Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2022/01149

 

Б.Нын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/02349 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0184 дүгээр магадлалтай,

Б.Нын нэхэмжлэлтэй

Ө.Цд холбогдох

Гэм хорын хохиролд 12,367,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ө.Ц, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа, хариуцагч Ө.Цацрал-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Б.Н нь Ө.Цд холбогдуулан гэм хорын хохиролд 12,367,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/02349 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.Цэс 2.354.201 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Над олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10.042.999 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Н нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Ө.Цэс улсын тэмдэгтийн хураамжид 52617 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0184 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/02349 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Ө.Ц, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нар хяналтын гомдолдоо: ...Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, хяналтын шатны шүүхэд дараах гомдлыг гаргаж байна. 1. Өнөрсайхан овогтой Ө.Ц нь 2018.12.05-ны өдрийн 17 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэр, “Тессо” ХХК-ийн баруун замд Тоёото Приус маркийн машин жолоодож яваад иргэн Б.Ныг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 289 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд шийтгэх тогтоолыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан юм. Энэ хэргийн хохирогч Б.Н нь осолд өртөж гэмтэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан бөгөөд осолд орсон 2018.12.05-ны өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын хураамж төлж байгаагүй юм. Гэтэл 2018 оны 11 дүгээр сард өөрийн дүүгийн компанид сарын 750,000 төгрөгийн цалинтай ажилд орж энэ компаниасаа 325,000 төгрөгийн цалин нэг удаа авсан гэх үндэслэлээр цалин 750,000 төгрөг, түүнээс тахир дутуугийн тэтгэмжид авч байгаа 310,000 төгрөгийн зөрүү болох 11,805,000 төгрөгийн эмийн болон шатахууны зардалд 562,200 төгрөг, сэтгэцийн шинжээчийн дүгнэлт гаргуулсан 30,000, нийт 12,397,200 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар түүнийг хөдөлмөрийн чадвараа алдсанаас цалин хөлсөө аваагүй буюу дутуу авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй өөрөөр хэлбэл 2018.12.05-ны өдөр ажил хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийн шаардаагүй буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс зөрүүг тооцож Ө.Цэс гаргуулахаар шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг хэвээр үлдээснийг үндэслэлгүй гэж үзэж байна. 2. Хариуцагч талаас шүүхэд нэхэмжлэгчээр оролцож буй Б.Нын эрх зүйн чадамжтай эсэх нь эргэлзээтэй гэж үзэж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дүгээр зүйлд заасан үндэслэлийг хангах шаардлагаар түүний сэтгэцийн байдалд дахин дүгнэлт гаргуулах шаардлага тавьсан бөгөөд шүүхэд нэхэмжлэгч өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох “эрхтэй” эсэхээ нотлох үүрэгтэй. Гэтэл түүний эрх зүйн чадамжтай эсэхийг тогтоолгох шаардлага тавьсан, энэ талаарх хүсэлтийг шүүх хангаж шинжилгээ хийлгэсэн шинжээчийн зардал болох 30,000 төгрөгийг хариуцагч Ө.Цэр төлүүлэх шийдвэр гаргасныг мөн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан. Эдгээр заалтыг үндэслэн Ө.Ц нь шүүхээр шийтгүүлэх үедээ хохирогч Б.Над түүний нэхэмжилсэн эмчилгээний болон бусад зардал 5,720,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан ба иргэний шүүхэд нэхэмжилсэн эмчилгээний зардал, эм тарианы мөнгө болох 285,200 төгрөгийг төлөх үндэстэй гэж үзэж байгаа юм. Харин анхан шатны шүүхээс Б.Над олгохоор шийдвэрлэсэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон зөрүү, шинжээчийн зардал зэрэг нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хууль зөрчиж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зөрүүлсэн шийдвэр гаргасан тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, Б.Нын нэхэмжлэлийн шаардлагаас шүүхийн төлүүлэхээр шийдвэрлэсэн цалин хөлс тэтгэмжийн зөрүү 2,039,001 төгрөг, шинжээчийн зардалд төлсөн 30,000 төгрөг, нийт 2,069,001 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

6. Нэхэмжлэгч Б.Н, хариуцагч Ө.Цд холбогдуулан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 12,367,200 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлээс эмийн үнэ 285,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй маргахдаа “...Б.Н нь осолд орох үедээ ажилтай байсан, нийгмийн даатгал төлж байсан нь нотлогдоогүй тул цалин хөлс, тэтгэмжийн зөрүүг шаардах эрхгүй, автомашинд ямар байдлаар шатахуун худалдаж авсан нь тодорхойгүй тул бензиний үнийг төлөхгүй гэх үндэслэл заажээ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж хариуцагчаас 2,354,201 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

8. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.03.07-ны өдрийн 289 тоот шийтгэх тогтоолоор Ө.Цацрал-Эрдэнийг 2018.12.05-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа явган зорчигч Б.Ныг мөргөж, биед нь хүнд гэмтэл учруулж, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 06 сараар хасч, 1 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулсан, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулжээ.

Шүүхийн уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой үйл баримтыг дахин нотлохгүй тул хариуцагч талын хууль бус ажиллагаа, гэм буруугийн асуудал тогтоогдсон гэж үзнэ.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Хариуцагчийн хууль бус ажиллагаа болон гэм буруу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тул хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.

10. Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2020.03.27-ны өдрийн шийдвэрээр  Б.Нын хөдөлмөрийн, чадвар алдалтын хувь хэмжээг 12 сарын хугацаатай 70 %-иар тогтоосон хугацааг 2020.03.20-ны өдрөөс 2021.03.20-ны өдрийг хүртэл сунгасан, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоохдоо түүнийг 2008.10.16-2017.11.04-ний хооронд 08 жил 03 сар 09 өдөр нийгмийн даатгалын шимтгэл төлж, ажиллаж байсан гэж үзсэн байх ба осол гарах үед ажил эрхлээгүй байсан тул хоёр шатны шүүх сарын орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцсон нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт заасан “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэсэн зохицуулалтыг зөрчөөгүй.

11. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан.

Шүүх Б.Нын 2018.12.05-ны өдрөөс 2020.09.17-ны өдрийг хүртэлх хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг  тооцож 2,039,000 төгрөг, шинжээчийн зардал 30,000 төгрөг, эмийн зардал 285,200 төгрөг, нийт 2,354,201 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Над олгож шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй байна.

12. Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас учруулсан хүнд гэмтлийг эмчлэхэд нэхэмжлэгч нь зардал гаргасан, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан нь хөдөлмөрлөх болон орлого олох боломжийг алдагдуулсан байх тул уг зардлаас чөлөөлөгдөх үндэслэлгүй, “зөвхөн эмийн зардлыг хариуцна, бусад зардлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/02349 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0184 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 48,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                             ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                           Х.ЭРДЭНЭСУВД

                              ШҮҮГЧИД                                                            Г.БАНЗРАГЧ

                                                                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                                           Б.МӨНХТУЯА

 

                                                                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ