Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2022/01110

 

 ****ын нэхэмжлэлтэй

                                                                                   иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/02663 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 55 дугаар магадлалтай, 

****ын нэхэмжлэлтэй,

****, ****нарт холбогдох

Гэрээний үүрэгт 47,585,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Урангуагийн гаргасан гомдлоор  

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батзоригшүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. **** нь ****, У.Батзаяа нарт холбогдуулан гэрээний үүрэгт 47,585,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ. 

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/02663 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу хариуцагч У.Батзаяа, **** нараас 47,393,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ****ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,856,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч ****аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 404,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч У.Батзаяа, **** нараас 394,918 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2330 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/02663 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 гэснийг Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2 гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Урангуа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасны дагуу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч **** нь хариуцагч нараас 49,250,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 1,856,500 төгрөгийг хасаж, хариуцагч ****, ****нараас 47,393,500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь ****, ****нар нь хэдийгээр эхнэр, нөхөр боловч Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Иргэн гэж иргэний эрх зүйн харилцаанд оролцогч-Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг ойлгоно” гэж заасны дагуу тус тусдаа эрх эдэлж, үүрэг хүлээдэг Монгол Улсын иргэд бөгөөд тэдний эзэмшиж буй данс, эрхэлж буй хөдөлмөр тусдаа юм. Мөн Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Иргэний эрх зүйн бүрэн чадамж буй иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 наснаас бий болно” гэж заасан байх ба ****, ****гэх хүмүүс нь хоёулаа насанд хүрсэн, аль нэг нь нөгөөгөө хууль ёсоор төлөөлдөггүй болохыг анхаарна уу. Анхан болон давж заалдах шатны шүүх ****ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ нэг этгээдээс төлбөр барагдуулах юм шиг “... ****, У.Батзаяа нараас” гэж шийдсэн нь хуульд нийцэхгүй, тэр байтугай эхнэр, нөхөр хоёр хоорондоо маргаж шүүхээр хэрэг, маргаанаа шийдвэрлүүлдэг байхад төлбөр төлөгч 2 этгээдэд хэрэгт авагдсан баримтын хүрээнд төлөх төлбөрийг хуваарилаагүйгээс дараа нь ямар үр дагавар үүсэхийг бид таашгүй. Иймд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа 17,600,000 төгрөгийг **** хариуцан төлөх ёстой тул шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлт оруулж, ****болон **** нарын төлөх ёстой төлбөрийг салган тогтоож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Урангуагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

6. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу хариуцагч У.Батзаяа, **** нараас 47,393,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ****ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,856,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д гэснийг Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2-т гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээжээ.   

7. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас 1,856,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Урангуагийн гомдлын хүрээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ. 

8. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. Тодруулбал: 

9. Нэхэмжлэгч **** нь У.Батзаяа, **** нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 47,585,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар 2020.03.04-ний өдрийн 9,250,000 төгрөгийн үнэ бүхий тамхийг ****ын эхнэр М.Болормаагаас худалдан авсан тул **** нэхэмжлэх эрхгүй гэж мэтгэлцжээ. 

10. Хариуцагч У.Батзаяа, **** нар 2020.02.22-ны өдөр 17,600,000 төгрөгийн, 2020.03.03-ны өдөр 16,400,000 төгрөгийн, 2020.03.04-ний өдөр 9,250,000 төгрөгийн, 2020.03.06-ны өдөр 9,250,000 төгрөгийн нийт 52,500,000 төгрөгийн үнэ бүхий тамхийг ****аас хүлээн авсан бөгөөд тамхины үнээс 3,250,000 төгрөгийг төлсөн талаар зохигч маргаагүй, “ХААН” банк ХХК дахь ****ийн эзэмшлийн 5134042793 тоот дансны хуулгаар 2020.03.10-ны өдөр 248,000 төгрөг, 2020.03.25-ны өдөр 1,324,000 төгрөг, 94,500 төгрөг, 190,000 төгрөг, нийт 1,856,500 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн байна. 

11. Хоёр шатны шүүх “ХААН” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гэрч М.Болормаагийн “...2020.03.04-ний өдөр 9,250,000 төгрөгийн үнэ бүхий тамхийг ****ын даалгавраар У.Батзаяа, **** нарт өгсөн...” гэсэн мэдүүлэг, зохигчийн тайлбаруудыг үнэлж, У.Батзаяа, **** нар ****аас 52,500,000 төгрөгийн үнэ бүхий тамхийг хүлээн авсан үйл баримтыг тогтоосныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.  

12. Давж заалдах шатны шүүх Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.4-т зааснаар зохигч хэн аль нь тамхи худалдах тусгай зөвшөөрөлтэй тухай баримтыг шүүхэд гаргаагүй тул тамхи худалдах-худалдан авах хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус бөгөөд **** хариуцагч нараас худалдах-худалдан авах гэрээг үндэслэж тамхины үнийг нэхэмжлэх эрхгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй. 

13.  Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар **** хариуцагч нарт шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй боловч уг хөрөнгө буюу тамхийг У.Батзаяа, **** нар бодитоор буцаах боломжгүй тул хариуцагч нар Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2-т зааснаар үнийг төлөх үүрэгтэй гэсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хийж, хариуцагч нараас 47,393,500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ. 

14. Дээрх байдлаас дүгнэвэл хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Урангуагийн “... ****болон **** нарын төлөх ёстой төлбөрийг салган тогтоож өгнө үү...” гэх агуулга бүхий хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй. 

15. Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж хийсэн дүгнэлт бодит байдалд нийцсэн, хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулсан нь оновчтой болсон байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Урангуагийнхяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 55 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Урангуагийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг үндэслэн хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ

                                            ШҮҮГЧИД                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД