Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2020/03208

 

 

 

 

 

 

 

 

                           2020         09         17                             

                               101/ШШ2020/03208

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн 0000 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг,0 дүгээр хороо, 0тоотод оршин суух,  0 овогт 0жийн 0гийн нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: Монгол улсын иргэн Н0 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол0 байр0 тоотод оршин суух, Б0 овогт 0 холбогдох,

18,132,613 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чинзориг, хариуцагч М.0, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Б миний бие М.0 гэх хүнтэй 2018 оны 10 сарын 12-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж урьдчилгаа болгож 14,000,000 төгрөг авсан бөгөөд гэрээний дагуу үлдсэн төлбөрийг график байгуулан төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан. М.0 нь графикийн дагуу төлбөрийг төлөөгүй бөгөөд нийт 73,542,000 төгрөгөөс 26,453,000 төгрөг төлсөн бөгөөд төлбөрийг удаа дараа хугацаандаа төлөх тухай шаардсан боловч М.0 нь төлбөр буюу 26,453,000 төгрөг шүүхээр нэхэмжилж 2020 оны 01 сарын 17-ний өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх М.0т олгохоор шийдвэрлэсэн. Уг гэрээнээс татгалзсаны улмаас дараах гэм хор, хохирол учраад байна. Үүнд:  М.0аас тухайн амьдарч байсан Баянзүрх дүүргийн 4-р хороо, 28А байрны 12 тоот 43.26 м.кв орон сууцанд засвар хийж хүлээлгэж өгөх тухай удаа дараа шаардсан боловч байрыг хүлээлгэж өгөөгүй. Тус орон сууцанд дахин засвар хийх зайлшгүй шаардлагатай байсан тул засварын ажил хийж гүйцэтгүүлсэн байрны засварын материалын зардалд 2,788,000 төгрөг, засварын хөлсөнд 2,000,000 төгрөг төлсөн, Баянзүрх дүүргийн 4-р хороо, 28А байрны 12 тоотод оршин суух хугацаанд 8,9,10,11 саруудад гарсан байрны дулаан усны төлбөр 138,046 төгрөг, цахилгаан СӨХ-ийн төлбөр болох 137,717 төгрөгийг төлсөн. Баянзүрх дүүргийн 4-р хороо, 28А байрны 12 тоот 43.26 м.кв орон сууцанд ямар нэгэн төлбөргүй суусан хэрэв бид түрээсэлсэн бол нэг сарын 700,000 төгрөгөөр бусдад түрээслэх бүрэн боломжтой байсан тул олох ёстой байсан орлого буюу 9,100,000 төгрөг, орон сууц захиалгын гэрээний 2.4 заасны дагуу торгууль төлсөн төлбөрийг 15 хувь буюу 26.453.000 төгрөгийг 15 хувь болох 3,5 хувь болох 3,967,950 төгрөг . Нийт 18,132,613 төгрөгийг гэм хор, хохирол учирсан тул шүүхээр гаргуулах хүсэлттэй байна гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Маргааны агуулга нь: Н.Б гэх хүн надаас 18,132,613 төгрөгийг гэм хор хохирол учруулсан гэж 2020 оны 06 сарын 23-ний өдөр нэхэмжлэл гаргажээ. Үндэслэл нь Н.Бтай 2018 оны 10-р сарын 12-ний өдөр хийсэн “Орон сууц захиалгын гэрээ”-ний дагуу үлдсэн төлбөрийг график байгуулсан сар бүр төлөх төлбөрийг үргэлжлүүлэн төлж чадахгүй улмаас гэрээнээс татгалзаж төлсөн төлбөр буюу 26,453,000 төгрөг шүүхээр нэхэмжилж 2020 оны 01 сарын 18-ний өдөр БЗ дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх М.0т олгохоор шийдвэрлэсэн гэжээ. Гэвч 2020 оны 1 дүгээр сарын 17-ний өдрийн 101/ШШ2020/00304 дугаартай Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Н.Бгаас 26,453,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.0т олгосугай гэсэн байсан. Хариуцагч Н.Б гэрээнд заагаагүй үндэслэлгүйгээр М.0аас 6,326,950 төгрөгийг алданги, 3,975,417 төгрөгийн хүүг нэхсэнээс үүдэн гэрээг цуцлах болсон гэдэг нь шүүхээр нотлогдсон юм. Энэхүү хуралдааны явцад гэм хорын тухай юу ч дурдагдаагүй бөгөөд тэр үед ч нэхэмжлэл гаргах эрх нь байсан. Н.Б нь 2020 оны 01 сарын 17-ний өдрийн 304 дүгээр шийдвэрээр надад олгох 26,963,000 төгрөгийг өгөхгүй хэмээн хариу нэхэмжлэл гаргаж байгаа гэж ойлгож байна. Түүний нэхэмжилсэн гэм хор учирсан гэх нэхэмжлэлд хариу тайлбар өгөх нь: 2018 оны 10 сарын 12-ноос 2019 оны 9 сар хүртэл 11сар тус байранд амьдрах хугацаанд гарсан засварын зардлыг шинжээчийн дүгнэлт гаргуулж танилцмаар байна. Анх байранд /2018 оны 10 сарын 12-нд/ “Орон сууц захиалгын гэрээ” хийн нүүн ороход эд хөрөнгө хүлээлцэх акт үйлдээгүй болно. Байрны түлхүүрийг жижүүр Лхамаа эгчид хүлээлгэн өгсөн. Биднийг нүүн гарахыг байрны хүмүүс бүгд харсан бөгөөд жижүүр Лхамаа эгч бүүр бидэнд тусалж ачаа ачиж өгч байсан. Тус байрнаас 2019 оны 9 сард нүүн гарсан. Нүүх тухайгаа удаа дараа хэлж байсан боловч утсаа авахгүй, авсан ч элдвээр доромжилж байсан. Би өөрийн амьдрах хугацаандаа байрны мөнгийг сар бүр тогтмол төлж байсан. 2019 оны 8 сард тухайн үед манай амьдарч байсан байрны тог цахилгааны 20 гаруй хоног тасалж биднийг амьдрах аргагүй болгосны улмаас 2019 оны 9 сард би уг байрнаас бүх эд хогшлоо аван нүүн гарсан. Тухайн үед хүүхдүүдээ дагуулан түрээсийн байранд түрээсийн гэрээ хийн орсон. Одоо болтол түүнээс мөнгөө авч чадаагүйн улмаас тус түрээсийн байранд амьдарч байна. Н.Бтай “Орон сууц захиалгын гэрээ” хийсэн болохоос түрээсийн гэрээ хийгээгүй тул түүний нэхэмжилж байгаа түрээсийн орлого 9,100,000 төгрөг нь үндэслэлгүй юм. Орон сууц захиалгын гэрээний 2.4 заалт нь “Захиалагч нь энэ гэрээг дангаараа зөрчиж орон сууцыг худалдан авахгүй, эс бөгөөс үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд” гэсэн байна. Гэвч Н.Б гэрээгээ өөрөө зөрчсөн болох нь шүүхээр тогтоогдсон учир энэхүү нэхэмжилж буй 3,967,950 төгрөгийг төлөх үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хуулийн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч М.0т холбогдуулан 18,132,613 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг “... талуудын хооронд байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Орон сууц захиалгын гэрээ”-нээс хариуцагч татгалзсаны улмаас хохирол учирсан” гэж тайлбарласан.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Зохигч талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Орон сууц захиалгын гэрээ” байгуулж, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Цэргийн хотхон /13360/, Б.Доржийн гудамж 28/а тоот хаягт байрлах орон сууцнаас 41.46 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийг нэг м.кв талбайг 1,700,000 төгрөгт тооцон нийт 73,542,000 төгрөгөөр шилжүүлэн авахаар тохиролцсон болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 5-6 дахь талд/

Гэрээний худалдан авагч тал болох М.0 нь гэрээнээс татгалзаж, орон сууцны үнэд төлсөн 26,963,000 төгрөгийг худалдагч тал болох Н.Бгаас гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 00304 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Н.Бгаас 26,453,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.0т олгохоор шийдвэрлэсэн байх ба уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /х.х-ийн 44-48 дахь талд/

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлаггүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан “зээлээр худалдах-худалдан авах” гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууц худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсаны улмаас орон сууцанд хийсэн засварын зардалд 4,788,000 төгрөг, хариуцагчийн амьдарч байсан хугацааны ашиглалтын зардалд 275,763 төгрөг, олох ёстой байсан орлого 9,100,000 төгрөг, талуудын хооронд байгуулсан гэрээний 2.4-д заасны дагуу торгууль 3,967,950 төгрөг нийт 18,132,613 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагч байрны обой сольсноос бусад зардал, төлбөрийг хариуцах үндэслэлгүй гэж маргасан.

Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-т “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж, 264.2-д “Энэ хуулийн 264.1-д заасан тохиолдолд худалдагч нь учирсан хохирол, зардлаа худалдан авагчаас шаардах эрхтэй” гэж зохицуулсан.

Гэрээнээс татгалзсан тохиолдолд ердийн үр дагавар нь гэрээний талууд хүлээн авсан үүргийн гүйцэтгэлийг харилцан буцаах бөгөөд харин худалдагч талд ийнхүү гэрээнээс татгалзсантай холбоотойгоор хохирол учирсан тохиолдолд  худалдан авагчаас учирсан хохирол зардлаа шаардах эрхтэй байна.

Ийнхүү талууд гэрээнээс татгалзаж, хариуцагчаас хүлээн авсан Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Цэргийн хотхон /13360/, Б.Доржийн гудамж 28/а байрны 12 тоот орон сууцыг өмнөх байдалд нь оруулах, сэргээн засварлахтай холбоотойгоор нэхэмжлэгчээс ажлын хөлсөнд 2,000,000 төгрөг, засварын материалын зардалд 2,770,900 төгрөгийн зардал гарсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 7-16 дахь талд/

Өөрөөр хэлбэл, хариуцагчаас орон сууцыг хүлээн авч, өмнөх байдалд нь сэргээн завсарлахтай холбоотой нэхэмжлэгчээс тодорхой зардал гарсан байх тул тус зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.

Хариуцагч нь 2020 оны 9 дүгээр сард орон сууцыг чөлөөлж, жижүүрт түлхүүрийг хүлээлгэн өгсөн тул 9, 10, 11 сарын ашиглалтын зардал төлөхгүй гэж маргасан боловч үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Иймд хэрэгт авагдсан баримтын хүрээнд ашиглалтын зардал болох 138,046 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв. /х.х-ийн 10 дахь талд/

Нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууцанд үнэ төлбөргүй суусан, хэрэв тухайн орон сууцыг түрээсэлсэн бол нэг сарын 700,000 төгрөгөөр бусдад түрээсэлж орлого олох байсан гэж үзэн олох ёстой байсан орлогод 9,100,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж зохицуулснаас үзвэл “зайлшгүй” орох байсан орлогыг хохиролд тооцох журамтай байна.

Гэтэл талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Орон сууц зээлээр худалдах-худалдан авах” гэрээний харилцаа үүсч, уг гэрээний маргааныг шүүх 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хянан шийдвэрлэсэн байна.

Үүнээс үзэхэд зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн тухайн цаг хугацаанд нэхэмжлэгч нь тус орон сууцыг бусдад түрээслэн орлого  олох байсан гэж дүгнэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн бусадтай байгуулсан түрээсийн гэрээгээр ийнхүү нэхэмжлэгч ийм хэмжээний орлого олох байсан гэж шууд эргэлзээгүй дүгнэх үндэслэлгүй байх тул олох ёстой байсан орлого гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна. /х.х-ийн 67-72 дахь талд/

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.4-д “захиалагч нь энэ гэрээг дангаараа зөрчиж орон сууцыг худалдан авахгүй, эс бөгөөс үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд 2.1-т заасны дагуу төлсөн нийт төлбөрийнхөө 15 хувийг торгуульд төлж, үлдсэн хэсгийг авна” гэж зааснаар 26,453,000 төгрөгийн 15 хувь болох 3,967,950 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчаас шаардсан.

Зохигчдын хооронд үүссэн гэрээний маргааныг шүүх шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 205 дугаар зүйлийг үндэслэн шийдвэрлэсэн байх тул энэ тохиолдолд гэрээ хэрэгжээгүй тул гэрээний хэн аль нь гэрээгээр тохиролцсон хариуцлагын үүрэг буюу алданги, торгууль шаардах эрхгүй.

Дурдсан үндэслэлүүдээр, хариуцагч М.0аас 4,908,946 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Бд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 13,223,667 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

                                                                                                   ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.2, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М.0аас 4,908,946 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13,223,667 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 248,614 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.0аас улсын тэмдэгтийн хураамжид 93,493 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Бд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.ЭНХЖАРГАЛ