Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2020/02264

 

       Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг ...оршин суух Ж.С

        Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ... хаягт байрлах “АБ” ХХК

        Зээлийн болон барьцааны гэрээг дуусгавар болсныг тогтоолгох, барьцааны хөрөнгийг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Я нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа болон өмнөх шүүх хуралдаанд гаргасан  тайлбараа дэмжиж байна. Нэхэмжлэгч нь “АБ” ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 19...0 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж ,18000.000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаатайгаар зээлсэн. Нэхэмжлэгч Ж.С нь 2020 оны 03 дугаар сард зээлээ бүрэн төлж барагдуулсан. Ж.С нь өөрийн Х банк дахь 49...6, Х банкны 58...0 тоот данснаас хариуцагч “АБ” ХХК-ийн Х банкны 51...6 тоот данс руу

       - 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1.046.000 төгрөг,

       - 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 1.128.000 төгрөг,

       - 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 700.000 төгрөг,

       - 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 621.000 төгрөг,

       - 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 750.000 төгрөг,

       - 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1.100.000 төгрөг,

       - 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 115.000 төгрөг,

       - 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 750.000 төгрөг,

       - 2020 оны 01 дугаар сарын 31-ний өдөр 600.000 төгрөг,

       - 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 6.500.000 төгрөг,

       - 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 610.000 төгрөг,

       - 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 5.790.000 төгрөг,

    - 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 5.924.190 төгрөг гээд нийт 25.634.190 төгрөгийг тус тус шилжүүлсэн.

     Гэрээний үүргээ биелүүлсэн тул барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх гэтэл Г.Ш нь “хүүхдийнхээ МУИС-ийн ангийг сольж өг, өгөхгүй бол байрны гэрчилгээг өгөхгүй” гэсээр барьцаа хөрөнгийг чөлөөлөөгүй өнөөдрийг хүрлээ.

      Зээлийн гэрээний 2.4, 2.9 дэх “нэмэгдүүлсэн хүү“-гийн заалт нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дах заалтыг зөрчсөн учир нэхэмжлэгчийн зүгээс нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэж үзэж байна.

      Иймд Ж.С нь зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн тул 19...0 дугаар зээлийн болон барьцааны гэрээг дуусгавар болсныг тогтоолгож, “АБ“ ХХК-ийн барьцаанаас Эрхийн улсын бүртгэлийн Ү-220...1 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ... тоот орон сууцыг чөлөөлүүлж өгнө үү гэв.

       Хариуцагч “АБ” ХХК-ийн захирал Г.Ш шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Иргэн Ж.С нь “АБ” ХХК-иас 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 19...0 дугаартай зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж 18.000.000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй, 362 хоногийн хугацаатайгаар зээлсэн. Зээлийн барьцаанд Эрхийн улсын бүртгэлийн Ү-220...1 дугаартай Баянгол дүүрэг, ... тоотод байрлах ... м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалж зээл авсан болно.

      Зээлдэгч Ж.С зээлийн гэрээнд гарын үсэг зурахдаа манай байгууллагын дотоод журам болон зээлийн гэрээтэй маш сайн танилцаж, зөвшөөрсөн.

     Зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу сар бүрийн 15-ны өдөр төлөгдөхөөр гэрээнд тусгагдсан болно. Гэвч зээлдэгч Ж.С нь зээл авснаас хойш зээлийн гэрээний 2.9 дэх заалтыг удаа дараа зөрчсөөр ирсэн. Тодруулбал:

        - 2019 оны 08 дугаар сард 1 хоногийн хугацаа хэтэрч 169.000 төгрөг,

        - 2019 оны 09 дүгээр сард 1 хоногийн хугацаа хэтэрч 169.000 төгрөг,

        - 2019 оны 10 дугаар сард 35 хоногийн хугацаа хэтэрч 5.866.350 төгрөг,

        - 2019 оны 11 дүгээр сард 7 хоногийн хугацаа хэтэрч 1.173.170 төгрөг,

        - 2019 оны 12 дугаар сард 2 хоногийн хугацаа хэтэрч 335.220 төгрөг,

    - 2020 оны 01 дүгээр сард 15 хоногийн хугацаа хэтэрч 2.514.150 төгрөг буюу нийт 61 хоногийн хугацаа хэтэрч 10.266.990 төгрөгийн алданги бодогдсон байна.  

      Ийнхүү зээл авснаас хойш 6 сарын турш зээлийн гэрээг зөрчиж 61 хоногийг хугацаа хэтэрсэн байсан.

       Иймд зээлдэгч Ж.С-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь ор үндэслэлгүй бөгөөд өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 10.266.990 төгрөг байх тул 10.266.990 төгрөгийг төлсөн тохиолдолд барьцаа хөрөнгийг чөлөөлөх болно гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Ж.С нь хариуцагч “АБ” ХХК-д холбогдуулан анх барьцааны гэрээг дуусгавар болгосонд тооцуулж, барьцааны хөрөнгийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн болон барьцааны гэрээг дуусгавар болсныг тогтоолгох, барьцааны хөрөнгийг чөлөөлүүлэх гэж өөрчилсөн. /х.х-ийн 1, 90-91 тал/

     Хариуцагч “АБ” ХХК нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд байна. /х.х-ийн 76, 86-89 тал/

     Хариуцагч “АБ” ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Ж.С-тэй 19...0 дугаар зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь 18.000.000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 362 хоног /2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл/-ийн хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь зээлсэн мөнгийг гэрээнд заасан зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу төлж барагдуулах үүрэг хүлээсэн байх бөгөөд Ж.С нь өөрийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-220...1 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг ...тоотод байрлах ... м.кв талбай бүхий ...өрөө  орон сууцыг үүргийн гүйцэтгэлд барьцаалж, барьцааны гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн болох нь зохигчийн тайлбар зээлийн болон барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байна. /х.х-ийн 7-9, 39-46 тал/

     Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

      Нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр тул гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг талуудын хэн аль нь шаардах эрхтэй.

     Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

       Мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

        Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, 61 хоног хугацаа хэтрүүлсэн тул алданги 10.266.990 төгрөгийг төлөөгүй гэх тайлбар гарган мэтгэлцэж байгааг зөвтгөх боломжгүй байна.

     Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй тул алдангийн талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж үзнэ.

       Түүнчлэн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана” гэж заасан байх ба хуулийн дээрх зохицуулалт нь хэтэрсэн хугацааны хүү зээлийн үндсэн хүүгээс хэтрэхгүй гэсэн ойлголт юм.

      Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “зээлийн хүүгийн хэмжээг бодох аргачлалыг Монголбанк батална” гэж заасан ба Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А-236 дугаар тушаалаар “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ыг баталжээ.

        Дээрх журмаар банкны хүүгийн ойлголт, төрөл, үндсэн хүү, хүү бодох аргачлалыг тогтоосон. 

       Гэтэл талууд 19...0 дугаар зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4, 2.9-д “нэмэгдүүлсэн хүү 1 хувийг үндсэн зээлийн үлдэгдлээс хоног тутамд тооцох”, “зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, төлөгдөөгүй үлдсэн нийт зээлийн үлдэгдэл дээр тохиролцсон хүүг нэмсэн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч үл маргах журмаар төлнө“ гэх заалт нь хуулийн дээрх заалтуудад нийцээгүй байна.

      Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх бөгөөд зээлийн гэрээний 2.6-т зээлдэгч нь зээлийн төлбөрийг гэрээний хавсралтаар тохиролцсон зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээжээ.

        Ж.С нь зээлийн гэрээний хавсралт ёсоор 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс зээлийн хүүг сар тутам төлөх, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр үндсэн зээл 18.000.000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн гэж үзнэ.  

    Өөрөөр хэлбэл зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэг нь үндсэн зээл 18.000.000 төгрөг, 12 сарын хүү /сарын хүү 630.000 төгрөг/ 7.560.000 төгрөгийн хамт, нийт 25.560.000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлөх байжээ. /х.х-ийн 7-8 тал/

      Хэрэгт баримтаар нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 19...0 тоот зээл гэрээний эргэн төлөлтийн хуваарь, Х банк, Х банкны дансны хуулга гэх баримтаас үзэхэд Ж.С нь “2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд 13 удаагийн гүйлгээгээр зээлийн төлбөрт нийт 25.634.190 төгрөг төлсөн байх бөгөөд хариуцагч “АБ” ХХК нь 14.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 25.634.190 төлсөн талаарх нэхэмжлэгчийн тайлбар, нотлох баримтыг баримтаар үгүйсгэж чадаагүй болно. /х.х-ийн 10, 65-75 тал/

       Ж.С-ийн төлсөн эдгээр төлөлтийг үндсэн үүрэгт оруулан тооцох, зээлийн гэрээг дуусгавар болсон гэж үзэх нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 216.4, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дохь заалттай нийцнэ.

   Мөн Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “зээлийн мэдээлэл” гэж зээлдүүлэгчийн өмнө хууль, гэрээгээр хүлээсэн зээлдэгчийн зээл, төлбөрийн талаарх мэдээллийг, 4.1.2-т “зээлийн мэдээллийн сан” гэж Монголбанк болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн эзэмшиж байгаа зээлдэгчдийн зээлийн мэдээллийг ойлгоно“ гэжээ.

     Тодруулбал, зээлийн мэдээллийн сан нь дээрх этгээдээс олгосон зээл, түүнтэй холбоотой үүсэх төлбөрийн мэдээллийг хуульд заасан журмын дагуу бүртгэхээр зохицуулжээ.

     Шүүхийн журмаар Монголбанкнаас гаргуулсан зээлийн мэдээллийн лавлагаагаар хариуцагч нь нэхэмжлэгчийг зээлийн төлбөрөө бүрэн төлсөн гэх мэдээллийг мэдээллийн санд нийлүүлсэн нь болох нь тогтоогдож байна. /х.х-ин 35-38 тал/

        Иймд Ж.С нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 19...0 дугаар зээлийн гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар бүрэн тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ

      Шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 160 дугаар зүйлийн 160.1.1, 160.3 дахь хэсэгт зааснаар зохигчдын хооронд байгуулагдсан 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 19...0 тоот зээлийн болон барьцааны гэрээ дуусгавар болсныг тогтоон, Эрхийн улсын бүртгэлийн Ү-220...1 дугаартай бүртгэгдсэн Баянгол дүүрэг ...тоотод байрлах ... м.кв талбай бүхий ...өрөө орон сууцыг хариуцагч “АБ” ХХК-ийн барьцаанаас чөлөөлүүлэхээр шийдвэрлэв.  

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.5-д заасан журмын дагуу 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 09 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагч “АБ“ ХХК-ийн гүйцэтгэх  захирал Г.Ш-д 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэж хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. /х.х-ийн 94, 96 тал/

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

       1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.С, “АБ“ ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 19...0 тоот зээлийн болон барьцааны гэрээ дуусгавар болсныг тогтоон, Эрхийн улсын бүртгэлийн Ү-220...1 дугаартай бүртгэгдсэн Ж.С-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг ...тоотод байрлах ... м.кв талбай бүхий ...өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч “АБ“ ХХК-д даалгасугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356.160 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “АБ” ХХК-иас 356.160 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.С-д олгосугай.

     3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

    4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ                                 Ж.ЦЭНГЭЛ