Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2020/02349

 

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2020/02349

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, шүүгч О.Одгэрэл, Г.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Н-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ө.Ц-д холбогдох

гэм хорын хохирол 7.892.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт талуудын гаргасан хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Н , түүний өмгөөлөгч Ж.Э, хариуцагч Ө.Ц , түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, иргэдийн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч Ө.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 17 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Тессо ХХК-ний баруун замд Б.Баярболдын эзэмшлийн Тоёота Приус маркийн 60-49 УНД улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.Н  намайг мөргөж, миний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 289 дугаартай шийтгэх тогтоолоор Ө.Ц ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 сараар хасч, 1 жилийн хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн.

Шүүхийн 289 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7-д ... цаашид гарах эмчилгээтэй болон хохирогч Д.Наранбатын цалинтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж... шийдвэрлэсэн.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 198344 дугаартай шийдвэрээр Б.Н  би эмчийн байнгын хяналтанд орж, тахир дутуугийн группэд орсон ба миний хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоож, би сард, тахир дутуугийн тэтгэмжид 310.000 төгрөг авах болсон. Одоо би эмчийн байнгын хяналтад орж, эмийн эмчилгээ байнга хийлгэж байна.

2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гарч 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хөдөлмөр чадвар алдалтын хувь хэмжээг 70 хувиар тогтоосон актыг 12 сараар буюу 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сунгасан.

Би Ө.Ц ээс 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 03 сарын 05-ны өдөр хүртэлх 3 сарын ажлын хөлс 2.250.000 төгрөг,

2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх тахир дутуугийн тэтгэмж, ажлын хөлсний 9 сарын зөрүү 3.520.000 төгрөг,

2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны буюу 4 сарын 1.560.000 төгрөг,

2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх 11 cap 15 хоногийн ажлын хөлс тэтгэмжийн зөрүүд 4.475.000 төгрөгийг тус тус гаргуулж цалин, тэтгэмжийн зөрүүд 11.805.000 төгрөг, эмийн болон шатахууны зардалд 562.200 төгрөг, нийт 12.367.200 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Мөн хариуцагч Ө.Ц, түүний өмгөөлөгч Ц.А нар миний сэтгэцийн байдалд эргэлзэж, намайг эрх зүйн чадамжтай эсэх талаар маргасан тул шүүхээс Сэтгэцийн Эрүүл мэндийн төвөөр миний сэтгэцийн байдлын талаар дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч, түүний өмгөөлөгч нар хүсэлт гаргаж сэтгэцийн дүгнэлт гаргуулсан байхад би СЭМҮТ-д шинжээчийн дүгнэлтийн төлбөрт 30,000 төгрөг төлсөн. Үүнийг хариуцагч Ө.Ц төлөх ёстой гэж үзэж байгаа тул шинжээчийн дүгнэлтийн 30.000 төгрөгийг Ө.Ц-с гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Тэссо ХХК-ний хажуугийн замд Тоёота Приус маркийн автомашин жолоодож яваад осол гаргаж, Б.Н ыг мөргөн, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 289 тоот шийтгэх тогтоолоор ял шийтгэгдээд байгаа юм.

Б.Н ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь Б.Н  2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл буюу осолд орох хүртэл хугацаанд нийгмийн даатгалын хураамж огт төлж байгаагүй бөгөөд 2018 оны 11 дүгээр сард өөрийн дүүгийн компанид ажилд орж 325.000 төгрөгийн цалин авсан гэсэн баримт эрүүгийн хэрэгт өгсөн байдаг. Энэ ажилд орсон баримтыг эрүүгийн хэрэгт нөхөн гаргаж өгсөн, ажилд орсон, цалин авч байсныг хууль ёсоор батлах баримт байдаггүй, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй тул цалингийн зөрүү төлөхгүй гэж үзэж байна.

Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс Б.Н ад тэтгэмж тогтоохдоо нийгмийн даатгал төлж байсан хугацааны буюу 2008 оноос 2017 онд ажилласан жилийг үндэслэж тогтоосон.

Б.Н ыг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр буюу осолд орох үедээ ажилтай байж, нийгмийн даатгал төлж байсан гэж үзэх үндэсгүй. 2018 оны 11 дүгээр сард өөрийн төрсөн ах Б.Ба-ийн Саруха монгол компанид ажилд орсон гэх материалыг сүүлд нөхөн бүрдүүлж өгсөн боловч энэ компаний борлуулалтын менежер гэх албан тушаалд томилогдсон тушаал шийдвэр харъяа дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст бүтгэгдээгүй, энэ компанид ажиллаж, цалин авч нийгмийн даатгал төлж байгаагүй, 2018 оны 10 дугаар сард нийгмийн даатгал төлж байсан гэх баримт хэрэгт авч ирсэн боловч Саруха Мон Сооло ХХКомпанитай 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр үндсэн ажилтан томилох тухай тушаал гаргасан байдаг ч энэ бүхэн дээр гарын үсэг зурсан тус байгууллагын дарга Тэмүүлэнгийн гарын үсэг нь өөр өөр байдаг. Энэ бүхнээс үзэхэд Б.Н  нь 2018 оны 10 дугаар сард ажил хийж цалин авч байгаагүй нь нотлогдож байна.

Мөн эрүүгийн хэрэгт хохирлын тооцоонд хавсаргаж өгөөд буцаагдаж байсан шатахуун худалдаж авсан баримтууд нь хэзээ хэний машинд ямар байдлаар худалдаж авсан, эдгээр машинуудад худалдаж авсан шатахуун бензиний үнийг яагаад би төлөх ёстой болохыг ойлгохгүй байна.

Харин нэхэмжлэлд дурьдагдсан 9 дүгээр сарын 21-ний өдөр авсан эм 160.200 төгрөг, 3 дугаар сарын 03-ны өдөр авсан эм 45.000 төгрөг, Наранбатын нэртэй 75.000 төгрөг, 5000 төгрөгийг тушаасан баримтууд хэрэгт авагдсан байх тул эдгээр төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна. Үлдэх төлбөрийг төлөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй.

НЭГ: Хариуцагч Ө.Ц  нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 17 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Тессо ХХК-ний баруун замд Б.Баярболдын эзэмшлийн Тоёота Приус маркийн 60-49 УНД улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Замын Хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Н ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

Дээрх хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 289 тоот шийтгэх тогтоолоор шийдвэрлэхдээ Ө.Ц ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 сараар хасч, 1 жилийн хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулжээ. /хх-ийн 4-8-р хуудас/

Зохигчид Замын Хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Н ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан талаар болон гэм буруугийн асуудалд маргаагүй болно.

Нэхэмжлэгч Б.Н  нь цалин, тэтгэмжийн зөрүүд 11.805.000 төгрөг, эмийн болон шатахууны зардалд 562.200 төгрөг,шинжээчийн зардалд төлсөн 30.000 төгрөг, нийт 12.367.200 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч Ө.Ц  нь 9 дүгээр сарын 21-ний өдөр авсан эм 160.200 төгрөг, 3 дугаар сарын 03-ны өдөр авсан эм 45.000 төгрөг, Наранбатын нэртэй 75.000 төгрөг, 5000 төгрөг, нийт 285.200 төгрөгийг төлнө, үлдэх төлбөрийг төлөхгүй гэж маргажээ.

ХОЁР: Шүүх эмнэлгийн 93 дугаартай дүгнэлтэд:

1.Б.Н ын биед баруун дагз яс, суурь ясны шугаман хугарал, баруун ухархайн дотор ханын хугарал, зүүн дух, чамархай, зулай хэсгийн хатуу хольсан доорх цус хуралт, тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбээнд эдийн няцрал, зүүн бугаланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмдлийн хүнд зэрэгт хамаарна... гэж,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 261 дүгээр дүгнэлтэд:

1.Б.Н  нь тархины гэмтлийн шалтгаант тархи эмгэгшил, хэсэгчилсэн ойгүйдэл сэтгэцийн эмгэгтэй байна.

2.Б.Н ын дээрх өвчин нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр буюу зам тээврийн осол болсон өдрөөс эхэлсэн байна.

3.Уг өвчин нь авто ослын улмаас үүссэн сэтгэцийн олдмол эмгэг болно.

4. Б.Н  нь зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна гэж тус тус тогтоогджээ. /хх-ийн 6-р хуудас/

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэр гарч Б.Н ын хөдөлмөрийн, чадвар алдалтын хувь хэмжээг 12 сарын хугацаатай 70 %-иар тогтоожээ. /хх-ийн 9, 56-р хуудас/

Дээрх комиссын шийдвэрийг үндэслэн Б.Н ыг 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд 08 жил, 03 сар, 09 өдөр нийгмийн даатгалын шимтгэл төлж, ажиллаж байсан гэж тооцон түүнд олгох тэтгэвэрийн хэмжээг 310.000 төгрөгөөр тогтоожээ. /хх-ийн 10, 53-55-р хуудас/

Б.Н ын Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актад түүний ажлын газрыг Алейка импекс оператор гэсэн байх бөгөөд нийгмийн даатгалын дэвтэрт Алейск импекс ХХК-д оператор албан тушаалтай ажиллаж байсан тухай тэмдэглэсэн байна. /хх-ийн 56, 59-р хуудас/

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэр гарч Б.Н ын хөдөлмөрийн, чадвар алдалтын хувь хэмжээг 12 сарын хугацаатай 70 %-иар тогтоосон хугацааг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сунгажээ. /хх-ийн 91-р хуудас/

ГУРАВ: Б.Н  нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр буюу авто осол гарах үед Саруха Мон Соло ХХК-д 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Хөлсөөр ажиллах гэрээний дагуу борлуулалтын менежерийн ажил эрхэлж байсан гэж мэтгэлцэж байгаа боловч түүний хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон актад Алейка импекс оператор ажилтай гэж тодорхойлсон, нийгмийн даатгалын дэвтэрт нь 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш ажил эрхэлж нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан тухай бичилтийг хийгээгүй, түүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоохдоо түүнийг 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд 08 жил, 03 сар, 09 өдөр нийгмийн даатгалын шимтгэл төлж, ажиллаж байсан гэж үзсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 19, 20, 56-р хуудас/

Иймд Б.Н ыг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1.-д зааснаар түүнийг хөдөлмөрийн чадвараа алдсанаас цалин хөлсөө аваагүй буюу дутуу авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ажил, хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс зөрүү тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2018 онд 240.000 төгрөг, 2019 онд 320.000 төгрөг, 2020 онд 420.000 төгрөгөөр тогтоогджээ:

3.1. 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 03 сарын 05-ны өдөр хүртэлх 3 сарын ажлын хөлс 2.250.000 төгрөгийн тухайд:

-2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 25 хоногт 200.000 төгрөг

/240.000 төгрөг:30 хоног =8000 төгрөг, 8000 төгрөг х 25хоног=200.000 төгрөг/

-2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 2 сар 5 хоногт 693.335 төгрөг

/ 2 сар х 320.000 төгрөг = 640.000 төгрөг, 320.000төгрөг:30хоног=10667төгрөг, 10667төгрөг х 5хоног= 53335 төгрөг , 640.000 төгрөг + 53.335 төгрөг= 693.335 төгрөг/

2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 03 сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд 200.000 төгрөг +693.335 төгрөг = 893.335 төгрөг

3.2. 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх тахир дутуугийн тэтгэмж, ажлын хөлсний 9 сарын зөрүү 3.520.000 төгрөгийн тухайд:

-2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 8 сар 29 хоногт = 89.657 төгрөг

/320.000 төгрөг-310.000 төгрөг = 10.000 төгрөг, 10.000 төгрөг х 8 сар=80.000 төгрөг,

10.000 төгрөг:30хоног = 333 төгрөг , 333 төгрөг х 29 хоног =9.657төгрөг, 80.000 төгрө+9.657төгрөг= 89.657 төгрөг/

3.3. 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны буюу 4 сарын зөрүү 1.560.000 төгрөгийн тухайд:

-2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацааны 26 хоногт 8658 төгрөг /333 төгрөг х 26 хоног = 8658 төгрөг/

-2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 9 сар 17 хоногт

/420.000 төгрөг -310.000 төгрөг = 110.000 төгрөг , 110.000 төгрөг х 9 сар= 990.000 төгрөг , 110.000 төгрөг:30хоног = 3666 төгрөг , 3666 төгрөг х 17 хоног = 62.333 төгрөг, 990.000 төгрөг +62333 төгрөг= 1.052.333 төгрөг /

Иргэний хуулийн 509 дүгээр зүйлийн 509.1.-д Хохирогч... хөдөлмөрийн чадвараа алдсаниай холбогдсон төлбөрийг сар тутам төлнө гэжээ.

Иймд нэхэмжлэгч Б.Н ын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд цалин, хөлс тэтгэмжийн зөрүүд 2.039.001 төгрөг /200.000 төгрөг+693.335 төгрөг+89.657 төгрөг+8658 төгрөг+1.052.333 төгрөг =2.039.001/-ийг хариуцагч Ө.Ц эс гаргуулах үндэстэй.

Нэхэмжлэгч Б.Н ын 9 дүгээр сарын 21-ний өдөр авсан эм 160.200 төгрөг, 3 дугаар сарын 03-ны өдөр авсан эм 45.000 төгрөг, Наранбатын нэртэй 75.000 төгрөг, 5000 төгрөг, нийт 285.200 төгрөгийг хариуцагч Ө.Ц  төлөхийг зөвшөөрсөн бөгөөд бензин, шатахууны зардал нэхэмжилсэн 277.000 төгрөгийг ослын улмаас учирсан хохирол гэж тооцохгүй болно.

Дээрх бүхнээс дүгнэхэд хариуцагч Ө.Ц эс цалин, хөлс, тэтгэмжийн зөрүүд 2.039.001 төгрөг, эмийн зардалд төлсөн 285200 төгрөг, шинжээчийн зардалд төлсөн 30.000 төгрөг, нийт 2.354.201 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Н ад олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10.042.999 төгрөгийн нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

          1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1.,505.2. дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.Ц эс 2.354.201 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Н -д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10.042.999 төгрөгийн нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.3., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Н  нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч Ө.Ц эс улсын тэмдэгтийн хураамжид 52617 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

               3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                 Ч.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД                                         О.ОДГЭРЭЛ

 

                                                                                                Г.ЭНХЦЭЦЭГ