Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/00197

 

 

 

 

 

 

 

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/02866 дугаар шийдвэртэй, “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Б” ХХК, “Лн” ХХК-д тус тус холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 787 967 892 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар, хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ко Кёнрак, түүний өмгөөлөгч Н.Тайван, хариуцагч “Лн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал, түүний өмгөөлөгч Т.Дарьсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь “Б” ХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээг, 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Арматур төмөр худалдах, худалдах авах гэрээг тус тус байгуулж, гэрээнүүдийн дагуу бетон зуурмаг болон арматур төмөр нийлүүлсэн.

Гэвч тус компани нь гэрээгээр хүлээн авсан бетон зуурмаг болон арматур төмрийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлж чадаагүй, хугацаа хожимдуулан хэсэгчлэн төлж байсан. “Б” ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар болон 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар тус тус тооцоо нийлж, үндсэн төлбөрийн үлдэгдэл дүн нь 525 311 928 төгрөг болохыг баталгаажуулсан.

Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний 6.3 дахь заалт, Арматур төмөр худалдах, худалдан авах гэрээний 6.2 дахь заалтад тус тус худалдан авагч нь гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг хожимдуулсан нөхцөлд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлөгдөхөөр тохиролцсон.

Үндсэн төлбөрийн үлдэгдэл дүн нь 575 311 928 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн алданги тооцоход үндсэн төлбөрийн 50 хувьд хүрсэн. Иймд 525 311 928 төгрөгийн 50 хувиар тооцож, 262 655 964 төгрөгийн алданги нийт 787 967 892 төгрөгийг “Б” ХХК-иас гаргуулж өгнө үү.

Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний 3.9, Арматур төмөр худалдах, худалдан авах гэрээний 2.7 дахь заалтуудын дагуу гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож “Б” ХХК-ийн өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан ба барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

“Лн” ХХК-ийг хамтран хариуцагчаар тодорхойлж, гэрээний зүйл болох бетон зуурмаг, арматур төмрийг “Лн” ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөлд хэрэглэсэн, маргаан бүхий гэрээний хувьд тус компани хамтран үүрэг гүйцэтгэгч тул хулдалдах, худалдан авах гэрээний үүрэг 787 967 892 төгрөг гаргуулах шаардлагын хувьд хамтран хариуцуулж, барьцааны гэрээний хувьд үүрэг хүлээхгүй болно гэжээ.

 

Хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хүннү конкрет” ХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр болон 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Бетон зуурмаг худалдах, худалдан авах, Арматур төмөр худалдах, худалдан авах гэрээнүүдийн дагуу гэрээнд дурдсан материалыг манай компани хүлээн аваагүй. Харин “Лн” ХХК нь төслийн барилгын ажилдаа зориулан бетон зуурмаг болон арматур төмрийг авсан.

Иймд “Хүннү конкрет” ХХК-иас гэрээний дагуу барааг огт хүлээн аваагүй төлбөр төлөх үүрэг хүлээхгүй, өөрөөр хэлбэл манай компани нь жинхэнэ хариуцагч биш бөгөөд бидний зүгээс нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа болно гэжээ.

 

Хариуцагч “Л”н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайдбартаа: Нэхэмжлэгчтэй бичгээр гэрээ байгуулаагүй тул хариуцах үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.3, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Лн” ХХК /РД:6121217/-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 525 311 928 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хүннү конкрет” ХХК /РД:5785367/-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алданги 262 655 964 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Б” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 167 989,46 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Лн” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2 784 509,64 төгрөгийг гаргуулж нэхэмжлэг “Хүннү конкрет” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх “Б” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо “тус компани худалдах, худалдан авах гэрээний зүйлийг хүлээж аваагүй” гэж дүгнэсэн.

Нэхэмжлэгч компанийн хариуцагч “Б” ХХК-тай байгуулсан 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн арматур төмөр худалдах, худалдан авах гэрээ болон 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн бетон зуурмаг худалдах, худалдан хүлээлцсэн барааны үндсэн төлбөрийн үлдэгдэл нь 525 311 928 төгрөг болох талаар тусгаж, үүнийг “Б” ХХК баталгаажуулсан. Тус тооцоо нийлэх актыг үйлдэж баталгаажуулснаа “Б” ХХК үгүйсгээгүй. Иймд тус тооцоо нийлэх акт нь бид “Б” ХХК-д хоёр гэрээний дагуу бүтээгдэхүүний нийлүүлсэн болохыг болон тус бүтээгдэхүүний үндсэн төлбөрийн үлдэгдэл нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар дээрх дүнтэй байсан болохыг нотолж байхаас гадна “Танай 02/025 тоот мэдэгдлийн хариу” гэх албан бичигээр давхар нотлогдож байна.

Талууд гэрээнд заасан бараа хүлээлцсэн баримт, падаануудыг үйлдээгүй нь барааг хүлээлгэж өгсөн болохыг үгүйсгэхгүй. Харин барааг хүлээлгэж өгсөн болох нь бусад байдлаар нотлогдож байвал тэдгээр падаан үйлдээгүй нь бараа хүлээлцээгүй гэх үндэслэл болохгүй.

Мөн хэрэгт авагдсан албан бичгүүдээр барааг хүлээж аваагүй талаар тусгаагүй, бүтээгдэхүүн хүлээж авснаа няцааж байгаагүй. Өөрөөр хэлбэл, “Б” ХХК нь биднээс авсан бүтээгдэхүүнийг “Лн” ХХК-д шилжүүлэн өгсөн тул нэхэмжлэгчийн өмнө хүлээж буй бүтээгдэхүүний төлбөр төлөх үүргийг “Лн” ХХК-д шилжүүлсэн нь тодорхой байна.

“Б” ХХК нь анхнаасаа “Лн” ХХК-ийн хэрэгжүүлж буй барилгын ажлын төсөлд хэрэглэх зорилгоор бетон зуурмаг болон арматур төмөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан бөгөөд бүтээгдэхүүнүүдийг төсөл хэрэгжүүлэгч “Лн” ХХК ашигласан тул “Б” ХХК-иар дамжсан эсэхээс үл хамааран тэднийг бүтээгдэхүүн хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй. Гэвч бид бүтээгдэхүүнийг “Б” ХХК-д нийлүүлж байсан бөгөөд тэд “Лн” ХХК-д ашиглуулж, шилжүүлсэн.

Иймд “Б” ХХК-д холбогдох нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хангах агуулгаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч “Хүннү конкрет” ХХК-ийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хэд хэдэн удаа тодруулсан ба 787 967 892 төгрөгийг зөвхөн “Б” ХХК-иас гаргуулах гэж сүүлийн байдлаар хариуцагчийг тодорхойлсон байдаг.

Эхний тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч байгууллага нь “Б” ХХК-иас 787 967 892 төгрөг гаргуулах, “Лн” ХХК-иас 787 967 892 төгрөг гаргуулах гэж тус тусад нь шаардаж байгаа тохиолдолд 2 өөр хариуцагчтай тусдаа эрх зүйн маргаан болох ба нэхэмжпэгч нь хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг төлөх ёстой. Гэтэл шүүх бүрдүүлбэр хангаагүй нэхэмжлэлийг хүлээн авч, хэргийг шийдвэрлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

Нэхэмжлэгчийн зүгээс эцсийн байдлаар хариуцагч “Лн” ХХК-иас татгалзаж, 787 967 892 төгрөгийг зөвхөн “Б” ХХК-иас гаргуулах гэж тодруулсан.

“Лн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч авах хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг хойшлуулсан ба 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхцсан хүндэтгэн үзэх шалтгааныг дурьдаж, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд хамгаалуулах хүсэлт” гаргасан боловч анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж, хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн.

Хариуцагч “Б” ХХК нь худалдах, худалдан авах гэрээний дагуу гэрээнд дурдсан материалыг хүлээн аваагүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарласан боловч татгалзлын үндэслэл, тайлбараа нотолсон баримтыг гаргаж өгөөгүй. Түүнчлэн нэхэмжлэгч “Хүннү конкрет” ХХК нь гэрээний зүйлийг хариуцагч “Б” ХХК-д хүлээлгэж өгсөн, улмаар “Б” ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар тооцоо нийлж үндсэн төлбөрийн үлдэгдэл 525 311 928 төгрөг болохыг баталгаажуулсан тул дээрх төлбөрийг “Б” ХХК-иас нэхэмжилсэн. “Б” ХХК нь дээрх гэрээнд заасан барааг хүлээж аваагүй бол гэрээг дүгнэж “Хүннү конкрет” ХХК-тай тооцооны үлдэгдлийг баталгаажуулах шаардлагагүй байсан.

“Лн” ХХК нь “Б” ХХК-тай харилцан тохиролцсны үндсэн дээр өөрийн хэрэгжүүлж буй төсөлд зориулан “Б” ХХК-иас бетон зуурмаг авахаар тохиролцсон. Өөрөөр хэлбэл, “Хүннү конкрет” ХХК-иас “Б” ХХК-д шилжүүлсэн зүйлийг “Лн” ХХК нь өөрийн үйл ажиллагаандаа ашигласан эсэх нь “Хүннү конкрет” ХХК-ийн өмнө үүрэг хүлээх үндэслэл болохгүй юм.

 “Лн” ХХК-ийн удирдлагууд хэд хэдэн удаа солигдож байсан ба “Хүннү конкрет” ХХК, “Б” ХХК-д хандсан албан бичгүүдэд зурагдсан гарын үсэг “Бүрэн констрашн” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээдийн гарын үсэг мөн эсэх тухайн цаг үед буюу албан бичиг илгээгдсэн цаг үед тус хуулийн этгээдийг хэн төлөөлж байсан эсэх нөхцөл байдлыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэж, эргэлзээтэй, тодорхойгүй баримтыг шүүх үнэлэн шийдвэр гаргаснаар шийдвэр хууль ёсны байх шаардлага хангагдаагүй гэж үзэж байна.  “Хүннү конкрет” ХХК-ийн зүгээс гэрээний эрх, үүргийг “Лн” ХХК-д шилжүүлэхээс татгалзсан бөгөөд өр шилжүүлэх тухай талууд харилцан тохиролцоогүй болно.

Иймд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг эргэлзээгүй, үнэ зөв талаас нь үнэлээгүй, нэхэмжлэлийн хариуцагчийг тодорхойлох эрхийг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн ба шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Хүннү конкрет” ХХК нь хариуцагч “Б” ХХК, “Лн” ХХК-иудад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 787 967 892 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагчид эс зөвшөөрч маргажээ.

 

“Хүннү конкрет” ХХК болон “Б” ХХК-ийн хооронд 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “Хүннү конкрет” ХХК нь стандарт шаардлагыг бүрэн хангасан 18 000 м.куб бетон зуурмагийг графикийн дагуу “Б” ХХК-д нийлүүлэх, “Б” ХХК нь гэрээний үнэ 3 330 000 000 төгрөгийг “Хүннү конкрет” ХХК-д төлөхөөр тус тус тохиролцжээ. /хх10-13/

 

Мөн талуудын хооронд 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр арматур төмөр худалдах, худалдах авах гэрээ байгуулж, уг гэрээгээр “Хүннү конкрет” ХХК нь 1 800 тонн арматур төмрийг “Б” ХХК-ийн өмчлөлд шижлүүлэх, “Б” ХХК нь гэрээний үнэд 3 255 000 төгрөгийг төлөхөөр тус тус тохиролцсон байна.

 

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоосон боловч гэрээний талуудыг буруу тодорхойлсон байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

“Хүннү конкрет” ХХК болон “Б” ХХК-иудын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасан гэрээний гол нөхцөлийг тодорхойлж, гэрээг бичгээр байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул тэдгээрийн хооронд мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэнэ.

 

Дээрх гэрээний дагуу худалдагч “Хүннү конкрет” ХХК нь “Лн” ХХК-д бетон зуурмаг болон арматурыг нийлүүлсэн, “Лн” ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 05, мөн оны 07 дугаар сарын 23-ны өдөр нийт 128 000 000 төгрөг, 12 дугаар сарын 05-ны өдөр 45 000 000 төгрөг, 12 дугаар сарын 10-ний өдөр 50 000 000 төгрөгийг тус тус төлсөн талаар талууд маргаагүй. Харин “Б” ХХК нь уг бетон зуурмаг болон арматурыг “Лн” ХХК төслийн ажилдаа ашиглаж байгаа тул төлбөрийг төлөх үүрэггүй гэж, “Лн” ХХК нь гэрээг “Б” ХХК-тай байгуулсан учраас төлбөрийг төлөх үүрэггүй гэж маргажээ.

 

“Хүннү конкрет” ХХК, “Б” ХХК, “Лн” ХХК-иуд тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг үйлдэж “Б” ХХК, “Лн” ХХК-иуд нь 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ,  2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг арматур төмөр худалдах, худалдах авах гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэлд 525 311 928 төгрөгийн өр төлбөртэй болсныг баталж баталгаажуулсан байна. /хх136/

 

“Б” ХХК-аас “Хүннү конкрет” ХХК-д 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 21 тоот албан бичгийг хүргүүлсэн ба уг албан бичигт “Лн” ХХК нь “Б” ХХК-д хөрөнгийн эрх барьцаалах гэрээний дагуу бетон зуурмаг, арматур төмрийн төлбөрийг бүрэн барагдуулах үүрэг хүлээсэн, 525 311 928 төгрөгийн төлбөрийг “Хүннү конкрет” ХХК-д өөрсдийн санал болгож байгаа хуваарийн дагуу барагдуулна гэж тодорхойлсныг үндэслэж гэрээний мөнгөн төлбөр гүйцэтгэх үүрэг гүйцэтгэлийг “Лн” ХХК гэж дүгнэхгүй.

 

Түүнчлэн, “Лн” ХХК нь төлбөр төлөх үүргийг хүлээн зөвшөөрсөн байдлаар тооцоо нийлэхэд оролцож, актад эрх бүхий этгээд гарын үсэг зурсныг худалдах, худалдан авах гэрээний худалдан авагч тал гэж дүгнэхгүй юм. Иймд “Лн” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт хашлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно” гэж заасан. Энэ нь гэрээний тал биш этгээдэд үүрэг хүлээлгэх тухай заалт биш болно. Иймд нэхэмжлэгч дээрх баримтуудыг үндэслэн үндсэн төлбөр 525 311 928 төгрөгийг “Б” ХХК-аас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ, арматур төмөр худалдах, худалдан авах гэрээний 6.2, 6.3-т худалдан авагч нь гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг хожимдуулсан нөхцөлд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлөгдөхөөр тохиролцсон боловч талууд тооцоо нийлж, тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг үйлдэхдээ хариуцагчийг өр төлбөрөө хэзээ гүйцэтгэж дуусгах талаар тохиролцсон тохиролцоо байхгүй байх тул үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхойлох боломжгүй байна. Иймд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.2 дахь хэсэгт заасан алданги шаардах эрхгүй гэж дүгнэж, холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй. /хх15/

 

“Хүннү конкрет” ХХК болон “Б” ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор “Б” ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2206010463 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 94, 94 а цтл 94 тоот, 7128 м.кв, 220,8 м.кв, 44,3 м.кв талбай бүхий, үйлдвэрлэл, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцож, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна. /хх31-34, 137/

 

“Хүннү конкрет” ХХК нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй ба барьцааны зүйл болох 94, 94 а цтл 94 тоот үйлдвэрлэл, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан худалдаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулав. Барьцааны гэрээг байгуулснаар “Хүннү конкрет” ХХК нь барьцаалуулагч болсон байна.

 

Дээрх дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/02866 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-аас 525 311 928 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хүннү конкрет” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 262 655 964 төгрөг болон “Лн” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,

2 дахь заалтаар “ Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Б” ХХК өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2206010463 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 94, 94 а цтл 94 тоот, 7128 м.кв, 220,8 м.кв, 44,3 м.кв талбай бүхий, үйлдвэрлэл, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтыг 3 гэж дугаарлаж, “хариуцагч “Лн” ХХК-иас” гэснийг “хариуцагч “Б” ХХК-иас” гэж өөрчилж,

3 дахь заалтыг 4 гэж дугаарлаж,  шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 167 990 төгрөгийг, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 784 510 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                  Ч.ЦЭНД

 

                                                                                             Э.ЗОЛЗАЯА