Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2022/03665

 

 

 

 

 

 

 

 

2022 09 02 101/ШШ2022/03665

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Х СӨХ-ны  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  С ХХК холбогдох,

 

Орон сууцны дундын өмчлөлийн засвар, ашиглалт, үйлчилгээний зардалд 6,712,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х СӨХ нь СӨХЭЗБ, НЗОСБДӨЭХ тухай хууль, Иргэний хуульд зааснаар, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах Х хотхоны СӨХ-ны үйл ажиллагааг хариуцдаг.

С ХХК нь тус хотхоны 100б байрны 81 тоот, 100А дугаар байр 82 тоотын хууль ёсны өмчлөгч, эзэмшигч, ашиглагч бөгөөд 100б байрны 81 тоотод орон сууцны контор, 100А дугаар байр, 82 тоотод бильярд, теннисийн ажиллуулдаг. С ХХК нь СӨХ-ны төлбөрийг холбогдох журмын дагуу төлөлгүй 100Б байрны 81 тоотод 3,996,250 төгрөг буюу 2017 оны 5 дугаар сараас мөн оны 12 дугаар сар хүртэл хугацаанд сар бүр 76,050 төгрөг, 2018 оны 01-4 дүгээр саруудад сар бүр 123,450 төгрөг, мөн оны 5, 6 дугаар сард сар бүр 135,450 төгрөг, 2018 оны 7-11 дүгээр сар хүртэл сар бүр 125,100 төгрөг 100А баырны 82 тоотод 2,716,450 төгрөг буюу 2017 оны 5 дугаар сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэл сар бүр 76,050 төгрөг, мөн оны 5, 6 дугаар сард сар бүр 88,050 төгрөг, мөн оны 6-11 дүгээр сар хүртэл 77,700 төгрөг, нийт 6,712,700 төгрөгийг төлөөгүй.

Тухайн 81, 82 тоотын орон сууцны дундын өмчлөлийн засвар, ашиглалт, үйлчилгээний зардлыг гаргуулахаар Иргэний хууль, Сууц өмчлөгчдийн хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу нэхэмжилж байна.

Хариуцагч СӨХ-ны үйл ажиллагааг нь хариуцдаг байранд СӨХ-оос үйлчилгээ авч үйл ажиллагаа явуулдаг атлаа төлбөрийг төлөхгүй гэдэг боловч тус байрнуудын өмчлөгч гэдгээ өөрөө нотолдоггүй. Нэхэмжлэгч нь хариуцагчид байрны цэвэрлэгээ, гадна талын харуул хамгаалалт, гэрэлтүүлэг, гадна зогсоолын зэрэг үйлчилгээ үзүүлж ажилладаг. Байрны цахилгаан шатыг ч ашигладаг. Нэхэмжлэгчийн зүгээс тус 81, 82 тоотыг орон сууцны нэг хэсэг буюу орон сууц гэж үзэж байгаа учраас нэхэмжилж байгаа.

Гэрээ байхгүй мөн танайхаас үйлчилгээ аваагүй гэдэг асуудал яригддаг. Х хотхон ашиглалтад орсноос хойш нийт 7,8 жил ямар ч мөнгө төлдөггүй. Одоог хүртэл үйл ажиллагаа явагддаг. Өнөөдрийг хүртэл сууц өмчлөгчийн гэрчилгээгээ гаргуулж аваагүй. н.Б гэдэг хүн бильярдын үйл ажиллагаа явуулдаг гэсэн баримт гаргаж ирсэн. Нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд С ХХК нь үйл ажиллагаа явуулж байсан гэдэг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Сод Эгшиг ХХК-ийн гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч нар тухайн үед барилга барьсан хүмүүсийн ойрын хамаарал бүхий хүмүүс. Төлбөрийн шалтгаанаа бид танай лифтийг ашигладаггүй, ямар нэгэн үйлчилгээ авдаггүй гэдэг. Бид танайхтай аж ахуйн нэгжийн гэрээ байгуулсан тиймээс үнэгүй эзэмшинэ, ашиглана бид тийм эрхтэй гэж тайлбарладаг. Бидний зүгээс тухайн талбайг эзэмшиж, ашиглаж байгаа учраас гарсан төлбөрийг төлөх үүрэгтэй гэж үзэж байгаа. Хариуцагч тал ямар ч төлбөр төлөлгүйгээр хууль бусаар хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Хариуцагч талд өмчлөгчийн гэрчилгээ, гэрээ байгуулсан үйл баримт байхгүй. СӨХ-оос тухайн банк руу төлбөр бодох аргачлалаа явуулдаг ба банк нэхэмжлэл үүсгээд явуулдаг. Бид хариуцагч талыг төлөх ёстой гэсэн байр суурьтай байгаа.

Нэхэмжлэгч надад өгсөн итгэмжлэлээсээ татгалзсан. Нэхэмжлэгчтэйгээ ярилцаад магадлалд дурдаад байгаа Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 эх хэсэг юм уу эсхүл засвар үйлчилгээний зардал юм уу гэдгийг бид нэг мөр болгох ёстой гэж ойлголоо. Мөн банкны нэхэмжлэлд дурдаад байгаа зардлуудыг тодорхой болгох нь зүйтэй гэж үзэж байна. Тиймээс шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулаад үүнийг тодруулах нь зүйтэй гэж үзэж байна. Тэгэх боломжгүй гэвэл энэхүү төлбөрийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч В.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь тус 81 тоотод конторын зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ нь иргэд оршин суугчдын эрх ашгийн төлөө юм. 81 тоот нь орон сууцны зориулалтай биш техникийн өрөө бөгөөд нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөгч биш учраас нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Орон сууцны тухай хуулийн 3.1.1-д орон сууц гэж хүн амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин сууц, гэр хэмээн тодорхойлж өгсөн. Нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн үйл ажиллагаа явуулдаг 81 тоот нь зоорийн давхарт байдаг ба мөн хуулийн 3.1.9-д зааснаар инженерийн шугам, сүлжээ, тоног төхөөрөмжид зориулсан техникийн өрөө юм. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дах хэсэгт зааснаар хариуцагч С ХХК нь орон сууцны инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмж засвар, ашиглалтын үйлчилгээг эрхлэн явуулах эрх бүхий хуулийн этгээд. Мэргэжлийн байгууллагын буюу хариуцагчийн эрх үүргийг Орон сууцны тухай хуулийн 81 дүгээр зүйл, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 19.1-д дундын өмчлөлийн эд хөрөнгөд гэрээний дагуу засвар үйлчилгээ хийсэн тохиолдолд зардлыг холбооноос тухай бүр төлүүлэх, ...цэвэр, бохир ус, дулаан, цахилгаан, харилцаа холбооны зэрэг үйлчилгээг хэрэглэгч хүртэл хариуцах, орон сууцны инженерийн гадна шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээг тогтоосон хугацаанд хийж ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангах, дундын өмчлөлийн эд хөрөнгийн хэвийн ажиллагаанд байнгын хяналт тавих гэж заасан тул хариуцагч нь нэхэмжлэгчид СӨХ-ны төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй. Зөвхөн орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөхөөр Иргэний хуулийн 147.1-д хуульчилсан. Хариуцагч нь орон сууц өмчлөгч биш бөгөөд инженер шугам сүлжээний техникийн өрөөг мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахаар эзэмшдэг тул төлбөрийг хариуцахгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан байгаа. Дундын өмчлөлийн зардлыг орон сууц өмчлөгч төлнө гэж заасан байдаг. Үүнээс харахад орон сууц, өмчлөгч гэж хэнийг хэлэх вэ. Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан байгаа. СӨХ нь орон сууцанд байрладаггүй мөн өмчлөгч биш бөгөөд эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр энэхүү газар байрлаж байгаа. СӨХ-ны эрх зүйн байдлын тухай хуулийн 19.1, Орон сууцны тухай хуулийн 8.9.1-д эрх үүргийг тодорхой тусгаад өгчихсөн байгаа. Нэхэмжилж байгаа сар бүрийн 76,050 төгрөг нь юу юунаас бүрдэж байгаа вэ энэхүү мөнгөн дүнг яаж тогтоосон бэ. Хариуцагч нь 100б байрны зоорины давхарт үйл ажиллагаа явуулдаг.

Биднийг 76,050 төгрөг дээр маргахгүй байгаа гэж байна бид нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотолж чадахгүй байна гээд маргаж байгаа. Түрүүн тайлбар хэлэхдээ нотлох баримтыг бүгдийг гаргаж өгсөн гэдгээ удаа дараа илэрхийлсэн хэрнээ нотлох баримт тодорхой болгож өгөх шаардлагатай тул шүүх хуралдааныг хойшлуулж өгөөч гэж яриад байна. Манай зүгээс гаргасан тайлбараа дэмжиж байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х СӨХ нь хариуцагч С ХХК-д холбогдуулан, орон сууцны дундын өмчлөлийн засвар, ашиглалт, үйлчилгээний зардалд 6,712,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Х СӨХ нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчний гудамж, 100А, 100Б, 102, 104, 106, 108 дугаар байруудын СӨХ-ны үйл ажиллагааг, хариуцагч С ХХК нь дээрх орон сууцны байр болон тус хорооны 112-116 дугаар байруудад нийтийн аж ахуйн үйлчилгээ, дулаанаар зохицуулалттай хангах, дулаан түгээх үйлчилгээ үзүүлдэг болох нь хэрэгт авагдсан СӨХ-ны бүртгэлийн 206 дугаартай гэрчилгээ, С ХХК-ийн тусгай зөвшөөрлүүд, зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоо /цаашид "холбоо" гэх/-г байгуулна. гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Х СӨХ нь дээрх зорилго бүхий үйл ажиллагааг явуулна.

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан, орон сууцны дундын өмчлөлийн засвар, ашиглалт, үйлчилгээний зардалд 6,712,700 төгрөг гаргуулахаар шаардахдаа Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5, 147 дугаар зүйлийн 147.1, 492 дугаар зүйлд тус тус заасан үндэслэлийг баримтлана хэмээн тайлбарласан.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол дундын өмчлөлийн зүйлийг арчлан хамгаалах, хадгалахтай холбогдсон зардал, татвар, хураамж, бусад үүргийг дундаа хэсгээр өмчлөгчид нь өөрт ногдох хэсгээр хувь тэнцүүлэн, дундаа хамтран өмчлөгчид нь тэнцүү хэмжээгээр хариуцах дундын өмчлөлийн зүйлийг ашигласнаас олсон үр шимийг дээр дурдсан хувь хэмжээгээр хуваана.,

мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1.Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө.,

мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1.хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон; гэж тус тус зохицуулсан.

Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчний гудамж, 100А, 100Б, 102, 104, 106, 108 дугаар байруудын СӨХ-ны үйл ажиллагааг явуулдгийн хувьд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1.-д тухайлан заасан зардлыг шаардах эрхтэй.

Тодруулбал, нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн дээрх тайлбараас үзэхэд, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д заасан хувь тэнцүүлэн хуваарилах, мөн хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих үйл баримт тогтоогдоогүй. Харин нийтийн аж ахуйн үйлчилгээ, дулаанаар зохицуулалттай хангах, дулаан түгээх үйлчилгээ үзүүлдэг С ХХК нь тус СӨХ-ны үйл ажиллагаа явуулдаг Харуул-Алтай хотхоны 100б байрны 81 тоотод байрлаж үйл ажиллагаа явуулдаг үйл баримт тогтоогдсон.

С ХХК нь Х хотхоны нийтийн аж ахуйн үйлчилгээ, дулаанаар зохицуулалттай хангах, дулаан түгээх үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий үйл ажиллагааг явуулахдаа тухайн 81 тоотод байрлаж байх боловч Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д тухайлан заасан этгээд буюу сууц өмчлөгч болох нь нотлогдохгүй байх тул орон сууцны дундын өмчлөлийн засвар, ашиглалт, үйлчилгээний зардал гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй. гэж зааснаар нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй этгээд нь С ХХК мөн эсэхийг нэхэмжлэгч нотлоогүй.

Зохигчийн хооронд маргаж буй Х хотхоны 100б байрны 81, 100а байрны 82 тоот нь орон сууц эсхүл техникийн өрөө эсэх талаар маргахдаа, зохигч талууд хэн аль нь тухайн 81, 82 тоотод үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдоогүй гэх тайлбарыг гаргасан.

Х хотхоны 100б байрны 81 тоотод орших зоорийн давхрыг хариуцагч үйл ажиллагаа явуулдаг талаар хариуцагч шүүх хуралдаанд тайлбарласан, энэ нь мөн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна. Хариуцагч нь уг хотхоны 100а байрны зоорийн давхарт орших 82 тоотод орших үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 05 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сарын хугацаанд эзэмшилдээ байлгаж үйл ажиллагаа явуулдаг, ашигладаг эсэхийг нэхэмжлэгч нотлоогүй, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн (дугааргүй) тодорхойлолтоор тус 100А байрны зоорийн давхарт иргэн Г.Б үйл ажиллагаа явуулан фитнес ажиллуулдаг болохыг тодорхойлжээ.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг тухайн орон сууцанд холбогдох хэмжээгээр орон сууцыг өмчлөгч, эзэмшигч төлөх үүрэгтэй байна. Гэвч тус 81 тоот нь орон сууцны зориулалттай болон хариуцагч өмчлөгч болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1477 дугаар магадлалд дурьдсанаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, банкны нэхэмжлэлд дурдсан зардлуудыг тодорхой болгох нь зүйтэй хэмээн шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах тухай саналаа шүүхийн хэлэлцүүлгийн төгсгөлд илэрхийлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 25.2.2, 105 дугаар зүйл, 38 дугаар зүйлийн 38.9-д тус тус заасантай нийцээгүй, нэхэмжлэгч тал хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүйд хүндэтгэх шалтгаан тогтоогдоогүй тул хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дах хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан, хариуцагч С ХХК-иас Орон сууцны дундын өмчлөлийн засвар, ашиглалт, үйлчилгээний зардалд 6,712,700 төгрөг гаргуулах тухай Х СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Х СӨХ-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122,353.20 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА