Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2022/00596

 

 

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2022/00596

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2020/02264 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2403 дугаар магадлалтай,

*******ийн нэхэмжлэлтэй,

******* ББСБ ХХК-д холбогдох

 

Зээлийн болон барьцааны гэрээг дуусгавар болсныг тогтоолгох, барьцааны хөрөнгийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Хүрэлсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ширнэндорж, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ББСБ ХХК-д холбогдуулан зээлийн болон барьцааны гэрээг дуусгавар болсныг тогтоолгох, барьцааны хөрөнгийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2020/02264 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заасныг баримтлан *******, ******* ББСБ ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 19Г130 тоот зээлийн болон барьцааны гэрээ дуусгавар болсныг тогтоон, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205036661 дугаартай бүртгэгдсэн *******ийн өмчлөлийн Баянгол дүүрэг 4 дүгээр хороо Голден парк, 107 дугаар байр, 22 тоотод байрлах 31 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч ******* ББСБ ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356,160 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч ******* ББСБ ХХК-иас 356,160 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******эд олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2403 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2020/02264 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.07-ны өдрийн 182/ШШ2020/02264 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.21-ний өдрийн 2403 дугаар магадлалд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие өвчний улмаас биечлэн оролцох боломжгүй болж, өвчний магадалгааг хуралд гарган өгсөн байдаг. Хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа шүүхэд тайлбар гарган өгсөөр байтал хариуцагчийн мэтгэлцэх боломжийг үгүйсгэж, өвчтэй, шүүх хуралд оролцох боломжгүй гэдгээ шүүхэд мэдэгдсээр байтал шүүх хуралдааныг явуулж хэрэг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ гэх хуулийн зарчмыг гажуудуулж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Түүнчлэн нэхэмжлэгч ******* нь удаа дараа зээлийн гэрээний үүргийг зөрчиж, гэрээний хугацааг хоцроож байсан. Тиймээс манай ББСБ-ын хувьд хууль болон гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчээс нэмэгдүүлсэн хүүгээ төлөхийг шаардаж, гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүүгээ төлсөн нөхцөлд үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгнө гэдийг мэдэгдэж байсан. Гэтэл зээлдэгч ******* нь гэрээний үүргээ нийт 62 хоногоор хугацаа хэтрүүлж манай байгууллагын үйл ажиллагаанд доголдол гарган, чирэгдэл учруулж явсаар эцэст нь шүүхэд хандан хууль бус шийдвэр гаргуулсанд гомдолтой байна. Тиймээс дээрх бүхий л нөхцөл байдлыг хяналтын шатны шүүхээс хянан үзэж, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2020/02264 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2403 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч ******* зээлийн гэрээний үүргээ зөрчиж нэмэгдүүлсэн хүүг хууль, гэрээнд зааснаар төлөөгүй болохыг тогтоож, хуулийн дагуу талууд мэтгэлцэх, хэрэг маргааныг үнэн зөвөөр шийдвэрлэх боломжоор хангаж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

6. ******* нь ******* ББСБ ХХК-д холбогдуулан зээлийн болон барьцааны гэрээг дуусгавар болсныг тогтоолгох, барьцааны хөрөнгийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, 61 хоног хугацаа хэтрүүлсэн тул алданги 10,266,990 төгрөгийг төлөөгүй гэж маргажээ.

 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад хэвээр үлдээжээ. 

 

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

8. 2019.04.19-ний өдрийн 19Г130 дугаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч ******* ББСБ ХХК нь 18,000,000 төгрөгийг нэг сарын 3.5 хувийн хүүтэй, 2019.04.19-ний өдрөөс 2020.04.15-ны өдөр хүртэл 362 хоногийн хугацаатайгаар зээлдэгч ******* зээлдүүлсэн, зээлийн гэрээний үүрэгт Баянгол дүүрэг 4 дүгээр хороо, Голден парк, 107 дугаар байр, 22 тоотод байрлах 31 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг барьцаалсан үйл баримт тогтоогджээ.

 

9. Хоёр шатны шүүх, зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасантай нийцсэн дүгнэлт хийжээ.

 

Зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр тул талууд гэрээний үүргийг биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

 

10. Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо ... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа шүүхэд тайлбар гарган өгсөөр байтал хариуцагчийн мэтгэлцэх боломжийг үгүйсгэж, өвчтэй, шүүх хуралд оролцох боломжгүй гэдгээ шүүхэд мэдэгдсээр байтал шүүх хуралдааныг явуулж хэрэг хянан шийдвэрлэсэн, ...******* нь гэрээний үүргээ нийт 62 хоногоор хугацаа хэтрүүлж манай байгууллагын үйл ажиллагаанд доголдол гарган, чирэгдэл учруулж явсаар эцэст нь шүүхэд хандан хууль бус шийдвэр гаргуулсанд гомдолтой байна... гэжээ.

 

11. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4, 2.9-д ... нэмэгдүүлсэн хүү 1 хувийг үндсэн зээлийн үлдэгдлээс хоног тутамд тооцох, зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, төлөгдөөгүй үлдсэн нийт зээлийн үлдэгдэл дээр тохиролцсон хүүг нэмсэн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч үл маргах журмаар төлнө... гэсэн нь Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж заасантай нийцэхгүй байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэх шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

12. Шүүх зээлдэгчийн нийт гүйцэтгэсэн үүрэг болох 2019.05.15-ны өдрөөс 2020.03.05-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 13 удаагийн гүйлгээгээр 25,634,190 төгрөгийн төлөлтийг үндсэн үүрэгт оруулан тооцож, зээлийн гэрээг дуусгавар болсон гэж зөв тодорхойлжээ. Мөн хариуцагчийн төлөөлөгч Г.Ширнэндоржид шүүх хуралдааныг товыг хуулийн хугацаанд мэдэгдсэн байх бөгөөд түүнд өмгөөлөгч авах, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох, хэргийн материалтай танилцах боломжит хугацааг шүүх гаргаж өгсөн гэж үзнэ.

 

Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээнэ. Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэнэ.

 

13. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн төлөөлөгчийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2020/02264 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2403 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

П.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОЛМОН