Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2020/00676

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу, 48 байрны 305 тоотод байрлах, Монголын эмэгтэйчүүдийн сан /РД:1005294/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 3а байрны 14 тоотод оршин суух Хандгайт овогтой Лэгжээмийн Болор /РД: ХЖ6910242468/,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1 40 мянгат гудамж 23 дугаар байр 12 тоотод оршин суух Хуягууд овогтой Батхуягийн Энхтуул /РД: УШ90060360/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 214.733.333 төгрөг гаргуулах тухай, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголын эмэгтэйчүүдийн сан болон иргэн Л.Болор нарын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 04-ний 2 тоот гэрээ зээлийн гэрээ байгуулсан. Тус зээлийн гэрээгээр Л.Болорт 200,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Улмаар Монголын эмэгтэйчүүдийн сан нь тус гэрээ байгуулах өдөр 200,000,000 төгрөгийг Л.Болорын нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны 411014934 тоот данс руу шилжүүлсэн. Тус зээлийн гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дууссан бөгөөд Л.Болор нь зээлийн эргэн төлөлт огт хийгээгүй байна. Улмаар 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2 тоот зээлийн гэрээний үндсэн төлбөр 200,000,000 төгрөг, хүү 14,733,333 төгрөг, нийт 214,733,333 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Л.Болороос 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2 тоот зээлийн гэрээний үүрэгт 214,733,333 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч нь иргэн Б.Энхтуулыг өөрийнх нь хүсэлтийг үндэслэн эвлэрэн хэлэлцэх үндэслэлээр хамтран хариуцагчаар татсан. Талууд нэгэнт эвлэрэн хэлэлцэхгүй нөхцөлд хүрсэн тул хариуцагч Б.Энхтуулаас татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч Л.Болорын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Ганболд нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл бөгөөд дүр үзүүлж хийсэн хэлцэлд талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг эрмэлзэлгүй байхыг ойлгодог. Талууд хууль зүйн ямарваа нэгэн үр дагавар гаргахыг хүсдэггүй бөгөөд энэ үйлдлээрээ гадна талдаа хэлцлийн дүр үзүүлэхийг урьтал болгодог. Ийм хэлцэл хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна.

Учир нь 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр МЭС-ийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэчимэг Б.Энхтуулд нэхэмжлэлд дурдсан мөнгийг зээлэхээр түүний ажлын байр болох Хэрлэн плазагийн дөрвөн давхарт өөрийн биеэр очиж уулзан аман тохиролцоо хийж, Б.Энхтуулд зээлдэх мөнгөний хүү болон зээлийн хэмжээг тохирчихсон ярилцаж байсан. Энэ үед би санамсаргүй Б.Энхтуулын офиссоор очиж таарсан юм. Тэгэхэд Б.Эрдэнэчимэг захирал намайг ...Л.Болор чи найдвартай, манай ажилтан тул зээлийн гэрээг чамтай байгуулмаар байна. Би байгууллагын нэр хүндийг болон өөрийн нэр хүндийг бодоод гадны хүнд мөнгө зээлдүүлснээс чамд зээлмээр байна, чи байгууллагынхаа нэр хүндийг бод гэж хэлсэн.

Миний бие гэрээнээс үүсэх үр дагаврыг хариуцахгүй гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Б.Эрдэнэчимэг захирал над руу утасдаад миний данс руу Б.Энхтуулд зээлэх 200,000,000 төгрөгийг шилжүүлсэн тухай мэдэгдсэн. Зээлийн гэрээг бид 2 тэгж байгаад байгуулчихна, яараад байна гээд намайг нэг заваараа ирээд зээлийн гэрээнд гарын үсэг зурчихаарай гэсэн. Миний бие миний дансанд орсон 200,000,000 төгрөгийг тэр дор нь Б.Энхтуулын данс руу шилжүүлсэн бөгөөд баримтыг хариу тайлбарт хавсаргасан.

Зээлийн гэрээний үр дагаврыг хариуцахгүй бөгөөд зөвхөн байгууллагын нэрийг бодоод гадны хүнд биш чамд зээлж байгаа юм шигээр гэрээ байгуулах нь хэрэгтэй байна гэхээр нь гэрээний заалтыг ч уншиж танилцалгүй, хэзээ хойно нь гарын үсэг зурсан. Нэхэмжлэлд хавсаргасан зээл хүссэн өргөдөл гэдэг нь зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш 8 дугаар сарын дундуур намайг МЭС-д очсон өдөр нөхөж бичүүлж авсан зүйл юм.

Мөн нэхэмжлэлд дурдсан надад зээл төлөхийг мэдэгдсэн 2 мэдэгдлийг мэдэхгүй бөгөөд Б.Эрдэнэчимэг нөхөж хийсэн зүйл юм. Б.Энхтуул бид хоёрын дунд байгуулсан миний бие Б.Энхтуулд 2 тоот гэрээгээр шаардаад байгаа мөнгийг зээлсэн тухай гэрээ бий. Тухайн гэрээ хүчин төгөлдөр бөгөөд 2 тоот гэрээний үүргийн гүйцэтгэл Б.Энхтуул руу шилжих шаардлагатай юм. Үүнийг Б.Энхтуул хүлээн зөвшөөрч байгаа зээлийн гэрээний мөнгийг хүүгийн хамт төлнө гэдгийг хүлээн зөвшөөрдөг юм. Учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар 2 тоот гэрээг орлуулан хийсэн хэлцэл нь хийсэн үеэсээ эхлэн хүчин төгөлдөр байх буюу талуудад тохиролцох бололцоог олгож эдийн засгийн тавьсан зорилгодоо хүрэхэд нь боломжит хувилбарыг бий болгодог арга юм. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Энхтуул шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-ны үед МЭС-ийн захирал Б.Эрдэнэчимэг нь Сүхбаатар дүүрэгт байрлах Хэрлэн плаза төвийн 4 дүгээр давхарт байрлах манай оффис дээр биечлэн ирж 200,000,000 төгрөг зээлдүүлэх асуудлаар миний бие Б.Энхтуултай уулзаж тохиролцон тус мөнгийг зээлдүүлэхээр болсон. Энэ үед Л.Болор нь манай оффисоор орж ирж таарсан ба Б.Эрдэнэчимэг захирал хэлэхдээ манай байгууллага нь гадны хүнд мөнгө зээлдүүлдэггүй, ийм учир Л.Болор чи найдвартай юм чинь өмнөөс нь зээлийн гэрээ байгуулчих, гаднаас шалгалт ороход үзүүлэх төдий гэрээ байх болно гэж хэлсэн. Гэрээг Л.Болортой байгуулж байгаа тул мөнгийг Л.Болорын данс руу шилжүүлнэ гэж тохирсон. Тус мөнгийг миний найз болох Нямдаваа овогтой Дэлгэрцэцэг нь надаас Монголын эмэгтэйчүүдийн сангийн захиралтай уулзаж зээлдүүлэх боломжтой эсэхийг асуугаад ярилцаад өгөөч гэсэн юм. Тэр үед Н.Дэлгэрцэцэг нь 8 сартай жирэмсэн байсан ба тонус өгөөд бие өвдөөд байна, би уулзах боломжгүй болчихлоо, чи уулзаад асуугаад өг гэсний үндсэн дээр би Б.Эрдэнэчимэг захиралтай уулзсан болно. Б.Эрдэнэчимэг захирал энэ мөнгийг Н.Дэлгэрцэцэгт өгнө гэдгийг мэдэж байсан. 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 200,000,000 төгрөг Л.Болорын Худалдаа хөгжлийн банкны 411014934 тоот данснаас миний Худалдаа хөгжлийн банкны 411023235 тоот данс руу шилжиж орж ирсэн тэр даруйд би бүтэн дүнгээр нь Н.Дэлгэрцэцэгийн Худалдаа хөгжлийн банкны 464007117 тоот данс руу шилжүүлсэн. Энэ мөнгийг Н.Дэлгэрцэцэг авч захиран зарцуулсан гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Монголын эмэгтэйчүүдийн сан нь хариуцагч Л.Болор, Б.Энхтуул нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 214,733,333 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Энхтуулд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзжээ.

 

Хариуцагч Л.Болор нэхэмжлэлийг эс зөвшөөрч, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

 

Нэхэмжлэгч Монголын эмэгтэйчүүдийн сан, хариуцагч Л.Болор нар нь 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулан, уг гэрээгээр зээлдүүлэгч Монголын эмэгтэйчүүдийн сан нь 200,000,000 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй зээлдэгч Л.Болорт шилжүүлэх, зээлдэгч Л.Болор нь үндсэн зээл, зээлийн хүүнд нийт 212,000,000 төгрөгийг буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.

 

Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч Монголын эмэгтэйчүүдийн сан нь 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 200,000,000 төгрөгийг Л.Болорын Худалдаа хөгжлийн банк дахь 411014934 тоот дансанд шилжүүлэн өгсөн, хариуцагч Л.Болор нь зээлийн мөнгөн хөрөнгийг буцаан төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, мөнгө шилжүүлсэн баримт зэргээр тогтоогдож байна.

 

Хариуцагч Л.Болор нь татгалзал болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний зүйл болох 200,000,000 төгрөгийг Б.Энхтуулд зээлдүүлэхдээ Л.Болортой зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн, түүнчлэн нэхэмжлэгч нь үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж зээлийн гэрээ хийсэн гэж тайлбарлаж байна.

 

Зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн эсэхийг тогтооход, талууд эрх зүйн үр дагавар үүсгэхгүй гэдэг талаар харилцан тохиролцсон байхыг шаардана.

 

Нэхэмжлэгч Монголын эмэгтэйчүүдийн сан нь хариуцагч Л.Болорт 200,000,000 төгрөгийг зээлдүүлэх хүсэл зориг байгаагүй, эрх зүйн үр дагавар үүсгэхгүй гэдгийг харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэл, түүнчлэн хариуцагч Л.Болор нь 200,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан байх тул зээлийн гэрээний үр дагаврыг хүсээгүй гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Л.Болор нь өөртөө шилжүүлэн авсан зээлийн гэрээний зүйл болох 200,000,000 төгрөгийг Б.Энхтуулд шилжүүлэн өгсөн буюу өгөхийг зөвшөөрсөн явдал нь хариуцагч Л.Болорыг зээлийн гэрээний үр дагаврыг хүсээгүй гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэхээр байна.

 

Мөн Иргэний хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т нэг буюу хэд хэдэн үүсгэн байгуулагч нийгэмд ашиг тустай, нэгдмэл зорилгод хүрэхийн тулд эд хөрөнгө төвлөрүүлэх замаар байгуулсан гишүүнчлэлгүй хуулийн этгээдийг сан гэнэ гэж заасан.

Нэхэмжлэгч Монголын эмэгтэйчүүдийн сан нь эмэгтэйчүүдийн нийгмийн амьдралд идэвхитэй оролцуулах, тэднийг чадавхижуулах, ахуй амьдралд дэмжлэг туслалцаа үзүүлэх үйл ажиллагааны чиглэлтэй болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасан эрхийн хүрээнд зээлийн гэрээ байгуулсан нь үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

Иймд Монголын эмэгтэйчүүдийн сан, Л.Болорын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр байх тул сөрөг нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 282 дугаар зүйлийн 282.4-т эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн өгсөнөөр гэрээ байгуулагдсанд тооцно гэж зааснаар нэхэмжлэгч Монголын эмэгтэйчүүдийн сан нь 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 200,000,000 төгрөгийг Л.Болорт шилжүүлэн өгсөнөөр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч нь гэрээний үүргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар шаардах эрх үүснэ.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар нэхэмжлэгч Монголын эмэгтэйчүүдийн сан нь гэрээний үүргээ биелүүлсэн бөгөөд хариуцагч Л.Болор нь тохирсон хугацаанд шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул түүнээс гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

 

Мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2-т 200,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүү тооцохоор харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч нь хүү нэхэмжлэх эрхтэй.

Харин талууд зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар 6 сараас илүү хугацааны хүү шаардах эрхгүй.

Иймд хариуцагч Л.Болороос үндсэн зээл 200,000,000 төгрөг, зээлийн хүү 12,000,000 төгрөг, нийт 212,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,733,333 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Монголын эмэгтэйчүүдийн сан нь хариуцагч Б.Энхтуулд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хариуцагч Б.Энхтуулд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

Хариуцагч Л.Болор нь сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг дутуу төлсөн байх тул нөхөн гаргуулж, төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй. Учир нь тус шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШЗ2020/02609 дугаартай Сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн 70,200 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид оруулан тооцох боломжгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.9, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан Л.Болороос 212.000.000 төгрөг гаргуулж Монголын эмэгтэйчүүдийн санд олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,733,333 төгрөгт холбогдох нэхэмжлэл болон зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Монголын эмэгтэйчүүдийн сан нь хариуцагч Б.Энхтуулд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.