Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/00056

 

МАГАДЛАЛ

2020.12.30 Дугаар 56

 

 

 

 

 

 

Р Г И ХХКХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/03766 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Р Г И ХХКХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГт холбогдох, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 18 дугаар байрны 1 давхрын 1015.98 м.кв, 2 давхрын 786.08 м.кв бүхий үйлчилгээний талбайнуудыг битүүмжлэгдэж, хураагдсан эд хөрөнгүүдээс хасуулж, 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх, хураах тухай тогтоолуулыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билэгсайхан, Ко овогт Кёнрак, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р Г И ХХКХХК-ийн хувьцаа эзэмшигч Сингапур улсын иргэн Моана Рави Жагасиагийн харилцан хамаарал бүхий Сингапур улсад оффистой Вишн Экспресс компани болон Зенит интелиженс компани нь Монгол Улсад бүртгэлтэй Хуур магнай ХХК-д хөрөнгө оруулж, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 166 айлын орон сууц, үйлчилгээний зориулалттай Баяжих цогцолборыг барьж, хөрөнгө оруулалтын хариу төлбөрт талуудын хооронд байгуулсан харилцан санаж бичиг, нэмэлт өөрчлөлтүүдийн дагуу орон сууц, үйлчилгээний талбай, автозогсоолуудыг шилжүүлэхээр тохиролцсон. Вишн Экспресс болон Зенит интелиженс компаниуд нь өөрт ногдох үл хөдлөх хөрөнгүүдээс 1, 2 дугаар давхрын үйлчилгээний талбайг Монгол Улсад бүртгэлтэй Р Г И ХХКХХК-д эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлж, цаашид тодорхой хэсгийг зориулалтын дагуу ашиглах, үлдсэн хэсгийг худалдан авагч, захиалагчид борлуулах зорилгоор 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Хуур магнай ХХК болон Рүби гарнет инвестменст ХХК-иуд Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст хүсэлт хүргүүлж анхны бүртгэл хийлгэсэн болно. Гэтэл Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 00821 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 1082 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор Хуур магнай ХХК-аас 1 684 460 626 төгрөг гаргуулж Цахим гал ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу тус шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 03385 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, 101/ГХ2019/00286 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. Улмаар дээрх шүүгчийн захирамж болон гүйцэтгэх хуудасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Хуур магнай ХХК-д холбогдуулан албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа бөгөөд Р Г И ХХКХХК-ийн анхны бүртгэл бүхий Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Баяжих цогцолбор, 1 дүгээр давхрын 1015.98 мкв, 2 дугаар давхрын 786.08 мкв бүхий үйлчилгээний талбайг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 19260614/35, 19260614/36 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудаар битүүмжилж, мөн өдрийн 19260614/36, 1926061437 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолуудаар хураан авах ажиллагаа хийсэн. Манай компани нь дээрх маргаан бүхий үйлчилгээний талбайнуудын анхны бүртгэлийг шилжүүлэн авснаас хойш өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд компанийн дүрэмд заасан үйл ажиллагааны чиглэл болох хүүхдийн тоглоомын төв, кофе шоп, фитнесс зэрэг үйл ажиллагааг явуулж байгаа. Дээр дурдсанчлан дээрх хөрөнгүүдийг цаашид гуравдагч этгээдэд худалдан борлуулах сонирхолтой байсан тул талбай тус бүрээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулалгүй, улсын бүртгэлд анхны бүртгэлээр бүртгүүлсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас манай компанийн өмчлөлийн үйлчилгээний талбайнуудаас төлбөр гаргуулах ажиллагаа явуулж байгаа нь үндэслэлгүй. Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 18 дугаар байрны 1 давхрын 1015.98 м.кв, 2 дугаар давхрын 786.08 м.кв бүхий үйлчилгээний талбайнуудыг битүүмжлэгдэж, хураагдсан эд хөрөнгүүдээс хасуулж, 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх, хураах тухай тогтоолуулыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 821 дүгээр шийдвэрээр Хуур магнай ХХК-аас 1 684 460 626 төгрөгийг Цахим гал ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 19260614 дүгээр тогтоолоор үүсгэж төлбөр төлөгч Хуур магнай ХХК-д шүүхийн шийдбэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг арилжааны банкуудад хүргүүлэхэд төлбөр төлөгдөөгүй тул түүний эзэмшлийн газарт баригдсан Баяжих цогцолбор 18 дугаар байрны 1, 2 дугаар давхрын үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 18 дугаар байрны 34, 115 тоот 3 өрөө орон сууцнуудыг 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн тогтоолоор битүүмжилж хураасан. Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан төлбөр төлөгч Хуур магнай ХХК-аас бусдад худалдан борлуулаагүй үйлчилгээний талбай, орон сууцны мэдээллийг ирүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч тухайн мэдээллийг ирүүлээгүй болно. Иймд Хуур магнай ХХК-ийн захиалгаар баригдсан Баяжих цогцолборт бусдын өмчлөлд шилжээгүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй хөрөнгийн мэдээллийг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн газраас тодруулахад 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 8/857 дугаар албан бичгээр 1 дүгээр давхрын үйлчилгээний зориулалттай 1031.77 м.кв талбайгаас 15.79 м.кв, 2 дугаар давхрын 1026.26 м.кв үйлчилгээний талбайгаас 192.74 м.кв, 47.44 м.кв талбайг иргэдийн нэр дээр бүртгэж гэрчилгээ олгосон бусад талбайд гэрчилгээ олгогдоогүй талаар мэдээллийг ирүүлсэн. Хураасан хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохтой холбогдуулан Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээг тогтоосон бөгөөд дээрх үйлчилгээний талбайн зах зээлийн үнэлгээтэй холбогдуулан Хуур магнай ХХК-аас тус шүүхэд 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохоо хүлээн зөвшөөрч буй үйлдэл юм. Иймд тус газар Рүби гарнет инвестменст ХХК-ийн эрхэд халдаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч НШШГГт холбогдох нэхэмжлэгч Р Г И ХХКХХК-ийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 18 дугаар байрны 1 давхрын 1015.98 м.кв, 2 давхрын 786.08 м.кв үйлчилгээний талбайнуудыг битүүмжлэгдэж, хураагдсан эд хөрөнгүүдээс хасуулж, 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 19260614/35, 19260614/36 тоот эд хөрөнгө битүүмжлэх, 19260614/37, 19260614/38 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Р Г И ХХКХХК-ийн хувьцаа эзэмшигч Сингапур улсын иргэн Моана Рави Жагасиагийн харилцан хамаарал бүхий Сингапур улсад бүртгэлтэй "Вишн Экспресс компани" болон "Зенит интелиженс компани"-иуд нь Монгол Улсад бүртгэлтэй "Хуурмагнай" ХХК-д хөрөнгө оруулж, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 166 айлын орон сууц, үйлчилгээний зориулалттай Баяжих цогцолборыг барьж, хөрөнгө оруулалтын төлбөрт талуудын хооронд байгуулсан 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний дагуу орон сууц, үйлчилгээний талбай автозогсоолуудыг шилжүүлэхээр тохиролцсон. Вишн Экспресс ХХК болон Зенит интелиженс" ХХК-иуд нь өөрт ногдох үл хөдлөх хөрөнгүүдийг Монгол Улсад бүртгэлтэй "Рүби гарнет инвестментс" ХХК-д 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлж, цаашид тодорхой хэсгийг зориулалтын дагуу ашиглах, үлдсэн хэсгийг худалдан авагч, захиалагчид борлуулах зорилгоор 2018 оны 3 дугаар сарын 09-нии өдөр "Хуур магнай ХХК болон "Рүби гарнет инвестменст" ХХК-иуд Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст хүсэлт хүргүүлж анхны бүртгэл буюу урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн. Манай компаниас анхан шатны шүүхэд дээрх нөхцөл байдлыг нотлох зорилгоор хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ, эрх шилжүүлэх гэрээнүүдийг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн бөгөөд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийснээ нотлох зорилгоор 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шүүхийн журмаар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 18 дугаар байр Баяжих цогцолбор. 166 айлын орон сууцны барилгын 1 дүгээр давхрын үйлчилгээний зориулалттай 1031.77 м.кв, 2 дугаар давхрын үйлчилгээний зориулалттай 1 026.26 м.кв талбайд урьдчилсан тэмдэглэл хийсэн бүртгэлийн хувийн хэргийг гаргуулах хүсэлтийг гаргасан боловч өөрсдөө олох боломжтой хэмээн дүгнэж тус хүсэлтийг хангахгүй шийдвэрлэсэн. Улмаар манай компаниас тус нотлох баримтыг гаргуулах хүсэлтийг даруй эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт гаргасан боловч тус хүсэлтийн хариуг авахаас өмнө шүүх хэргийг шийдвэрлэсэн нь мэтгэлцэх боломжоор хангаагүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдтэй холбоотойгоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах эрхтэй этгээд болохоо баримтаар нотлоогүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Манай компаниас гаргасан нэхэмжлэлийг хангахгүй шийдвэрлэсэн ба тус шийдвэрийн гол үндэслэл нь маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөгч биш тул гомдол гаргах этгээд биш гэсэн дүгнэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаас үзвэл өмчлөгчөөр хязгаарлаагүй харин өмчлөх эрхтэй холбогдсон маргаанд холбогдох этгээдийг гомдол гаргах эрхтэй этгээд байхаар заасан тул манай компани гомдол гаргах эрхтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хусэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн даруй шийдвэрлэнэ гэж заасан. Анхан шатны шүүх нь шийдвэр гаргахдаа хуульд заасан дээрх журмыг зөрчсөн байна. Тодруулбал, Цахим гал ХХК-иас 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг хүсэлт шийдвэрлэх шатанд хэлэлцээгүй буюу шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч талаас саналыг асуулгүй шийдвэрлэсэн байна. Энэхүү нөхцөл байдал нь анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс тодорхой харагдана. Хүсэлт шийдвэрлэх шатанд Цахим гал ХХК-иас гаргасан хүсэлтийг огт дурдаагүй атлаа шүүгчийн захирамжид Цахим гал ХХК-ийн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шиидвэрлэсэн нь хуульд заасан шүүх хуралдааны дэгийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Р Г И ХХКХХК нь хариуцагч НШШГГт холбогдуулан Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 18 дугаар байрны 1 давхрын 1 015.98 м.кв, 2 давхрын 786.08 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайг битүүмжилж хураасан эд хөрөнгөөс хасуулж 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх, хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/00821 дугаар шийдвэрээр хариуцагч Хуур магнай ХХК-аас 1 684 460 626 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Цахим гал ХХК-д олгож шийдвэрлэсэн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /1хав-101-107х/

 

Хуур магнай ХХК нь дээрх шийдвэрийн дагуу төлбөрийг төлөөгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 19260614 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар төлбөр төлөгчид мэдэгдсэн байна. /1хав-126,131х/

 

Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 4/13621 дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Баяжих цогцолбор, 18 дугаар байр, 166 айлын орон сууцны 1 дүгээр давхрын үйлчилгээний зориулттай 1 031,77 м.кв талбайгаас 15,79 м.кв, 2 дугаар давхрын 1 026,26 м.кв талбайгаас 192,74 м.кв , 47,44 м.кв талбай зэрэг нь иргэдийн нэр дээр бүртгэгдэж маргааны зүйл болсон 1 дүгээр давхрын 1 015.98 м.кв, 2 дугаар давхрын 786,08 м.кв талбай нь бусдын өмчлөлд бүртгэгдээгүй болох нь тогтоогдсон./1хав-137х/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 19260614/35, 19260614/37 дугаар тогтоолоор төлбөр төлөгчийн хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Баяжих цогцолборын 18 дугаар байрны 1 давхрын 1 015,98 м.кв, 2 давхрын 786,08 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайг битүүмжлэн, хураах ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзнэ. /1хав-137-145х/

 

Анхан шатны шүүх Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Баяжих цогцолбор, 18 дугаар байрны 1 давхрын 1 015,98 м.кв, 2 дугаар давхрын 786,08 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар битүүмжилж, хураасан ажиллагааг хууль бус талаар шүүхэд гомдол гаргах эрх нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчид хамаарна гэж Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасантай нийцүүлэн дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Мөн Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж зохицуулсны дагуу нэхэмжлэгч Гүби гарнет инвестментс ХХК нь төлбөр төлөгч Хуур магнай ХХК-тай 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөхөөр тохиролцсон гэх боловч уг хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлбөр төлөгч Хуур магнай ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах болон Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримт гаргуулах, мөн төлбөр авагч Цахим гал ХХК-ийг бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт тус тус гаргасныг шүүх хангахаас татгалзсаныг буруутгах үндэслэлгүй.

 

Төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх бусдад шилжээгүй талаарх баримт хэрэгт авагдсан ба дэлгэрэнгүй лавлагаа шаардлагатай бол нэхэмжлэгч өөрөө цуглуулах боломжтой тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг шүүх зөрчсөн гэж үзэхгүй.

 

Үүнээс гадна шүүх хүсэлтийг шийдвэрлэхдээ шүүх хуралдааны дэгийг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй. Учир нь шүүх хуралдаанд оролцогчдоос хүсэлт байгаа эсэх талаар тодруулж төлбөр авагч Цахим гал ХХК-ийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/03766 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдусгай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.БАЙГАЛМАА