Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2020/03632

 

 

 

 

 2020          10          20                                      101/ШШ2020/03632

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Ө.Ц-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ц.С-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,590,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Ц-, түүний өмгөөлөгч С.Одгариг, хариуцагч Ц.С-, түүний өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Тээврийн хэрэгсэл арилжааны гэрээг байгуулан 2 талаас автомашин сольсон. Миний зүгээс өөрийн өмчлөлийн Toyota Prius 30 маркийн ******* УБЧ улсын дугаартай ******* арлын дугаартай 2010 онд үйлдвэрлэгдсэн машиныг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэн, хариуцагчийн зүгээс надад Lexus маркийн, *******УБТ улсын дугаартай 2007 онд үйлдвэрлэгдсэн автомашиныг надад шилжүүлэн өгсөн болно. Гэвч хариуцагч нь талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-дэх хэсгийг зөрчин өмнө хэд хэдэн удаа моторыг бүтэн задалж засаж байсан биет байдлын доголдолтой авто машин арилжсан болох нь унаж байх үед ил чанга дуугарч ус нь халах болсон тул засварт үзүүлэхэд 3 цилиндр ажиллахаа больсон кришиг эвдрэлтэй байсан. Одоогоор тухайн авто машин асаж байгаа боловч цагт 20 км илүү хурд авахгүй хүчгүй болж унтрах болсон. Засварын газар үзүүлэхэд мотор солих, засварын ажиллагаа хийгдэх хөлсөнд 4,590,300 төгрөгийг төлөх шаардлагатай байна. Миний зүгээс ямар нэгэн бие байдлын доголдолгүй авто машиныг Ц.С-т хүлээлгэн өгсөн. Би 3 удаа хариуцагчид утсаар ярьж доголдол арилгуулахаар шаардсан боловч утсаа авахгүй сүүлдээ миний утас фэйсбүүк чат зэргийг блок хийж устгасан. Одоо надаа засварын хөлс 4,590,300 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй. Бидний хувьд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд заасан Арилжааны гэрээ хийгдэн авто машинуудыг солилцсон. Миний унаж явсан ******* маркийн ******* УБТ улсын дугаар бүхий 2007 онд үйлдвэрлэгдсэн авто машин нь бүрэн бүтэн замын хөдөлгөөнд ямар нэгэн саадгүй оролцдог, биет байдлын доголдолгүй байсан. Тухайн үед зүгээр ажиллаад явсан машиныг унаж хэрэглэсний дараа ийм гомдол гаргаж байгаад би эргэлзэж байна. Хэрэв 7 хоногийн дараа эвдрэл гэмтэл гарсан бол нэн даруй надад мэдэгдэж хамтдаа засварын газар очиж үзүүлэх бүрэн боломжтой байв. 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс хойш одоо бүтэн 3 сар өнгөрөхөд засуулсан гэсэн баримт байхгүй зүгээр засварын үнийн саналаар надаас 4,590,300 төгрөг нэхэмжилж байгааг эсэргүүцэж байна. Ямар нэгэн эвдрэл гэмтэл гарсан бол юунаас хэзээ үүссэн зэргийг тогтоолгох шаардлагатай байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний бие энэ машиныг өөр хүнээс аваад 3 сар унаад арилжаалсан. Надаас урд өмчлөгч засуулж байсан байх би мэдэхгүй. Одоогоор би их хэмжээний мөнгө төлөх төлбөрийн чадваргүй гэв.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбарыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.Ц- нь хариуцагч Ц.С-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт учирсан хохирол 4,590,300 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.

Зохигчид харилцан тохиролцож, 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Ө.Ц-ын өмчлөлийн 2010 онд үйлдвэрлэсэн, ******* арлын дугаартай, мөнгөлөг өнгийн, Toyota Prius 30 маркийн *******УБЧ улсын дугаартай машиныг, хариуцагч Ц.С-ын өмчлөлийн 2007 онд үйлдвэрлэсэн, ******* арлын дугаартай, ногоон өнгийн, Lexus *******Н маркийн ******* УБТ улсын дугаартай авто машинаар тус бүр 10,000,000 төгрөгт тооцон  үнэлэж арилжаалахаар “Тээврийн хэрэгсэл арилжааны гэрээ”-г байгуулжээ./хх-ийн 4 дүгээр тал/

Талуудын хооронд байгуулагдсан дээрх Тээврийн хэрэгсэл арилжааны гэрээ  нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзэв.

Уг гэрээ нь талуудын  хэн аль нь хүсэл зоригоо бичгээр илэрхийлсэн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д “Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан бол бичгээр хэлцэл хийсэн гэж үзнэ”,189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэсэн хуулийн зүйл, заалтуудтай нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр эсэхийн талаар талууд маргаагүй.

Зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т “Талууд тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгөхдөө хүлээлгэн өгөх акт үйлдэнэ. Тус актад тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, эвдрэл гэмтлийг зохих шинжилгээний байгууллагаар шинжлүүлсэн баримтыг хавсаргаж болно.” гэж заажээ.

Нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт “Lexus *******Н маркийн ******* УБТ дугаартай авто машины доголдлыг талаар хариуцагчид удаа дараа мэдэгдэж байсан боловч хариуцагч нэхэмжлэгчийн утас, фэйсбүүк чатыг блоколсон” гэж,                                  

 хариуцагч “би энэ машиныг аваад 3 сар унаад сольсон, намайг энэ машиныг унаж байхад ямар нэгэн доголдол гараагүй, урдах эзэн мотор задалж байсныг би мэдэхгүй” гэж тус тус тайлбараас үзэхэд талууд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, эвдрэл гэмтлийн талаар зохих шинжилгээний байгууллагад оношлуулан шинжлүүлэх эрх, үүргийг хэн аль биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.” гэж зааснаар нэхэмжлэгч хариуцагчаас “Lexus *******Н маркийн ******* УБТ дугаартай авто машины моторын доголдлыг арилгуулахаар шаардах эрхтэй.

 Хавтас хэрэгт авагдсан “Акума–Эрин” ХХК, “Твин Пи сервис” ХХК-ийн нэхэмжилсэн “Нэхэмжлэл” баримтад тулгуурлан уг машины моторын үнэ 3,500,000 төгрөгийг хариуцагчаас  гаргуулж нэхэмжлэгчид олгох шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Харин нэхэмжлэгч Тээврийн хэрэгсэл арилжааны гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасан авто машины бүрэн бүтэн байдлыг шалгаж авах эрхийг хэрэгжүүлээгүй, авто машины моторыг засварласан талаар баримтаар нотлоогүй тул 1,090,300 төгрөгийг шаардах эрхгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,090,300 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч “намайг унаж байхад машин доголдолгүй байсан, Lexus *******Н маркийн авто машины моторын үнэ зах зээлийн ханш 2,500,000 төгрөг байдаг” гэж шүүхийн хэлэлцүүлэгт маргах боловч энэ талаар баримтаар нотлоогүй.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүйг дурдав.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.С-аас 3,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,090,300 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Ц-оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88,395 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 30,717 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ГАНЧИМЭГ