Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/00242

 

 

 

 

 

 

 

 

 

Х-А СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/03502 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Х-А СӨХ-ны хариуцагч С-Э ХХК-д холбогдуулан гаргасан сууц өмчлөгчдийн холбооны төлбөр нийт 6 712 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Нэхэмжлэгч СӨХ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, Иргэний хуульд зааснаар Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах Х-А хотхоны сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг хариуцдаг. С-Э ХХК нь Х-А хотхоны 100б дугаар байр 81 тоотод орон сууцны контор, 100А дугаар байр 82 тоотод биллиард, теннисний үйл ажиллагаа явуулдаг юм. Гэвч 2 тоотын СӨХ-ны төлбөрийг 2017 оны 05 сараас 2018 оны 11 сар хүртэл төлөөгүй байна. Төлбөрөө төлөхийг шаардах бүрд төлнө гэж хойшлуулдаг байсан.

Иймд СӨХ-ны төлбөрт нийт 6 712 700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин сууц, гэр гэж орон сууцыг тодорхойлсон. Нэхэмжлэлд дурдсан С-Э ХХК-ийн өмчлөлийн объект нь Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д зааснаар инженерийн шугам, сүлжээ, тоног төхөөрөмжид зориулсан техникийн өрөө юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөгч биш. Харин Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д зааснаар хариуцагч С-Э ХХК нь орон сууцны инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмж засвар, ашиглалтын үйлчилгээг эрхлэн явуулах эрх бүхий хуулийн этгээд юм.

Хариуцагч нь Хот суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулалт зөвлөлөөс болон эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр орон сууцны барилгын техникийн өрөөнд мэргэжлийн байгууллагын эрх, үүргээ хэрэгжүүлэх, хэрэглээний цэвэр ус, дулааны эрчим хүчийг төвийн шугамаас дамжуулан оршин суугч, аж ахуй нэгжүүдэд хүргэж бохир усыг татан зайлуулдаг тусгай үүрэгтэй байгууллага юм. Хариуцагч нь УБЦТС ТӨХК болон Ус сувгийн удирдах газраас хэрэглээний цэвэр ус, дулааны эрчим хүчийг инженерийн шугам сүлжээгээр хүлээн авч оршин суугч, аж ахуй нэгжүүдэд дамжуулан нийлүүлж бохир ус татан зайлуулдаг бөгөөд хэрэглээний төлбөрүүдийг оршин суугч, аж ахуй нэгжүүдээс хураан авч нэгтгэн төлбөрийг нэхэмжлэхийн дагуу дээр дурдсан төрийн эрх бүхий байгууллагуудад тушаадаг.

Мэргэжлийн байгууллагын буюу хариуцагчийн эрх үүргийг Орон сууцны тухай хуулийн 81 дүгээр зүйл, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт дундын өмчлөлийн эд хөрөнгөд гэрээний дагуу засвар үйлчилгээ хийсэн тохиолдолд зардлыг холбооноос тухай бүр төлүүлэх, ...цэвэр, бохир ус, дулаан, цахилгаан, харилцаа холбооны зэрэг үйлчилгээг хэрэглэгч хүртэл хариуцах, орон сууцны инженерийн гадна шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээг тогтоосон хугацаанд хийж ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангах, дундын өмчлөлийнх эд хөрөнгийн хэвийн ажиллагаанд байнгын хяналт тавих гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл хариуцагч мэргэжлийн байгууллага нь нэхэмжлэгч талд СӨХ-ны төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч талаас төлбөр шаардах эрхгүй байна.

Хариуцагч нь тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага тул холбогдох хуульд заасны дагуу дундын өмчлөлийн буюу инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, хэвийн байдлыг бие даан бүрэн хариуцдаг бөгөөд СӨХ нь инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хэвийн байдал засвар үйлчилгээг хариуцдаггүй тул дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөрийг нэхэмжлэгч талаас шаардах эрхгүй.

Мөн Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар зөвхөн орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөхөөр хуульчилсан байна. Харин хариуцагч нь Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.19, 3.1.6, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу орон сууц өмчлөгч биш бөгөөд инженер шугам сүлжээний техникийн өрөөнд дээр дэлгэрэнгүй дурдсан мэргэжлийн байгууллагын эрх, үүргээ хэрэгжүүлж буй субъект юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С-Э ХХК-аас 6 712 700 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Х-А СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х-А СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122 353.20 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хэргийн үйл баримтын талаар хууль зүйн зөв дүгнэлт хийж чадаагүй. Нэхэмжлэгч СӨХ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, Иргэний хуульд зааснаар Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах Х-А хотхоны сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг хариуцдаг. С-Э ХХК нь Х-А хотхоны 100б дугаар байр 81 тоотод орон сууцны контор, 100А дугаар байр 82 тоотод биллиард, теннисний үйл ажиллагаа явуулдаг. Хариуцагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдээгүй боловч 2015 оноос хойш үл хөдлөх эд хөрөнгүүдийг эзэмшиж, ашиглаж орон сууцны конторын үйл ажиллагаанаас гадна 100А дугаар байр 81 тоотод биллиард, теннисний үйл ажиллагаа явуулдаг болох нь нотлох баримтын хүрээнд нотлогдсон. Шүүх нь орон сууцны дундын өмчлөлийн СӨХ-ны хураамжийг зөвхөн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн өмчлөгч хариуцна гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Х-А СӨХ нь хариуцагч С-Э ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хилчний гудамж, Х-А хотхоны 100Б дугаар байрны 81 тоот, 100А дугаар байрны 82 тоот тус бүрийн сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт нийт 6 712 700 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх1-3, 18-19/

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг бүрэн тодруулаагүй атлаа Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Тайлбарлавал, нэхэмжлэгч хариуцагчаас ямар үндэслэлээр юуг нэхэмжилж байгаа болон хариуцагч нь 81, 82 тоотыг эзэмшиж, ашиглаж байгаа үндэслэлийг тодруулснаар шүүх талуудын хооронд үүссэн маргаан бүхий харилцаанд хамаарах эрх зүйн дүгнэлтийг зөв хийх боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн эзэмшиж, ашигладаг гэх зоорийн давхарт байрлах 81, 82 тоот нь хэний өмчлөл болохыг шүүх зайлшгүй тодруулах нь хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой. Хэрэгт авагдсан баримтаар тухайн тоот орон сууцууд нь эрхийн бүртгэлд бүртгэгдээгүй гэсэн байдалтай байна. /хх 56/

 

Түүнчлэн, нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл, нэхэмжлэгч нь хариуцагчаас дундын өмчлөлийн зүйлтэй холбоотой гарсан төлбөр, зардлыг төлүүлэх шаардлага гаргасан, эсхүл биллиард, теннисний зориулалтаар ашигласантай холбоотой төлбөр нэхэмжилсэн эсэхийг тодруулах шаардлагатай байна. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой болсноор талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг зохицуулах хуулийг зөв тодорхойлон хэрэглэх боломжтой болно.

 

Хэрэв нэхэмжлэгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг шаардаж байгаа тохиолдолд уг зардлыг хариуцвал зохих этгээдэд өмчлөгчөөс гадна тухайн нийтийн зориулалттай орон сууцны байшин дотор байгаа эд зүйлийг эзэмшиж, ашиглаж байгаа этгээд мөн адил хамаардаг. Гэтэл тухайн зардлын хэмжээ хэрхэн тодорхойлогдсон талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс гаргасан баримтад тусгагдсан 76 050 төгрөг, 123 450 төгрөг, 125 100 төгрөг гэх үнийн дүн нь дундын өмчлөлийн зүйлийн зардал эсхүл эд хөрөнгө ашигласны төлбөрийн аль нь болох, мөн ямар үндэслэлээр сард төлөх төлбөрийн хэмжээ өөр өөр байгаа болон уг дүнд ямар зардал багтсан нь тодорхой бус байгаа нь хэргийг үнэн зөв шийдэх боломжгүйд хүргэж байна. Түүнчлэн, С-Э ХХК нь 81, 82 тоотыг эзэмшиж байгаа үндэслэл тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь зоорийн давхарт байрлах эдгээр тоотыг үнэ төлбөргүйгээр эзэмшиж, ашиглаж, үйл ажиллагаа явуулах эрхтэй эсэхийг тодруулах шаардлагатай.

 

Давж заалдах шатны шүүхээс дээрх тодорхой бус үйл баримтуудыг тодруулахаар талуудыг мэтгэлцүүлэх буюу нотлох баримт бүрдүүлэх зэрэг ажиллагаа хийх эрх хуулиар олгогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/03502 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 122 353.20 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.НЯМБАЗАР