Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/00264

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/00264

 

Мгийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/02970 дугаар шийдвэртэй

Мгийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Бт холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 214 733 333 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар, хариуцагч Л.Б, түүний өмгөөлөгч В.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Мгийн төлөөлөгч Б.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюундарь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М болон иргэн Л.Б нарын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 04-ний 2 тоот гэрээ зээлийн гэрээ байгуулагдсан. Тус зээлийн гэрээгээр Л.Бт 200 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Улмаар М нь тус гэрээ байгуулах өдөр 200 000 000 төгрөгийг Л.Бын нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны 411014934 тоот данс руу шилжүүлсэн. Л.Б 200 000 000 төгрөгийн зээл хүссэн хүсэлтийг өөрөө гаргасан. М зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн боловч зээлийн гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дууссан. Л.Б нь зээлийн эргэн төлөлт огт хийгээгүй байна. М болон Л.Б нарын хооронд жилд 1-2 удаагийн зээлийн гэрээний харилцаа үүссэн байдаг. Зарим зээлийн гэрээний төлбөр төлөгдөж зарим нь бүрэн төлөгдөж дуусаагүй. 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний төлбөрийг төлөөгүйгээс шалтгаалж шүүхийн журмаар эвлэрлийн гэрээг талууд байгуулсан. Яг ийм зарчмаар 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №2 тоот зээлийн гэрээ байгуулагдсан. Уг зээлийн гэрээний төлбөрийг төлөөгүй учир үндсэн төлбөр 200 000 000 төгрөг, хүү 14 733 333 төгрөг, нийт 214 733 333 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Л.Боос 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 2 тоот зээлийн гэрээний үүрэгт 214 733 333 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Ганболд нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мгийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэчимэгийн Л.Боос нэхэмжилсэн 200 000 000 төгрөг, хүү 14 733 333 төгрөг бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талууд хэрэг дээрээ хууль зүйн ямарваа үр дагавар гаргахыг хүсдэггүй бөгөөд энэ үйлдлээрээ гадна талдаа хэлцлийн дүр үзүүлэхийг урьтал болгодог. Ийм хэлцэл хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна. Учир нь 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр МЭС-ийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэчимэг Б.Энхтуулд нэхэмжлэлд дурдсан мөнгийг зээлэхээр түүний ажпын байр болох Хэрлэн плазагийн дөрвөн давхарт очиж уулзан аман тохиролцоо хийж, Б.Энхтуулд зээлэх мөнгөний хүү болон зээлийн хэмжээг тохирон ярилцаж байсан. Энэ үед би санамсаргүй Б.Энхтуулын оффисоор очиж таарсан юм. Тэгэхэд Б.Эрдэнэчимэг захирал намайг ... Б чи нэгдүгээрт найдвартай, хоёрдугаарт манай ажилтан тул зээлийн гэрээг чамтай байгуулмаар байна. Би байгууллагын нэр хүндийг болон өөрийн нэр хүндийг бодоод гадны хүнд мөнгө зээлсэнээс чамд зээлмээр байна. Чи байгууллагынхаа нэр хүндийг бод гэж хэлсэн. Би тухайн үед гэрээнээс үүсэх үр дагаварыг би хариуцахгүй гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Б.Эрдэнэчимэг захирал над уруу утастаад миний данс руу Б.Энхтуулд зээлэх 200 000 000 төгрөгийг шилжүүлсэн тухай мэдэгдсэн. Зээлийн гэрээг бид хоёр тэгж байгаад байгуулчихна аа. Яараад байнаа гээд намайг нэг заваараа ирээд зээлийн гэрээн дээр гарын үсэг зурчхаарай гэсэн. Би дансанд орсон 200 000 000 төгрөгийг тэр дор нь Б.Энхтуулын данс уруу шилжүүлсэн. 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан гэх гэрээнд үр дагаврыг хариуцахгүй бөгөөд зөвхөн байгууллагын нэрийг бодоод гадны хүнд биш чамд зээлж байгаа юм шигээр гэрээ байгуулах нь хэрэгтэй байна гэхээр нь гэрээний заалтыг ч уншиж танилцалгүй, хэзээ хойно нь гарын үсэг зурсан. Нэхэмжлэлд хавсаргасан материалд байгаа зээл хүссэн өргөдөл гэдэг нь зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш 8 дугаар сарын дундуур намайг МЭС-д очсон өдөр надаар нөхөж бичүүлж авсан зүйл юм. Мөн нэхэмжлэлд дурдсан надад зээл төлөхийг мэдэгдсэн хоёр мэдэгдэл гээд байгаа зүйлийг би огт мэдэхгүй бөгөөд Б.Эрдэнэчимэг захирал нөхөж хийсэн зүйл юм. Би 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн №2 дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцахгүй бөгөөд Б.Энхтуул бид хоёрын дунд байгуулсан би Б.Энхтуулд №2 гэрээгээр шаардаад байгаа мөнгийг зээлсэн тухай гэрээ бий. Тухайн гэрээ хүчин төгөлдөр бөгөөд №2 гэрээний үүргийн гүйцэтгэл Б.Энхтуул руу шилжих шаардлагатай юм. Үүнийг Б.Энхтуул хүлээн зөвшөөрч байгаа зээлийн гэрээний мөнгийг хүүгийн хамт төлнө гэдгийг хүлээн зөвшөөрдөг юм гэжээ.

Хариуцагч Л.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Ганболд нар сөрөг нэхэмжлэлдээ: М түүний гүйцэтгэх захирал Б.Эрдэнэчимэг нь иргэн Б.Энхтуултай хүсэлт зоригоо илэрхийлж, харилцан хэлэлцэж мөнгө зээлэхээр тохиролцсон болно. Л.Б нь Мд ажилладаг бөгөөд гүйцэтгэх захирал Б.Эрдэнэчимэг нь ...Л.Б чи нэгдүгээрт найдвартай, хоёрдугаарт манай санд ажилладаг тул зээлийн гэрээг чамтай байгуулъя, байгууллагын болон өөрийн нэр хүндийг бодож байна. Гадны хүнд зээл олгосноос чамд зээл олгосон болох нь байгууллагын нэр хүндэд хэрэгтэй... гэж шахсан учир аргагүй байдалд зээлийн гэрээг зээл олгосноос хойш нөхөж байгуулан гарын үсэг зурсан. 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Б.Эрдэнэчимэг над руу залгаж ... чиний дансанд Б.Энхтуулд зээлэх 200 000 000 төгрөгийг шилжүүлсэн... гэж мэдэгдсэн тул тэр даруйд нь 200 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Л.Б өөрт нь 200 000 000 төгрөгийн авах хүсэл, зорилго, хэрэгцээ, шаардлага байхгүй байсан. Захирлын хэлснээр түүний Б.Энхтуултай тохиролцсон хэлцлийг өөрийн ажилтанд олгосон болгож халхавчилж хийсэн гэрээнд гарын үсэг зурж, зээлийг өөрийн дансаар дамжуулж шилжүүлсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.9-т заасны дагуу тус зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Бусад хэлцлийг халхавчлах зорилготой хийсэн хэлцэл гэж тайлбарлаж байгаа боловч ямар хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн талаарх асуудал гарна. Өөрөөр хэлбэл нэр дурдагдаж буй 2 иргэнтэй М ямар нэгэн байдлаар гэрээний харилцаанд орсон мэтээр тайлбарлаж байгаа. Энэ талаарх гэрчийн мэдүүлэг тайлбар, бичгийн нотлох баримтаар зээлийн болон бусад төрлийн гэрээний харилцаанд орж тухайн гэрээний харилцааг халхавчлахаар Л.Бтой гэрээ хийсэн талаар ямар нэгэн баримт авагдаагүй мөн нотлогдоогүй. Л.Бын харилцах банкны дансны хуулга хэргийн материалд авагдсан. Дансны хуулгаар Л.Бт Мгаас 200 000 000 төгрөг орсон нь харилцах дансны хуулгаар нотлогдоно. 200 000 000 төгрөг дансанд нь орсноор тухайн мөнгийг хэрхэн, яаж захиран зарцуулах эрх нь Л.Бт шилжиж байна. Б.Энхтуул зээл өгсөн гэж тайлбарладаг боловч дансны хуулгаар зээл өгч байгаа болон тус зээл Мгаас олгогдсон талаар тэмдэглэгээ баримт байхгүй. Нотлох баримт шинжлэн судлах үе шатад тус гүйлгээг он сар, гүйлгээний утгатай нь танилцуулна. Л.Б 200 000 000 төгрөгийг бусад этгээдэд зээлэх болон хөрөнгө оруулалтын хэлбэрээр шилжүүлэх шийдвэрийг бие дааж гаргасан. Зээлийн эргэн төлөлт хугацаандаа төлөгдөөгүйгээс шалтгаалж Мд тайлбар өгдөг. Тус тайлбартаа тендерийн баталгаад гаргах зорилготойгоор дансанд мөнгө байршуулж, гэрч дуудагдсан хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргасан иргэдтэй хамтарч ажилласан юм шиг тайлбарладаг. Гэвч өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар тэдгээр иргэдтэй байгуулсан гэрээ үзүүлсэнгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд эхний зээлийн гэрээ 153 000 000 төгрөгийн хэмжээнд эвлэрэх санал тавьж эвлэрсэн. 200 000 000 төгрөгийн зээлийн гэрээтэй холбоотой асуудлын хувьд эвлэрэх санал тавьсан. Эвлэрэх саналын тухайд Б.Энхтуулыг хамтран хариуцагчаар татах нөхцөл тавьсан. Б.Энхтуултай ямар нэгэн байдлаар эрх зүйн харилцаанд ороогүй боловч хамтран хариуцагчаар татсан. Эвлэрлийн гэрээний нөхцөлд Л.Б нь ...зөвхөн Б.Энхтуултай байгуул, би байгуулахгүй... гэсэн учир эвлэрэл болоогүй. Нэхэмжлэгч тал Л.Бтой зөвхөн эрх зүйн үр дагавар үүсгэсэн зээлийн гэрээний харилцаанд орсон учир тухайн саналыг хүлээж аваагүй. Б.Энхтуултай дангаар эвлэрлийн гэрээ байгуулах боломжгүй учир ердийн журмаар маргааныг шийдвэрлүүлж байна. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасны дагуу хариуцагч Л.Боос 212 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 733 333 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.9-т заасны дагуу нэхэмжлэгч Мд холбогдох 2019 оны 04 сарын 04-ний өдрийн 02 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай хариуцагч Л.Бын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Мгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 231 620 төгрөг, хариуцагч Л.Боос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 087 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Боос улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг нөхөн гаргуулж төрийн сангийн орлогод, 1 217 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Ганболд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүх нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Б.Энхтуулыг гэрчээр хууль сануулж асуухад Б.Энхтуул нь МОНЭС-ын захирал н.Эрдэнэчимэгтэй Сүхбаатар дүүрэгт байрладаг Хэрлэн плаза төвийн 4 давхарт байдаг миний оффис дээр биечлэн уулзаж 200 000 000 төгрөгийн зээлийг надад өгөхөөр болж түүний хүүг байгууллагад /МОНЭС/ сарын 1 хувиар тооцож өгөх, н.Эрдэнэчимэг захиралд өдрийн 300 000 төгрөгийг хүү урамшуулал болгон өгөхөөр аман хэлцэл хийж тохиролцож байхад Л.Б нь манай өрөөгөөр орж ирж таарсан үед н.Эрдэнэчимэг захирал манай байгууллага нь гадны хүнд мөнгө зээлдүүлдэггүй Л.Б чи найдвартай юм чинь өмнөөс нь зээлийн гэрээ байгуулчих, гаднаас шалгалт ороход үзүүлэх төдий гэрээ байх болно гэсэн. Надад Л.Бын дансаар дамжуулж маргааш нь буюу 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 200 000 000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Би н.Эрдэнэчимэг захирлын өгсөн Ариунцацрал, Хатантуул гэдэг хүмүүсийн дансанд тухайн үед хүү урамшуулалыг шилжүүлж өгч байсан. /хавтаст хэрэгт авагдсан банкны хуулгаар тус сангийн нягтлан бодогч Ариунцацарлын дансанд 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 4 375 000 төгрөг. Охин Хатантуулын ХХБ-нд байдаг 5447420793 тоот дансанд 2019 оны 4 дүгээр сарын 16-нд 2 500 000, 4 сарын 17-нд 4 900 000 төгрөгийг хүү урамшуулалд нийт 11 775 000 төгрөгийг шилжүүлж өгсөн байдаг/. Энэ зээлийг би хариуцаж төлөх ёстой Л.Б төлөх нь шударга ёсонд нийцэхгүй гэдэг. Хэргийн үйл баримт бодитоор ингэж тогтоогдоод, нэхэмжлэгчийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх итгээд болох захирал Эрдэнэчимэг нь Энхтуултай амаар хэлцэл хийж тохирсноос шалтгаалж тухайн өдөр Б нь мөнгөн хөрөнгийг Энхтуулд шилжүүлсэн, Энхтуул зээлийг хариуцаж ашигласан нь тодорхой /Эрдэнэчимэг захиралд хүү урамшуулал өгч байсан зэрэг/ болж, харилцан тохирч зээлсэн зээлдэгч нь би гээд байхад шүүх хариуцагч зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй гэж тайлбарласан боловч зээлийн гэрээг бусдын дарамт шахалтаар хийсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байхын зэрэгцээ зээлийн гэрээнээс үүсэх үр дагаврыг ухамсарлаж байсан тул хэлцэл хүчин төгөлдөр гэж бодит байдлаас тэс өөрөөр дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийнхээ хууль зүйн үндэслэлийг иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасны дагуу өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэсэн. Энэ нь тухайн хэлцлийг хийх хүсэл зорилго эрмэлзэл Л.Бт байгаагүй бөгөөд зээлдэгч нь сангийн зорилго дүрэмд нийцүүлж өөрийн ажилтанд өгсөн мэт байх гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан хэлцэл гэж үзэж байхад шүүх зээлийн гэрээг бусдын дарамт шахалтаар хийсэн болох нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дэх хэсэгт Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч М хариуцагч Л.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 214 733 333 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигчид 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Зээлийн гэрээ-г бичгээр байгуулж, уг гэрээгээр М нь Л.Бт 200 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй, хувийн зориулалтаар зээлэхээр тохирч 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Худалдаа хөгжлийн банк дахь Л.Бын 411014934 тоот дансанд зээлийн мөнгөн хөрөнгө 200 000 000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх.7-9/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Хариуцагч Л.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Надад 200 000 000 төгрөгийн зээл авах шаардлага байгаагүй. Сангийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэчимэг, Б.Энхтуулд мөнгө зээлэхийн тулд Мгаас 200 000 000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн гэж тайлбарлажээ.

Хэрэгт нотлох баримтаар Мхүүгийн журам авагдсан, уг журамд тус сангаас зээл олгох зохицуулалтыг тусгасан байх бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ Мгийн дүрэм, санхүүгийн журмыг зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. /хх.125-145/

Анхан шатны шүүх хариуцагчийг зээлийн гэрээгээр хүлээсэн мөнгөн хөрөнгө буцааж төлөх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэж, Л.Боос зээл 200 000 000 төгрөг, зээлийн хүү 12 000 000 төгрөг нийт 212 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Мд олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Харин талууд зээлийн гэрээний хугацааг сунгаагүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар 6 сараас илүү хугацааны хүү төлөх үүрэг хүлээхгүй юм.

Мөн шүүх сөрөг нэхэмжлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ ...сөрөг нэхэмжлэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэсэн агуулгаар гаргасан байхад шүүх буруу дүгнэсэн гэжээ.

Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан халхавчилж болон хавхалчлуулж буй 2 хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл юм.

Хэрэгт авагдсан бичгийн баримт болон талуудын тайлбараас үзэхэд зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу мөнгийг хариуцагчид бодитоор шилжүүлсэн, ямар нэг хэлцлийг халхавчилсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн гаргасан 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан 02 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/02970 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 231 061 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Ц.ИЧИНХОРЛОО