Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/00275

 

 

 

 

 

 

 

 

 

З Н О ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 29-ний өдрийн 102/ШШ2020/03258 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч З Н О ХХК-ийн хариуцагч Х ХХК-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 66 871 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай, барьцаа хөрөнгийг чөлөөлөхийг нэхэмжлэгчид даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэвээндэмбэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Х ХХК-тай 2019 оны 05 сарын 10-ны өдөр байгуулсан 108/2019/ХОН/01 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Х ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт зам 114 тоот хаягт байршилтай 150 м.кв талбай бүхий конторын зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө, мөн 114/1 тоотод байрлалтай 288 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус барьцаалсан.

 

Дээрх зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу хариуцагч нь 2019 оны 05 сарын 10-ны өдөр 40 882 500 төгрөгийн үнэ бүхий 20 700 литр түлш, 2019 оны 05 сарын 14-ний өдөр 41 193 000 төгрөгийн үнэ бүхий 20 700 литр түлш, 2019 оны 07 сарын 18-ны өдөр 40 306 500 төгрөгийн үнэ бүхий 20 670 литр түлш, 2019 оны 08 сарын 20-ны өдөр 44 581 200 төгрөгийн үнэ бүхий 22 980 литр түлш, нийт 166 963 200 төгрөгийн үнэ бүхий 85 050 литр түлш худалдан авсан. Үүнээс эхний 1, 2, 3 удаагийн авсан түлшний төлбөрт 122 382 000 төгрөгийг төлсөн, хамгийн сүүлд буюу 2019 оны 08 сарын 20-ны өдөр авсан 22 980 литр түлшний үнэ 44 581 200 төгрөгийг төлөөгүй байна. Энэхүү 22 980 литр шатахууныг Х ХХК-д нийлүүлсэн гэдэг нь 2020 оны 10 сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны үеэр тус компанийн албан ёсны цахим мэйл хаягт шүүхийн зүгээс үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон. Нөгөө талаар шатахуун, тослох материалын 2019 оны 08 сарын 20-ны өдрийн зарлагын падаан дээр гарын үсэг зурсан 66-58 УБХ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч, гэрч Ч.Алтансүхийн агуулахаас 22 980 литр түлшийг аваад Заамар дахь Х ХХК-ийн алтны уурхайд хүргэж өгсөн гэх мэдүүлгээр нотлогдож байгаа.

Иймд Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үлдэгдэл төлбөр 44 581 200 төгрөг, төлбөрийн хугацаа хэтрүүлсний алданги 22 290 600 төгрөг, нийт 66 871 800 төгрөгийг хариуцагч Х ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Талуудын хооронд 2019 оны 05 сарын 10-ны өдрийн 108/2019/ХОН/01 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээний 2.3-д заасан хавсралтаар барааны нэр төрөл, хэмжээ, үнэ зэргийг тохиролцож тухай бүр баталгаажуулна гэсний дагуу хавсралтаар баталгаажуулж авч, төлбөрийн үлдэгдлийг 2 талаас тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээгээр алданги тооцно гэж тохиролцоогүй тохиролцсон хавсралт байхгүй учраас алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Алдангиас чөлөөлүүлж үлдэгдэл төлбөрт эвлэрэх саналтай байна. Хариуцагч тал авсан дизель түлшний үнийг бүрэн төлж барагдуулсан. Нэхэмжлэгч талын зүгээс нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой нотлох баримтуудаа гаргаж өгөх ёстой. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, 2019 оны 08 сарын 10-ны өдрийн Ч.Алтансүхэд бараа, бүтээгдэхүүн хүлээлгэж өгсөн баримт байдаг. Талууд гэрээндээ бүтээгдэхүүнийг захиалах үедээ и-мэйлээр буюу бичгээр нийлүүлнэ гэж тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч тал нь Х ХХК-аас тухайн бүтээгдэхүүнийг нийлүүлэх тоо хэмжээ, чанар, хугацааг гэрээнд заасны дагуу и-мэйлээр болон албан бичгээр ирүүлсэн хүсэлтээ гаргаж өгч чадаагүй буюу бүтээгдэхүүнийг Х ХХК-д хүргэж өгсөн гэдгээ нотолж чадаагүй. Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийнхээ хүрээнд нотлох баримт гаргаж өгөх ёстой. Нэхэмжлэгч талын хүсэлтээр и-мэйлд хийлгэсэн үзлэгээс ойлгомжгүй зүйлүүд гарч ирсэн. Х ХХК-аас гэрээнд заасны дагуу захиалгаа ирүүлсэн и-мэйл биш. ...2019 оны 08 сарын 10-ны өдөр Admin Oil гэх хаягаас тодорхой нэр бүхий газрууд руу зөвшөөрөл хүргүүлж байна... гэсэн байдгийг анхаарч үзэх ёстой. Компанийн нэр гэдэг дээр Х гэж бичсэн байгаа. Хонгордонт гэдгийг алдаатай бичсэн гэж хүчээр ойлгох уу, эсвэл үзлэг хийсэн нотлох баримтын хүрээнд дүгнэх үү гэдэг нь маргаантай болж байна. Иймээс дээрх и-мэйл хаягаар Х ХХК нэхэмжлэлд дурдсан түлшийг авсан гэдэг нь нотлогдохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Тухайн үед худалдан авагч талаас нийт 122 382 000 төгрөгийн түлш захиалж, гэрээнд заасны дагуу хавсралтаар баримт үйлдэж, энэ мөнгөө бүрэн төлж барагдуулсан учраас өнөөдрийн байдлаар талуудын хооронд эрх, үүрэг дуусгавар болсон. Иймд тухайн үед байгуулагдсан гэрээний дагуу барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлөөлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Гэрээний 1, 2, 3 дугаар хавсралтын үнийг хариуцагч төлсөн, 4 дүгээр хавсралтын мөнгийг төлөөгүй. Зөвхөн гэрээ байгуулсан өдрөө баталгаажуулсан нэгдүгээр хавсралт нь хэрэгт авагдсан. Бусдыг нь баталгаажуулаад өгөөч гэхээр хариуцагч компанийн захирал нь ... би уурхай дээрээ байна, хот руу очихоороо баталгаажуулна, дараагийн түлш хэрэгтэй байна, амь наана, там цаана байна... гээд утсаар, и-мэйлээр эсвэл мессежээр захиалга өгдөг байсан. Иймэрхүү байдлаар баталгаажуулаагүй ч 1, 2, 3 дугаар хавсралтын үнэ нийт 122 382 000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл төлбөр болох 4 дүгээр хавсралтын үнэ 44 581 200 төгрөг төлөгдөөгүй байгаа. Х ХХК гэдгийг Хонгордонт ХХК гэж бичсэн нь техникийн алдаа юм. Барьцааны зүйлийг чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргасан. Цахим хаягт үзлэг хийсэн болон 22 980 дизель түлшийг хүлээж аваад Х ХХК-д хүргэж өгсөн жолоочийн мэдүүлгээр ...Заамарын алтны уурхайд очсон нь үнэн... гэдэг нь нотлогдоно гэж үзэж байна. Хариуцагчийн өр буюу 44 581 200 төгрөг манай дансанд орж ирээгүй. Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2019 оны 05 сарын 10-ны өдөр З Н О ХХК болон Х ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан байдаг. Барьцааны гэрээний 3.3-т барьцааны зүйл нь үндсэн гэрээ, түүний хавсралтуудаар нийлүүлэгдсэн барааны нийт төлбөрийн үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дууссанаар барьцаанаас чөлөөлөгдөнө гэж заасан.

Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч З Н О ХХК-ийн хариуцагч Х ХХК-аас гэрээний үүрэгт 66 871 800 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт 18400 гудамж, эмээлт зам 114 тоотод байрлах Х ХХК-ийн өмчлөлийн 150 м.кв талбай бүхий конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн 114/1 тоот хаягт байрлах 288 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхийг нэхэмжлэгч З Н О ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 492 309 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэхдээ маргаан бүхий гэрээний харилцаа үүссэн эсэх дээр биш, нэхэмжлэгч уг харилцааг үүсгэсэн баримтаа шүүхэд бүрдүүлж чадахгүй байгаа байдлаар мэтгэлцсэн. Аливаа хэргийн оролцогч өөрийн шаардлага, татгалзлын үндэслэлийг нотлох, өөрийн ашиг сонирхолд нийцсэн баримтыг шүүхэд гаргаж өгдөг. Өөрөөр хэлбэл, нотлох баримтаар дамжуулан хэргийн оролцогч өөрийн ашиг сонирхлыг шүүхэд илэрхийлж байгаа гэсэн үг. Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Ч.Алтансүх нь ...Ачаа аваад гарахад ачуулсан компаниас хүлээн авах компанийн хүнтэй холбогдох утасны дугаар өгдөг, энэ хүнтэй яриад очоод түлшээ өгчих гэдэг. Тэр дугаар руу залгаж түлшийг хүлээн авах компанийн хүнтэй холбогдож Туулын гүүрэн дээрээс тосуулаад, Заамарын ямар газар билээ нэрийг нь сайн санахгүй байна тэр газарт нь очиж түлшийг буулгасан. Хүлээн авсан 3-4 хүн байсан... гэж мэдүүлж, улмаар уг мэдүүлэгтэй холбоотой нэхэмжлэгчид шинээр нотлох баримт бүрдүүлэх зайлшгүй шаардлага бүхий нөхцөл байдал шүүх хуралдааны явцад үүссэн.

Тодруулбал, нэхэмжлэгчийн хувьд гэрчийн мэдүүлэгт дурдагдсан буулгасан алтны уурхай, хүлээн авсан этгээдүүдийг нэхэмжлэгчийн зүгээс урьдчилан мэдэж, энэ талаарх баримтыг өөрөө бүрдүүлэх боломжгүй нөхцөл үүссэн. Энэ тодорхойгүй байдалд шүүхээс огт дүгнэлт хийгээгүй бөгөөд нэхэмжлэгчийн мэтгэлцэх үйл баримттай холбоотой тайлбар, нотлох баримт бүрдүүлэх боломжгүй байгааг харгалзан үзээгүй. Улмаар гэрчийн мэдүүлгээр зайлшгүй тодруулах ёстой байсан ...хүлээн авах компани болон хүн, ямар утасны дугаар өгсөн, хүлээн авсан 3-4 хүний тодруулах эсэх, ачуулсан компаниас өгсөн дугараад ярихдаа юу гэж ярьсан эсэх, өөрөөр хэлбэл өөрийгөө ямар компанийн хүнтэй холбогдож ярьж байгаагаа мэдэж байсан эсэх... зэрэг хэрэг үйл баримтууд тогтоогдоогүй байхад гэрч Ч.Алтансүх нь тухайн түлшийг ямар нэртэй газар, хэнд хүлээлгэж өгсөн нь тодорхойгүй байна гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүх нотлох баримтыг бүрдүүлэх журам буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан байна.

Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр 22 980 литр түлшийг хүлээлгэж өгсөн нь нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

Зохигчдын маргааны үйл баримт болох Х ХХК нь 22 980 литр дизель түлшний захиалга буюу өмнөх худалдаж авсан 20 700 литр, 20 670 литр дизель түлшний захиалгыг ямар байдлаар өгч байсныг тодруулалгүй ...Зохигчид 2019 оны 05 сарын 10-ны өдрөөс 2019 оны 07 сарын 18-ны өдрийн хооронд нийлүүлсэн 62 070 литр түлшний үнэ 122 382 000 төгрөгийг хариуцагч төлсөн талаар маргахгүй байна... гэж дүгнэснийг буруу гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, үзлэгээр илэрсэн зөвшөөрөл хүргүүлж байна гэх 2019 оны 08 сарын 20-ны өдрийн зурвас нь З Н О ХХК нь Х ХХК-ийн захиалгыг хүлээж аван цааш буюу борлуулалтын албаны хүмүүс рүү ачилт хийх зөвшөөрөл хүргүүлсэн гэдгийг нотолж байгаа болно.

Шүүх хэргийг тал бүрээс нь бодитой шийдвэрлэхийн тулд Х ХХК нь өмнөх худалдаж авсан 122 382 000 төгрөгийн үнэ бүхий дизель түлшний захиалгыг ямар байдлаар өгч байсан болон гэрчийн мэдүүлэгтэй холбогдуулан зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлттэй эсэхийг тодруулах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлээгүй байна. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ тухайн хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, тал бүрээс нь харьцуулан үзээгүй, зөвхөн хариуцагчийн тайлбараар хязгаарлагдан хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, тус хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь мөн адил хууль зүйн хувьд үндэслэлгүй юм.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч З Н О ХХК нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан талуудын хооронд 2019 оны 05 сарын 10-ны өдөр байгуулсан Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үүрэгт нийт 66 871 800 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан ба нэхэмжлэгч талд холбогдуулан 2019 оны 05 сарын 10-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-ний зүйлийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргаснаар талууд харилцан маргажээ. /хх 1-2, 37, 109-110, 119/

 

Зохигчид дээрх шаардлага тус бүрд дурдсан гэрээнүүдийг байгуулсан үйл баримтын талаар маргаагүй бөгөөд гагцхүү зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагч талд 44 581 200 төгрөгийн үнэ бүхий 22 980 литр түлш нийлүүлсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний үүргийн харилцааг зөв тодорхойлсон байх боловч нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт болон хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбар зэргийг хэргийн бусад нотлох баримтуудтай харьцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлээгүйн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны шаардах эрхийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөлт оруулах боломжтой байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох зорилгоор [email protected] цахим хаягт үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч үзлэг хийх ажиллагааг хуульд заасны дагуу явуулж, тэмдэглэл үйлдсэн байна. /хх 90, 99, 101-105/ Уг үзлэгээр 2019.08.20ны Зөвшөөрөл хүргүүлж байна гэсэн гарчигтай, Доор машинд 1-6р савнаас ачилт хийж өгнө үү, нийлүүлэгч 108 Ойл ХХК, компани Хонгордонт, машин дугаар 66-58 убх, хэмжээ 22 980 литр гэсэн утга бүхий цахим шуудан илгээгдсэн байдал илэрснийг бэхжүүлсэн байна.

 

Дээрхээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 05 сарын 06-ны өдөр хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганцэцэг нь нэхэмжлэгч талаас гаргасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлттэй холбогдуулан Гэрээгээр алданги тооцно гэж тохиролцсон хавсралт байхгүй учраас алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн тайлбар шүүхэд гаргаж өгсөн байгаа. Түүнээс биш нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үг биш юм. Иймд төлбөр төлөхөөс зайлсхийсэн, төлбөр төлөгдөхгүй нөхцөл байдал үүснэ гэж үзэх үндэслэлгүй... гэх агуулгыг илэрхийлсэн байхаас гадна мөн өдрөө алдангиас чөлөөлүүлж үлдэгдэл төлбөрт эвлэрэх саналтай байна гэжээ. /хх 44/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нь нотолгооны хэрэгсэлд хамаардаг.

 

Хариуцагч Х ХХК-аас 2020 оны 04 сарын 15-ны өдөр тус компанийн хуулийн зөвлөх ажилтай Б.Ганцэцэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хариуцагчийн эдлэх эрх, хүлээх үүргийг бүхэлд нь хүлээх, шүүхийн шийдвэр, захирамж, гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авах эрхийг итгэмжлэлээр олгосон байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотолгооны хэрэгсэл гэж үзнэ. /хх 33/ Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч талд 2019 оны 08 сарын 20-ны өдөр 22 980 литр шатахууныг 66-58 УБХ улсын дугаартай автомашинд Х ХХК гэх нэрийг Хонгордонт ХХК гэж бичсэн, 4033 (1-6) гэсэн бүртгэлийн дугаараар н.Алтансүх гэх жолоочид хүлээлгэж өгсөн талаарх хэргийн 19 дэх талд авагдсан Шатахуун тослох материалын зарлагын падаан үнэн зөв болох нь дээрх нотолгооны хэрэгслээр тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч компанийг гэрээний дагуу түлш хүлээн авсан гэж үзэв. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь худалдан авсан түлшний үнээс 44 581 200 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулав.

 

Харин төлбөрийн хугацаа хэтрүүлсний алданги 22 290 600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов. Зүй нь, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь алданги төлөхөөр зохицуулагдсан ба талууд төлбөр төлөх үүргийн хуваарийг гэрээнд заасан журмын дагуу акт үйлдэж баталгаажуулаад, хавсралтаар батлуулж тухайн хуваарийг зөрчсөн үеэс эхлэн алданги тооцох талаар тохиролцсон байна. Гэтэл тохиролцоо ёсоор төлбөр төлөх хуваарийг баталсан зүйл байхгүй тул хууль болон гэрээнд зааснаар хугацаа хэтрүүлсэн гэж үзэж алданги тооцох боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

 

Мөн хариуцагчаас гаргасан барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй. Учир нь, хариуцагч нь худалдан авсан бараа, бүтээгдэхүүний үнийг төлөх үүргээ биелүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул барьцааны гэрээг дуусгавар болгож үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх үндэслэл бий болоогүй байна. Барьцааны гэрээний дагуу худалдан авсан эд зүйлийнхээ үнийг төлсөн буюу үндсэн үүргээ гүйцэтгэсний дараа барьцаанаас чөлөөлөгдөх боломжтой. Ийм нөхцөл бүрдээгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулан, үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 29-ний өдрийн 102/ШШ2020/03258 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Х ХХК-аас гэрээний үүрэгт 44 581 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З Н О ХХК-д олгож, үлдэх 22 290 600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Х ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт 18400 гудамж, эмээлт зам 114 тоотод байрлах 150 м.кв талбай бүхий конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 288 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 492 309 төгрөг, хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-аас 380 856 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З Н О ХХК-д олгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн нийт 562 509 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Д.НЯМБАЗАР