Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00146

 

 

 

 

 

 

 

 

 

 “Л” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2020/03213 дугаар шийдвэртэй,

“Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Б” ХХК, “Э” ХХК, Ц.Эир нарт холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 696 449 002 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай иргэний хэргийг

хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямтулга, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б” ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээний дагуу 500 000 000 төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн.

Хариуцагч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, Х.Дэлэгийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2203016303 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Сүхбаатар гудамж 11/1 байр 24 тоот, 174 м.кв талбай бүхий орон сууц,

улсын бүртгэлийн Ү-2202009155 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 19 дүгээр байр 21 тоот, 126,4 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц,

Х.Гүрбазарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201010883 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 157 тоот, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц,

Ц.Эрын өмчлөлийн, улсын бүртгэлийн Г-1426004160 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Эрдэнэ Есөн зураа 18 дугаар гудамж 18159 тоот, 2000 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар,

-улсын бүртгэлийн Г-1426004161 дугаарт бүртгэлтэй, мөн гудамж, 18160 тоот, 2000 м.кв талбай газар,

-улсын бүртгэлийн Е-1426004162 дугаарт бүртгэлтэй, мөн гудамж, 18161 тоот, 2000 м.кв талбай бүхий газар,

-улсын бүртгэлийн Г-1426004163 дугаарт бүртгэлтэй, мөн гудамж, 18162 тоот, 2000 м.кв талбай бүхий газар,

-улсын бүртгэлийн Г-1426004168 дугаарт бүртгэлтэй, мөн гудамж, 18163 тоот, 2000 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг хөрөнгүүдийг тус тус холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан болно.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид сануулж, үүссэн зөрчлийг арилгах боломжийг олгосон боловч зээлдэгч нь гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйл болон зээлийн гэрээний 10.2-т заасан үндэслэлээр гэрээг цуцлах үндэслэлтэй болно.

Зээлдэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээл 499 999 185 төгрөг, зээлийн хүү 194 794 160 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 612 157 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 43 500 төгрөг болно.

Иймд “Б” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардалд нийт 696 449 002 төгрөгийг гаргуулж,

барьцааны хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах,

зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж хүрэлцэхгүй тохиолдолд баталгаа гаргагч иргэн Ц.Эр болон “Э” ХХК-ийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2019/02851 дугаар шийдвэрээр зээлийн гэрээний дагуу зарим хэсэг буюу 126 552 660 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэр биелэгдээгүй, энэ нэхэмжлэлийн шаардлагаас хасаагүй болно. Иймд энэ нэхэмжлэлийн салшгүй нэг хэсэг үргэлжилж байгаа гэжээ.

 

Хариуцагч “Б” ХХК, “Э” ХХК, Ц.Эр нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Л” ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 500 000 000 төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, зээлж авсан. Үндсэн зээлээс 487 999 185 төгрөгийг төлнө.

Зээлийн барьцаанд “Б” ХХК нь Х.Дэлэг, Х.Гүрбазар нарын өмчлөлийн, Ү-2203016303, Ү-2202009155, Ү-2201010883 дугаарт бүртгэлтэй орон сууцууд, Ц.Эрын өмчлөлийн, Г-1426004160, Г-1426004161, Г-1426004162, Г-1426004163, Г-1426004168 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө болох газрыг барьцаалсан.

Эдгээр хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг зөвшөөрч байна. Зээлийн гэрээ, барьцааны гэрээ, баталгааны гэрээнүүдийн хувьд хүчин төгөлдөр тул маргахгүй.

Нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй. Учир нь зээлийн гэрээ Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2019/02851 дугаар шийдвэрээр талуудын хүсэл зориг нэгдсэн тул гэрээ цуцлагдсан гэж үзэж байна.

Нэхэмжлэгч тал тус шүүхэд 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “Б” ХХК, “Э” ХХК, Ц.Эр нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж зээлийн гэрээг цуцлах, үндсэн зээл болон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, холбогдон гарсан зардалд 578 811 252 төгрөг нэхэмжилсэн ба шүүхийн 184/ШШ2019/02851 дугаар шийдвэрээр зээлийн төлбөр 499 999 185 төгрөгийн үлдэгдэлтэй болохоо хүлээн зөвшөөрсөн байдаг.

Харин шүүх 184/ШШ2019/02851 дугаар шийдвэрээр үндсэн зээлээс 12 000 000 төгрөг, зээлийн хүү 106 273 745 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 278 903 төгрөг нийт 126 552 660 төгрөгийг хариуцагч “Б” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт гаргуулан нэхэмжпэгч “Л” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Энэ төлбөрийг одоогийн байдлаар төлөөгүй байгаа.

Иймд зээлийн үндсэн хүү 194 794 160 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 612 157 төгрөг зардал 43 500 төгрөг тус тус дахин нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээ нэгэнт цуцлагдсан тул 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш хүү тооцон нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна.

Зээлийн гэрээний 7.1.3, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт гэрээний 8.1-д 10.2 тус тус зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангахуйц гэж тооцон барьцааны гэрээ байгуулсан, барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй. 

Барьцааны гэрээний 4.1-д “Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаа, хуваарийн дагуу зээл, түүний хүүг төлөөгүй, мөн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч, барьцаалуулагч нь биелүүлээгүй тохиолдолд банк, үүргийн гүйцэтгэлийг албан бичгээр шаардана, 4.2-д заасан албан бичигт дурьдсан хугацаанд зээлдэгч, барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй бол гуравдагч этгээдэд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах тухай албан бичгээр мэдэгдэнэ, мэдэгдэлд хуанлийн 30 хоногийн дотор хариу өгөөгүй буюу үүргээ биелүүлээгүй бол банк нь барьцааны зүйлийг шүүхийн журмаар худалдах ажиллагааг эхлүүлнэ гэж заасан.

Нэхэмжлэгч нь Барьцааны гэрээний 4.1-4.3-т заасан ажиллагааг явуулалгүй, баталгааны гэрээний дагуу Ц.Эр болон “Э” ХХК-ийн эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргах ёсгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 569 896 342,2 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Л" ХХК-д олгож, ЗБ/РСС180427013-1 тоот “Зээлийн гэрээ”-г цуцалж нэхэмжлэлээс 118 552 649.13 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасны баримтлан барьцааны гэрээгээр барьцаалагдсан Х.Дэлэгийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатар гудамж, 11/1 байрны 24 тоотод байрлах, 174 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 280 600 000 төгрөгийн үнэтэй, улсын бүртгэлийн Ү-2203016303 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө,

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40.0-тын 19 дүгээр байрны 21 тоотод байрлах, 126.4 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 222,800,000 төгрөгийн үнэлгээтэй, улсын бүртгэлийн Ү-2202009155 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө,

Х.Гүрбазарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 157 тоотод байрлах, 40 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 78 260 000 төгрөгийн үнэлгээтэй, улсын бүртгэлийн Ү- 2201010883 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө,

Хариуцагч Ц.Эрын өмчлөлийн Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Эрдэнэ Есөн зураа 18 дугаар гудамжны 18159 тоотод байрлах, 18609327241973 нэгж талбарын дугаар бүхий, улсын бүртгэлийн Г-1426004160 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 2000 м.кв талбайтай газар,

Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Эрдэнэ Есөн зураа 18 дугаар гудамжны 18160 тоотод байрлах, 18609328235028 нэгж талбарын дугаар бүхий, улсын бүртгэлийн Г-1426004161 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 2000 м.кв талбайтай газар,

Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Эрдэнэ Есөн зураа 18 дугаар гудамжны 18161 тоотод байрлах, 18609327277990 нэгж талбарын дугаар бүхий, улсын бүртгэлийн Г-1426004162 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 2000 м.кв талбайтай газар,

Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Эрдэнэ Есөн зураа 18 дугаар гудамжны 18162 тоотод байрлах, 18609328280050 нэгж талбарын дугаар бүхий, улсын бүртгэлийн Г-1426004163 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 2000 м.кв талбайтай газар,

Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Эрдэнэ Есөн зураа 18 дугаар гудамжны 18163 тоотод байрлах, 18609328313007 нэгж талбарын дугаар бүхий, улсын бүртгэлийн Г-1426004168 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 2000 м.кв талбайтай газар зэрэг хөрөнгүүдийг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 234.4, 457 дугаар зүйлийн 457.1-д зааснаар баталгаа гаргагч Ц.Эр, болон “Э” ХХК-ийн эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчзэс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 780 595 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 3 007 432 төгрөгийг хариуцагч “Б” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч “Л" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч “Б” ХХК нь үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 487 999 185 төгрөг төлөхийг зөвшөөрч, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй байгаа болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт: “...Зохигчдийн хооронд байгуулсан “2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Зээлийн гэрээг” цуцлагдаагүй үргэлжилж байгаа бөгөөд гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлтэй байна” гэжээ.

Нэхэмжлэгч “Л” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээг цуцлах саналыг хангалттай тодорхой илэрхийлсэн ба Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2019/02851 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн хуралдаан дээр “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн гэрээ цуцлах саналыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Талуудын хүсэл зориг хүчин төгөлдөр бөгөөд зээлийн гэрээний аль аль тал хүсэл зоригоо хангалттай тодорхой илэрхийлсэн, талуудын хүсэл зориг нэгдсэн тул талууд харилцан тохиролцож тухайн мөчид гэрээ цуцлагдсан тул түүнээс хойшхи хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан мөнгөн дүнгээс 81 897 247 төгрөгийг хасч тооцож, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Л ХХК нь хариуцагч Б ХХК, Э ХХК, Ц.Эр нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 696 449 002 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон баталгааны гэрээнд заасан хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 487 999 185 төгрөг болон барьцааны гэрээнд заасан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй, баталгааны гэрээнд заасан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй гэж маргажээ.

 

“Л” ХХК нь “Б” ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 500 000 000 төгрөгийг жилийн 22.8 хувь буюу сарын 1.9 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдүүлэхээр зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн талаар талууд маргаагүй. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар зээлийн хүү, мөн зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2019/02851 дугаар шийдвэрээр “Б” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 126 552 660 төгрөгийг гаргуулж “Л" ХХК-д олгож, нэхэмжлэлээс “Зээлийн гэрээ”-г цуцлах болон 480 047 185 төгрөгийг, Ж.Эрдэнэ-Очир болон “Э” ХХК-д холбогдох нэхэмжлэл, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх40-45/

 

Шүүхийн 184/ШШ2019/02851 дугаар шийдвэрээр зээлийн гэрээг цуцлах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул зээлийн гэрээг шүүхийн шийдвэрээр цуцалсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болжээ.

 

Шүүхийн 184/ШШ2019/02851 дугаар шийдвэр нь зээлийн гэрээг цуцалж дуусгавар болгоогүй тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний харилцаа үргэлжилж байсан ба энэ хугацаанд “Б” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй, зээлдүүлэгч нь зээлдэгчид 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг хэсэгчлэн төлөх үүргийн хугацаа хэтэрсэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар мэдэгдсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан тул мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь зээлийн гэрээг цуцлах эрхтэй байна. /хх46/

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны зээлийн үлдэгдлийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт шаардах эрхтэй гэж дүгнэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон 126 552 660 төгрөгийг хасч тооцсон нь хуульд нийцжээ.

 

 Анхан шатны шүүх нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой нотариатад төлсөн зардал 45 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг үндэслэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцоогүй, нэхэмжлэлээс 126 522 660 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох байтал үнийн дүнг буруу тодорхойлсон тооцооны алдааг залруулах нь зүйтэй байна.

 

“Л” ХХК нь иргэн Х.Дэлэгтэй үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, түүний өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2202009155 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 19 дүгээр байр 21 тоот, 126,4 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг, /хх25-26/ улсын бүртгэлийн Ү-2203016303 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Сүхбаатар гудамж 11/1 байр 24 тоот, 174 м.кв талбай бүхий орон сууц /хх27-28/-ыг, иргэн Х.Гүрбазартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, түүний өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201010883 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 157 тоот, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг /хх29-30/ тус тус “Б” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон боловч барьцааны гэрээний тал болох Х.Дэлэг, Х.Гүрбазар нарыг энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцуулахаар нэхэмжлэл, хүсэлт гаргаагүй, Х.Дэлэг, Х.Гүрбазар нар нь гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргах эрхтэй этгээдүүд байх тул тэдгээрийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн хариуцагч нь “Б” ХХК , “Э ХХК, Ц.Эр биш гэх үндэслэлээр нэхэмжлэлийн холбогдох хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Хариуцагчийг зөв тодорхойлж нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй юм.

 

“Л” ХХК нь Ц.Эртой үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулж, түүний өмчлөлийн, улсын бүртгэлийн Г-1426004160 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Эрдэнэ Есөн зураа 18 дугаар гудамж 181-59 тоот, 2000 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг,

-улсын бүртгэлийн Г-1426004161 дугаарт бүртгэлтэй, мөн аймгийн мөн сумын 3-р баг, Эрдэнэ Есен зураа 18-р гудамж, 18160-н тоотын 2000 м.кв талбай газрыг,

-улсын бүртгэлийн Е-1426004162 дугаарт бүртгэлтэй, мөн аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, мөн хаяг 18 дугаар гудамж, 18161-н тоот 2000 м.кв талбай бүхий газрыг,

-улсын бүртгэлийн Г-1426004163 дугаарт бүртгэлтэй, Төв аймгийн Баянчандмань сумын 3-р баг, мөн хаяг 18 дугаар гудамж, 18162-н тоотын 2000 м.кв талбай бүхий газрыг,

-улсын бүртгэлийн Г-1426004168 дугаарт бүртгэлтэй, мөн сумын 3 дугаар баг, 18 дугаар гудамж, 18163-н тоотын 2000 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг, /хх23-24/ “Б” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна.

 

“Л” ХХК нь Иргэний хуулийн 174 дугаар зүйлийн 174.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй ба барьцааны зүйл болох Ц.Эрын өмчлөлийн 2000 м.кв талбай бүхий 4 газраар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэсэн нь мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

“Л” ХХК, Ц.Эр нарын хооронд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр, “Л” ХХК, “Э” ХХК-иудын хооронд мөн өдөр баталгааны гэрээ тус тус байгуулагдсан талаар талууд маргаагүй.

 

Уг гэрээний 1.1, 3.1, 3.2-д баталгаа гаргагч нар нь үүрэг гүйцэтгэгч “Б” ХХК өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгч “Л” ХХК-ийн өмнө баталгаа гаргаж, гүйцэтгэхгүй бол өөрийн хөрөнгөөр үл маргах журмаар төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 234 дугаар зүйлийн 234.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг баталгаа гаргагч “Э” ХХК болон Ц.Эр нарын хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болсон боловч шаардах эрхийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1 дэх хэсэгт банкны баталгаа гаргах харилцааг зохицуулсан буюу энэ тохиолдолд баталгаа гаргагч нь банк байх бөгөөд уг банк нь үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх үүргийг хүлээх юм. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу баталгаа гаргагч “Э” ХХК болон Ц.Эр нар нь банк биш тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийн зохицуулалт юм. Түүнчлэн баталгаа гаргагч нар нь өөрийн хөрөнгөөр үүргийг гүйцэтгэхээр заасан байхад шүүх тэдгээрийн “эд хөрөнгөөр” үүргийг гүйцэтгэхэд тодорхойлсон алдааг залруулах боломжтой гэж дүгнэлээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2020/03213 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “569 896 342,2 төгрөгийг” гэснийг “569 852 842 төгрөгийг” гэж “118 552 649.13 төгрөгийн” гэснийг “126 596 160 төгрөгийн” гэж өөрчилж,

2 дахь заалтыг “Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ц.Эрын өмчлөлийн, Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Эрдэнэ Есөн зураа 18 дугаар гудамжны 18159 тоотод байрлах, 18609327241973 нэгж талбарын дугаар бүхий, улсын бүртгэлийн Г-1426004160 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 2000 м.кв талбайтай газар,

Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Эрдэнэ Есөн зураа 18 дугаар гудамжны 18160 тоотод байрлах, 18609328235028 нэгж талбарын дугаар бүхий, улсын бүртгэлийн Г-1426004161 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 2000 м.кв талбайтай газар,

Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Эрдэнэ Есөн зураа 18 дугаар гудамжны 18161 тоотод байрлах, 18609327277990 нэгж талбарын дугаар бүхий, улсын бүртгэлийн Г-1426004162 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 2000 м.кв талбайтай газар,

Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Эрдэнэ Есөн зураа 18 дугаар гудамжны 18162 тоотод байрлах, 18609328280050 нэгж талбарын дугаар бүхий, улсын бүртгэлийн Г-1426004163 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 2000 м.кв талбайтай газар,

Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Эрдэнэ Есөн зураа 18 дугаар гудамжны 18163 тоотод байрлах, 18609328313007 нэгж талбарын дугаар бүхий, улсын бүртгэлийн Г-1426004168 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 2000 м.кв талбайтай газрыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэлээс Х.Дэлэгийн өмчлөлийн, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатар гудамж, 11/1 байрны 24 тоотод байрлах, 174 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 280 600 000 төгрөгийн үнэтэй, улсын бүртгэлийн Ү-2203016303 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40.0-тын 19 дүгээр байрны 21 тоотод байрлах, 126.4 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 222,800,000 төгрөгийн үнэлгээтэй, улсын бүртгэлийн Ү-2202009155 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Х.Гүрбазарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байрны 157 тоотод байрлах, 40 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 78 260 000 төгрөгийн үнэлгээтэй, улсын бүртгэлийн Ү- 2201010883 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтаас “457 дугаар зүйлийн 457.1” гэснийг хасч, “эд хөрөнгөөс” гэдгийг “хөрөнгөөс” гэж өөрчилж,

4 дэх заалтын “3 007 432 төгрөгийг” гэснийг “3 007 214 төгрөгийг” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 567 450 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ЭНХТӨР

 

                                       ШҮҮГЧИД                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                      Э.ЗОЛЗАЯА