Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 50

 

 

Г.Эд холбогдох эрүүгийн
хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийг түр орлох шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд

прокурор А.Д,
шүүгдэгчийн өмгөөлөгч О.Ү,
шүүгдэгч Г.Э,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, шүүгч Л.Батжаргал, шүүгч Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Г.Эд холбогдох 201610010046 дугаартай, 1 хавтас 147 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Эы давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Э д холбогдуулан Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Г.Э нь 2016 оны 03 сарын 07-08 нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Ялгуун” караокед согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж уг караокед үйлчлүүлж байсан Э.Н рүү зэвсгийн чанартай зүйл болох архины шилийг шидэж толгойн тус газарт нь онож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Эыг зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж, танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар шүүгдэгч Г.Эыг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хороих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр,
Шүүгдэгч Г.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Ялгуун караокений хяналтын камерын бичлэгийг хуулбарласан CD-ийг уг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт үлдээж,
Мөрдөн байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилсэн JVC маркийн саарал өнгөтэй, 20 инчийн зурагт 1 ширхэг, ETAMON маркийн цахилгаан халаагуур 1 ширхэг зэргийн битүүмжлэлийг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Эд буцаан олгож,
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн  299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Г.Эд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж,
Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Э давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ Э.Нийн толгойг хагалж, хөнгөн гэмтэл учруулсан гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Гэхдээ би санаатай хүний толгой руу шууд цохиогүй. Зөөгч пиво захиалсан чинь өгөөгүй ба надад үйлчлэхгүй байна гэж маргалдсан. Тэгээд зөөгч рүү юм аваад шидсэн чинь замд нь Н оногдчихсон. Миний бие анхнаасаа үнэн зөв мэдүүлгийг өгч байсан, бусад гэрч, хохирогч ч болсон үйл явдлын талаар мэдүүлсэн хэргийн байдалтай тохирдог бөгөөд хохирогч Э.Нийн мэдүүлэг, гэрч А.Дөл, Д.Буяннэмэх нарын мэдүүлгийг үндэслэн өмгөөлөгчөөс шууд санаатай үйлдлээр бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна гэж үзэж гаргасан саналыг дэмжиж ялтан надад зүйлчилж шийдвэрлэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3-т заасан гэмт хэргийг хуулийн 99.1 зүйлд зааснаар хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Улсын яллагч Б.Батбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ... Г.Э нь караоке буюу үйлчилгээний газраар үйлчлүүлж байхдаа бусад үйлчлүүлэгч нарыг илтэд үл хүндэтгэн хэрүүл маргаан үүсгэн, үйлчлүүлсэн төлбөр тооцоогоо хийгээгүй, төлбөр тооцоогоо хий гэсэн шаардлага тавьсан зөөгч А.Дөлийг хүч хэрэглэн эсэргүүцэн ширээн дээр байсан архины шилийг шидэж хохирогч Э.Нийн толгойн оройн хэсгийн хуйхыг язалж хөнгөн гэмтэл учруулсан нь хохирогч Э.Нийн мэдүүлэг, /хх-14/, гэрч А.Дөлийн мэдүүлэг /хх-92/,  Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /хх-45/, мөн эд мөрийн баримтаар хэрэгт хураагдсан бичлэг зэргээр бүрэн тогтоогдож байна. Хэрэгт авагдсан баримтуудаар Г.Э нь Э.Н, А.Дөл нарын хооронд хувийн таарамжгүй харилцаа үүссэн байдал тогтоогдоогүй. Ялтан Г.Эы зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан үйлдлийг хувийн сэдэлтээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэж хөнгөрүүлэн зүйлчилж ял оногдуулах боломжгүй. Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 6 сарын 16-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Г.Эы гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч Г.Эы давж заалдсан гомдлын дагуу хэргийг хянан хэлэлцвэл шүүгдэгч нь олон нийтийн газар буюу нийтийн караокед найзынхаа хамт үйлчлүүлсэн боловч найз нь бусадтай маргаан үүсгэсний улмаас зөөгч гарч явах шаардлагыг тавихад түүнийг эсэргүүцэж төлбөрөө төлөхгүй гэж хоёул маргаан гаргаж  улмаар шүүгдэгч Г.Э нь архины шил авч шидэн танхайрсны улмаас бааранд үйлчлүүлж байсан иргэн Э.Н оногдож, түүний толгойн зүүн оройн хэсэгт язарсан шарх бүхий хөнгөн гэмтэл учруулжээ.

    Танхайн гэмт хэргийн бүрэлдэхүүн нь  бусдыг илтэд үл хүндэтгэх, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчих, уг үйлдлүүдийг санаатайгаар үйлдсэн байх гэсэн гол шинжүүдтэй ба шүүгдэгч Г.Эы гаргасан үйлдэлд эдгээр бүх шинжүүд нь байгаа ба танхайн гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсгийн чанартай зүйлийг хэрэглэж үйлдсэн байна.  

    Шүүгдэгч Г.Э, хохирогч Э.Н, баарны үйлчлэгч буюу гэрч А.Дөл нарын хооронд хувийн сэдэлттэй маргаан бий болоогүй байна.
 
Иймээс анхан шатны шүүх  хуулийг зөв тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна. Шүүх шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэгт холбогдож, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551.1-г журамлан мөн  хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан хорих ялаас доогуур ял оногдуулж, жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Иймд Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 65 тоот шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна гэж үзэж шүүгдэгчийн давж заалдсан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгөхийг хүссэн тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр  үлдээх  нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Эы давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож,  Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн хугацаанд Хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.  


                            
 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Н.БОЛОРМАА

               ШҮҮГЧИД                    Г.ТЭГШСУУРЬ

                                         А.САЙНТӨГС