Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/00058

 

МАГАДЛАЛ

2020.12.30 Дугаар 58

 

 

 

 

 

 

Н.Б нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2020/03208 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Б нэхэмжлэлтэй, хариуцагч М.О-т холбогдох, 18 132 613 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чинзориг, хариуцагч М.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б миний бие М.О-тай 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж урьдчилгаа төлбөрт 14 000 000 төгрөг авсан бөгөөд үлдсэн төлбөрийг хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон. Гэвч М.О нь хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй, нийт 73 542 000 төгрөгөөс 26 453 000 төгрөг төлсөн. Төлбөр төлөх хуваарийг зөрчсний улмаас маргаан үүсч гэрээг цуцалж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2020/00304 дугаар шийдвэрээр түүний төлсөн 26 453 000 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлэсэн. М.О-т орон сууцыг засвар хийж хүлээлгэж өгөх талаар удаа дараа шаардсан боловч байрыг хүлээлгэж өгөөгүй. Тус орон сууцанд дахин засвар хийх зайлшгүй шаардлагатай байсан тул 2 788 000 төгрөгөөр засварын ажил хийж, ажлын хөлсөнд 2 000 000 төгрөг төлсөн. Мөн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 28А байрны 12 тоотод оршин суух хугацаанд 8,9,10,11 саруудад гарсан байрны дулаан усны төлбөр 138 046 төгрөг, цахилгаан, СӨХ-ны төлбөрт 137 717 төгрөгийг төлсөн. Уг орон сууцыг бусдад түрээсэлсэн бол сарын 700 000 төгрөгөөр түрээслэх боломжтой байсан тул олох ёстой байсан орлого буюу 9 100 000 төгрөг, орон сууц захиалгын гэрээний 2.4 заасны дагуу торгууль төлсөн төлбөр 26 453 000 төгрөгийн 15 хувь болох 15 хувь болох 3 967 950 төгрөг, нийт 18 132 613 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Бтай 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж урьдчилгаа төлбөрийг төлж үлдсэн төлбөрийг хуваарийн сар бүр төлөхөөр тохиролцсон. Гэвч төлбөрийг үргэлжлүүлэн төлж чадахгүй улмаас гэрээнээс татгалзаж урьдчилгаа төлбөрт төлсөн 26 453 000 төгрөгийг буцаан авсан. Мөн Н.Б гэрээнд заагаагүй үндэслэлгүйгээр М.Оаас 6 326 950 төгрөгийг алданги, 3 975 417 төгрөгийн хүүг нэхсэнээс үүдэн гэрээг цуцлах болсон нь шүүхээр тогтоогдсон. Гэрээг цуцлах маргааны үед хохирлын талаар дурдагдаагүй бөгөөд тэр үед ч нэхэмжлэл гаргах эрх нь байсан.

2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд тус байранд амьдрах хугацаанд гарсан засварын зардлыг шинжээчийн дүгнэлт гаргуулж танилцмаар байна. 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус орон сууцад ороход эд хөрөнгө хүлээлцэх акт үйлдээгүй. Биднийг нүүн гарахыг байрны хүмүүс бүгд харсан бөгөөд жижүүр н.Лхамаад түлхүүрийг өгсөн. Орон сууцнаас гарах тухайгаа удаа дараа хэлж байсан боловч утсаа авахгүй байсан. Амьдрах хугацааны ашиглалтын зардлыг сар бүр тогтмол төлж байсан. Одоо болтол Н.Бгаас мөнгөө авч чадаагүйн улмаас тус түрээсийн байранд амьдарч байна. Н.Бтай орон сууц захиалгын гэрээ хийсэн болохоос түрээсийн гэрээ хийгээгүй тул түрээсийн орлого 9 100 000 төгрөг төлөх үндэслэлгүй Н.Б нь орон сууц захиалгын гэрээг зөрчсөн болох нь шүүхээр тогтоогдсон учир 3 967 950 төгрөгийг төлөх үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.2, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М.Оаас 4 908 946 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13 223 667 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 248 614 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Оаас улсын тэмдэгтийн хураамжид 93 493 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Бд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. М.О нь орон сууц захиалгын гэрээний үүргээ биелүүлсэн бол ямар нэгэн маргаан үүсэхгүй байсан. Түүний болж Н.Бд цаг хугацаа, эд материалын хохирол учирсан. Гэтэл шүүх зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн тухай цаг хугацаанд нэхэмжлэгч нь тус орон сууцыг бусдад түрээслэн орлого олох байсан гэж дүгнэх үндэслэлгүй. Түүнчлэн нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн бусадтай байгуулсан түрээсийн гэрээгээр ийнхүү нэхэмжлэгч ийм хэмжээний орлого олох байсан гэж шууд эргэлзээгүй нотлох үндэслэлгүй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. М.О нь уг орон сууцад төлбөргүй жил гаруй хугацаанд амьдарсан атлаа ямар нэгэн хариуцлага хүлээхгүй байгаа нь шудрага ёсонд нийцэхгүй байна.

Захиалгын гэрээний 2.4-д захиалагч нь энэ гэрээг дангаараа зөрчиж орон сууцыг худалдан авахгүй, эс эсхүл үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохилдолд 2.1 заасны дагуу төлсөн нийт төлбөрийнхөө 15 хувийг торгуульд төлж, үлдсэн хэсгийг авна гэж заасан тул 26 453 000 төгрөгийн 15 хувь болох 3 967 950 төгрөгийг шаардсан боловч шүүх "зохигчдын хооронд үүссэн гэрээний маргааныг шүүх шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 205 дугаар зүйлийг үндэслэн шийдвэрлэсэн байх тул энэ тохиолдолд гэрээ хэрэгжээгүй тул гэрээний хэн аль нь гэрээгээр тохиролцсон хариуцлагын үүрэг буюу алданги, торгууль шаардах эрхгүй"... гэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт "Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасныг буруу тайлбарласан. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 13 067 950 төгрөгийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.2, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг түс тус баримтлан хариуцагч М.Оаас 4 908 946 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13 223 667 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Миний бие хохирол учруулсан бол төлөх үүрэгтэй. Гэвч Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 28А байрны 12 тоот 43.26 м.кв тай 2 өрөө байрны засварын зардал гэж тооцсон 4 907 946 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Гэвч ямар хохирол учирсан нь тогтоогтохгүй байна. Иргэний хэргийн 264 дугээр зүйлийн 264.2 дахь хэсэгт "Хариуцагч нь учирсан хохирол зардлаа хүдалдан авагчаас шаардах эрхтэй" гэж заасан бөгөөд Н.Б эд зүйлд хэдэн төгрөгийн хохирол учирсан тогтоогдоогүй. Хэргийн материалд авагдсан 2020 оны 4 дүгээр сарын бичлэгээс харахад тус байрны шал, ариун цэврийн өрөөний угаалтүур, суултуур, ванн зэрэг нь бүрэн бүтэн байгаа нь харагддаг. Гэвч тэрээр солих шаардлагагүй байсан суултуур, төмөр ванн, дотор хаалга, шалыг бүтнээр сольсон зардлыг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлд хавсаргасан ванн холигч 75 000 төгрөг, угаалтуурын холигч 53 000 төгрөг, нойлын таг 30 000 төгрөг, угаалтуурын сифон 15 000 төгрөг, ванны сифон 25 000 төгрөг, суултуур 200 000 төгрөг, төмөр ванн 220 000 төгрөг, дотор хаалга 2 ширхэг 320 000 төгрөг, паркетан шал 924 000 төгрөг, бусад хүрээ, булан, хаалганы бариултай цоож, нугас, шахдаг хөөс, шалны зөөлөвч, ажлын хөлсөнд 2 000 000 төгрөг төлсөн зэргийг зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч М.О-т холбогдуулан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 28А байрны 12 тоот орон сууцны засварын материалын зардалд 2 788 000 төгрөг, ажлын хөлсөнд төлсөн 2 000 000 төгрөг, ашиглалтын зардал 275 763 төгрөг, олох байсан орлого 9 100 000 төгрөг, гэрээ цуцалсны торгууль 3 967 950 төгрөг, нийт 18 131 713 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Талууд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр орон сууц захиалгын гэрээг байгуулж, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Цэргийн хотхон /13360/, Б.Доржийн гудамж 28/а тоот хаягт байрлах орон сууцнаас 41,46 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийг нэг м.кв талбайг 1 700 000 төгрөгт тооцон нийт 73 542 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон боловч худалдан авагч тал гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу худалдан авагч М.Оын төлсөн 26 453 000 төгрөгийг худалдагч тал Н.Бгаас гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн101/ШШ2020/00304 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн ба уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх-22-26/

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа орон сууц захиалгын гэрээнээс хариуцагч татгалзсаны улмаас учирсан хохирол гэж тодорхойлон, олох байсан орлого 9 100 000 төгрөг, орон сууц захилагын гэрээний дагуу 26 453 600 төгрөгийн 15 хувь болох 3 967 950 төгрөгийг торгуульд тооцон нэхэмжилжээ.

 

Талуудын хооронд үүссэн орон сууц захиалгын гэрээнээс үүссэн 26 453 600 төгрөгийн маргааныг шүүх өмнө нь шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Н.Б нь уг гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол буюу торгуульд 3 967 950 төгрөг, олох байсан орлого 9 100 000 төгрөгийг хариуцагч М.Оаас шаардах эрхгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй. Энэ талаар шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Харин шүүх Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт Энэ хуулийн 264.1-д заасан тохиолдолд худалдагч нь учирсан хохирол, зардлаа худалдан авагчаас шаардах эрхтэй гэж зааснаар талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэнтэй холбоотойгоор үүссэн орон сууцны засварын зардал, засварын хөлсийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Учир нь Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Цэргийн хотхон /13360/, Б.Доржийн гудамж 28/А байрны 12 тоот орон сууцыг өмнөх байдалд нь оруулах, сэргээн засварлахтай холбоотойгоор нэхэмжлэгч нь ажлын хөлсөнд 2 000 000 төгрөг, засварын материалын зардалд 2 770 900 төгрөгийн зардал гарсан болох нь хэрэгт авагдсан зарлагын баримт болон Хаан банк ХХК-ийн мөнгөн шилжүүлэгийн баримтаар тогтоогдсон. /хх-9-10,12-16/

 

Мөн хариуцагч М.О нь 2020 оны 9 дүгээр сард орон сууцыг хүлээлгэн өгсөн гэх боловч энэ тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй тул мөн оны 9, 10, 11 сарын ашиглалтын зардал 138 046 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, хариуцагч М.Оаас 4 908 946 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээрх дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2020/03208 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 223 289 төгрөг, хариуцагчийн төлсөн 93 477 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.БАЙГАЛМАА