Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/00184

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/00184

 

Б.Нын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/02349 дугаар шийдвэртэй

Б.Нын нэхэмжлэлтэй хариуцагч Ө.Цд холбогдох

гэм хорын хохиролд 12 367 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н, хариуцагч Ө.Ц, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ө.Цацрал-Эрдэнэ нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 17 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Тессо ХХК-ийн баруун замд Б.Баярболдын эзэмшлийн Тоёота Приус маркийн 60-49 УНД улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасан Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.Н намайг мөргөж, миний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 289 дугаартай шийтгэх тогтоолоор Ө.Цацрал-Эрдэнийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 сараар хасч, 1 жилийн хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн. Шүүхийн 289 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7-д ...цаашид гарах эмчилгээтэй болон хохирогч Д.Б.Нын цалинтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж... шийдвэрлэсэн. Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 198344 дугаартай шийдвэрээр Б.Н би эмчийн байнгын хяналтанд орж, тахир дутуугийн группэд орсон ба миний хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоож, би сард, тахир дутуугийн тэтгэмжид 310 000 төгрөг авах болсон. Одоо би эмийн эмчилгээ байнга хийлгэж эмчийн байнгын хяналтад орж, байна. 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гарч 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хөдөлмөр чадвар алдалтын хувь хэмжээг 70 хувиар тогтоосон актыг 12 сараар буюу 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сунгасан. Хариуцагч Ө.Цацрал-Эрдэнээс 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх 3 сарын ажлын хөлс 2 250 000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх тахир дутуугийн тэтгэмж, ажлын хөлсний 9 сарын зөрүү 3 520 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны буюу 4 сарын 1 560 000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх 11 cap 15 хоногийн ажлын хөлс тэтгэмжийн зөрүүд 4 475 000 төгрөгийг тус тус гаргуулж цалин, тэтгэмжийн зөрүүд 11 805 000 төгрөг, эмийн болон шатахууны зардалд 562 200 төгрөг, нийт 12 367 200 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн хариуцагч Ө.Ц, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нар миний сэтгэцийн байдалд эргэлзэж, намайг эрх зүйн чадамжтай эсэх талаар маргасан тул шүүхээс Сэтгэцийн Эрүүл мэндийн төвөөр миний сэтгэцийн байдлын талаар дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч, түүний өмгөөлөгч нар хүсэлтээр сэтгэцийн дүгнэлт гаргуулсан байхад надаас шинжээчийн дүгнэлтийн төлбөрт 30 000 төгрөг СЭМҮТ-д төлүүлсэн. Үүнийг хариуцагч Ө.Ц төлөх ёстой гэж үзэж байгаа тул шинжээчийн дүгнэлтийн 30 000 төгрөгийг Ө.Цэс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ө.Цацрал-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Тэссо ХХК-ийн хажуугийн замд Тоёота Приус маркийн автомашин жолоодож яваад осол гаргаж, Б.Ныг мөргөн, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 289 тоот шийтгэх тогтоолоор ял шийтгэгдээд байгаа юм. Б.Нын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Б.Н 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл буюу осолд орох хүртэл хугацаанд нийгмийн даатгалын хураамж огт төлж байгаагүй бөгөөд 2018 оны 11 дүгээр сард өөрийн дүүгийн компанид ажилд орж 325 000 төгрөгийн цалин авсан гэсэн баримт эрүүгийн хэрэгт өгсөн байдаг. Энэ ажилд орсон баримтыг эрүүгийн хэрэгт нөхөн гаргаж өгсөн, ажилд орсон, цалин авч байсныг хууль ёсоор батлах баримт байдаггүй, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй тул цалингийн зөрүү төлөхгүй гэж үзэж байна. Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс Б.Над тэтгэмж тогтоохдоо нийгмийн даатгал төлж байсан хугацааны буюу 2008 оноос 2017 онд ажилласан жилийг үндэслэж тогтоосон. Б.Ныг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр буюу осолд орох үедээ ажилтай байж, нийгмийн даатгал төлж байсан гэж үзэх үндэслэлгүй. 2018 оны 11 дүгээр сард өөрийн төрсөн ах Б.Батнарангийн Саруха монгол компанид ажилд орсон гэх материалыг сүүлд нөхөн бүрдүүлж өгсөн боловч энэ компанийн борлуулалтын менежер гэх албан тушаалд томилогдсон тушаал шийдвэр харъяа дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст бүтгэгдээгүй, цалин авч нийгмийн даатгал төлж байгаагүй, 2018 оны 10 дугаар сард нийгмийн даатгал төлж байсан гэх баримт хэрэгт авч ирсэн боловч Саруха Мон Сооло ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр үндсэн ажилтан томилох тухай тушаал гаргасан байдаг ч энэ бүхэн дээр гарын үсэг зурсан тус байгууллагын дарга Тэмүүлэнгийн гарын үсэг нь өөр өөр байдаг. Энэ бүхнээс үзэхэд Б.Н нь 2018 оны 10 дугаар сард ажил хийж цалин авч байгаагүй нь нотлогдож байна. Мөн эрүүгийн хэрэгт хохирлын тооцоонд хавсаргаж өгөөд буцаагдаж байсан шатахуун худалдаж авсан баримтууд нь хэзээ хэний машинд ямар байдлаар худалдаж авсан, эдгээр машинуудад худалдаж авсан шатахуун бензиний үнийг яагаад би төлөх ёстой болохыг ойлгохгүй байна. Харин нэхэмжлэлд дурьдагдсан 9 дүгээр сарын 21-ний өдөр авсан эм 160 200 төгрөг, 3 дугаар сарын 03-ны өдөр авсан эм 45 000 төгрөг, Б.Нын нэртэй 75 000 төгрөг, 5000 төгрөгийг тушаасан баримтууд хэрэгт авагдсан байх тул эдгээр төлбөрийг төлөхийг зөвшөөрч, үлдэх төлбөрийг төлөхгүй гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1.,505.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.Цэс 2 354 201 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Над олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 042 999 төгрөгийн нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.3., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Н нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч Ө.Цэс улсын тэмдэгтийн хураамжид 52 617 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Ө.Цацрал-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Ө.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 17 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэр, Тессо ХХК-ийн баруун замд Тоёото Приус маркийн машин жолоодож яваад иргэн Б.Ныг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 289 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоолыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн юм. Энэ хэргийн хохирогч Б.Н нь осолд өртөж гэмтэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан бөгөөд энэ нь осолд орсон 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын хураамж төлж байгаагүй боловч 2018 оны 11 дүгээр сард өөрийн дүүгийн компанид сарын 750 000 төгрөгийн цалинтай ажилд орж энэ компаниас 325 000 төгрөгийн цалин нэг удаа авсан гэх үндэслэлээр цалин 750 000 төгрөг, түүнээс тахир дутуугийн тэтгэмжид авч байгаа 310 000 төгрөгийн зөрүү болох 11 805 000 төгрөг, эмийн болон шатахууны зардалд 562 200 төгрөг, Сэтгэцийн шинжээчийн дүгнэлт гаргуулсан 30 000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн байдаг. Шүүх Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар түүнийг хөдөлмөрийн чадвараа алдсанаас цалин хөлсөө аваагүй буюу дутуу авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй өөрөөр хэлбэл 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ажил хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн боловч нэхэмжлэгчийн шаардаагүй буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс зөрүүг тооцож шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч талаас Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт заасан үндэслэлийг хангах шаардлагаар шүүхэд нэхэмжлэгчээр оролцож буй Б.Ныг сэтгэцийн байдалд дахин дүгнэлт гаргуулах шаардлага тавьсан бөгөөд шүүхэд нэхэмжлэгч өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй болохоо нотлох үүрэгтэй гэж үзэж байна. Гэтэл түүний эрх зүйн чадамжтай эсэхийг тогтоолгох шаардлага тавьсан, энэ талаарх хүсэлтийг шүүх хангасан шинжээчийн зардал болох 30 000 төгрөгийг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Б.Нын нэхэмжлэлийн шаардлагаас шүүхийн төлүүлэхээр шийдвэрлэсэн цалин хөлс тэтгэмжийн зөрүү 2 039 001 төгрөг, шинжээчийн зардалд төлсөн 30 000 төгрөг, нийт 2 069 001 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Б.Н хариуцагч Ө.Цд холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахад гарсан зардал 12 367 200 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч эмийн үнэ 285 000 төгрөгөөс бусад хэсгийг эс зөвшөөрч, ...Б.Ныг осолд орох үедээ ажилтай байсан, нийгмийн даатгал төлж байсан гэж үзэхгүй, автомашинд ямар байдлаар шатахуун худалдаж авсан нь тодорхойгүй тул бинзений үнийг төлөхгүй гэх үндэслэл заан маргажээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 289 тоот шийтгэх тогтоолоор Ө.Цацрал-Эрдэнийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 06 сараар хасч, 1 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулсан, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулжээ. /хх.4-8/

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан.

Б.Ныг Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт болон нийгмийн даатгалын дэвтэрт Алейск импекс ХХК-д оператор албан тушаалтай ажиллаж байсан тухай тэмдэглэсэн байна. /хх.56, 59/

Хэрэгт авагдсан нотлох баримт болох Шүүх эмнэлгийн дүгнэлтээс үзэхэд Б.Нын биед баруун дагз яс, суурь ясны шугаман хугарал, баруун ухархайн дотор ханын хугарал, зүүн дух, чамархай, зулай хэсгийн хатуу хольсан доорх цус хуралт, тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбээнд эдийн няцрал, зүүн бугаланд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмдлийн хүнд зэрэгт хамаарна гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэр гарч Б.Нын хөдөлмөрийн, чадвар алдалтын хувь хэмжээг 12 сарын хугацаатай 70 %-иар тогтоосон хугацааг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сунгажээ. /хх.91/

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоохдоо түүнийг 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд 08 жил 03 сар 09 өдөр нийгмийн даатгалын шимтгэл төлж, ажиллаж байсан гэж үзжээ. /хх.54/

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж заасан бөгөөд анхан шатны шүүх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс түүний хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжийн зөрүүг тооцож олгосон нь хуульд нийцжээ.

Шүүх Б.Нын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг зөв тооцож, хариуцагч 2 039 001 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзсэн нь буруу биш байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс Б.Ныг иргэний эрх зүйн чадамжтай эсэхийг тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх хангаж, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн шинжээчийн төлбөрт нэхэмжлэгч Б.Нын төлсөн 30 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. /хх.112-113/

Иймд анхан шатны шүүх хариуцагч Ө.Цэс эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахад гарсан зардалд 285 200 төгрөг, шинжээчийн зардалд төлсөн 30 000 төгрөг, цалин хөлсний зөрүү 2 039 001 төгрөг нийт 2 354 201 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Над олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан ...шүүх нэхэмжлэгчийн шаардаагүй буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс зөрүүг тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, шинжээчийн 30 000 төгрөгийг төлөхгүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/02349 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ц.ИЧИНХОРЛОО