Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 65

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж, шүүгч Л.Батжаргал, шүүгч Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэйгээр

Нарийн бичгийн дарга П.Пүрэвсүрэн

Улсын яллагч Б.Батбаяр

Иргэдийн төлөөлөгч С.Болормаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Үүрцайх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр  зүйлийн 181.3 -т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өмнөговь аймгийн харъяат, 1974 оны 05 дүгээр сарын 31-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7,  эхнэр 5 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр баг, 4-р хэсэг 56-1 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Бухат овогт Гончигринчингийн Энхтайванд  /РД:КМ74053115/ холбогдох эрүүгийн  хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Г.Энхтайван нь  2016 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Ялгуун” караокед согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж уг кароакед  үйлчлүүлж байсан Э.Нарангийв рүү зэвсгийн чанартай зүйл болох архины шилийг шидэж толгойн тус газарт нь онож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан   гэмт хэрэгт холбогджээ.           

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Энхтайван шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Хэрэгт өгсөн мэдүүлэг дээр нээх их нэмж яриад байх зүйл байхгүй байна. Тэр өдөр Буяннэмэхийн хамт Ялгуун караокед орсон юм. Ороод 4 дуу бичүүлсэн чинь дууг дутуу дуулуулсан. Мөн дахин пиво авах гэсэн чинь та 2-т үйлчлэхгүй гэсэн юм. Тэгээд гарах гэсэн чинь Буяннэмэх тооцоо хийн гэж байсан бөгөөд гарах үед тооцоогоо хийхгүй бол гаргахгүй гэсэн юм. Тэгээд жаахан маргаад намайг решипшин нь унагаасан юм. Босоод зууралдаж багйаад такены хажууд очиж зогсож байгаад дараа нь ширээ очиж ширээн дээр байсан зүйлийг аваад шидчихсэн юм. Тухайн үед юу шидсэн гэдгээ мэдээгүй, энэ бол миний буруу, буруу гэдгээ ойлгож байгаа, хорих ялаас хөнгөрүүлж өгнө үү. Хохирогчид 550,000 төгрөг төлсөн” гэсэн мэдүүлэг

Хохирогч Э.Нарангийвийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 22 цагийн үед хамт ажилладаг Алтанбөгж,  туслах тогооч Цэцгээ, угаагч Байгалмаа нартай Ялгуун пабад кароаке орох гэж очиход кароаке нь хүнтэй 30 минутын  дараа өрөө сулрана гэхээр нь Алтанбөгж, Цэцгээ, Байгалмаа бид 4 өрөө сулартал нь Ялгуун пабны нийтийн кароакед орж сууж байхад зөөгч залуу нь ирээд захиалгаа өг гэхэд бид нар кароакений өрөө сулартал суух гэсэн юм гэхэд захиалгаа өгчих бид нар дээшээ оруулаад өгнө гэхээр нь 0.5 литрийн Болор архи, 0.33 литрийн Нийслэл пиво 2 лаазыг захиалан 3 дуу бичүүлэн дуу дуулсан. Буяннэмэх /сүүлд нэрийг нь мэдсэн/ гэх залуу бид нарын хойд талын ширээнд сууж байсан охидуудын зургийг дур мэдэн аваад байхаар нь тэр охидууд та зураг дарахаа боль ямар санаа бодолтой хүний зураг зөвшөөрөлгүй аваад байгаа юм гээд маргалдаад байсан. Тухайн үед Энхтайван /сүүлд нэрийг нь мэдсэн/ гэх залуу заалны урд талын ширээн дээр сууж байсан ба намайг дуулах үед миний хажууд дуу дуулж байсан. Буяннэмэхтэй маргалдаж байсан охидууд төлбөр тооцоогоо төлчихөөд гараад явсны дараа араас Буяннэмэх Энхтайваныг дуудаж аваад гараад явах гэтэл зөөгч залуу ирээд тооцоогоо хий гэхэд тооцоо хийхгүй гээд гарч явах гээд байхаар нь зөөгч залуу гаргахгүй гээд барьж авсан чинь Буяннэмэх Энхтайван хоёр зөөгч залууг хоёр талаас зодоод байсан. Тэгээд зөөгч залуу Энхтайван Буяннэмэх хоёроос зугтаж такений ард орсон. Тухайн үед би газар унасан микрофоныг таке нь дээр тавьчихаад ширээ рүүгээ явж байхад Энхтайван гурав дахь ширээн дээр байсан архины шилийг аваад зөөгч залуу руу шидэхэд уг архины шил зөөгч залууг биш миний толгойн тус газар онож дээшээ ойн таазанд онож хагарсан. Тухайн үед би манараад доошоо суусан байсан ба хэсэг хугацааны дараа би ухаан ороход миний хамаг хувцас цус болчихсон байсан. Энхтайван надад эмчилгээний зардал гээд 550.000 төгрөг бэлнээр өгсөн, одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг  /хх-ийн 14/

Гэрч А.Дөлийн  мөрдөн байцаалтад өгсөн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 22 цагийн үед Энхтайван Буяннэмэх хоёр орж ирж нэгдүгээр ширээнд сууж лаазтай 0.5 литрийн 4 пиво захиалж уусан бөгөөд 2, 3 удаа караокед дуу захиалж дуулсан. Тухайн үед Буяннэмэх гэх залуу караокед үйлчлүүлж байсан хүмүүсийн зургийг дарснаас болж хоёрдугаар ширээнд сууж байсан гурван эмэгтэйтэй муудалдцаж байгаад уг гурван эмэгтэйчүүд гараад явсан. Кароакед үйлчлүүлж байсан хүмүүс Энхтайван, Буяннэмэх хоёрийг гарга хүмүүс тухтай үйлчлүүлж чадахгүй байна гэхээр нь Энхтайван, Буяннэмэх хоёрыг тооцоогоо хийгээд гар гэж учирлаж хэлсэн чинь дахиад хоёр пиво захиална гээд байхаар нь би үйлчлэхгүй тооцоогоо хийгээд гарчих гэхэд уг хоёр залуу тэгвэл тооцоо хийхгүй гарлаа гээд гадуур хувцасаа өмсөөд гарах гэж байхад нь би Буяннэмэхийн гадуур хувцасны ар талын хормойноос нь татаж хэсэг зуур Буяннэмэх, Энхтайван хоёртой ноцолдсон. Энхтайван нь миний араас ирээд миний цамцны захаас татаж хоолой боохоор нь би түлхэж унагачихаад тэке рүүгээ тооцооны хуудас авч өгөх гээд явахад Буяннэмэх миний араас тэкен дээр ирж хэл амаар доромжилсон. Намайг Буяннэмэхтэй муудалцаж байх хойгуур Энхтайван шил шидэж заалны голд явж байсан эмэгтэйн толгойг хагалсан ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 92/

Гэрч Д.Буяннэмэхийн мөрдөн байцаалтад өгсөн “ 2016 оны 03 сарын 07-ны орой 19 цаг өнгөрч байхад найз Энхтайваны хамт Ялгуун барны нийтийн караокед дуу дуулахаар орсон. Тухайн үед Энхтайван бид хоёр сэнгүр гэх нэртэй лаазтай пивоноос хүний хоёроор бодож нийт 4 пиво авч уучихаад 4, 5 дуу дуулах гэж зөөгч залууд захиалсан боловч миний захиалсан дуу гарахгүй, миний дараа захиалсан хүмүүсийн дуу яваад байхаар нь би яагаад захиалсан дуу явахгүй байгаа юм гээд зөөгч залуутай маргалдаж захиалсан дуу тавь гэж шаардсан. Хойд талын булангийн ширээнд сууж байсан хэсэг хүмүүстэй цуг сууж байсан үл  таних эрэгтэй хүн ирээд бид нар хамт олноороо бүсгүйчүүдээ баярлуулж байна гээд зураг аваад өгөөч гэж гуйхаар нь би кароакеноос гараад гэрээсээ зургийн аппратаа аваад буцаж очиж тэр хүмүүсийн зургийг авч байхад өөр хүмүүс бид нарын зургийг авлаа гэж уурлаж бухимдаад байхаар нь би уг хүмүүсийн зургийг аваагүй хойд талын ширээний сууж байсан хүмүүсийн зургийг авсан гэж хэлээд авсан зургаа уг хүмүүсд үзүүлсэн. Тэгээд зөөгч залуу хүмүүсийн зургийг дур мэдэн авлаа гээд Энхтайван бид хоёрыг гар гэхэд би зөөгч залууд Энхтайван бид хоёр үйлчлүүлэх гэж орж ирсэн болохоос хөөгдөх гэж орж ирээгүй, хэрэв бид хоёрыг хөөж байгаа бол бид хоёр тооцоогоо хийхгүй гээд гарах гэтэл зөөгч залуу бид хоёрыг тооцоогоо хий гээд Энхтайван бид хоёрын хувцаснаас зуураад гаргахгүй гээд байхаар нь Энхтайван ширээн дээр байсан шилэн стаканыг шидэхэд уг стакан дээшээ ойгоод бууж байсныг санаж байна. Тэгээд цагдаа нар ирээд Энхтайван бид хоёрыг эрүүлжүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/

Гэрч М.Алтанбөгжийн мөрдөн байцаалтад өгсөн “ 2016 оны 03 сарын 07-ны 22 цагийн орчим Ялгуун караокед Цэцэгмаа, Байгалмаа, Нарангийв бид 4 дуу дуулахаар орсон тэгээд Нарангийв дуу дуулахаар боссон, Цэцэгмаа ариун цэврийн өрөө явсан Байгалмаа яг хаана байсныг мэдэхгүй байна. Тухайн үед олон хүмүүс дуулж бүжиглээд байсан ба би булангийн ширээн дээр ганцаараа сууж байсан. Нээх их удалгүй хүмүүс бужигнаад унахаар нь гайхаад харахад Нарангийвийн толгойг хагалсан байсан. Би хэн хаанаас юугаар цохиж Нарангийвийн толгойг хагалсаныг анзаараагүй, тэгээд цагдаа нар ирээд нэг цагаан малгайтай залууг аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/

Гэрч Ц.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2016 оны 03 сарын 07-ны 22 цагийн орчим Ялгуун караокед Алтанбөгж, Байгалмаа, Нарангийв бид 4 дуу дуулахаар орсон. Тэгээд би хэдэн дуу дуулчихаад ариун цэврийн өрөө орчихоод гарч ирэхэд Нарангийвийн толгой хагарсан байхаар нь уг кароакений бармен болон дарга нарт нь хэлж байгаад түргэн дуудуулсан. Тухайн үед уг залуу яагаад, ямар учраас Нарангийвийн толгойг юугаар хагалсныг мэдээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19/

Гэрч Ц.Түмэнжавхлангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Г.Энхтайван бид хоёр найзлаад 9 гаран жил болж байна. Зан байдлын хувьд үг цөөтэй, дуугүй, тайван дөлгөөн эелдэг зөөлөн зан байдалтай бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаа хүнээсээ шалтгаалж ааш авир гаргадаг. Урд өмнө гэмт хэрэгт холбогдож цагдаагийн байгууллагаар шалгагдаж байсан удаа байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/

Гэрч Г.Мөнхзаяа нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Миний төрсөн ах Энхтайван нь 2016 оны 03 дугаар сарын 07-ноос 8-нд шилжих шөнө Ялгуун баарны нийтийн караокед орж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүнтэй маргалдаж байгаад хүний толгой хагалж гэмтэл учруулан цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа гэж сонссон. Тухайн үед яг юунаас болж маргалдсан талаар сайн мэдэхгүй байна. Миний ха Г.Энхтайван 1974 оны 05 сарын 31-нд Өмнөговь аймагт төрсөн. Эхээс арвуулаа ба дээрээс 3 дахь хүү нь юм. Бага насаа эцэг эхийн гар хүмүүжсэн. Өмнөговь аймагт ерөнхий боловсролын сургуулийг бүрэн дунд боловсролтой төгссөн. Цэргийн алба хааж байгаад Улаанбаатараас 2000 онд Дорноговь аймаг Замын-Үүд суманд ирж ажиллаж амьдрах болсон. Одоогоор Дорноговь аймаг Замын-Үүд суманд эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь эрхэлсэн тодорхой ажилгүй, манай ах Энхтайван нь хувиараа Бумбат хүнсний дэлгүүрийг түрээслэн ажиллуулдаг ба өөрийнх нь нэр дээр эд хөрөнгө байх гэх байхгүй бөгөөд банкинд зээлтэй ганцаараа хөдөлмөрлөж зээлээ төлөн гэр бүлээ авч явдаг. Миний ах Энхтайван нь зан байдлын хувьд дөлгөөн, төлөв даруу, цайлган нийтэч, шударга найрсаг зантай хүн байх бөгөөд бусадтай маргалдаж зодоон хийж байгаагүй гэсэн мэдүүлэг/ хх-ийн 21/

Гэрч Т.Нарангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2016 оны 03 сарын 07-ны орой найз Буяннэмэхтэй Ялгуун баарны нийтийн караокед орж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ санамсаргүй архины шил шидэж хүний толгой хагалж гэмтэл учруулсан гээд цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэж хэлж байсан. Миний нөхөр Энхтайван нь тайван дөлгөөн эелдэг зөөлөн зан араншинтай бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж ямар нэгэн ааш авир гаргаж байгаагүй. Урд нь  гэмт хэрэг зөрчилд холбогдож цагдаагийн байгууллгад шалгагдаж байсан удаа байхгүй. Г.Энхтайванд өөрийн гэсэн нэр дээр эд хөрөнгө байхгүй, хувиараа Бумбат хүнсний дэлгүүрт лангуу түрээслэн ажиллуулдаг. Би өөрөө ямар нэгэн байдлаар ажил хийдэггүй тул манай нөхөр Г.Энхтайван хувиараа хөдөлмөрлөж гэр орон болон үр хүүхдээ тэжээдэг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 сарын 10-ны өдрийн “ 1.Э.Нарангийвийн  биед толгойн зүүн оройн хэсэгт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 150 тоот шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 45/ зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Энхтайван нь урд ял шийтгэлтэй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-62/

Эд мөрийн баримтаар хураагдсан Ялгуун караокений  хяналтын камерийн бичлэгийг хуулбарласан СД бичлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Г.Энхтайван нь 2016 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Ялгуун” караокед согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж уг кароакед  үйлчлүүлж байсан иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, хохирогч Э.Нарангийв рүү зэвсгийн чанартай зүйл болох архины шилийг шидэж толгойн тус газарт нь онож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан   байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж, танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул түүнийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Энхтайваны уг гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Э.Нарангийвийн мөрдөн байцаалтад өсгөн “...Ялгуун пабны нийтийн кароакед орж сууж байхад Буяннэмэх Энхтайваныг дуудаж аваад гараад явах гэтэл зөөгч залуу ирээд тооцоогоо хий гэхэд тооцоо хийхгүй гээд гарч явах гээд байхаар нь зөөгч залуу гаргахгүй гээд барьж авсан чинь Буяннэмэх Энхтайван хоёр зөөгч залууг хоёр талаас зодоод байсан. Тэгээд зөөгч залуу Энхтайван Буяннэмэх хоёроос зугтаж такены ард орсон. Тухайн үед би газар унасан микрофоныг таке нь дээр тавьчихаад ширээ рүүгээ явж байхад Энхтайван гурав дахь ширээн дээр байсан архины шилийг аваад зөөгч залуу руу шидэхэд уг архины шил зөөгч залууг биш миний толгойн тус газар онож дээшээ ойн таазанд онож хагарсан. Тухайн үед би манараад доошоо суусан байсан ба хэсэг хугацааны дараа би ухаан ороход миний хамаг хувцас цус болчихсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 92/, гэрч Д.Буяннэмэх, А.Дөл, М.Алтанбөгж, Ц.Цэцэгмаа нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 сарын 10-ны өдрийн 150 тоот шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 45/, эд мөрийн баримтаар хураагдсан Ялгуун караокений  хяналтын камерийн бичлэгийг хуулбарласан СД бичлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Үүрцайх шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар зүйлчлүүлэхээр санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлд заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн субьектив тал нь тодорхой хувийн сэдэлттэй байх, өөрийнхөө үйлдлийг хянаж тодорхой үр дүнд хүрэхийг эрмэлзсэн зэргээр илрэх ба харин танхайрах явц, танхайн гэмт хэргийн гол шинж нь нийтийн хэв журам байхаас гадна хүний эрх чөлөө, эрүүл мэнд байх бөгөөд субьектив тал нь ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, бусдыг үл хүндэтгэсэн танхайн сэдэлттэй, урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн гэх мэтээр илрэх юм. Гэтэл хэрэг явдал үйлдэгдэх үед шүүгдэгч Г.Энхтайван нь “Ялгуун” караокед үйлчлүүлж байсан иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, тухайн үйлчилгээний газарт үйлчлүүлсэнийхээ төлбөр тооцог хийхгүй гэж маргаан гаргаж улмаар архины шилийг авч шидэх зэргээр үйлчлүүлэгч нарыг айдаст автуулж, хохирогч Э.Нарангийвийг онож, толгойн тус газарт нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт нотлогдсон байна.

Иймд Замын Үүд дэх сум дундын Проукрорын газраас үйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгч Г.Энхтайваны үйлдэлд тохирсон, түүний гэм буруу тогтоогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь уг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэж, хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон байх ба тэрээр хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй юм. Шүүгдэгч Г.Энхтайван нь хохирогч Э.Нарангийвт 550,000 төгрөгийн хохирлыг барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг, мөрдөн байцаалтад өгсөн хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн  зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал, харин уг гэмт хэргийг согтуугаар үйлдсэн нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Иймд шүүгдэгчид ял оногдуулахдаа дээрх хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал болон үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551  дүгээр зүйлийн 551 .1-т заасан журамыг хэрэглэн шүүгдэгчид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод  хэмжээний  гуравны хоёроос хэтрэхгүйгээр хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-т зааснаар  хорих ял эдлүүлэх дэглэмийг  хөнгөрүүлж, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид хорих ялыг эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Ялгуун караокений  хяналтын камерийн бичлэгийг  хуулбарласан СД-ийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар уг хэргийн хадгалах хугацаа дуустал үлдээх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284-286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Бухат овогт Гончигринчингийн Энхтайванг зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж, танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551  дүгээр зүйлийн 551 .1-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар шүүгдэгч Гончигринчингийн Энхтайванг 3 /гурван/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар  шүүгдэгч Г.Энхтайванд оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч Г.Энхтайван нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Ялгуун караокений хяналтын камерийн бичлэгийг хуулбарласан СД-ийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

6. Мөрдөн байцаагчийн 2016 оны 05 сарын 09-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилсэн JVC маркийн саарал өнгөтэй 20 инчийн зурагт 1 ширхэг, ETAMON маркийн цахилгаан халаагуур 1 ширхэг зэргийн битүүмжлэлийг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Энхтайванд буцаан олгосугай.

7.  Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба  Г.Энхтайванд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

8. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүнийг өмгөөлөгч, хохирогч зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                                    А.ЦЭРЭНХАНД

ШҮҮГЧИД                                     Л.БАТЖАРГАЛ

                                                     Б.НАРМАНДАХ