Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2020/02330

 

Э.Б-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2020/02080 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Б-ны хариуцагч Э ХХК нар нарт холбогдуулан гаргасан гэрээнээс татгалзаж, дутуу баригдсан байшинг буцаан өгч, 46 000 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Соёл-Эрдэнийн нэхэмжлэгчээс ажлын хөлс 18 200 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 5 дугаар сарын 17-нд Эскуб хаус ХХК-ийн захирал Х.Соёл-Эрдэнэтэй Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 18-ны өдрөөс байшин барих ажил эхэлсэн. Ингээд байшингийн суурь цутгалтын ажил эхэлсэн боловч суурьт ямар ч арматур зангидаагүй бөгөөд би энэ талаар захирал Х.Соёл-Эрдэнэд удаа дараа хэлж, шаардсан. Би байшин бариулахдаа өөрийн зүгээс гаргаж байгаа шаардлагуудаа тухай бүрт нь хэлдэг байсан боловч Х.Соёл-Эрдэнэ захирал эхэн үедээ бодож үзнэ гэдэг байсан боловч барилгынхаа чанарт анхаарахгүй байсан учир би 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ажлаа зогсоо, би ийм чанаргүй барилга бариулмааргүй байна гэж хэлсэн. Х.Соёл-Эрдэнэ хүүхдийнхээ хамт дээврийн цаасыг бүтэн өдөржин нааж дуусгаад хаяад явсан. Би энэ хооронд Барилгын нэгдсэн холбоонд хандаж уг баригдаж байгаа барилгын чанар ямар байгааг үзүүлэхэд байшинг ингэж барьдаггүй юм, энэ бол малын саравч шиг барьсан байна гээд надад зөвлөгөө өгсөн. Байшингийн сууринд арматур төмөр зангидуулах хүсэлттэй байна гэхэд Эскуб хаус ХХК-ийн захирал Х.Соёл-Эрдэнэ Канад хаусанд арматур зангидах шаардлага байдаггүй юм гэсэн. Гэтэл суурь нь маш олон газраар цууралттай, ан цавтай байгаа нь удаа дараагийн шинжээч нарын дүгнэлтээр тогтоогдсон. Байшингийн суурьт арматур зангидаагүй, хөнгөн чанарынх байлаа гэхэд тэр чинь Сэлбэ голтой ойролцоо болохоор өвөл болоход газар хөлдөж, хавар газар гэсдэг учраас чийг тусгаарлагч гэдэг зүйл хийх ёстой байдаг гэж байна түүнийг нь хийхгүй юм уу гэж Х.Соёл-Эрдэнэд хэлж байсан. Мөн суурьт хөөсөнцөр хавтан дэвссэн гэж байна, би нэг жижиг байшингаа нураасан бөгөөд тэрний дээврээс гарсан хэсэгхэн хөөсөнцөрийг хэсэг газарт тавьсан болохоос биш Х.Соёл-Эрдэнэ суурьт зориулж хөөсөнцөр болон хавтан аваагүй. Байшингийн шалыг нь 2 ч шинжээч цоолж үзэхэд хөөсөнцөр байхгүй байсан. Би уг байшинд 3 хүүхэдтэйгээ амьдрах гэж байсан учраас ажлын явц, үйл ажиллагаанд нь өдөр бүр харж, саналаа хэлж ярьж байсан нь үнэн. Гэхдээ би дарамталсан зүйлгүй. Мөн хариуцагч талаас ОSВ хавтан байшин дотроо бүтэн хийсэн, дулаалга бүрэн хийгдсэн гэж байна. Энэ байшинд бүрэн хийгдсэн зүйл огт байхгүй, дандаа тал хувь нь хийгдсэн байдаг. Байшингийн м.кв-ын үнийг буулгасан нэг шалтгаан нь төвийн шугам холбогдсон байсан бөгөөд зөвшөөрөл хүсч, Ус сувгийн газарт хүсэлт гаргасны дүнд зөвшөөрлөө авсан учраас сангийн, бохир усны нүх ухуулаагүй юм. Үүнтэй холбоотой м.кв-ын үнийг 650 000 төгрөг байсныг 600 000 төгрөг болгосон. Х.Соёл-Эрдэнэтэй зохицож ярилцах гэж хичээсэн боловч миний шаардлагыг огт хүлээж авахгүй байсан учраас бид барилгын ажлаа зогсоосон. Мөн цахилгааны холболтыг бүрэн хийгээгүй, холбогдоогүй, манай байшингаас Эскуб хаус ХХК тог цахилгаанаа татаж байсан. Иймд би барилгын хөлсөнд өгсөн 46 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Барилгын чанарын талаар шинжээч нар мэргэжлийн талаасаа үзэж харж дүгнэлт гаргасан. Цаашид ашиглах ямар ч боломжгүй гэсэн. Иймд гэрээнээс татгалзаж, өгсөн мөнгөө буцааж авахаар Эскуб хаус ХХК болон хариуцагч Х.Соёл-Эрдэнэ нараас нэхэмжилж байна Эскуб хаус ХХК-ийн ажилчид нь тус компанид тогооч хийж байсан манай 2 найзад энэ байшин чинь маш муу материалаар баригдаад байна, чанарын шаардлага хангахгүй байна гэж хэлсэн байсан. Байшингийн зургийг би Х.Соёл-Эрдэнэтэй ярихдаа би ийм байшин бариулмаар байна гэж фото зураг явуулсны үндсэн дээр Х.Соёл-Эрдэнэ надад 3D зураг гэж гаргаж өгсөн. Түүнээс биш албан ёсоор надад байшингийн зураг гаргаж өгч баталгаажуулсан зүйл байхгүй. Барилгын зардалдаа ажлын хөлс нь ороод нийт 67 600 000 төгрөгөөр тохирсон, сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Булгантай ажил гүйцэтгэх гэрээг Эскуб хаус ХХК-ийн захирлын хувьд байгуулсан. Барилгын ажил эхлэхээс өмнө байшингийн план зураг зурагдаад, Э.Булган манай архитектурчтай холбогдож өөрийнхөө санал хүсэлтийг захиалагчийн зүгээс өгч, харилцан тохиролцож, албан ёсоор баталгаажсан зургийн дагуу уг барилгын ажил эхэлсэн. Байшингийн суурь цутгаж байх явцад Э.Булганаас уг байшин жижигхэн байна дахиж томруулмаар байна гэсний дагуу томруулж, байшингийн план зурагт өөрчлөлт орж байсан. Суурийн ажил дээр манай байгууллага туслан гүйцэтгэгч компани авсан бөгөөд тус компанийг миний зүгээс ажлаа сайн хийж гүйцэтгэсэн гэж үзэж байна. Ажил зогсоож, тус байшинд арчилгаа хийгээгүйгээс болж барилгын сууринд цууралт гарсан. Барилгын ажил эхэлж, гэрээ байгуулахаас эхлээд л тус байшин барихад ямар материал орох вэ гэдгийг бид нар анхнаасаа Э.Булгантай маш сайн тохиролцож өөрт нь харуулж авч байсан. Байшингийн суурь цутгагдаж дуусаад байшингийн карказ боссон байхад Э.Булган нь үнээ буулга гээд байхаар нь 600 000 төгрөг болгосон. Мөн 2 давхар шилтэй хуванцар вакум цонх хийнэ гэж тохирсон байтал модон рамтай цонх гэж байснаа сүүлдээ төмөр рамтай цонх хийлгэнэ, мөн тавилга хийлгүүлнэ гэх мэтээр гэрээнд тохироогүй ажлыг шаардаж ажил хийхэд саадтай хүндрэлтэй байсан. Байшингийн дотор хананд оросын 2 дугаар сортын рейк модоор доторлоно гэж байснаа болиод нэмэлтээр рейк модон дотроо давхар OSB хавтан хийсэн. Мөн чулуутай эрдэс хөвөнг дулаалгандаа ашигласан. Барилгын материалын үнийн зөрүү гардаг бөгөөд мөнгөө өгөх юм бол таны хүссэний дагуу хийгээд өгье гэхэд үгүй гэдэг байсан. Шал цутгахаас өмнө сангийн далд монтаж, цэвэр бохир усны холболтууд, цахилгааны монтажуудыг хийж дараа нь шугаман сууриа цутгаад 2 Хово маркийн машин уулын дайргаар дүүргэлт чигжилт хийж, хөөсөнцөр хавтан дулаалга хийж 10 см шал цутгаж суурийн ажил дууссан. Эхлээд чулуугүй хар цаасаа наасан, дараа нь чулуутай хар цаас наах ёстой байтал Э.Булган барилгын ажлаа зогсоо гэж ажил хийлгээгүй. Би Э.Булганд барилгын ажлыг дутуу хийснээс гарах цаашдын сөрөг нөлөөг тайлбарласан боловч тэр хамаагүй би өөрөө хариуцна гэсэн. Мөн хөнгөн чанарын модон байшинд арматур хийх шаардлагагүй байдаг. Яагаад гэвэл эрүүл хөрстэй газар байсан учраас шугаман сууриар барилгын суурийг хийсэн. Манайх хар цаасыг тулгаж наагаагүй, 10 см тулгаж наасан. Уг хар цаас нь өөрөө 10 см зөрүүлж наах заавартайгаа ирдэг бөгөөд бид нар тэр зааврынх нь дагуу хар цаас наасан. Мөн байшингийн модыг гарал үүслийн гэрчилгээгүй гэж бичсэн байсан, бид модны гарал үүслийн бичгийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Харин байшингийн зураг төслийг Э.Булган өөрөө баталж гаргасан. Тэгээд барилгын ажлыг дутуу зогсоосон учраас гадна хана, хучилтын хавтан, дулаалга норж, OSB хавтан, эзэлхүүн нь томорч, хөөж хөвсийсөн сөрөг үр дагавар гарах нь зүй ёсны хэрэг юм. Ер нь канад байшинг маш хурдан барьж, цаашид хамгаалж, сайн арчилж явах ёстой байтал барилгын ажлыг дутуу хийснээс болж барилгын сууринд ан цав үүсэж, гаднах хавтангууд хөөсөн. Бид нарын зүгээс уг байшинг хамгаалж, арчлах ямар ч боломжгүй байсан бөгөөд Э.Булганд тэрхүү байшинг хамгаалж арчлах талаар өөрийн зүгээс арга хэмжээ аваагүй байна. Ингээд өөрсдөө арчлахгүй, барилгын ажлыг зогсоочхоод барилгын материал муудсан байна гээд бид нар руу хамаг буруугаа тохож байгаа нь шударга бус юм. Иймд Эскуб хаус ХХК-ийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Х.Соёл-Эрдэнээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Булган нь иргэн Х.Соёл-Эрдэнэ надтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй тул би 46 000 000 төгрөг төлөх үндэслэлгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Э.Булганаас төлсөн 46 000 000 төгрөгийг би компанийн захирлынхаа хувьд бэлнээр авч барилгын ажилд зарцуулсан юм. Нэхэмжлэгч Э.Булганаас урьдчилгаанд төлсөн 46 000 000 төгрөгийг барилгын материал худалдан авч, барилгын суурийг цутгах, модон каркас босгон, дээвэр хийж байшингийн хана, дээврийн дулаалга, цахилгааны монтаж, сантехникийн ажлуудад зарцуулсан, барилгын ажлын хөлс нь зах зээлийн ханшаар 1 м.кв-ыг 200 000 төгрөгөөр гүйцэтгэдэг, 130 м.кв барилгыг 100 хувийн гүйцэтгэлтэй барихад 26 000 000 төгрөгийн ажлын хөлс шаардагдах бөгөөд тус барилга нь 70 хувийн гүйцэтгэлтэй тул 18 200 000 төгрөгийг төлөх үүрэгтэй. Иймд Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.3.-т зааснаар нэхэмжилж байна. Барилгын материалаас гадна ажиллах хүчний хөлс буюу компаниас гарсан зардалд 18 200 000 төгрөгийг нэхэмжлэгч талаас нэхэмжилж байна. Өөрөөр хэлбэл, 46 000 000 төгрөгөөс гадна энэхүү зардал гаргасан тул уг мөнгийг захиалагч болох Э.Булганаас гаргуулах хүсэлттэй байна. Үүнээс шалтгаалж Эскуб хаус ХХК-д маш их хэмжээний хохирол үүсэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Эскуб хаус ХХК-иас 46 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Булганд олгож, хариуцагч Х.Соёл-Эрдэнэд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлйин 352.5.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Булганаас 18 200 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Х.Соёл-Эрдэнийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 54 дүгээр зүйлийн 54.1.4-д заасныг баримтлан шинжээчийн ажлын хөлсөнд 122 600 төгрөгийг хариуцагч Эскуб хаус ХХК-иас гаргуулан шинжээч Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ-т олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 388 000 төгрөг, хариуцагч Х.Соёл-Эрдэнээс сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эскуб хаус ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 387 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхээс Барилгын хөгжлийн төв болон Баян модот ХХК-г тус тус шинжээчээр томилсон. Гэтэл Барилгын хөгжлийн төвийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн М.Мөнхдөл, Г.Дашням, Б.Мөнхбаатар нарын гаргасан шинжээчийн дүгнэлт Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гараагүй дүгнэлт байх тул дахин шинжээч томилуулах хүсэлтийг шүүх хангахгүй орхиж дээрх дүгнэлтийг үндэслэн хэрэг маргааныг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Барилгын хөгжлийн төвөөс ирүүлсэн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн М.Мөнхдөл, Г.Дашням, Б.Мөнхбаатар нарын гаргасан шинжээчийн дүгнэлт Шүүхийн шинжилгээний тухай хуулийн дээрх зүйл заалтуудад нийцэхгүй буюу дүгнэлтэд шинжээч болон байгууллагын тамга, тэмдэг дарагдаж баталгаажуулаагүй, эдгээр хүмүүс дүгнэлт гаргаж гарын үсэг зурсан нь тодорхойгүй, ирүүлсэн дүгнэлтэд тусгагдахаар хуульд заасан мэдээллүүд дутуу байгаа зэрэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу гараагүй, үнэлэх боломжгүй дүгнэлт юм. Мөн бүрэлдэхүүнд орсон шинжээч Г.Дашням нь 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн шүүгчийн захирамжаар Барилгын хөгжлийн төвийг томилж дүгнэлт гаргуулахад мөн шинжээчээр оролцож байсан бөгөөд дахин дүгнэлт гаргахад оролцсон нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20.1, 20.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Хэрэв шүүх дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэлээ болгож байгаа бол барилга анхнаасаа ашиглах болмжгүйгээр баригдсан гэх дүгнэлт байхгүйг анхаарч үзэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Захиалагч нь 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр өөрийн санаачилгаар барилгад ашиглаж буй материал муу, барилга шаардлага хангахгүй гэх үндэслэлээр барилгын ажлыг зогсоосон. Анхнаасаа ашиглах боломжгүй барилга байсан талаар огт дурдаагүй бөгөөд энэхүү дүгнэлт нь ажлыг дундаас нь зогсоож 2 жилийн турш бороо цас салхинд цохиулж муудсаны дараа гарч буй дүгнэлт юм. Өмнө нь буюу 1 жилийн өмнө дүгнэлт гаргаж байсан байгууллагуудын дүгнэлтийг харвал байшингий нөхцөл байдал харьцангуй сайн буюу шинжээчийн дүгнэлтүүд ч байшинг үргэлжлүүлэн засч барьж ашиглах боломжтой гэсэн дүгнэлтүүд гарч байсныг шүүх анхаарч үзэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, барилгын ажлыг захиалагчийн санаачилгаар зогсоох хүртэл ажил гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж ажлыг гүйцэтгэж байсан, мөн ажил гүйцэтгэх хугацаа дууусаагүй, гэрээний зүйл буюу ажлын үр дүн бүрэн бий болоогүй байхад зогсоосон байтал Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасны дагуу ажлын үр дүнг захиалагчийн өмлчлөлд шилжүүлэх үүргээ гүйцэтгэгч тал биелүүлээгүй байна гэж дүгнэх нь манай тохиолдолд учир дутагдалтай. Ажлын үр дүнг гаргахаар ажил гүйцэтгэж байхдаа доголдол гаргасан нь тогтоогдоогүй, харин дүгнэлтэд дурдсан доголдлууд нь барилгыг дутуу орхиж ажлыг гүйцэт бариагүйгээс үүссэн доголдол бөгөөд эдгээрийг засах боломжтой юм. Нэгэнт нэхэмжлэгчийн ажил гүйцэтгэгч үүргээ зөрчсөн гэх үндэслэл нотлогдож тогтоогдоогүй тул захиалагч Э.Б-ны г Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт заасны дагуу өөрийн санаачилгаар гэрээг цуцалсан гэж үзэх юм. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт зааснаар өөрийн санаачилгаар гэрээг цуцалж байгаа тохиолдолд гэрээний зүйлийг буцаах үр дагаваргүй юм. Иймд шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эс бөгөөс захиалагчаас шилжүүлсэн 46 000 000 төгрөгнөөс ажилд зарцуулсан 39 006 056 төгрөгийг хасч тооцон 6 993 944 төгрөгийг Э.Булганд төлөхийг зөвшөөрч байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Э.Булган нь хариуцагч Эскуб хаус ХХК болон Х.Соёл-Эрдэнэтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 46 000 000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ажлын хөлс 18 200 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ байшинг барихдаа барилгын ажлын чанарын шаардлага, стандартыг хангаагүй, хямд чанаргүй материалаар барьж байгааг чанартай материалаар бариулахаар шаардсаныг хүлээн аваагүй тул барилгын ажлыг зогсоосон гэж, хариуцагч нь татгалзлаа захиалагчтай тохиролцож материалыг авсан байхад өөр материалаар бариулахыг шаардаж 70 хувийн гүйцэтгэлтэй барьсан барилгын ажлыг зогсоосон гэж тус тус тайлбарласан байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилж, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК болон Баян модот ХХК нь дуусаагүй барилгын ажлын гүйцэтгэлийн хувь хэмжээ, гарсан материалын зардал, хийж гүйцэтгэсэн ажлын зардлын хэмжээг тогтоож, хэдэн төгрөг зарцуулсныг тодорхойлжээ. /хэргийн хоёрдугаар хавтасны 84-97, 103-125, 169-192, 195-197 дугаар талд/

 

Харин шинжээчээр ажилласан ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн Оношлогоо, зураг төсөл, судалгааны Реконстракшн төв болон Барилгын хөгжлийн төв нь хийж гүйцэтгэсэн барилгын ажил чанарын шаардлага, стандарт хангаж байгаа эсэх талаар дүгнэлт өгсөн атлаа барилгад ашигласан материал чанарын шаардлага хангасан материалаар баригдсан эсэх, барилгын ажил зогсоноос өнөөг хүртэлх барилгад ашигласан материал болон барилгын хийц чанар байдал нь ямар хэмжээнд муудаж чанар байдлаа алдсан уг барилгыг цаашид ашиглах боломжтой эсэх талаар дүгнэлт гаргаагүй шүүхээс шинжээчид тавигдсан асуултад бүрэн хариулаагүй гэж үзнэ.

 

Энэ нөхцөлд шүүх Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасны дагуу нэмэлт шинжилгээ хийлгээгүй нь буруу болсон байна. Учир нь барилгыг барихад ашигласан барилгын материал чанарын шаардлага хангаж байгаа эсэх, хэрэв чанарын шаардлага хангаагүй доголдолтой бол доголдлыг арилгахад хэдий хэмжээний зардал гарах, ажил зогсоосноос өнөөг хүртэлх хугацаанд барилгад ашигласан материал ямар хэмжээнд чанар байдлаа алдсаныг тодорхойлж, уг материал болон зардлын хэмжээг тогтоож үнэлэх, барилгыг цааш үргэлжлүүлэн барих боломжтой эсэх талаар дүгнэлт гаргуулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байжээ. Иймд уг ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй болно.

 

Нөгөө талаар талууд гэрээг цуцалж гэрээний харилцааг дуусгавар болгосон үндэслэлээ өөр өөрөөр тайлбарласан байна. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэг ноцтой зөрчигдсөн тохиолдолд аль ч тал энэ хуулийн 225, 226 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлөхийг шаардах эрхтэй. Энэ тохиолдолд ажлын үр дүн захиалагчийн хувьд ашиглах боломжтой эсэх, хэрэв боломжтой бол гэрээг цуцлах хүртэлх хэмжээгээр хөлс болон хохирол шаардах эсэх асуудал тодорхой болно.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлахаар зохицуулсан нь мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсэгт заасны дагуу ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй болно.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулснаар дээрх хуулийг хэрэглэх эсэх нь шийдэгдэнэ.

 

Иймд хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, маргааны зүйлийн талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2020/02080 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 388 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ