Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/00277

 

 

 

 

 

 

 

 

 

 

О.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 12-ны өдрийн 184/ШШ2020/03095 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.Д-гийн хариуцагч Д.О, Ц.Г нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 61 125 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаа, хариуцагч бөгөөд хариуцагч Ц.Ганбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Онон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: О.Д- нь Ц.Ганбаатар, Д.Онон нарт 2019 оны 01 сарын 29-ний өдөр 25 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, алданги тооцох нөхцөлтэйгөөр зээлдүүлсэн. Ингэхдээ хариуцагч нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, ШЦХ 3 дугаар байрны 3 тоотод байрлах, 39 м.кв талбайтай, Ү-2201010925 дугаарт бүртгэлтэй орон сууцыг барьцаалан баталгаажуулсны үндсэн дээр мөнгө зээлдүүлсэн. Сарын 5 хувийн хүү 1 250 000 төгрөгийг сар бүрийн 29-ний өдөр төлөх байсан боловч янз бүрийн шалтгаан тайлбарлаад хүү, алдангитай нь төлнө гэдэг байсан тул О.Д- нь өөр хүнээс хүүтэй мөнгө зээлсэн.

Хариуцагч нарт зээлсэн мөнгө нь О.Д-гийн эгчийн гадаад улсад ажиллаж орон сууц авах гэж байсан мөнгө байсан. Ц.Ганбаатар, Д.Онон нар тохирсон хугацаанд мөнгөө төлөхгүй байгаагийн улмаас эгч нь хүнд байдалд байна. Нэхэмжлэгчийн хувьд Сандэй плаза худалдааны төвд лангуу түрээслэн ажиллуулдаг ба хүү 1 250 000 төгрөгийг уг ажилдаа зарцуулах байсан боловч чадаагүй. 2020 оны 05 сард маш их шаардуулснаар 5 000 000 төгрөгийг хэсэгчлэн төлсөн.

Ц.Ганбаатар, Д.Онон нар нь Худалдаа хөгжлийн банк ХХК-д орон сууц барьцаалсан зээл төлж байсан ба уг зээлийн төлөлт өндөр, сарын хүүгээ төлөхгүй бол орон сууцаа алдах байсан тул О.Д- тус болж, мөнгөө итгэн зээлдүүлсэн боловч 1 жил, 6 сарын хугацаанд ашиг, орлогоороо хохирсон. Мөн нэхэмжлэгч өөрийн эцэг, эхийг асардаг, байнгын эмчилгээ, эм тарианы зардал гардаг. Надаас мөнгө зээлсэн нь энэ гэр бүлийн эрүүл мэндтэй холбогдолгүй учир хүү, алдангиас хасах боломж байхгүй. Нэхэмжлэгч илүү хохирол алдагдал хүлээж байгааг хариуцагч нар ойлгох хэрэгтэй. Зээлийн гэрээний хугацааг хариуцагч нарын хүсэлтээр дахин сунгасан тул 15 сарын хугацааны хүү, алдангийг 50 хувиар тооцон нэхэмжлэл гаргасан.

Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 25 000 000 төгрөг, 15 сарын хүү 18 750 000 төгрөг, төлөгдөөгүй 43 750 000 төгрөгийн 50 хувиар тооцсон алданги 21 875 000 төгрөг, нийт 65 625 000 төгрөгөөс хариуцагч нарын төлсөн 4 500 000 төгрөгийг хасч, 61 125 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар хариу тайлбартаа: Хариуцагч нарын Худалдаа хөгжлийн банк ХХК-аас орон сууцаа барьцаалан авсан зээлийн төлбөр 18 788 520 төгрөгийг О.Д- төлснөөр орон сууцны барьцааг чөлөөлж, О.Д-д барьцаалсан. Харин үлдэх 6 211 480 төгрөгийг бэлнээр авсан. Ингээд нийт 25 000 000 төгрөгийн дүнгээр зээлийн гэрээ мөн барьцааны гэрээ байгуулсан. Гэвч Д.Ононгийн эрүүл мэндийн байдал муудсаны улмаас нөхөр Ц.Ганбаатар асарч ажил эрхлэх боломжгүй болсноос зээлийн төлбөрийг төлж чадаагүй нь үнэн билээ. Зээлийн хүүгийн төлбөрт нийт 4 500 000 төгрөг төлсөн.

Харин одоо цалин, орлогоос О.Д-д сард тогтмол 1 000 000 1 500 000 төгрөг төлөх боломжтой болсон. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөх боломжгүй. Үндсэн зээл 25 000 000 төгрөг, 12 сарын хүү 15 000 000 төгрөг, нийт 40 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, алдангийг зөвшөөрөхгүй. Уг төлбөрийг сар бүр график гарган төлөх хүсэлтэй байх тул ойрын хугацаанаас төлөлт хийх болно. Эхний ээлжид үндсэн зээл, дараа нь хүүгийн төлбөр 15 000 000 төгрөг төлөх талаар хүсэлт гаргасан. Харин үүргийн гүйцэтгэлд барьцаа хөрөнгийг худалдан борлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тус орон сууц нь хэдийгээр хариуцагч нарын өмчлөлд бүртгэлтэй боловч ам бүр зургуулаа амьдардаг. Хамт амьдардаг гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн байдал хүнд байдгаас гадна хариуцагч нар нь Мөн 5-7 насны 2 хүүхэдтэй, Д.Онон дөнгөж төрсөн, нялх биетэй учраас ажил эрхлэх боломжгүй байна. Ц.Ганбаатар наполеон тортны борлуулагчаар ажиллаж байгаа учир төлбөрөө хэсэгчлэн төлөх боломжтой. Алдангийг хасч, багасгаж өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Ганбаатар, Д.Онон нараас 51 613 750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Д-д олгож, үлдэх 9 511 250 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 533,775 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ганбаатар, Д.Онон нараас 486,219 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Д-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Хариуцагч нартай 2019 оны 01 сарын 29-ний өдөр гэрээ байгуулсан боловч одоог хүртэл нэг ч төлбөр төлөөгүй. Гэрээний хугацаа 2020 оны 04 сарын 29-ний өдөр дууссан. Уг зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 25 000 000 төгрөг, 15 сарын хүүд 18 750 000 төгрөг, нийт 43 750 000 төгрөг, мөн зээлийн гэрээний 2.7-д зааснаар 0.5 хувиар алданги төлөх ёстой. Гэтэл анхан шатны шүүх зээлийн гэрээний хугацаа дууссан 2020 оны 04 сарын 29-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 07 сарын 01-ний өдөр хүртэлх 63 хоногоор алданги тооцсон байна. Гэрээнд зээлийн төлбөрийн хүүг cap бүрийн 29-ний өдөр төлөхөөр тохирсон боловч зээлдэгч нар уг заалтыг зөрчсөн төдийгүй гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 15 сарын дараа шаардуулснаар хэсэгчлэн 4 500 000 төгрөг төлсөн. Иймд гэрээний дагуу 15 сарын хугацаанд алданги тооцох ёстой. Сap бүрийн 29-ний өдөр хүүгийн төлбөр төлөх ёстой гэхээр 2019 оны 02 сарын 29-ний өдрөөс 2020 оны 04 сарын 29-ний өдөр хүртэлх нийт 2 786 хоногт алданги тооцвол 17 412 500 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт гүйцэтгээгүй үүргийн үр дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хэрэгсэхгүй болгосон 9 511 250 төгрөгийг нэмж гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нь бусдад мөнгө зээлдэг бөгөөд бидэнтэй зээлийн гэрээ хийснээс хойш нэг ч удаа хүүгээ төлөхийг шаардаж холбогдож байгаагүй. Харин зээлийн гэрээний хугацааг дуусах үед гэрээг сунга гэсэн. Дэлхий нийтэд гарсан цар тахлын улмаас барилга, байгууламжийн ажил зогссон, цалин хөлсөө авч чадахгүйгээс ийм байдалд хүрсэн. Энэ талаар шүүхэд тайлбарласан боловч хүлээн авахгүй, үүргийн гүйцэтгэлийг орон сууцыг худалдан борлуулж төлүүлэх шийдвэр гаргасан гомдолтой байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан байх бөгөөд үндсэн зээл болон хүүг гэрээний үүргийн дагуу хүлээн зөвшөөрч маргадаггүй харин зээл хүүг төлж чадахгүй байгаа дахин алданги төлнө гэхэд үнэхээр хүнд байна. Манай гэр бүлд ажил хийдэг хүн ганц, бусад нь хөдөлмөр эрхлэх насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй эмчийн хяналтад группийн мөнгөөр эм тариагаа залгуулж амьдардаг.

Мөн зээлийн барьцаанд тавьсан Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо ШЦХотхон 3 дугаар байр 3 тоот З9 м.кв орон сууцанд гэр бүлийн 8 гишүүн амьдардаг тул уг уг байрыг худалдан борлуулж өр төлбөрийг барагдуулах шатанд хүрвэл эдгээр хүмүүсийн амьдрал ямар болох нь тодорхой бөгөөд бидний энэ байдлыг шүүх анхаарч анзаарч үзсэнгүй. Тухайн орон сууц нь хариуцагч нарын өмчлөлд бүртгэлтэй боловч гэр бүлийн гишүүдийн бүгдийн өмч билээ. Шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ гэр бүлийн бусад гишүүдийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд дээрх нөхцөл байдал болон бидний амьдрал ахуй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хянаж алданги 12 363 750 төгрөгөөс чөлөөлж, мөн барьцаа хөрөнгийг албадан худалдаж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгасан заалтыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч О.Д- нь хариуцагч Д.О, Ц.Г нарт холбогдуулан зээлийн үүрэгт нийт 61 125 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал зээлийн гэрээний үүргийн дагуу 40 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч үлдэх хэсэг болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ. /хх1-3, 19-20/

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан 2019 оны 01 сарын 29-ний өдрийн зээл болон барьцааны гэрээ, 2020 оны 01 сарын 29-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гар бичмэл зэргээс үзвэл /хх6-8/, Д.О, Ц.Г нар нь О.Д-гаас 25 000 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэх, үндсэн зээлийг 2020 оны 01 сарын 29-ний өдрийн дотор бүхэлд нь харин хүүгийн төлбөрийг сар бүрийн 30-ны өдөр төлөх үүрэг хүлээж, зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох нөхцөлтэйгөөр зээлж авсан, мөн уг зээлийн гэрээний хугацааг 2020 оны 04 сарын 29-ний өдөр хүртэл сунгасан өөрчлөлт оруулсан, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд өөрсдийн өмчлөлийн орон сууцыг барьцаалсан үйл баримт тогтоогдсон бөгөөд зохигч энэ талаар маргаагүй.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний үүргийн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ гэж зөв тодорхойлон уг гэрээний дагуу хариуцагч нарын хүлээх үүргийг зөв тооцсон байх боловч хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзээгүйн улмаас алдангийн хэмжээг буруулаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд өөрчлөлт оруулах боломжтой байна. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчээс гаргасан алдангийг 2019 оны 02 сарын 29-ний өдрөөс хойш 2020 оны 04 сарын 29-ний өдөр хүртэлх хугацаа буюу нийт 2 786 хоногт тооцох ёстой гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхиж байна. Учир нь талууд үндсэн зээлийн төлбөрийг гэрээний хугацаа дуусах үед бүхэлд нь төлөх байдлаар гэрээндээ тохиролцсон байх тул уг хугацаанаас хойш буюу 2020 оны 04 сарын 29-ний өдрөөс хойш алданги тооцсон нь зөв. Харин хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Тодруулбал, зээлийн хүүгийн хэмжээ өндөр байгаа болон зээлийн гэрээний хугацаа сунгасан үйл баримт, үүрэг сунгасан хугацаа цар тахал Ковид-19-ийн улмаас Засгийн газраас тогтоосон хязгаарлалтын хүрээнд хамаарч байгаа зэрэг нөхцөл байдал болон зээлдэгч Д.Онон эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд алдангийн хэмжээг бууруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу хариуцагч нар нь үндсэн зээл 25 000 00 төгрөг, гэрээний хугацаа 15 сарын хүү 18 750 000 төгрөг, нийт 43 750 000 төгрөг төлөх үүрэг үүссэн байх бөгөөд үүнээс талуудын маргаагүй дүн болох эргэн төлөлт 4 500 000 төгрөгийг хасвал 39 250 000 төгрөгийн төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй гэж үзэхээр байна. Үүн дээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг болон гэрээний 2.7 дахь хэсэгт заасныг үндэслэн зээлдэгч нарын гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцоход 12 363 750 төгрөг болж байна.

 

Давж заалдах шатны шүүхээс алдангийн хэмжээг хэт их гэж үзсэн тул хэргийн дээрх нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас алдангид 1 236 375 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. Өөрөөр хэлбэл, хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, хүүгийн төлбөр 39 250 000 төгрөг, алданги 1 236 375 төгрөг, нийт 40 486 375 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Д-д олгосон өөрчлөлт оруулж байна. Энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

Харин барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрсөн хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байх тул хариуцагч нар нь зээлийн гэрээний төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 12-ны өдрийн 184/ШШ2020/03095 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагч Д.О, Ц.Г нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 40 486 375 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Д-д олгож, үлдэх 20 638 625 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...486,219 төгрөгийг... гэснийг ...360 382 төгрөгийг... гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 167 130 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ганбаатараас төлсөн 486 219 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Д.НЯМБАЗАР