Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 203

 

Г.Энхтайванд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Д.Булганцэцэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг,

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоол,

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 50 дугаар магадлалтай, 201610010046 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1974 оны 5 дугаар сарын 31-нд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Бухат овогт Гончигринчингийн Энхтайван нь Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “Бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрах” гэмт хэрэгт холбогджээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх Г.Энхтайваныг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ялаар шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 65 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Энхтайваны гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

Хэргийн талаар илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хийсэн танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Булганцэцэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Шүүх Г.Энхтайваны гэм буруутай үйлдлийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Гэрч Д.Буяннэмэх, М.Алтанбөгж, Ц.Цэцэгмаа, яллагдагч Г.Энхтайван нарын мэдүүлгүүдээс харахад Г.Энхтайван, Д.Буяннэмэх нар нь шүүхийн дүгнэж байгаа шиг караокед бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж үйлчлүүлж байсан иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан байдал харагдахгүй байна... Г.Энхтайванд хохирогчийг зодох гэсэн субьектив санаа зорилго огт байгаагүй юм. Г.Энхтайваны болгоомжгүй, хайхрамжгүй үйлдлийн улмаас түүний шидсэн шилэнд хохирогч оногдож хөнгөн гэмтэл учирсан гэж үзэж байна. Иймд Г.Энхтайваны үйлдлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлд зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, хохирогч гомдол саналгүй, хохирол төлөгдсөн байгааг харгалзан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Прокурор Д.Булганцэцэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Шүүгдэгч Г.Энхтайван нь хүмүүсийн зургийг авч болохгүй гэсэн зөөгчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэлгүй, уусан пивоны мөнгөө төлөхгүй гэж маргалдан, олон нийтийг үл хүндэтгэн, архины шилийг зэвсгийн чанартай хэрэглэж хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулан танхайрсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Г.Энхтайван нь 2016 оны 3 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах “Ялгуун” караокед архи ууж согтуурсан үедээ тус газарт зохион байгуулагч ажилтай А.Дөлийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, улмаар архины шил шидэн тус газарт үйлчлүүлж байсан хохирогч Э.Нарангийвийн биед хөнгөн гэмтэл учруулан, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, догшин авирлаж, танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Э.Нарангийв /хх-14/, гэрч А.Дөл /хх-92/, Д.Буяннэмэх /хх-16/, М.Алтанбөгж /хх-18/, Ц.Цэцэгмаа /хх-19/ нарын мэдүүлэг, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 150 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-45/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Ялгуун” караокений хяналтын камерийн бичлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүх Г.Энхтайванд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаас хөнгөрүүлж 3 жил 5 сарын хорих ял оногдуулан, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Г.Энхтайван нь олон нийтийн газар буюу караокед архи ууж согтуурсан үедээ бусад хүмүүсийн зургийг зөвшөөрөлгүй авахгүй байх, үйлчилгээний хөлс төлж караокег орхиж гарах талаар зохион байгуулагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн, улмаар архины шил шидэж тус газарт үйлчлүүлж байсан хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдлийг болгоомжгүйгээр үйлдэгдсэн, эсхүл хувийн сэдэлтээр үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Г.Энхтайван нь тухайн архины шилээр зохион байгуулагч А.Дөлийг онох гэж шидсэн гэх боловч өөр хүн оногдож гэмтсэн нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, өөрөөр хэлбэл Г.Энхтайван нь олон нийтийг илтэд үл хүндэтгэж, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчих явцдаа бусдын бие махбодид гэмтэл учруулсан нь танхайрах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйл болгон өөрчилж, хохирогч гомдол саналгүй, хохирол нөхөн төлөгдсөнийг харгалзан хэргийг хэрэгсэхгүй болгох  талаар өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй гэж дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 50 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      Т.УРАНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                             Б.БАТЦЭРЭН