Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/00967

 

 

“.......... ............ ........” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/03766 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 56 дугаар магадлалтай,

“.......... ............ ........” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

.................................-т холбогдох

................. дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, ......... дугаар байрны 1 давхрын 1015.98 м.кв, 2 давхрын 786.08 м.кв бүхий үйлчилгээний талбайнуудыг битүүмжлэгдэж, хураагдсан эд хөрөнгүүдээс хасуулж, 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх, хураах тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..................., нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “.......... ............ ........” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Сингапур Улсын иргэн ...... .......... .............-ийн харилцан хамаарал бүхий Сингапур Улсад оффистой “.......... “ компани болон “........... ....................”  компани нь Монгол Улсад бүртгэлтэй “..............” ХХК-д хөрөнгө оруулж, ............ дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт ........... айлын орон сууц, үйлчилгээний зориулалттай .............. цогцолборыг барьж, хөрөнгө оруулалтын хариу төлбөрт талуудын хооронд байгуулсан харилцан санамж бичиг, нэмэлт өөрчлөлтүүдийн дагуу орон сууц, үйлчилгээний талбай, автозогсоолуудыг шилжүүлэхээр тохиролцсон. “.......... “  болон “........... ....................”  компаниуд нь өөрт ногдох үл хөдлөх хөрөнгүүдээс 1, 2 дугаар давхрын үйлчилгээний талбайг Монгол Улсад бүртгэлтэй “.......... ............ ........” ХХК-д эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлж, цаашид тодорхой хэсгийг зориулалтын дагуу ашиглах, үлдсэн хэсгийг худалдан авагч, захиалагчид борлуулах зорилгоор 2018.3.09-ний өдөр “........ ..............” ХХК болон “......... .......... ................” ХХК-иуд Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст хүсэлт хүргүүлж анхны бүртгэл хийлгэсэн болно. Гэтэл Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.3.07-ны өдрийн 00821 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.5.09-ний өдрийн 1082 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.10.16-ны өдрийн тогтоолоор “.......... “ ХХК-аас 1,684,460,626 төгрөг гаргуулж “.......... “ ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу тус шүүхийн шүүгчийн 2019.3.01-ний өдрийн 03385 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, 101/ГХ2019/00286 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. Улмаар дээрх шүүгчийн захирамж болон гүйцэтгэх хуудасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч “..........” ХХК-д холбогдуулан албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа бөгөөд “.......... ............ ........” ХХК-ийн анхны бүртгэл бүхий ............... дүүрэг, 16 дугаар хороо, ........... цогцолбор, 1 дүгээр давхрын 1015.98 м.кв, 2 дугаар давхрын 786.08 м.кв бүхий үйлчилгээний талбайг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020.5.08-ны өдрийн 19260614/35, 19260614/36 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудаар битүүмжилж, мөн өдрийн 19260614/36, 1926061437 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолуудаар хураан авах ажиллагаа хийсэн. Манай компани нь дээрх маргаан бүхий үйлчилгээний талбайнуудын анхны бүртгэлийг шилжүүлэн авснаас хойш өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд компанийн дүрэмд заасан үйл ажиллагааны чиглэл болох хүүхдийн тоглоомын төв, кофе шоп, фитнесс зэрэг үйл ажиллагааг явуулж байгаа. Дээр дурдсанчлан дээрх хөрөнгүүдийг цаашид гуравдагч этгээдэд худалдан борлуулах сонирхолтой байсан тул талбай тус бүрээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулалгүй, улсын бүртгэлд анхны бүртгэлээр бүртгүүлсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас манай компанийн өмчлөлийн үйлчилгээний талбайнуудаас төлбөр гаргуулах ажиллагаа явуулж байгаа нь үндэслэлгүй. ............ дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, ....... дугаар байрны 1 давхрын 1015.98 м.кв, 2 дугаар давхрын 786.08 м.кв бүхий үйлчилгээний талбайнуудыг битүүмжлэгдэж, хураагдсан эд хөрөнгүүдээс хасуулж, 2020.5.08-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх, хураах тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.3.07-ны өдрийн 821 дүгээр шийдвэрээр “.......... “ ХХК-аас 1,684,460,626 төгрөгийг “.......... “ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019.3.05-ны өдрийн 19260614 дүгээр тогтоолоор үүсгэж төлбөр төлөгч “.......... “ ХХК-д шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг арилжааны банкуудад хүргүүлэхэд төлбөр төлөгдөөгүй тул түүний эзэмшлийн газарт баригдсан ........... цогцолбор ............ дугаар байрны 1, 2 дугаар давхрын үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ......... дугаар байрны ........., .............. тоот 3 өрөө орон сууцнуудыг 2020.5.8-ны өдрийн тогтоолоор битүүмжилж хураасан. Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан төлбөр төлөгч “...............” ХХК-аас бусдад худалдан борлуулаагүй үйлчилгээний талбай, орон сууцны мэдээллийг ирүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч тухайн мэдээллийг ирүүлээгүй болно. Иймд “.............” ХХК-ийн захиалгаар баригдсан ........... цогцолборт бусдын өмчлөлд шилжээгүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй хөрөнгийн мэдээллийг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн газраас тодруулахад 2020.4.21-ний өдрийн 8/857 дугаар албан бичгээр 1 дүгээр давхрын үйлчилгээний зориулалттай 1031.77 м.кв талбайгаас 15.79 м.кв, 2 дугаар давхрын 1026.26 м.кв үйлчилгээний талбайгаас 192.74 м.кв, 47.44 м.кв талбайг иргэдийн нэр дээр бүртгэж гэрчилгээ олгосон, бусад талбайд гэрчилгээ олгогдоогүй талаар мэдээллийг ирүүлсэн. Хураасан хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохтой холбогдуулан “............ ..............” ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээг тогтоосон бөгөөд дээрх үйлчилгээний талбайн зах зээлийн үнэлгээтэй холбогдуулан “....................” ХХК-аас тус шүүхэд 2020.7.02-ны өдөр нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохоо хүлээн зөвшөөрч буй үйлдэл юм. Иймд тус газар “.......... ............ ........” ХХК-ийн эрхэд халдаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/03766 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох нэхэмжлэгч “.......... ............ ........” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, ............ дугаар байрны 1 давхрын 1015,98 м.кв, 2 давхрын 786,08 м.кв үйлчилгээний талбайнуудыг битүүмжлэгдэж, хураагдсан эд хөрөнгүүдээс хасуулж, 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 19260614/35, 19260614/36 тоот эд хөрөнгө битүүмжлэх, 19260614/37, 19260614/38 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 56 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/03766 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...................., ....... овогт ............ нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.30-ны өдрийн 101/ШШ2020/03766 дугаар шийдвэр нь дараах үндэслэлээр алдаатай гэж үзэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-т заасны дагуу давж заалдах журмаар гомдол гаргаж байна. “.......... ............ ........” ХХК нь 2017.10.02-ны өдөр үүсгэн байгуулагдсан, Сингапур Улсын иргэн “................. .......... ..........” болон Монгол Улсын иргэн ................ нарын хамтарсан хөрөнгө оруулалттай, Үл хөдлөх эд хөрөнгийн худалдаа, түрээс, зуучлал, хүүхдийн тоглоомын төв, тоглоомын худалдаа, бялдаржуулах төвийн үйл ажиллагааны чиглэл бүхий ашгийн төлөө хуулийн этгээд болно. Тус компанийн хувьцаа эзэмшигч Сингапур Улсын иргэн “................. ........ -ийн харилцан хамаарал бүхий Сингапур Улсад бүртгэлтэй “........... ................” компани /............... ......... ......../ болон “.......... ................. ....................” компани /.............. ............... ............ ......../-иуд нь Монгол Улсад бүртгэлтэй “.......... “ ХХК-д хөрөнгө оруулж, ................ дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт 166 айлын орон сууц, үйлчилгээний зориулалттай .............. цогцолборыг барьж, хөрөнгө оруулалтын хариу төлбөрт талуудын хооронд байгуулсан 2017.07.15-ны өдрийн “Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ”-ний дагуу орон сууц, үйлчилгээний талбай, авто зогсоолуудыг шилжүүлэхээр тохиролцсон. “............. ...............” болон “............. ................ ................” компаниуд нь өөрт ногдох үл хөдлөх хөрөнгүүдийг Монгол Улсад бүртгэлтэй “.......... ............ ........” ХХК-д 2017.09.27-ны өдрийн “Эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу шилжүүлж, цаашид тодорхой хэсгийг зориулалтын дагуу ашиглах, үлдсэн хэсгийг худалдан авагч, захиалагчид борлуулах зорилгоор 2018.03.09-ний өдөр “.......... “ ХХК болон “.......... ............ ........” ХХК-иуд Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст хүсэлт хүргүүлж анхны бүртгэл буюу урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлэх мэтгэлцэх зарчим”-ын талаар тусгаж өгсөн бөгөөд мөн зүйлийн 6.3-т “Зохигч ...хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ”, 6.4-т “Зохигч ...нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” хэмээн мэтгэлцэх зарчим хэрхэн хэрэгжих талаар тодорхой зааж өгсөн. Манай компаниас анхан шатны шүүхэд дээрх нөхцөл байдлыг нотлох зорилгоор хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ, эрх шилжүүлэх гэрээнүүдийг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн бөгөөд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийснээ нотлох зорилгоор 2020.10.23-ны өдөр шүүхийн журмаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ерөнхий газраас ............. дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, ......... дугаар байр ............ цогцолбор, ...........-н айлын орон сууцны барилгын 1-р давхрын үйлчилгээний зориулалттай 1031.77 м.кв, 2-р давхрын үйлчилгээний зориулалттай 1,026.26 м.кв талбайд холбогдуулан урьдчилсан тэмдэглэл хийсэн бүртгэлийн хувийн хэргийг гаргуулах хүсэлтийг гаргасан боловч шүүгч хэргийн оролцогч өөрсдөө олох боломжтой хэмээн дүгнэж тус хүсэлтийг хангахгүй шийдвэрлэсэн. Улмаар, манай компаниас тус нотлох баримтыг гаргуулах хүсэлтийг даруй Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт гаргасан боловч тус хүсэлтийн хариуг авахаас өмнө шүүхээс хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байгаа ба зохигчийг мэтгэлцэх боломжоор хангаагүй гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсэгт “Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020.4.21-ний өдрийн 4/13621 дугаар албан бичгээр ............... дүүргийн 16 дугаар хороо, ................ цогцолбор, .......... дугаар байр, ............. айлын орон сууцны 1 дүгээр давхрын үйлчилгээний зориулалттай 1031.77 м.кв талбайгаас 15.79 м.кв ...зэрэг нь иргэдийн нэр дээр бүртгэгдэж маргааны зүйл болсон 1 дүгээр давхрын 1015.98 м.кв, 2 дугаар давхрын 786.08 м.кв талбай нь бусдын өмчлөлд бүртгэгдээгүй болох нь тогтоогдсон” гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дутуу дүгнэсэн гэж үзэж байна. Учир нь маргаан бүхий талбайд иргэний нэр дээр бүртгэлтэй гэсэн 1 давхрын 15.79 м.кв талбай нь манай компанийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан бөгөөд тус гэрчилгээ нь хэрэгт авагдсан ба энэхүү өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан үндэслэл нь “.......... “ ХХК, “............. ............”, “............... ............ ................” болон манай компанийн хооронд хийгдсэн гэрээ, хэлцэл байна. Харин анхан болон давж заалдах шатны шүүхээс манай компаниас маргаан бүхий талбайн 15.79 м.кв-тай холбоотой хэсгийн өмчлөх эрхийг хэрхэн авсан талаар дүгнээгүй нь хэргийг тал бүрээс судлаагүй, дутуу дүгнэлт өгсөн гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т “Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно” хэмээн заасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдтэй холбоотойгоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах эрхтэй этгээд болохоо баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв” гэж, давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсэгт “...үл хөдлөх эд хөрөнгүүдийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар битүүмжилж, хураасан ажиллагааг хууль бус талаар шүүхэд гомдол гаргах эрх нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчид хамаарна гэж Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасантай нийцүүлэн дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ” хэмээн манай компаниас гаргасан нэхэмжлэл болон гомдлыг хангахгүй шийдвэрлэсэн ба тус шийдвэрийн гол үндэслэл нь нэхэмжлэгч маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөгч биш тул гомдол гаргах этгээд биш гэсэн дүгнэлт байна. Гэвч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны асуудлаар шүүхэд гомдол гаргах эрхийн тухай зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т зааснаас үзвэл гомдол гаргах эрхтэй этгээдийг тодорхойлохдоо төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн “өмчлөгч”-өөр хязгаарлаагүй харин өмчлөх эрхтэй холбогдсон маргаанд холбогдох этгээдийг гомдол гаргах эрхтэй этгээд байхаар заасан тул манай компанийг гомдол гаргах эрхгүй этгээд гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т “хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ” хэмээн заасан. Анхан шатны шүүх нь шийдвэр гаргахдаа хуульд заасан дээрх журмыг зөрчсөн. Тодруулбал, “...................” ХХК-аас 2020.10.27-ны өдөр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд анхан шатны шүүхийн шүүгч нь тус хүсэлтийг хүсэлт шийдвэрлэх шатанд огт дурдаагүй, хэлэлцээгүй буюу шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч талаас саналыг асуулгүйгээр шийдвэрлэсэн. Энэхүү үйл явдал нь анхан шатны шүүхийн 2020.10.30-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс тодорхой харагдаж байгаа ба тэмдэглэлд шүүгч нь хүсэлт шийдвэрлэх шатанд “..............” ХХК-аас гаргасан хүсэлтийг огт дурдаагүй атлаа “Шүүгчийн захирамжид ...”.................” ХХК-ийн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлтийг хангахаас татгалзаж” шийдвэрлэсэн нь хуульд заасан шүүх хуралдааны дэгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны дэг зөрчсөн асуудалтай холбогдуулан давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсэгт “... шүүх хүсэлтийг шийдвэрлэхдээ шүүх хуралдааны дэгийг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй. Учир нь шүүх хуралдаанд оролцогчдоос хүсэлт байгаа эсэх талаар тодруулж төлбөр авагч “....................” ХХК-ийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна” хэмээн дүгнэжээ. Гэвч энэхүү дүгнэлт нь хангалтгүй дүгнэлт гэж үзэж байна. Учир нь бидний зүгээс алдагдсан эрх нь тухайн хэрэгт хуульд заасны дагуу шүүхэд ирүүлсэн хүсэлтэд санал, тайлбар хэлэх эрх бөгөөд анхан шатны шүүхийн шүүгч нь үүнтэй холбоотойгоор шүүх хуралдаанд оролцсон зохигч нараас тайлбарыг авалгүй шийдвэрлэсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлээс тодорхой харагдаж байгаа болно. Иймд дээрх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.30-ны өдрийн 101/ШШ2020/03766 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.30-ны өдрийн 56 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах шийдвэрийг гаргаж  өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

Хоёр шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д “Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс маргаан бүхий хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотойгоор “холбогдох этгээд”-ийн хувьд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэгчийг “холбогдох этгээд биш буюу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд” гэж үзээгүй, харин нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй буюу “нэхэмжлэгч нь маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөгч гэдгээ нотолж чадаагүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Учир нь, шүүхүүдийн дүгнэсэнчлэн, нэхэмжлэгч “.......... ............ ........” ХХК нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг “............. ..............” ХХК, “............... ................ ................” ХХК-аас 2017.09.27-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэн авсан гэж байгаа ч уг гэрээгээ үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй нь Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд заасан хэлбэрийн шаардлагыг хангахгүй тул тухайн хөрөнгийн өмчлөгч гэж үзэхгүй, энэ утгаараа мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1.-т заасан “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй этгээд биш байна.

Иймд, “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т зааснаас үзвэл гомдол гаргах эрхтэй этгээдийг тодорхойлохдоо төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн “өмчлөгч”-өөр хязгаарлаагүй, харин өмчлөх эрхтэй холбогдсон маргаанд холбогдох этгээдийг гомдол гаргах эрхтэй этгээд байхаар заасан байхад манай компанийг гомдол гаргах эрхгүй этгээд гэж дүгнэсэн нь үндэслэлгүй...” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

“...Манай компаниас эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийснээ нотлох зорилгоор шүүхийн журмаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ерөнхий газраас бүртгэлийн хувийн хэргийг гаргуулах хүсэлтийг гаргасан боловч шүүгч хүсэлтийг хангаагүй, улмаар манай компаниас тус нотлох баримтыг гаргуулах хүсэлтийг даруй Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт гаргасан боловч хариуг авахаас өмнө хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой, зохигчийг мэтгэлцэх боломжоор хангаагүй...” гэсэн гомдлын тухайд, уг баримтыг нэхэмжлэгч өөрөө олж авах, улмаар шүүхэд гаргаж өгөх боломжтой тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй... тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэсэнд хамаарахгүй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй тул шүүхийг буруутгах боломжгүй.

Түүнчлэн, “...бусдын нэр дээр бүртгэлтэй гэсэн 1 давхрын 15.79 м.кв талбай нь манай компанийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан бөгөөд тус гэрчилгээ нь хэрэгт авагдсан ба энэхүү өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан үндэслэл нь “.......... “ ХХК, “........... .............”, “........... ................... ..................” ХХК болон манай компанийн хооронд хийгдсэн гэрээ, хэлцэл байхад шүүхээс манай компани тухайн хөрөнгийн өмчлөх эрхийг хэрхэн авсан талаар дүгнээгүй нь хэргийг тал бүрээс судлаагүй, дутуу дүгнэлт өгсөн...” гэсэн гомдлын тухайд, нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн /15.79 м.кв/ хувьд маргаагүй тул шүүх энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй ба нэгэнт маргаан бүхий хөрөнгийн хувьд улсын бүртгэл хийгдээгүй тул тухайн хөрөнгийг шилжүүлэхийг хүссэн үндэслэл нь ямар гэрээ, хэлцэл байх /нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэгдсэн бусад хөрөнгийн үндэслэл болсон эсэх/ нь хэрэгт ач холбогдолгүй, иймээс шүүхийг буруутгах үндэслэлгүй юм.

Мөн “... анхан шатны шүүхээс “.......... “ ХХК-аас бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч талаас саналыг асуугаагүй нь хуралдааны дэгийг ноцтой зөрчсөн, давж заалдах шатны шүүх энэ талаар буруу дүгнэсэн...” гэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаанд хамаарахгүй тул уг гомдлоор шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх боломжгүй.   

Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын  хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/03766 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 56 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Х.СОНИНБАЯР

                             ШҮҮГЧИД                                                     Г.БАНЗРАГЧ

                                                                П.ЗОЛЗАЯА

                                                                   Б.МӨНХТУЯА

                                                              Б.УНДРАХ