Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00169

 

МАГАДЛАЛ

2021.01.

 

 

Г Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/03828 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.О, А.Г нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 32 289 997 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бямбацэцэг, С.Шинэбиш, хариуцагч М.Огийн өмгөөлөгч Г.Тулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Энхтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бямбасүрэн, Т.Оччулуун нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч А.Г, М.О нар нь 2018 оны 11 сарын 27-ны өдөр Голомт банк ХХК-тай ЗГ1705141967 дугаар гэрээг байгуулж 28 000 000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн. А.Г, М.О нарт зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагыг хүргүүлж байсан. Мөн амаар болон утсаар зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрийг төлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй банкийг хохироож байгаа тул зээлийн гэрээний 2.4 дэх заалтыг үндэслэн хугацаанаас нь өмнө цуцалж 2020 оны 8 дугаар сарын 14-ний байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 26 471 974,67 төгрөг, зээлийн хүү 5 706 391,39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 111 631,4 төгрөг, нийт 32 289 997,46 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 17 цаг өнгөрч байхад А.Г надруу утсаар залгаад 1 дүгээр хорооллын Голомт банк ХХК-д хүрээд ир гэсэн. Миний бие нөхцөл байдлыг сайн мэдээгүй банкин дээр очиход эдийн засагч нь А.Г бид хоёрыг иргэний үнэмлэхээ өгчих, гарах гээд яараад байна гэж хэлээд миний иргэний үнэмлэхийг канондаж авч намайг 2-3 хуудас баримтад гарын үсэг зуруулсан. Ямар баримтад гарын үсэг зуруулж байгаа талаар надад тайлбарлаагүй. А.Г зээл авч байна л гэж надад хэлсэн. Дараа нь асуудалд орох юм биш биз дээ гэхэд асуудал болохгүй ээ, би өөрөө зээлээ төлнө гэсэн. Батлан даагч хамтран зээлдэгч гэх мэт гэрээний нэг хувийг өгөөгүй. Тухайн зээлийг А.Г нь хүнээр яриулж авсан болохоор банкны эдийн засагч хүртэл гэрээнд хэн гарын үсэг зурах нь хамаагүй гэж бодсон байх. Миний бие А.Гийн авсан зээлд ямар үүрэгтэй оролцож байгаагаа мэдэхгүй байна. Миний бие тухайн зээлээс нэг ч төгрөг хэрэглээгүй тул А.Гоос нэхэмжлэх нь зүйтэй. Зээлийн гэрээний үүргээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Г, М.О нараас 32 289 997.46 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 71.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319 400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч А.Г, М.О нараас 319 400 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Тулга давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь М.Огаас гадна А.Гийг хариуцагчаар татсан байхад түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Шүүх хуралдааны товыг хуульд заасан журмаар хүргүүлээгүй. А.Гийг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн аваагүй. Өмнө нь А.Гийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлага гэж хурал хойшлуулсан атлаа дараа нь түүнийг оролцуулаагүй. Мөн Голомт банк ХХК-аас авсан зээлийг А.Г хэрэглэсэн, М.О нь тухайн зээлийг захиран зарцуулаагүй. Үүнийг нотлохын тулд А.Гоос баримт гаргуулах, Голомт банк ХХК-тай эвлэрэх зэрэг асуудал байгаа талаар шүүхэд хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч мөн А.Гийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан. А.Г, М.О нараас 32 289 997 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэн алинаас нь хэдэн төгрөг гаргуулах талаар дурдаагүй нь шийдвэр биелэгдэхэд ойлгомжгүй нөхцөл байдал үүснэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хариуцагч А.Г, М.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 26 471 974,67 төгрөг, зээлийн хүү 5 706 391,39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 111 631,40 төгрөг, нийт 32 289 997,46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч М.О эс зөвшөөрч тухайн зээлээс өөртөө авч хэрэглээгүй, А.Г захиран зарцуулсан тул түүнээс гаргуулан зээлийн гэрээний үүргээс чөлөөлж өгнө үү гэж маргажээ.

 

Талууд 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж, зээлдүүлэгч Голомт банк ХХК нь зээлдэгч А.Г, М.О нарт 28 000 000 төгрөгийг жилийн хүү 16,8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлэхээр тохиролцсон байна. /хх7-10/

 

Хариуцагчийн өмгөөлөгч хариуцагч А.Гийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх ...шүүх хуралдааны тов мэдэгдсэн гэж уг хүсэлтийг хангахаас татгалзжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6 дахь хэсэгт мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих иргэн оршин суугаа газартаа байхгүй бол уг хуудсыг түүний хамт амьдардаг насанд хүрсэн иргэн, эсхүл хорооны Засаг даргад хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулна гэж заасан. Гэтэл 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны мэдэгдэх хуудсыг хариуцагч А.Гид Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, ногоон зоорь 1 гудамж, 2 тоот хаягаар шуудангаар явуулсан боловч тэрээр тус хаягт байхгүй гэж мэдэгдэх хуудсыг буцаасан баримт хэрэгт авагджээ. /хх-35/

 

Хариуцагч А.Г шүүх хуралдааны товыг мэдсэн эсэх нь эргэлзээтэй байхад анхан шатны шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэж түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцсэн гэж үзэхээргүй байна.

 

Учир нь хамтран хариуцагч М.О нь уг зээлийн гэрээг байгуулах хүсэл зориг байгаагүй, мөнгөн хөрөнгийг А.Г захиран зарцуулсан гэж ашиг сонирхлын зөрчилтэй болохоо илэрхийлсэн тул түүнийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай. Энэ талаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 2-т зааснаар банк нь тодорхой зориулалтаар зээл олгодог. Хариуцагч М.О зээлийн зориулалт, гэрээ байгуулах үеийн нөхцөл байдлын талаар маргасан тул зээлдэгчийн хувийн хэрэг, зээлийн гэрээ байгуулах үеийн нөхцөл байдлыг тодруулах нь энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болохоор байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан эрхийн оролцогчийн эдлэх эрхийг зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх үндэслэлд хамаарч байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/03828 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч М.Огийн төлсөн 319 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Д.БАЙГАЛМАА