндэслэлүүдээр ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халсныг зөвшөөрөхгүй. Уг тушаалд Хөдөлмөрийн гэрээний 6.2.8, 6.2.11-д заасныг баримталсан боловч Хөдөлмөрийн дотоод журмын 6.3-т ажлаас халах ноцтой зөрчлүүдийг заасан байдаг. Үүний аль заалтыг хэрхэн зөрчсөн талаар тодорхой дурдаагүй, холбогдох заалтыг баримтлаагүй.
Хөдөлмөрийн гэрээний 6.2.11-д заасан зөрчлийг гаргасан гэж байгаа бол дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон, үүссэн өр төлбөрийг төлөөгүй, санаатай нуун дарагдуулсан байхыг ойлгоно гэж үзэж байна. Тушаалд дурдсан худалдаа борлуулалтын газрын Илтгэх хуудас гэх зүйлийг танилцуулаагүй, зөвхөн эрхлэгчийн хэлсний дагуу борлуулалтын менежертэй холбогдож, мөнгө дутсан зөрүү гарсан гэдгийг мэдсэн бөгөөд бага хэмжээний мөнгө байхаар нь өмнөх тооцоонуудын хуримтлагдсан зөрүү байх гээд тоогоогүй.
Мөн Хөдөлмөрийн гэрээний 6.2.8-д заасан НӨАТ-ын баримт болон бусад баримтыг санаатайгаар илүү бичсэн, бусдад шилжүүлсэн өөртөө ашигласан үйлдэл гаргаж баримт илүү бичиж, байгууллагад мөнгөн хохирол учруулсан зүйл байхгүй. Санхүүгийн тооцоонд зөрүү, алдаа гарах нь дан ганц нэхэмжлэгчээс шалтгаалахгүй ба түүний харьяалах дээд шатны удирдлага буюу салбарын эрхлэгч үүнд давхар хяналт тавих үүрэгтэй байдаг. Ажил үүргээ гүйцэтгэх явцдаа мөнгө төгрөгтэй алхам тутамдаа харилцаж байдаг ажилтны хувьд бага хэмжээний тооцоо алдаж, тоо баримт зөрүүлэх тохиолдол гарахыг үгүйсгэхгүй энэ болгоныг ноцтой зөрчилд тооцохгүй. 92 500 төгрөгийн зөрүү гарсан нь хариуцлага хүлээлгэх зөрчил юм бол Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.4-т зааснаар орлогын мөнгийг санаатай бус, бага хэмжээгээр дутаасан үйлдэл нь зөрчилд хамаарахаас биш хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохуйц ноцтой зөрчил огт биш. Хөдөлмөрийн дотоод журмын 6.3.8-д санамсар болгоомжгүй, хайнга ажиллагааны улмаас эд хөрөнгийн бага бусаас дээш хэмжээний хохирол учруулах гэсэн заалт байдаг. Энэ хохирлын хэмжээг Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйл буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш гэж тодорхой заасан байдаг. Санхүүгийн тооцоогоор 92 500 төгрөгийн зөрүү гарсан гэхээр нь 2020 оны 04 сарын 28-ны өдөр төлчихсөн ба тушаал гаргасан 2020 оны 05 сарын 13-ны өдрийн байдлаар байгууллагад ямар ч өр төлбөр, тооцоо байхгүй, тушаалын үндэслэлд заасан Хөдөлмөрийн гэрээний 6.2.8, 6.2.11-д заасан зохицуулалтын алийг нь ч зөрчөөгүй байхад халах тушаал гаргасан нь буруу.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан гэдэг нь үндэслэлгүй. Учир нь ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдлийг хамааруулж үздэг. А.Э- хөдөлмөрийн гэрээний заалтыг зөрчөөгүй, компанийн эд хөрөнгө бараа материалыг хувийн зорилгоор ашигласан зүйл байхгүй, мөн компанид нэг ч төгрөгийн хохирол учруулаагүй, санхүүгийн тооцоонд алдаа гарсны улмаас гарсан зөрүү мөнгийг нь төлчихсөн байтал байгууллагын эд хөрөнгийг хувийн зорилгоор ашигласан гэж үзэж, ажлаас халсанд гомдолтой байна. А.Э- анхнаасаа 200 литрийг авсан гэж хэлээгүй. Тухайн шөнө сүлжээ унаж хувийн дансаар хэрэглэгчийн мөнгийг авсан учраас хольж, сольж алдаа гаргасан нь санаатай үйлдэл биш юм. Нэхэмжлэгч нь өдөр тутамдаа харуул хамгаалалтын ажилтан гэх ажлын байранд ажилладаг. Гэтэл хариуцагчийн гаргаж өгсөн ажлын байрны тодорхойлолт түгээгч, харуул хамгаалалтын ажилтан гэсэн байна. Ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгэх ёстой. Харуул хамгаалалтын ажилтанд давхар түгээгчийн ажлыг хариуцуулдаг юм шиг харагдаж байна. Өөрөөр хэлбэл хоёр ажлын байранд нэг хүнийг ажиллуулж, нэг цалин өгдөг. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл болно. Тушаалд гарын үсэг зурсан албан тушаал нь улсын бүртгэлд бүртгүүлээгүй этгээд байсан. Улсын бүртгэлд бүтгүүлснээр хүчин төгөлдөр болно. Тиймээс компанийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан. Өөрийн Ю пойнт картаа уншуулан урамшууллын оноо авсан гэж байна. А.Э- өөрийн Ю пойнт картаа уншуулснаар байгууллагад хэдэн төгрөгийн хохирол учирсан гэх зүйл яригдана, гэтэл байгууллагад учирсан хохирол байхгүй. А.Э- уншуулах, иргэн Б уншуулах нь ялгаагүй.
Иймд 2020 оны 05 сарын 13-ны өдрийн 208/20 дугаар тушаал хууль зүйн үндэслэлгүй тул тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч тал хариу тайлбартаа: ШТС-97-ийн түгээгч-харуул хамгаалалтын албан хаагч А.Э- нь 2020 оны 04 сарын 09-ний орой 23 цаг 05 минутад 150 литр АИ-92 шатахуун мөнгөн талонаар авсан хэрэглэгчийн тооцоог 200 литр АИ-92 шатахуун авснаар тайлан тооцоонд тусгаж, 50 литр шатахууныг өөртөө авсан. Мөн бэлэн мөнгөөр төлбөрийг хийснээр НӨАТ-ын баримт хэвлэн авсан, өөрийн Ю пойнт картаа уншуулан урамшууллын оноо авсан болох нь картын хуулга болон хошууны мэдээлэл, камерын бичлэг зэргээр тогтоогдсон байна. 2020 оны 05 сарын 13-ны өдрийн 208/20 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээний 6.2.8-д заасны дагуу НӨАТУС-ын баримт болон бусад баримтыг санаатайгаар илүү бичсэн, бусдад шилжүүлсэн, өөртөө ашигласан бол, 6.2.11-д заасны дагуу компанийн эд хөрөнгө, мөнгө, бараа материалыг хувийн зорилгоор ашигласан гэх үндэслэлүүдээр ажлаас халагдсан. Энэхүү үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээний 6.2.8, 6.2.11-д заасны дагуу ноцтой зөрчлүүдийг гаргасан байна. Нэхэмжлэгч тал санамсаргүй, болгоомжгүй үйлдлийн улмаас тооцоолол буруу гаргасан гэж байна. Хавтаст хэрэгт А.Э-ын өөрийн хийсэн тооцоолол авагдсан. Тус баримтаас харахад санамсаргүй, болгоомжгүй үйлдлийн улмаас гаргасан зөрчил гэж харагдахгүй байгаа юм. Ю пойнт карт уншуулснаар компанид учирсан хохирол байхгүй гэж байна. Бид олон хэрэглэгчтэй болохын тулд урамшуулал олгодог. Гэтэл урамшууллыг хэрэглэгч нарт өгөхгүй, дундаас нь авч байсан. Энэ нь компанид нөлөөлж байгаа нөлөөлөл бөгөөд санаатай үйлдэл.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Э-ын хариуцагч МТС ХХК-д холбогдуулан гаргасан ажлаас халсан 2020 оны 05 сарын 13-ны өдрийн 208/10 дугаартай тушаалыг хүчингүй болгож, харуул хамгаалалтын алба хаагч-түгээгчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар А.Э-ын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн, нотлох баримтыг дутуу үнэлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарласан Улсын Дээд Шүүхийн 33 дугаар тогтоолд хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна. Энэ шаардлагыг хангаагүй буюу 92 500 төгрөгийг шөнө нойргүй ажилласны улмаас тооцооллын алдаа гаргаж дутуу тушаасныг олж мэдмэгцээ байгууллагад буюу эрх бүхий албан тушаалтанд буцаан тушааж, санхүүгийн бага хэмжээний зөрчил тэр даруй арилсан, байгууллагад эд хөрөнгийн ямар нэг хохирол учраагүй, эсхүл байгууллагын нэр төрд харш ямар нэг үйл явдал болоогүй. Ю пойнт карт уншуулсан тухайд бол, үйлчлүүлэгчийн орхиод явсан баримтыг уншуулах үйлдэл гаргасан нь үнэн ч, тухайн үйлчлүүлэгч и-баримтын тухайд татварын албанд гомдол гаргасан зэрэг үйл явдал болоогүй. Хөдөлмөрийн гэрээг шууд зогсоох хэмжээний үйлдэл гэж үзэхгүй тухайд хуулийн зүйл заалтын утга, түүний тайлбар хэлээд байна гэж үзэж байна. 92 500 төгрөгийг тушаасан тухай баримт, гэрчийн мэдүүлгүүд, тайлбарууд байсаар атал энэ тухай шүүхийн шийдвэрт санаатайгаар огт дурдаагүй. Шүүх хэт нэг талыг барьж шийдсэн.
Тушаалыг хуулийн хугацаа хэтрүүлж гаргасан, энэ тухай шүүхэд тайлбарласаар атал шүүх мөн хуулийг буруу хэрэглэсэн. Тухайн шөнө ээлжийн ахлагчаар ажилласан ахлагч, мөн 2020 оны 04 сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнийн ажлыг тухайн өдөрт багтааж шалгасан багийн тайлан, гар бичгээр бичигдсэн дэвтэр зэргээр байгууллага 92 500 төгрөгийн зөрчлийг 04 сарын 10-ны өдрөө илрүүлсэн болох нь нотлогддог. Гэтэл хуульд заасан 1 сарын хугацаа өнгөрсний дараа буюу 05 сарын 13-ны өдөр тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан хугацааг 4 өдрөөр хэтэрч гарсан байна. Иргэний хуульд заасан, хугацаа тоолох журмыг зөрчиж гаргасан энэ шийдвэр илтэд нэг талд үйлчилснийг бэлхнээ харуулаад байна. Энэ тухай тооцоо гаргасан Б.Боргил, хянасан Б.Дэмбэрэл нарын гарын үсэгтэй, тамгатай хуудаст 04 сарын 10-ны өдөр санхүүгийн бага хэмжээний зөрчил буюу 92 500 төгрөгийн зөрчил илэрсэн болох нь нотлогддог.
Тушаалыг гаргах эрхгүй этгээд гаргасан байхад шүүх хүчин төгөлдөр тушаал гэж үзсэн. Улсын бүртгэлийг үнэн зөв гэж тооцно гэсэн зарчим алдагдсан, улсын бүртгэлд захирлаар н.Дашням гэх хүн бүртгэлтэй байсаар байхад, хувьцаа эзэмшигч хүний гаргасан тушаал тул хүчинтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн, эсхүл Компанийн тухай хуулийн ямар зүйл, заалтыг барьсан нь тодорхойгүй, ойлгомжгүй. Хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй этгээдийг хувьцаа эзэмшигч томилсон юм бол, өдөр тутмын харилцаанд хувьцаа эзэмшигч тушаал гаргаж ордог юм бол, төлөөлөх эрхтэй этгээд гэж бүрэн төлөөлөх эрхээ шилжүүлсний, энэ дүрэм, тогтоолыг улсын бүртгэлд бүртгүүлэхийн учир холбогдол юунд вэ. Улсын бүртгэлээс давуу хүчин чадалтай тушаал гэж дүгнээд байгааг хүлээн авах боломжгүй байна. н.Дашнямд олгосон бүрэн эрхээсээ татгалзаж байж хувьцаа эзэмшигч өөрөө үйл ажиллагаа явуулах, эсхүл өөр этгээдээр төлөөлүүлэх боломжтой болдог гэж ойлгож байна. Шүүхээс намайг санаатайгаар хохирол учруулсан, хохирлын хэмжээ нь хэдийгээр бага хэмжээнийх ч гэсэн ноцтой зөрчилд хамаарна гэж дүгнэсэн нь алдаатай байна.
Хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүрэг бол ХХАХ буюу Харуул Хамгаалалтын Алба хаагч. Тухайн байгууллагын аюулгүй байдлыг хангадаг, хамгаалалтын ажилтан болохоос биш мөнгө төгрөгтэй харилцах ёсгүй, Хөдөлмөрийн гэрээнд заагдаагүй ажил үүргийг надаар гүйцэтгүүлж байсан. ХХАГ гэсэн нэртэй атлаа бензин түгээж, төлбөр тооцоо хийх үүрэг бүхий өөр ажлыг хамт гүйцэтгүүлдэг нь Хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчиж байгаа явдал юм. Мөн сүүлд гаргаж өгсөн Ажлын байрны тодорхойлолт-д зааснаар А.Э-ыг шууд харьяалах дээд албан тушаалтан нь ээлжийн ахлах гэж байх ёстой. Гэтэл ээлжийн ахлах гэж байдаггүй. Ганцаараа л гардаг байсан. Мөнгө төгрөгийн тооцоог ээлжийн ахлах болон эрхлэгч бас давхар хянаж, алдаа дутагдал гаргахаас давхар сэргийлж, зааж зааварлаж байх ёстой ажилтнууд үүргээ хайнга биелүүлсэн, Хэрвээ журмынхаа дагуу ээлжийн ахлах хянадаг байсан бол 92 500 төгрөгийн дутагдал гаргасан даруйд хэлээд засах байсан. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд шударга бус, тэгш бус хандсанд гомдолтой байна. Нэхэмжлэлдээ дурдсанчлан МТ шатахуун түгээх станцын үнийн самбарын үнэ солих гэж байгаад унаж, нуруундаа хүнд гэмтэл авсан. Одоо байнгын эмчилгээтэй, хүнд зүйл өргөхийг хориглодог. Тухайн үедээ ажиллаж байгаа байгууллагадаа зардал, чирэгдэл үүсгэхгүй гээд зөвхөн хагалгааны төлбөр аваад өнгөрсөн. Үүнтэй харьцуулахад 92 500 төгрөгийн зөрүү гаргаад түүнийгээ сайн дураараа төлсөн байхад компанид эд хөрөнгийн хохирол учруулсан, нэр төрд харш үйл ажиллагаа явуулсан гэж хөдөлмөрийн гэрээг шууд дуусгавар болгож байгаа нь үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хэвээр үлдээн шийдвэрлэв.
Нэхэмжлэгч А.Э- нь хариуцагч МТС ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч тал бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-3, 17/
Хэрэгт авагдсан ажил олгогчийн тушаал, хөдөлмөрийн гэрээ /хх 4, 9, 31-33/ зэргээс үзвэл, А.Э- нь 2009 онд МТС ХХК-д харуул хамгаалалтын алба хаагчаар томилогдсон ба талууд 2017 оны 01 сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан тус компанийн ШТС-97 салбарын харуул хамгаалалтын алба хаагчаар ажиллаж /хх 31-33/, улмаар компанийн Ерөнхий захирлын 2020 оны 05 сарын 13-ны өдрийн 208/20 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.
Дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.8, 6.2.11, хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1.1, 6 дугаар зүйлийн 6.1.3-т заасныг тус тус удирдлага болгосон байх ба уг тушаалд ажилтан А.Э- хэрэглэгчийн мөнгөн талоноор авсан шатахуунд НӨАТ-ын баримт хэвлэж хувьдаа ашигласан, өөрийн Ю-пойнт картыг уншуулж урамшууллыг авсан, мөн 50 литр шатахууны 92 500 төгрөгийг хувьдаа ашигласан ноцтой зөрчил гаргасан тухай дурджээ. /хх 4/
Ажлаас халах тухай тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч А.Э- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргажээ. /хх 4, 3-арын нүүр/
Талууд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлүүдийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан нэрлэн зааж, харилцан тохиролцсон, ажилтан А.Э- хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан болох нь тогтоогдсон, дээрх үндэслэлээр ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгосон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, МТС ХХК-ийн Ерөнхий захирлын 2020 оны 05 сарын 13-ны өдрийн 208/20 тоот тушаал, уг тушаалд дурдагдсан үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцсэн талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу үнэлж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргажээ.
Ажилтан А.Э-ын гаргасан гэх зөрчил цаг хугацааны хувьд 2020 оны 04 сарын 09-ний өдөр хамаарч байх боловч компанийн зүгээс ШТС-97 салбарын эрхлэгчээс 2020 оны 04 сарын 13-ны өдөр /хх 26/, ажилтнаас 2020 оны 04 сарын 30-ны өдөр /хх 27/ тус тус тайлбар авч, 2020 оны 05 сарын 01-ний өдөр илтгэх хуудсаар санал хүргүүлсэн, улмаар 2020 оны 05 сарын 13-ны өдөр ажлаас халах тухай тушаал гарсан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулахаар журамласныг зөрчсөн гэж үзэх боломжгүй. Тайлбарлавал, 2020 оны 04 сарын 09-ний өдрөөс 2020 оны 05 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ажил олгогчийн зүгээс А.Э- сахилгын зөрчил гаргасан эсэх, гаргасан бол ямар хариуцлага ногдуулах эсэхийг шалган тогтоож, удирдлагад илтгэх хуудсаар мэдэгдсэн, улмаар эрх бүхий албан тушаалтан уг нөхцөл байдлыг мэдсэнээс хойш нэг сарын дотор ажлаас халах тушаалыг гаргасан байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.
Ажилтан А.Э-ыг ажлаас халах тухай тушаалыг гаргаж, албажуулсан Ерөнхий захирал Г.Магнай нь МТС ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2017 оны 03 сарын 17-ны өдрийн 01/17 тоот шийдвэрээр тус компанийн Ерөнхий захирлаар томилогдсон байх тул эрх бүхий албан тушаалтан ажлаас халах тушаал гаргаагүй гэх нэхэмжлэгч талын тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь МТС ХХК-ийн Ерөнхий захирлыг хуульд заасан хугацаанд улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь түүнийг компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, хөдөлмөрийн гэрээний харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэсэн тушаал гаргах эрхгүй гэж үзэх үндэслэл болохгүй. /хх 22/
Түүнчлэн, А.Э- нь компанид учруулсан хохирлоо төлж барагдуулсан нь түүнийг хөдөлмөрийн гэрээгээр харилцан тохиролцсон ноцтой зөрчлийг гаргаагүй гэж үзэх, улмаар ажлаас чөлөөлөхгүй байх үндэслэл болохгүй гэдгийг тайлбарлах нь зүйтэй.
Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт хариуцагч Улаанбаатар төмөр зам Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын 2010 оны 12 сарын 31-ний өдрийн 108/10 дугаар тушаалаар батлагдсан... хэмээн хэрэгт хамааралгүй, хэргийн оролцогч биш этгээдийн талаар дурдсаныг техникийн алдаа гэж үзэв.
Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/02728 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.Э-ын давж заалдах журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Д.НЯМБАЗАР