Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2020/02656

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Л.Б-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Х.Н - д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 10,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагч Х.Н , хариуцагчийн өмгөөлөгч Ц.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х.Н  нь Л.Б гийн нөхөр болох н.Буянжаргалын үүсгэн байгуулсан Н Х  ХХК-д 2018 он хүртэл ажилласан нь үнэн. Энэ хугацаанд компанийн зүгээс Х.Н гийн амьдрал ахуйг нь дэмжих шаардлага их байсан. 2011 оны 02 дугаар сард Х.Н  нь компаниас зээл авахыг хүсэхэд компанийн захирал н.Буянжаргал компаниас зээл олгохгүй, харин өөрийн эхнэр болох Л.Б гаас хувийн зээл авах боломжтой гэх саналыг тавьсан.

Х.Н  зээл авах хүсэлтээ илэрхийлсний дагуу Л.Б гийн зүгээс 2011 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Х.Н гийн төрсөн эх Д.Н ийн арилжааны банкны харилцах дансанд 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Х.Н  Л.Б гаас авсан зээлээ цалин хөлснөөс суутгуулах саналыг тавьсан ч энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн цалин хөлснөөс суутгал хийх зарчимд нийцэхгүй гэж үзээд хувийн журмаар төлөх шаардлагыг тавьсан.

Л.Б  нь Х.Н д зээлээ төлөх шаардлагыг удаа дараа тавьж байсан. Л.Б , Х.Н  нар нь зээлийн гэрээг хугацаа тогтоохгүйгээр байгуулсан гэж үзэж байгаа. 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Х.Н  нь эхнэрийн магистрын сургалтын төлбөрийн мөнгө нэхэгдээд байна, удахгүй буцааж өгнө гэж хэлээд 1,500,000 төгрөгийг зээлсэн бөгөөд уг баримт нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Х.Н  нь 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 300,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Оросын холбооны улс руу явах гэж байгаа юм мөнгө зээлээч гэж хэлэн 2,000,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр мөн л Оросын холбооны улс явахдаа 2,000,000 төгрөгийг тус тус зээлсэн.

Зээл авах бүрт өмнөх зээлээ яах юм бэ гэж асуухад мэдэж байгаа гэдэг байдлаар хариу өгдөг байсан. Х.Н  нь Л.Б д мөнгө зээлээч гэсэн санал тавьж мөнгө шилжүүлсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан. Л.Б  нь Х.Н тай зээлийн гэрээ байгуулахдаа тодорхой хугацаа заагаагүй. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг зээлдүүлэгч шаардсанаар буцаан төлөх үүрэгтэй. Л.Б  нь Х.Н г итгэл даах хэмжээний хуурай дүүгээ болсон гэж үзэж байсан. Энэ утгаараа зээл олгохдоо тодорхой хугацаа зааж өгөөгүй.

Х.Н  2018 оны 12 дугаар сард гэнэт ажлаа хаяж сураггүй болсон. Л.Б  2019 онд Х.Н тай холбогдоход ажлаа хүлээлгэж өгнө, тантай хувийн тооцоогоо хийнэ гэж хэлсэн боловч ирээгүй. Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.2 дахь хэсэгт зааснаар Х.Н  зээлээ буцаан төлөхгүй байх эрсдэл үүссэн учраас Л.Б  нь зээлийн үүргээ шаардаж шүүхэд хандсан. Х.Н  шүүхэд гаргасан хариу тайлбартаа Л.Б гаас авсан зээлийг цалингаасаа буцаан төлсөн гэж байгаа нь үндэслэлгүй юм. Гэхдээ Х.Н  нь Л.Б гаас зээл авсан үйл баримтад маргадаггүй.

Л.Б гийн нөхөр Н Х  ХХК-ийг үүсгэн байгуулж, Х.Н г ажилд авснаас хойш бие биенээ таньдаг болсон. Л.Б гийн нөхөр буюу Н Х  ХХК-ийн захирал н.Буянжаргал 2014 онд нас барснаас хойш Л.Б  нь Н Х  ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болж компанийг цааш үргэлжлүүлж байгаа. Компанийн удирдлага ажилтныхаа цалингаас мөнгө суутгах боломжгүй учраас өнөөдрийг хүртэл мөнгөө авч чадаагүй. Мөн Х.Н  нь компанийн үнэтэй эд хөрөнгийг хувьдаа завшсан асуудлаар Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа.

Иймээс эрх зүйн маргаантай харилцааг тодорхой болгохын тулд Л.Б  гэх иргэнээс зээлсэн мөнгийг шаардлага болгож гаргаж байгаа юм. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Х.Н гаас 10,800,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2011 оноос Н Х  ХХК-д гадаад худалдааны менежерийн албан тушаалд ажиллаж эхэлсэн. Н Х  ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирал нь Ц.Б  гэх хүн байсан. Миний бие 2012 онд орон сууцны урьдчилгаа төлбөрт 5,000,000 төгрөг дутаж байгаа талаар Н Х  ХХК-ийн захирал Ц.Б д хэлсэн. Тухайн үед Ц.Б  зөвшөөрч түүний эхнэр Л.Б гийн данснаас манай ээжийн данс руу тус мөнгийг шилжүүлж байсан. Үүний дараа 2012 онд хотоос гарч ажиллахдаа сар болгоны өөрийнхөө цалингаас тодорхой хэмжээний мөнгийг хасуулахаар Ц.Б  захиралтай ярилцаж тохиролцсон. Тухайн үед ерөнхий нягтлан байсан Б.Анар цалингийн хүснэгт дээр надаар гарын үсэг зуруулж, суутгаж авдаг байсан. Энэ талаар санхүүгийн тайлан тооцоонд тусгагдаад явдаг.

Түүнээс гадна Н Х  ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагааны зардлыг Ц.Б  захирал эсхүл түүний эхнэр Л.Б  миний данс руу мөнгө шилжүүлж, би тухайн мөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулдаг байсан. Зарим тохиолдолд дутуу мөнгийг өөрөөсөө гаргаж тайлан тооцоогоо бодож сар бүрийн эцэст ерөнхий нягтлан Б.Анарт өөрөөс гарсан зардлын баримтыг өгч, зээлийн мөнгөнөөс суутгуулж явдаг байсан.

Ц.Б  захирлыг өөд болсны дараа Л.Б  100 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Л.Б  нь зээлүүлсэн 5,000,000 төгрөг болон 1,500,000 төгрөгийн зээлийг төл гэж хэлдэггүй байсан. Учир нь сар бүрийн цалингаас суутгуулах эсхүл үйл ажиллагааны зардалд гарсан илүү мөнгийг өөрөөс гаргаж түүнийгээ хасуулаад явдаг байсан учраас Л.Б  надаас өмнөх зээлээ хэзээ төлөх талаар асууж байгаагүй. Дээрх байдлаар 2018 оны 03 дугаар сард авсан 300,000 төгрөгийг төлж барагдуулсан. 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Оросын Холбооны улс руу сургалтад явахдаа 4,000,000 төгрөг зээлсэн. Оросын Холбооны улсаас ирсний дараа компанийн үйл ажиллагаанд хувийн зүгээс мөнгө гарган зарцуулж, ерөнхий нягтлангаар хасалт хийлгэх байдлаар суутгуулж явдаг байсан.

Би 2018 оны 12 дугаар сард Л.Б д өөрийн гараар өргөдлөө өгсөн. 20 гаруй хоногийн хугацаанд миний өргөдлийг шийдэж өгөхгүй, мөн орлон гүйцэтгэх хүнийг олж өгөхгүй, өөрийн хариуцаж байсан үйл ажиллагааг хэнд зааж үлдээх нь тодорхой байсан учраас Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажлаас гарсан. 2019 оны 01 дүгээр сард компанийн тоног төхөөрөмжийг борлуулж өгч байхад Л.Б  зээл болон ажлаа хүлээлгэж өгөх талаар ярьж байгаагүй.

Н Х  ХХК-ийн Хан-Уул дүүргийн хүрэл тогоотын аманд гүйцэтгэж байсан хөөсөн дулаалгын ажилд шаардлагатай хамгаалах хэрэгсэл, бензин түлш, ажилчдын өдрийн хоол, унааны зардал зэргийг өөрөөсөө санхүүжүүлэн, холбогдох төлбөрийн баримтыг нягтлан О.Алтанчимэгт хүлээлгэн өгсөн. Ноёнхүрд ХХК-ийн Тоёота таванбогд ХХК-д гүйцэтгэж байсан тосны шугам хоолойн засварын ажилд шаардлагатай материал, багаж хэрэгслийг өөрөөсөө санхүүжүүлэн, зээлсэн 4,000,000 төгрөгөөс суутгуулдаг байсан. Нягтлан үүнийг Ноёнхүрд ХХК-ийн кассын тайланд нэг бүрчлэн тусгадаг байсан тул санхүүгийн тайлан, кассын тайлан, кассын баримтаар нотлогдоно.

2011 оноос хойш Ц.Б , Л.Б  нараас зээлсэн, зээлийн эргэн төлөлтийг тэдгээрийн 100 хувийн эзэмшлийн Ноёнхүрд ХХК-аас надад олгох байсан хөдөлмөрийн хөлс, компанийн гарах ёстой байсан үйл ажиллагааны зардлыг Х.Н  би төлж барагдуулах замаар үүрэг тооцох хэлбэрээр төлбөрийг барагдуулсан. Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийн хүрээнд тухайн ажлаас гарах хүсэлтээ албан ёсоор мэдэгдсэний дагуу хүсэлтийг шийдвэрлэхгүй, ажил хүлээлцүүлэхгүй байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу орхиж явсныг ажлаа хаяж явсан гэх хууль зүйн үндэслэлгүй зүйл ярьж, хувийн өс хонзонгийн сэдэлт санааны үүднээс нэгэнт төлөгдсөн мөнгийг дахин төлүүлэхээр шүүхээр нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй. Хавтаст хэрэгт Л.Б , Х.Н  нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон ямар нэгэн бичгийн нотлох баримт байхгүй байна. Л.Б , Х.Н  нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэний улмаас Л.Б гийн данснаас 5,000,000 төгрөг шилжсэн гэх үйл баримт нотлогдохгүй байна. Нэхэмжлэгч тал Х.Н г ажлаа хаяж явсны дараа зээлийн гэрээний үүргийг шаардах болсон гэж байгаа боловч гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага эрх 3 жил байдаг. Үүнийг шүүхээс анхаарч үзэхийг хүсэж байна. Мөн нэхэмжлэгч тал олон удаа зээлийн мөнгөө шаардсан гэдэг ч үүнийг нь нотлох баримт байхгүй байна. Ажлаа хаяж явсан гэх асуудал нь уг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй.

Нэхэмжлэгч нь цагдаад худал, нотлогдохгүй мэдээлэл өгч, шалгуулсан. Энэ хэрэг нь нотлогдохгүй байна гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, хаасан. 2015 оны 10 дугаар сарын эхээр 1,500,000 төгрөгийн зээлийг сар тутмын цалингаас төлөөд дуусгасан. Миний үйлчлүүлэгч сард 800,000 төгрөгийн цалин авдаг байсан баримтаа хэрэгт хавсаргаж өгсөн. Хэрэв нэхэмжлэгч тал цалингаас суутгаж байгаагүй гэж маргаж байгаа бол миний үйлчлүүлэгчид цалинг нь бүрэн өгч байсан гэх баримтаа гаргаж өгөх ёстой. Иймээс нэхэмжлэгч нь уг баримтыг гаргаж өгөөгүй мөн хариу тайлбарт няцаалт хийж чадахгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. Миний үйлчлүүлэгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа хэзээ хэдэн төгрөгийг суутгуулж байснаа дэлгэрэнгүй бичсэн байгаа. 300,000 төгрөгийн зээлийг Х.Н  нь үйл ажиллагааны зардлын мөнгийг гаргаж суутгуулсан гэдгээ хэлсэн. Нэхэмжлэгч талаас уг тайлбарыг няцааж чадаагүй.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн тайлбарт няцаалт хийгээгүй учраас төлбөр бүрэн төлөгдсөн гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 10,800,000 төгрөг хууль зүйн үндэслэлгүй байна” гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Б  нь хариуцагч Х.Н д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь Л.Б гийн Н Х  ХХК-д ажиллах хугацаандаа зээлийг төлсөн гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд “Зээлийн гэрээ” аман хэлбэрээр байгуулагдаж, нэхэмжлэгч Л.Б гаас 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 5,000,000 / таван сая/ төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 1,500,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 300,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөгийг арилжааны банкаар дамжуулан шилжүүлсэн болох нь баримтаар нотлогдож байна. /хх-ийн 6-9 дэх тал/

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа байгуулсан ба нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хариуцагч Х.Н гаас шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Н Х  ХХК-д Х.Н  ажиллаж байсан ба байрны урьдчилгаа төлбөрт зориулж Л.Б гаас ээж Д.Нарацэцэгийн дансаар 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 5,000,000 / таван сая/ төгрөг зээлсэн, 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 1,500,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 300,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөгийг ОХУ-д сургалтанд явахад зориулж зээлсэн. Нэг ч төгрөг буцааж төлөөгүй. Л.Б гаас зээлсэн мөнгийг Б- д буцаан өгөх үүрэгтэй. Н Х  ХХК-аас зээлээгүй. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар хугацаа тохиролцоогүй тул зээлийн шаардсанаар буцаан төлөх үүрэгтэй” гэж, хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Н Х  ХХК-ийн захирал Ц.Б аас 2011 онд байрны урьдчилгааны мөнгө зээлэхээр хэлэхэд эхнэрээс ав гэж хэлсэн ба ээж Д.Н ийн дансаар шилжүүлэн авсан. Эхнэрийн сургалтын төлбөрт 1,500,000 төгрөг зээлж авсан. Уг мөнгийг цалингаасаа суутгуулж төлсөн. Мөн, ОХУ-д сургалтад явахад 4,000,000 төгрөгийг зээлсэн. Уг мөнгийг Н Х  ХХК-ийн Хүрэл тогоотын аманд гүйцэтгэж байсан хөөсөн дулаалгын ажилд шаардлагатай хамгаалах хэрэгсэл, түлш, шатахуун, ажилчдын өдрийн хоолны зардал зэргийг өөрөөсөө гаргаж санхүүжүүлсэн, мөн Н Х  ХХК-ийн Тоёота таван богд ХХК-д гүйцэтгэж байсан тосны шугам хоолойн засварын ажилд шаардлагатай материал, багаж хэрэгслийг өөрөөсөө санхүүжүүлсэн” гэж тус тус тайлбарласан.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил,” 82 дугаар зүйлийн 82.1-д “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.” гэж тус тус заажээ.

 

Л.Б  нь 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 5,000,000 / таван сая/ төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 1,500,000 төгрөгийг хариуцагч Х.Н гаас шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжтой байсан атлаа уг эрхээ хэрэгжүүлээгүйн улмаас шаардах гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хариуцагч нь уг үндэслэлээр маргаж, үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байх тул 6,500,000 төгрөгт тооцогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй гэх тайлбар үндэслэлгүй ба хугацаа тохиролцоогүй зээлийн гэрээний хувьд шаардах эрх нь хөөн хэлэлцэх хугацаагаар тодорхойлогдох тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжтой.

 

Хариуцагч нь Н Х  ХХК-д ажиллах хугацаандаа цалингаас төлсөн гэж тайлбарлах боловч иргэн Л.Б гаас авсан зээлийг хуулийн этгээдэд төлж, цалингаас суутгуулсан гэх тайлбар үндэслэлгүй, мөн уг зээлийг төлсөн гэх боломж хариу тайлбарт дурьдсан цалингийн хэмжээ, нийгмийн даатгалын дэвтэрт хийсэн бичилт зөрүүтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Мөн, хариуцагч  нь Н Х  ХХК-ийн гүйцэтгэсэн ажилд хувиасаа зардал гаргасан нь иргэн Л.Б гийн зээлийг төлсөн үйл баримт гэж үзэх боломжгүй тул хариуцагчаас 4,300,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Х.Н  нь Н Х  ХХК-д суутгуулсан цалин болон хувиасаа гаргасан гэх мөнгийг шаардахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Иймд, хариуцагч Х.Н гаас 4,300,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,500,000 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагч Х.Н гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,300,000  төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187,750 улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 187,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ЭНХБАЯР