Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2020/02403

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00014

 

 

Ж.Сийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2020/02264 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ж.Сийн хариуцагч А.Б.И.К ББСБ ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн болон барьцааны гэрээг дуусгавар болсныг тогтоолгох, барьцааны хөрөнгийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Г.Мижиддорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Хүрэлсүх нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь А.Б.И.К ББСБ ХХК-тай 2019 оны 04 сарын 19-ний өдөр 19Г130 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 18 000.000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаатайгаар зээлсэн. Нэхэмжлэгч Ж.С нь 2020 оны 03 дугаар сард зээлээ бүрэн төлж барагдуулсан. Ж.С нь өөрийн Худалдаа хөгжлийн банк дахь 499276646, Хаан банкны 5890445700 тоот данснаас хариуцагч А.Б.И.К ББСБ ХХК-ийн Хаан банкны 5178010816 тоот данс руу нийт 25.634.190 төгрөгийг шилжүүлсэн. Гэрээний үүргээ биелүүлсэн тул барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх гэтэл Г.Ширнэндорж нь хүүхдийнхээ МУИС-ийн ангийг сольж өг, өгөхгүй бол байрны гэрчилгээг өгөхгүй гэсээр барьцаа хөрөнгийг чөлөөлөөгүй өнөөдрийг хүрлээ. Зээлийн гэрээний 2.4, 2.9 дэх нэмэгдүүлсэн хүүгийн заалт нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дах заалтыг зөрчсөн учир нэхэмжлэгчийн зүгээс нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэж үзэж байна. Иймд Ж.С нь зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн тул 19Г130 дугаар зээлийн болон барьцааны гэрээг дуусгавар болсныг тогтоолгож, А.Б.И.К ББСБ ХХК-ийн барьцаанаас Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205036661 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк хотхон /16010/, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 107 дугаар байр, 22 тоот орон сууцыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Б.И.К ББСБ ХХК-ийн захирал Г.Ширнэндорж шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Иргэн Ж.С нь А.Б.И.К ББСБ ХХК-иас 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 19Г130 дугаартай зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж 18.000.000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй, 362 хоногийн хугацаатайгаар зээлсэн. Зээлийн барьцаанд Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205036661 дугаартай Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк хотхон /16010/, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 107 дугаар байр, 22 тоотод байрлах 31 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалж зээл авсан болно. Зээлдэгч Ж.С зээлийн гэрээнд гарын үсэг зурахдаа манай байгууллагын дотоод журам болон зээлийн гэрээтэй маш сайн танилцаж, зөвшөөрсөн. Зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу сар бүрийн 15-ны өдөр төлөгдөхөөр гэрээнд тусгагдсан болно. Гэвч зээлдэгч Ж.С нь зээл авснаас хойш зээлийн гэрээний 2.9 дэх заалтыг удаа дараа зөрчиж нийт 61 хоногийн хугацаа хэтэрч 10.266.990 төгрөгийн алданги бодогдсон байна. Ийнхүү зээл авснаас хойш 6 сарын турш зээлийн гэрээг зөрчиж 61 хоногийг хугацаа хэтэрсэн байсан. Иймд зээлдэгч Ж.Сийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь ор үндэслэлгүй бөгөөд өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 10.266.990 төгрөг байх тул 10.266.990 төгрөгийг төлсөн тохиолдолд барьцаа хөрөнгийг чөлөөлөх болно гэжээ.

  Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.С, А.Б.И.К ББСБ ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 19Г130 тоот зээлийн болон барьцааны гэрээ дуусгавар болсныг тогтоон, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205036661 дугаартай бүртгэгдсэн Ж.Сийн өмчлөлийн Баянгол дүүрэг 4 дүгээр хороо Голден парк, 107 дугаар байр, 22 тоотод байрлах 31 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч А.Б.И.К ББСБ ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356.160 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч А.Б.И.К ББСБ ХХК-иас 356.160 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Сэд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хуулийг илт буруу хэрэглэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь зээлдэгч тал тухайн зээлийн гэрээний хугацаанд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж нийт 62 хоног хугацаа хэтэрсэнэ фактаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн манай байгууллага нэхэмжлэгчээс нэмэгдүүлсэн хүүг огт авч байгаагүй, зөвхөн зээлийн хүүг авч байсныг хоёр тал хоёулаа хүлээн зөвшөөрч байгаа. Уг шийдвэрт Монгол банкны зээлийн мэдээллийн санд нэхэмжлэгчийн зээлийн мэдээлэл бүрэн төлж дуусгасан байгаа гэж тусгасан байна. Гэтэл Монгол банкны мэдээллийн санд тухайн зээлдэгчийн анх авсан зээлийн үлдэгдэл дүн бичигддэг бөгөөд хүү болон нэмэгдүүлсэн хүүг мэдээллийн санд оруулах нь хууль бус юм. Энэ мэт санхүүгийн анхан шатны мэдлэггүй нөхцөл байдал дээр тулгуурлан дээрх шийдвэр гарсанд харамсаж байна. Эцэст нь хэргийн оролцогчийг байлцуулалгүйгээр тухайн хэргийг шийдвэрлэсэн үйлдэл нь талуудыг шүүх хуралд оролцон өөрсдийн байр суурьнаас шударга мэтгэлцэн хэрэг маргааныг үнэн бодит талаас нь шүүхэд танилцуулах боломжийг хязгаарласан гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, дахин мэтгэлцэх боломжийг олгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ж.С нь хариуцагч А.Б.И.К ББСБ ХХК-д холбогдуулан барьцааны гэрээг дуусгавар болгосонд тооцуулж, барьцааны хөрөнгийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, зээлийн болон барьцааны гэрээг дуусгавар болсныг тогтоолгох, барьцааны хөрөнгийг чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

А.Б.И.К ББСБ ХХК болон Ж.С нар нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 19Г130 дугаар зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь 18.000.000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 362 хоногийн хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь зээлсэн мөнгийг гэрээнд заасан зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу төлж барагдуулах үүрэг хүлээсэн бөгөөд зээлдэгч нь өөрийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205036661 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг 4 дүгээр хороо, Голден парк, 107 дугаар байр, 22 тоотод байрлах 31 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг үүргийн гүйцэтгэлд барьцаалж, барьцааны гэрээг бичгээр байгуулан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн зэрэг үйл баримт нь зээлийн болон барьцааны гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна. /хх 7-9, 39-46 /

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэжээ.

  Нэхэмжлэгч Ж.Сээс нэхэмжлэлийн үндэслэлээ нотлож гаргасан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, Хаан банк, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга гэх баримтаас үзэхэд зээлдэгч нь 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд 13 удаагийн гүйлгээгээр зээлийн төлбөрт нийт 25.634.190 төгрөг төлсөн нь нотлогдсон ба хариуцагч А.Б.И.К ББСБ ХХК нь баримтаар үгүйсгэж маргаагүй байна. /хх 10, 65-75/

Түүнчлэн, Иргэний хуулиийн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж тус тус заасан.

Талуудын хооронд Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээ байгуулагдсан байх бөгөөд зээлийн гэрээний 1.2.2, 2.4, 2,9-д заасан талуудын тохиролцоо нь нэмэгдүүлсэн хүү төлөх талаар хуульд заасан шаардлагыг хангасан тохиролцоо гэж гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг үндсэн зээлийн үлдэгдлээс хоног тутамд 1% гэж тохиролцсон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байх тухай хуулийн зохицуулалтыг зөрчсөн байна. Иймд зээлийн гэрээний нэмэгдүүлсэн хүүтэй холбоотой заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 561.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарах тул талуудад нэмэгдүүлсэн хүүтэй холбоотой эрх, үүрэг үүсэхгүй. Хариуцагчийн төлөөлөгчийн ... зээлдэгч нэмэгдүүлсэн хүү төлөх гэрээг зөрчсөн, 10 266 990 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй... гэх тайлбар гомдол үндэслэлгүй юм.

Иймээс Ж.С нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 19Г130 дугаар зээлийн гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн нь хэргийн үйл баримтаар бүрэн тогтоогдож байх тул шүүх барьцааны зүйлийг буцаахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв болно.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Ширнэндоржид 2020 оны 10 сарын 07-ны өдрийн 09.00 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг 2020 оны 9 сарын 21-ний өдөр шүүхээс мэдэгдэж, тэрээр мэдэгдэх баримтад гарын үсэг зурсан байгаа зэргээс дүгнэхэд шүүх хуралдааны товыг шүүхээс боломжит хугацаанд мэдэгдсэн болох нь тогтоогдсон. /хх-95/ Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байх тул хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хязгаарласан гэж үзэхгүй.

Хариуцагчийн төлөөлөгч эмнэлэгийн магадлагааг шүүхэд ирүүлсэн ч ямар нэгэн хүсэлт гаргаагүй байх ба энэ талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. Шүүх хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт заасныг зөрчөөгүй бөгөөд хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна. 

  Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2020/02264 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Б.НАРМАНДАХ