Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/01136

 

Н.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2020/03208 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 58 дугаар магадлалтай,

Н.Бгийн нэхэмжлэлтэй

М.От холбогдох

18,132,613 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагч М.Оын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч М.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Н.Б нь М.От холбогдуулан 18,132,613 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2020/03208 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.2, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М.Оаас 4,908,946 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13,223,667 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 248,614 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Оаас улсын тэмдэгтийн хураамжид 93,493 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Бд олгохоор шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 58 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2020/03208 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 223 289 төгрөг, хариуцагчийн төлсөн 93 477 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээхээр шийдвэрлэжээ.

4. Хариуцагч М.О хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.2, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М.Оаас 4,908,946 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13,223,667 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн Баянзүрх дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн 2020.09.17-ны өдрийн 101/ШШ2020/03208 дугаар шийдвэрийн дагуу миний бие хохирол учруулсан бол төлөх үүрэгтэй. Гэвч нэхэмжлэлд байгаа Баянзүрх дүүргийн 4-р хороо, 28А байрны 12 тоот 43,26 м.кв талбайтай 2 өрөө байрны засварын зардал гэж тооцсон 4,907,946 төгрөгийг бүрэн зөвшөөрөхгүй байна. Учир нь, Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2-т худалдагч нь учирсан хохирол зардлаа худалдан авагчаас шаардах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Н.Бгийн нэхэмжлээд байгаа эд зүйлсийн юу нь, ямар үнэлгээгээр хохирсон нь тогтоогдоогүй гэж үзэж байгаа тул мэргэжлийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлэх нь зөв гэж үзэж байна. Н.Б нь өөрийн засвар хийсэн гэж бүрдүүлсэн материал нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Хэргийн материалд авагдсан 2020.04 дүгээр сарын бичлэгээс харахад тус байрны шал, ариун цэврийн өрөөний угаалтуур, суултуур, ванн зэрэг нь бүрэн бүтэн байгааг илтгэж солих шаардлагагүй байна. Гэвч тэрээр солих шаардлагагүй байсан суултуур, төмөр ванн, дотор хаалга, паркетан шал бүтнээр солих гэх мэтээр оруулсан байна. Нэхэмжлэлд хавсаргасан материалаас дурдвал ванн холигч 75,000 төгрөг, угаалтуурын холигч 53,000 төгрөг, нойлын таг 30,000 төгрөг, угаалтуурын сифон 15,000 төгрөг, ванны сифон 25,000 төгрөг, суултуур 200,000 төгрөг, төмөр ванн 220,000 төгрөг, дотор хаалга 2 ширхэг 320,000 төгрөг, паркетан шал 924,000 төгрөг болон бусад хүрээ, булан, хаалганы бариултай цоож нугас, шахдаг хөөс, шалны зөөлөвч гэх мэтийг дурдсан байна. Эдгээр нь бодит байдалтай нийцэхгүй байна гэж үзэж байна. Мөн ажил гүйцэтгэсэн хөлсөнд 2,000,000 төгрөг зарцуулсан гэж байгаа нь үндэслэлгүй юм гэж үзэж байна. Иймээс нотлогдохгүй хэргийг бүхэлд нь хянаж хуулийн дагуу шалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

6.Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч М.От холбогдуулан гэрээнээс татгалзахаас өмнө эзэмшиж байсан орон сууцанд учруулсан хохирол буюу засварын материалын зардалд 2,788,000 төгрөг, ажлын хөлсөд төлсөн 2,000,000 төгрөг, ашиглалтын зардал 275,763 төгрөг, олох байсан орлого 9,100,000 төгрөг, гэрээ цуцалсны торгууль 3,967,950 төгрөг, нийт 18,131,713 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “...хариуцагч нь гэрээнээс татгалзах хүртэл хугацаанд орон сууцыг эзэмшиж ашиглаж байхдаа орон сууцны эд ангийг ашиглах боломжгүй болгосон, муутгасан байсан, хэрэглэсэн ашиглалтын зардлаа төлөх ёстой,  энэ хугацаанд орлого олох боломжтой байсан тул хохирлыг арилгуулна...” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу надад төлөх ёстой мөнгөө төлөхгүй, ийм нэхэмжлэл гаргаж байна, 2018.10.12-2019.09 сар хүртэл 11 сар байрыг ашигласан, ашиглалтын төлбөрөө төлсөн, түрээсийн гэрээ байгуулаагүй учраас олох байсан орлогыг зөвшөөрөхгүй...” гэж маргасан байна.

7. Анхан шатны шүүх хариуцагчаас 4,908,946 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх 13,223,667 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, маргаантай харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлжээ.

8. Хэрэгт байгаа баримтаас үзвэл, талууд 2018.10.12-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулсан боловч гэрээнээс татгалзаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.17-ны өдрийн 101/ШШ2020/00304 дүгээр шийдвэрээр Н.Бгаас 26,453,000 төгрөгийг гаргуулж М.От олгохоор шийдвэрлэсэн, хариуцагч орон сууцыг 2019.09 сард буцааж өгсөн, харин нэхэмжлэгч орон сууцанд учруулсан хохирол, олох байсан орлого, ашиглалтын зардал, гэрээнд заасан торгуулийг нэхэмжилсэн байна.

9. Гэрээнээс татгалзсан явдалд хоёр талын аль нэгийг буруутгах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тохиолдолд ийнхүү татгалзсантай холбоотой хохирлыг хэн аль нь хариуцах үүрэггүй байдаг. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1., 227.2.-т зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй боловч нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй. Иймд нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр үндэслэлтэй, үүнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй юм.

10. Харин хариуцагч нь орон сууцыг эзэмшиж байхдаа орон сууцыг ердийн элэгдлээс  илүү муутгасан бол нэхэмжлэгч нь өмчлөгчийн хувьд зардлыг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч зардлын хэмжээг зөвшөөрөөгүй бол татгалзлаа нотлох үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэлийн энэ шаардлагыг үгүйсгэх баримтыг хариуцагч М.О шүүхэд гаргаагүй, татгалзлаа нотлоогүй тул шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасныг зөрчөөгүй байна.

Иймд хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2020/03208 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 58 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 93,477 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.БАНЗРАГЧ

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Г.АЛТАНЧИМЭГ

                                 ШҮҮГЧИД                                                 П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ