Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00055

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Стын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/02663 дугаар шийдвэртэй,

 

Б.Стын нэхэмжлэлтэй, Б.Б, Ц.Бяа нарт холбогдох,

гэрээний үүрэгт 47 585 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ст нь Сонгинохайрхан дүүрэгт байрлах Драгон авто төв дээр тамхины бөөний төв ажиллуулдаг буюу бүх төрлийн тамхийг жижиглэнгээр болон бөөнөөр худалддаг. Б.Б, Ц.Бяа нар Б.Стаас өмнө нь хэд хэдэн удаа их хэмжээгээр тамхи зээлээр авч мөнгийг тохирсон хугацаандаа буцааж төлдөг байсан.

Б.Б, Ц.Бяа нар Б.Стаас 52 500 000 төгрөгийн үнэ бүхий тамхийг зээлээр авсан ба үүнд 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Б.Б 17,600,000 төгрөгийн үнэ бүхий тамхи, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Ц.Бяа 16 400 000 төгрөгийн үнэ бүхий тамхи, 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Ц.Бяа 9 250 000 төгрөгийн үнэ бүхий тамхи, 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 9 250 000 төгрөгийн үнэ бүхий тамхийг тус тус авч 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор мөнгийг төлөхөөр тохиролцсон. 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 9 250 000 төгрөгөөс 3 250 000 төгрөгийг төлсөн.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын тогтоолд дурдсанаар гэрч Б.Б, Ц.Бяа нар 52,500,000 төгрөгийн тамхи авснаа хүлээн зөвшөөрч, мөнгийг төлнө гэсэн.

Иймд хариуцагч Б.Б, Ц.Бяа нараас төлөх 52 500 000 төгрөгөөс төлсөн 3 250 000 төгрөг болон 1 665 000 төгрөгийг тус тус хасч 47 585 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нарын дансны хуулгаар 1 856 500 төгрөг төлөгдсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа уг хэмжээгээр хасч тооцоход татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр, 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр, 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өдрүүдэд 17 600 000 төгрөг, 16 400 000 төгрөг, 6 000 000 /9 250 000 – 3 250 000/ төгрөгийн тамхи авснаа Б.Б, Ц.Бяа нар хүлээн зөвшөөрсөн.

Хэргийн баримтаас үзвэл 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1 278 000 төгрөг, 150 000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 240 000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1 324 000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 94 500 төгрөг нийт 2 591 500 төгрөгийг нэхэмжлэгч дүнгээс хасуулахыг хүссэн.

Б.Ст нэхэмжлэл гаргаж байгаа боловч 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Б.Стын эхнэр М.Болормаагаас 10 хайрцаг улаан шонхор буюу 500 блок тамхийг 9 250 000 төгрөгөөр тооцож авсан. Ийм учир М.Болормаа 9 250 000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэл гаргах эсвэл Б.Стад Иргэний хуулийн 62 дугаар зүйлд заасан итгэмжлэл олгох ёстой байсан. 9 250 000 төгрөгийг шаардлагыг Б.Ст гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Ц.Бяа, Б.Б нараас 47 393 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Стад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 856 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.Стаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 404 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Бяа, Б.Б нараас 394 918 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь хариуцагч нараас 49 250 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 1 856 500 төгрөгийг хариуцагч Б.Б, Ц.Бяа нараас гаргуулахаар шийдвэрлэсэн.

Гэтэл бодит байдал дээр Б.Б нь 17 600 000 төгрөгийн үнэ бүхий тамхийг нэхэмжлэгчээс авсан, үлдсэн төлбөрт Ц.Бяа нь тамхи зээлээр авсантай талууд маргадаггүй.

Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт иргэний эрх үүргийг иргэн өөрийн нэрээр олж авч хэрэгжүүлнэ гэж заажээ. Ц.Бяа, Б.Б нь тусдаа эрх эзэлж, үүрэг хүлээдэг иргэний эрх зүйн бие даасан этгээдүүд болохын хувьд 17 600 000 төгрөгийг Б.Б төлөх ёстой байна. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Ст нь хариуцагч Ц.Бяа, Б.Б нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 47 585 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 9 250 000 төгрөгийн үнэ бүхий тамхийг Б.Стын эхнэр М.Болормаагаас худалдан авсан тул Б.Ст нэхэмжлэх эрхгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх талуудын дансны харилцан гүйлгээ, гэрч М.Болормаагийн “...2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 9 250 000 төгрөгийн үнэ бүхий тамхийг Б.Стын даалгавраар хариуцагч Ц.Бяа, Б.Б нарт өгсөн” гэх агуулга бүхий мэдүүлэг, талуудын тайлбарыг харьцуулан дүгнэж Ц.Бяа, Б.Б нар Б.Стаас 52 500 000 төгрөгийн үнэ бүхий тамхийг хүлээн авсан гэсэн үйл баримтыг зөв тогтоосон байна.

 

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.4-т зааснаар тамхи худалдах аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд сум, дүүргийн засаг дарга тусгай зөвшөөрөл олгоно гэж заасан, талуудын хэн аль нь тамхи худалдах тусгай зөвшөөрөлтэй тухай баримтыг шүүхэд гаргаагүй тул тамхи худалдах худалдан авах хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байна. Иймд нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр тамхи худалдсаны үнийг нэхэмжлэх эрхгүй юм. Харин талуудын хооронд байгуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагчид шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй боловч уг хөрөнгө буюу тамхийг хариуцагч бодитоор буцаах боломжгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт зааснаар үнийг төлнө.

 

Ц.Бяа, Б.Б нар 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 9 250 000 төгрөгийн үнэ бүхий тамхи худалдан авснаас 3 250 000 төгрөгийг төлсөн гэдэгт талууд маргаагүй, мөн Хаан банк ХХК дахь Б.Бийн эзэмшлийн 5134042793 тоот дансны хуулгаар 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 248 000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1 324 000 төгрөг, 94 500 төгрөг, 190 000 төгрөг нийт 1 856 500 төгрөг төлсөн болохыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 1 665 000 төгрөгөөр бууруулсан боловч бодитоор 1 856 500 төгрөг төлөгдсөн тул зөрүү 191 500       /1 856 500 – 1 665 000/ төгрөгийг нэхэмжлэлээс хасч тооцсон нь зөв болжээ.

 

Иймд нэхэмжлэгч Б.Ст нь хариуцагч Ц.Бяа, Б.Б нараас Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргах эрхтэй юм.

 

Хариуцагч Ц.Бяа, Б.Б нараас 47 393 500 /49 250 000-1 856 500/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Стад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 856 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/02663 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт” гэснийг “Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ш.ОЮУНХАНД

 

                                                 ШҮҮГЧИД                                     Б.НАРМАНДАХ

 

                                                                                                       Э.ЗОЛЗАЯА