Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/00279

 

 

 

 

С ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/03069 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М С К ХХК-д холбогдох, худалдах, худадан авах гэрээний үүрэгт 325 550 679 төгрөг, хохирол 92 290 320 төгрөг, нийт 417 841 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэндсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өнөржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэндсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С ХХК нь Монгол сүлжээ ком ХХК-тай 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 2500 ширхэг таблетыг нэг бүрийг нь 245 ам.доллар, Navigation system нэг бүрийг нь 15 ам.доллар нийт 260 ам.доллароор худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Худалдах, худалдан авах гэрээний 3.1.1-д заасны дагуу Монгол сүлжээ ком ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 468004219 дугаарын дансанд 30 хувийн төлбөр буюу 195 000 ам.долларыг 2012 оны 5 сарын 24-ний өдөр, мөн гэрээний 3.1.2-д заасны дагуу 70 хувийн төлбөр буюу 455 000 ам.долларыг 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр тус тус төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Бараа нийлүүлэх хугацааг талууд гэрээний 4.1-д нийлүүлэгч барааг 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдөр DS Kingdom Technology Limited-с бүрэн нийлүүлнэ, 4.2-д нийлүүлэгч нь эхний ээлжид 500 ширхэг барааг 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор нийлүүлнэ гэж тохиролцсон боловч Монгол сүлжээ ком ХХК-аас хугацаа хожимдуулж 2012 оны 6 дугаар 11-ний өдөр 140 ширхэг таблет, 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 900 ширхэг таблет, 2012 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 700 ширхэг, 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 785 ширхэг нийт 2525 /25 ширхэг нь нөөц бараа/ таблетыг тус тус нийлүүлсэн. С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн таблет бүтээгдэхүүний үнэ батлах тухай А/7 дугаар тушаалын хавсралтаар 1 бүрийг нь 491 000 төгрөгөөр тогтоож, таблетыг 2012 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн худалдаанд гаргасан. Гэтэл таблет худалдан авагчдаас гэмтэлтэй, чанарын шаардлага хангахгүй байна гэсэн гомдол гаргасны дагуу шалгахад гэрээний 6.1-д заасан Техникийн үзүүлэлт, чанар, стандарт, тоо хэмжээ, өнгө дизайныг нийлүүлэх гэснийг зөрчсөн биет байдлын доголдолтой бараа нийлүүлсэн болох нь 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн БНХАУ-ын DS Kingdom Technology Limited компанийн инженерийн дүгнэлтээр тогтоогдсон. Тухайлбал, таблет өөрөө асаж унтардаг, дотоод санах ойны SD карт уншигдахгүй болдог, баттерей цэнэг тооцох алгоритм буруу 3.3V, дэлгэцийн мэдрэгч муу ажилладаг, буруу үсэг дарагддаг, камерын үзүүлэлт 2 мега пиксел үзүүлэлттэй зэрэг доголдол илэрч, нийлүүлэгч компаниас 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл бүрэн засварлахаар тохирсон боловч бүрэн засварлагдаагүй. Улмаар С ХХК-ийн 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01/1100 тоот албан бичгээр нийлүүлсэн бараа нь биет байдлын доголдолтой байгаа талаар дурдаад доголдлыг арилгах нэмэлт хугацаанд арилгаагүй тул доголдолтой барааг буцаан авч, төлбөрийг буцаан шилжүүлнэ үү гэсэн гомдлын шаардлагыг Монгол сүлжээ ком" ХХК-д хүргүүлсэн. Мөн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Нокиа албан ёсны баталгаат засварын төвөөр дүгнэлт гаргуулахад таблетын дэлгэц үйлдвэрийн гэмтэлтэй, асаах үед 2 минутын турш дэлгэцэд мэдээлэл өгөхгүй цайрдаг, дэлгэцийн нягтрал муу, мэдрэгч нь мэдрэх түвшин муу, камерын үзүүлэлт нь үйлдвэрээсээ 5 мега пиксел гэсэн боловч 2 мега пиксел хэмжээнд ажилладаг, IMEI код байхгүй, сериал код ихээр давхацдаг, стандарт бус дугаарлалттай, санах ой нь өөр дээрээ 4 гега боловч үндсэн цэс нь ихэнх зайг ачаалдаг учир зураг дарах, видео бичлэг хийх үед заавал мемори карт ашиглах шаардлагатай доголдлууд илэрсэн. Дээрх дүгнэлтүүдээр тогтоогдсон биет байдлын доголдолтой бараа нийлүүлсэн талаар М С К ХХК-д мэдэгдэж, доголдлыг бүрэн арилгах нэмэлт хугацаа тогтоосон боловч доголдлыг арилгаагүй өнөөдрийг хүрч, биднийг хохироож байна. Иймд биет байдлын доголдолтой, худалдан борлуулах боломжгүй үлдэгдэл 851 ширхэг таблетын үнэ 325 550 679 төгрөг, хохирол 92 290 320 төгрөг нийт 417 841 000 төгрөгийг Монгол сүлжээ ком ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Т.Анхбаяр шүүхэд тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өнөржаргал шүүх хуралдаанд тайлбартаа: Манай компани болон С ХХК-ийн хооронд 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний хавсралтад заасан тоо ширхэг, чанарын дагуу бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн. С ХХК нь 2015 онд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч С ХХК нэхэмжлэлээ дэмжээгүй учир шүүх нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс уг буцаасан захирамжид гомдол гаргаагүй, мөн энэхүү захирамж гаргаснаас хойш бараа бүтээгдэхүүний талаар ямар нэгэн шаардлага гаргаагүй атлаа дахин шүүхэд хандаж байгаа нь ойлгомжгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр таблетын үнэ, техникийн үзүүлэлт, баталгаат хугацааг харилцан тохиролцсон бөгөөд хариуцагчийн зүгээс гэрээнд заасан хугацаанд таблетыг нийлүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн ба бараа бүтээгдэхүүнд гарсан алдаа, доголдлыг захиалагчийн шаардлагаар цаг тухайд нь баталгаат хугацаандаа арилгаж, засварлаж, захиалагчийн өмчлөлд шилжүүлж өгсөн. Таблетын техникийн үзүүлэлт болон чанар нь худалдах, худалдан авах гэрээний хавсралтад заасан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч компанийн худалдааны нэхэмжлэл, мэдээллийг үндэслэн талууд тохиролцсон. Уг тохиролцоог үндэслэн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн. С ХХК таблетыг хүлээн авч, ажиллагааг шалгаж үзээд гэрээгээр тодорхойлсон техникийн шаардлагын бүрэн хангаж, хэвийн ажиллаж байна гэж үзээд зах зээлд нийлүүлсэн. Иймд биет байдлын доголдолтой гэж үзэх үндэслэлгүй. Гэрээгээр Navigation болон Тracking системийг таблет бүрт нэг бүрийн 15 ам.долларын өртөгтэй байхаар харилцан тохиролцсон бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс уг системийн чанар, үзүүлэлттэй холбоотой гомдол гаргаагүй атлаа уг үнийг оролцуулан нэхэмжлэл гаргасан нь бодит байдалд нийцэхгүй байна. Түүнчлэн, Нокиа баталгаат засварын төв гэх албан бус газрын дүгнэлтийг үндэслэн таблетын чанар, үзүүлэлтийг гэрээний хавсралтаар тодорхойлсон чанар, үзүүлэлтээс өөр хүрээнд тодорхойлж байгаа нь талуудын хооронд гэрээгээр тохиролцож баталсан техникийн үзүүлэлтээ өөрөө үгүйсгэж байна. С ХХК нь дээрх таблетыг зах зээлд хангалттай нийлүүлсэн бөгөөд борлогдоогүй үлдсэн, өөрсдийн буруугаас гэмтээсэн бараа бүтээгдэхүүнийг доголдолтой хэмээн үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж буйг зөвшөөрөхгүй. 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Хариуцагчийн зүгээс татгалзаж байгаа хоёр нөхцөл нь бараа бүтээгдэхүүнийг актаар хүлээж аваагүй. С ХХК нь доголдлыг барааг хүлээж авахдаа мэдэх боломжгүй гэж тайлбарладаг хэдий ч нэг бүрчлэн жипи эс навакишн суулгасан. Гаалиас бараа бүтээгдэхүүнийг хүлээж аваад, зориулалтын агуулахад хадгалсан эсэх, хэрэглэгчид зориулалтын дагуу ашигласан эсэх дээр маргаан үүснэ. Бид нар чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн. Шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаан өнгөрсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 227 дугаар зүйлийн 227.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Монгол сүлжээ ком ХХК-аас доголдолтой 851 ширхэг таблетийн үнэ болох 325 550 679 төгрөг, хохирол 92 290 320 төгрөг, нийт 417 841 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 851 ширхэг таблетийг хариуцагч Монгол сүлжээ ком ХХК-аас буцаан гаргуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 2 247 160 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Монгол сүлжээ ком ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 2 247 160 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нөхөн төлүүлэх шүүхийн зардал болох шинжээчийн зардал 800 000 төгрөг гаргуулан шинжээчид тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Өнөржаргал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. "М С К" ХХК-ийн захирал Т.Анхбаяр, "С" ХХК-ийн захирал Д.Болор нар нь 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдөр "Газар зүйн мэдээллийн системд тулгуурласан Монгол улс, нийслэлийн хөдөлгөөнт замнал, шийдвэрийг дэмжих систем" бүтээлийг туурвиж 4817 дугаартай зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан. "С" ХХК, "М С К" ХХК нь өөрсдийн бүтээсэн оюуны бүтээлийг хэрэглэгчид худалдахын тулд гадаад улсад өөрсдийн хүссэн загвараар таблет захиалан хийлгэхээр болсон. Скайтел" ХХК нь "М С К" ХХК-ийн хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд хамгийн сүүлд 2012 оны 6 дугаар сарын үед "М С К" ХХК-ийн захирал Т.Анхбаяр, тухайн үеийн "С" ХХК-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтсийн захирал Б.Дэмбэрэл, гэрээ хариуцсан менежер н.Саруул нар БНХАУ-д бүтээгдэхүүний өнгө, загварыг тохиролцсон цагаан өнгөтэй таблетыг үйлдвэрлэгчид захиалсан. Худалдах, худалдан авах гэрээний 2.2-д ... нэг бүрийн үнэ нь 245 ам.доллар, Navigation систем нь 15 ам.доллар байхаар талууд харилцан тохиролцсон. Өөрөөр хэлбэл, гэрээний зүйл болох таблет Монгол Улсад ирсэний дараа Navigation системийг суурилуулан хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгаж худалдаанд гаргах юм. Гэрээний зүйл болох таблет 2012 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсад буусан байх бөгөөд худалдагч байгууллагыг гэрээний зүйлийг хүлээн авахаас урьдчилан худалдан авагч гэрээний зүйлийг хүлээн авсан. Navigation sestem суулгах ажиллагаа нь таблет нэг бүрээр хийгддэг бөгөөд тухайн үед таблетын эвдрэл гэмтлийг бүрэн тодорхойлох боломжтой юм. Скайтел" ХХК нь таблет бүрээр Navigation систем суулгаж байх явцад зарим таблетууд нь чанарын шаардлага хангахгүй байгаа асуудалд хяналт тавих бүрэн боломжтой, нөгөө талаас үүргээ хэрэгжүүлэх ёстой бөгөөд тухайн үед үүссэн доголдлыг БНХАУ-аас үйлдвэрлэгч компаниас холбогдох ажилтнуудыг "Монгол сүлжээ ком" ХХК-аас өөрийн зардлаар авч ирүүлэн шийдвэрлүүлэх арга хэмжээг авч байсан. Нэхэмжлэгч 851 ширхэг таблет чанарын шаардлага хангаагүй талаарх нэхэмжлэлийн хавсралтад /хх-30/ 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн үйлдвэрлэгч БНХАУ-ын төлөөлөл Ling Gin Hong, "С" ХХК-ийн төслийн менежер Г.Ундармаа, худалдааны хэлтсийн дарга Ц.Пүрэвдорж, санхүүгийн хэлтсийн дарга Б.Дэмбэрэл нарын гарын үсгээр баталгаажуулсан 81 таблетын талбет чанарын шаардлага хангахгүй талаар харилцан хүлээн зөвшөөрч солиулах арга хэмжээ авахаар тохиролцсон. Үүнд 27 SD cart гэмтэлтэй, 9 таблет бусад mainboard гэмтэлтэй, 45 таблет баттерей, цэнэг барих доголдолтой, шинэ SW суулгаж турших шаардлагатай гэж үзсэн. Нэгэнт үйлдвэрлэгч тал дээрх 81 таблетын доголдолтой болохыг илрүүлэн, улмаар 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэхэд шинэ таблет нийлүүлэхээр харилцан тохиролцсон тул "М С К" ХХК нь 81 таблетын асуудал шийдвэрлэгдсэн гэж үзсэн. Энэхүү баримтыг нэхэмжлэгчийн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо үгүйсгээгүй болно. Бодит байдалд талуудын хооронд 2012 оны 11 дүгээр сараас хойш буюу 2017 оны 12 дугаар сард нэхэмжлэлийн шаардлага гаргах хүртэл хугацаанд худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой гомдлын шаардлагыг нэхэмжлэгч "Скайтел" ХХК нь гаргаж байгаагүй. Нэхэмжлэлийн хавсралтад байх /хх-32/ С ХХК-ийн 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01/1100 дугаартай гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг нь Монгол сүлжээ ком ХХК-ийн ажилтанд эсхүл, ямар нэг шуудангийн байгууллагаар дамжуулан өгч байгаагүй бөгөөд хариуцагчийн хувьд нэхэмжлэлийг 2017 онд шүүхэд гаргасны дараа л тухайн албан бичгийг анх удаа харсан. Монгол шуудан ХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 05/726 дугаартай албан бичигт "... Скайтел" ХХК-аас М С К ХХК-д шуудангаар хүргүүлсэн гэх албан бичигт хариу өгөх боломжгүй байна" гэдэг бөгөөд уг гэрээ цуцлах тухай албан бичгийг "Скайтел" ХХК нь "Монгол сүлжээ ком" ХХК-д хүргүүлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй тул 2012 оны 12 дугаар сард гэрээний зүйлийн доголдолтой холбоотойгоор гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлсэн. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 851 ширхэг таблетыг чанарын шаардлага хангахгүй байсан талаар гомдлын шаардлага гаргасан боловч бол 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн DS Kingdom Technology Limited компанийн инженерийн дүгнэлтээр тогтоогдсон гэж үзсэн атлаа 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн гэрээ цуцлах тухай албан бичигт "... 2 500 ширхэг таблет нь биет байдлын доголдолтой, гэрээний хавсралтад заасан бүтээгдэхүүний чанар үзүүлэлтийн шаардлагыг хангахгүй, цаашид хэрэглэгчдэд борлуулах боломжгүй доголдолтой бараа байна" гэжээ. Мөн "С" ХХК-ийн ирүүлсэн хэргийн 29 дэх талд авагдсан худалдан авагчдаас 2012 онд ирүүлсэн гомдлын нэгтгэл гэх баримтад 2012 оны 7 дугаар сард 204, 2012 оны 8 дугаар сард 98, 2012 оны 9 дүгээр сард 27, 2012 оны 10 дугаар сард 34 ширхэг, нийт 363 ширхэг таблетын доголдол гарсан гэх баримтыг гаргасан. Нэхэмжлэгч "Скайтел" ХХК нь чанарын шаардлага хангахгүй гэх таблетын тоо ширхэгийг дараах байдлаар өөрчилж байсан байна. Үүнд: 2017 оны нэхэмжлэлийн шаардлагаар 851 ширхэг, DS Kingdom Technology Limited компани, С ХХК-ийн харилцан тохиролцсоноор 81 ширхэг, С ХХК-ийн 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн албан бичгээр 2 500 ширхэг, С ХХК-ийн дотоод дахь баримтаар 363 ширхэг, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд гаргаж байсан буцаагдсан нэхэмжлэлд 1015 ширхэг гэх тоо хэмжээг эхнээсээ хэрхэн тогтоосон гэдэг нь ойлгомжгүй байсан. Борлуулагдаагүй үлдсэн таблетыг талуудын хүлээн зөвшөөрсөн доголдолтой гэх 81 таблетад хамааруулан нэхэмжилсэн. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч гомдлын шаардлага гаргах эрхтэй. Гэвч гомдлын шаардлага гаргах хугацааг шүүх анхааран үзэх үүрэгтэй. Анхан шатны шүүх " ...зохигчид 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэрээний зүйлийг нийлүүлэгч БНХАУ-ын DS Kingdom Technology Limited компанийн 2 инженер, гэрээний талуудын төлөөлөгч нар хамтарсан уулзалт хийсэн, 81 ширхэг таблет гэмтэлтэй байсан үйл баримтын талаар маргаагүй ба худалдагч тал буюу хариуцагч нь 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдөр барааг нийлүүлж дууссанаас хойш 6 сарын дотор доголдол ирсэн байна." гэж зөв дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, хавтаст хэргийн 30 дахь талд авагдсан баримтаар үйлдвэрлэгч БНХАУ-ын компани гомдлын шаардлагыг хариуцан арилгахаар харилцан тохирсон бөгөөд энэхүү баримтад талууд маргаагүй. Иймээс анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хуульд заасан гомдлын шаардлага гаргах эрхийн дагуу хариуцагчид холбогдуулан гомдлын шаардлага гаргахдаа хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэх асуудал байгаа эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт "Хуульд өөрөө заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ" гэж заасан. Нэхэмжлэгчийн хувьд 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр доголдолтой 81 таблетын талаар мэдсэн байдаг бөгөөд уг доголдлыг мэдсэнээс хойш доголдлыг арилгуулахаар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан гомдлын шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй. Доголдлыг илрүүлсэн үеэс гомдлын шаардлага гаргах 6 сарын хугацааг тоолоход 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон. Таблет гэдэг бол технологийн шинэчлэлийн дагуу маш хурдан үнэ нь буурдаг, ашиглах боломжгүй болох, түргэн гэмтэхээр төрлийн бүтээгдэхүүн тул түүний гомдлын шаардлага гаргах хугацааг 6 сараас илүү хэмжээгээр авч үзэх нь шударга ёсонд нийцэхгүй юм. Зарим гэрээний зүйлийн хувьд удаан хугацаанд ашиглах, хэрэглэх, үнэ цэнэ нь хурдан буурахгүй шинжтэй чанартай байдаг бөгөөд тухайн тохиолдолд гэрээний зүйлийн чанарын шаардлага хангахгүй талаар гомдол эрхийн хувьд тухайн зүйлийн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацаагаар гомдлын шаардлага гаргах эрхтэй байхаар зохицуулж болно гэж хуульчийн хувьд үздэг. Гэтэл маргааны зүйл болох таблет нь энэ шаардлагыг хангахгүй гэдэг нь ойлгомжтой хэдий ч энэхүү хугацаагаар авч үзсэн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрсөн. Нэхэмжлэгч нь 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр буюу гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрсөн байх үедээ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийг буцааж тухай захирамж гаргасан. Гэтэл анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж нэхэмжлэгчийн гомдлын шаардлага гаргах эрхээ алдаад 4 жил гаруй хугацаа өнгөрсөн байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хэдийгээр гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрсөн ч гэсэн нэхэмжлэгч хуульд заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Гэвч цаг хугацааны хувьд 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 01-095/18 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 80 ширхэг /санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон гэх/ таблетэд, 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 01/2020 дугаартай дүгнэлтээр үлдэгдэл 771 ширхэг таблетэд нэмэлт шинжээчийн дүгнэлт гарсан. 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 81 таблет нь чанарын шаардлага хангахгүй гэдгийг үйлдвэрлэгч болон худалдан авагч нар харилцан хүлээн зөвшөөрсөн. Харин үлдэгдэл 770 ширхэг таблетыг шинжээчийн дүгнэлт гарахаас өмнө доголдолтой гэж тогтоосон зүйл байхгүй байсан 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргасантай холбогдуулан технологийн хувьд ашиглах боломжгүй болсон таблетад шинжилгээ хийсэн гэдгийг анхаарах нь зүйтэй. Монголын харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 02/1702 дугаартай албан бичгээр ...С ХХК нь Монгол Улсын нутаг дэвсгэрт 3 дахь үеийн үүрэн холбоонд радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр авсан байх бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа ашиглагдах боломжгүй болсон таблетуудаас салах төлөвлөгөөтэй байсан. Мөн түүнчлэн таблетууд нь 2012 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Монгол улсад Буянт-Ухаа дахь Гаалийн газрын хилээр нэвтрэн орсон байх бөгөөд түүнээс хойш худалдан авагч хүлээн авснаас хойш олон жилийн хадгалалт, хамгаалалт ямар нөхцөлд байсан нь тодорхойгүй. "Скайтел" ХХК нь технологийн хувьд үүрэн холбооны дараа /3G, 4G/-ийн шатанд шилжсэнтэй холбоотойгоор гэрээний зүйл болох таблетууд нь цаашид ашиглагдах боломжгүй болсон гэдэг нь ойлгомжтой боловч дүгнэлтийн хавсралтад заагдсан таблетуудыг үзүүлэлт тус бүрээс хянаж үзэхэд бүгд гэмтэлтэй гэж үзэхээргүй байсан болох нь харагдана. 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн дүгнэлтэд 3 хайрцаг, үзүүлэлтэд хангасан таблетийн дугаар 11,12, 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн дүгнэлтийн хавсралтад бичигдсэн дараах 76 ширхэг таблетууд үзүүлэлтүүдийн шаардлага хангаж байна. Хайрцаг 11, таблетийн дугаар 1, 8, 16, 17, 18, хайрцаг 12, таблетийн дугаар 8, 11, 12, 13, хайрцаг 13, таблетийн дугаар 8,11,12,13, хайрцаг 14, таблетийн дугаар 12, хайрцаг 15, таблетийн дугаар 11, 17, 18, 20, хайрцаг 17, таблетийн дугаар 1, 6, 9, 11, 14, хайрцаг 19, таблетийн дугаар 1, 4, 8, 9, 12, 14, хайрцаг 20, таблетийн дугаар 1, 4, 15, хайрцаг 21, таблетийн дугаар 8, 9, хайрцаг 22, таблетийн дугаар 2, 4, 9, 11, хайрцаг 23, таблетийн дугаар 5, 8, 11, хайрцаг 24, таблетийн дугаар 1, 2,11, хайрцаг 25, таблетийн дугаар 1, 11, хайрцаг 26, таблетийн дугаар 1, 7, хайрцаг 27, 4, 5, 10, хайрцаг 28, таблетийн дугаар 3, 8, 9, 10, 11, 12, хайрцаг 29, таблетийн дугаар 4, 5, 7, 9, хайрцаг 30, таблетийн дугаар 4, 5, 7, хайрцаг 31, таблетийн дугаар 3, 5, хайрцаг 32, таблетийн дугаар 3, 7, хайрцаг 33, таблетийн дугаар 1, 2, 15, хайрцаг 34, таблетийн дугаар 3, 4, хайрцаг 35, таблетийн дугаар 8, 10, 11. Өмнөх дүгнэлтийн үзүүлэлт хангасан 2 таблет, нэмэлт дүгнэлтийн шаардлага хангаагүй 76 таблет, нийт 78 ширхэг таблет үзүүлэлт хангасан. Хариуцагчийн төлөөлөгчийн хувьд нотлох баримтыг шинжлэн судлах явцад шинжээчийн дүгнэлтүүдийн хавсралтуудад заагдсан хайрцаг тус бүр дэх таблетууд нь үзүүлэлт хангаж байгаа талаар судлуулсаар байхад анхан шатны шүүх Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 01-095/18 дугаартай, 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 01/2020 дугаартай Шинжээчийн дүгнэлтүүдийг үнэн зөв, эргэлзээгүй гарсан гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь маргааныг мэтгэлцэх зарчмын дагуу явагдсан гэж үзэхэд эргэлзээ төрж байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хувьд шинжээчийн дүгнэлтүүдийн дээрх эргэлзээтэй байдалд дүгнэлт өгөөгүй бөгөөд эргэлзээтэй дүгнэлтэд дахин шинжээч томилох талаар хүсэлт гаргаагүй байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтууд илэрхий эргэлзээтэй байхад уг дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж заасныг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үнийг тодорхойлохдоо "С" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн смарт-АВ бүтээгдэхүүнд үйлчилгээний дугаар ашиглах болон үнэ тариф тогтоох тухай А-67 дугаар тушаал гарсан өдрийн Монгол банкны ам.долларын ханшийг баримтлан нэхэмжлэлийн үнийг тодорхойлсон. Гэтэл хэрэгт Монгол банкны 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн ам.долларын ханш тодорхойлсон баримт байхгүй. Нэхэмжлэл гаргах үеийн ханшаар нэхэмжлэлийн тодорхойлох, гэрээ байгуулах үеийн ханшаар гэрээний үнийг тодорхойлох эсэх нэхэмжлэгчийн эрхийн асуудал бөгөөд 2012 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ам.долларын ханшаар тооцон нэхэмжлэлийн үнийг тодорхойлсон нь түүний үнийг хэрхэн тодорхойлсон талаарх тайлбартай зөрсөн. Гэтэл анхан шатны шүүх дээрх байдалд дүгнэлт хийгээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т "Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно" гэж заасан. Нэхэмжлэгчийн 2012 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Монгол банкны ам.долларын ханшаар нэхэмжлэлийн үнийг тодорхойлсныг зөвтгөж байгаа нь үндэслэлгүй. Худалдах, худалдан авах гэрээнд 1 таблетыг 245 ам.доллар, navigation систем 15 ам.доллараар тогтоосон, харин нэхэмжлэгч нь доголдолтой гэх таблетуудыг өртгийг хэрхэн тодорхойлж нэхэмжилсэн нь ойлгомжгүй бөгөөд, мөн олох байсан ашгийг тодорхойлсон байдал нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч М С К ХХК-д холбогдуулан биет байдлын доголдолтой 851 ширхэг таблетийн үнэ 325 550 679 төгрөг, хохирол 92 290 320 төгрөг, нийт 417 841 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, нийлүүлэгч Монгол сүлжээ ком ХХК нь захиалагч С ХХК-д Q721 маркийн 2 500 ширхэг таблетыг нэгжийн үнэ 245 ам.доллар, дагалдах хэрэгсэл Navigation system-ийг 15 ам.доллароор тооцож, нийт 650 00 ам.долларын үнэ бүхий барааг 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдөр DS Kingdom Technology Limited ХХК-аас нийлүүлэх, захиалагч нь нийлүүлсэн бүтээгдэхүүний үнэд нийт 650 000 ам.долларыг төлөхөөр тохиролцжээ.

Төлбөр төлөх нөхцлийн талаар захиалагч нь төлбөрийн 30 хувийг гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногт багтаан шилжүүлнэ, үлдэгдэл 70 хувийг барааг үйлдвэрлэж буй газарт очин хүлээн авах боломжтой гэдгийг баталгаажуулж, барааг хүлээн авахаас ажлын 10 хоногийн өмнө шилжүүлэхээр гэрээний 3.1, 3.1.1, 3.1.2-т заасан байна. /1хав-4-8х/

Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэжээ.

Нийлүүлэгч Монгол сүлжээ ком ХХК нь захиалагч С ХХК-д нийт 2525 ширхэг таблет /25 нь нөөц/ нийлүүлсэн, захиалагч нь С ХХК нь таблетийн үнэд нийт 650 000 ам.доллар төлсөн талаар талууд маргаагүй. Харин нийлүүлсэн 851 таблет гэмтэлтэй буюу доголдолтой, талууд хуульд заасан хугацаанд доголдлын талаар мэдэгдсэн буюу шаардлага гаргасан эсэх, мөн гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх нь маргааны зүйл болсон.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт гэрээгээр тогтоосон тоо, чанар, хэмжээ бүхийн эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж, мөн хуулийн 252 дугаар зүйлд худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн зөрчилгүй хөрөнгө гэж үзэхээр зохицуулсан.

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй буюу гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар нийлүүлэгч Монгол сүлжээ ком ХХК гэрээний хавсралт №1- д зааснаар техникийн үзүүлэлт, чанар, стандарт, тоо хэмжээ, өнгө, дизайн бүхий бараа нийлүүлэх үүрэг хүлээсэн.

Бараа нийлүүлж дууссан 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 6 сарын дотор буюу 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр БНХАУ-ын үйлдвэрлэгч компаний төлөөлөл, С ХХК-ийн төлөөлөгч нарын хамтарсан уулзалтаар 81 ширхэг таблет гэмтэлтэй байсан үйл баримт тогтоогдсон талаар талууд маргаагүй.

2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 01-095/18 дугаар бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр гэрээний 6.1, гэрээний хавсралт 1-д заасан 851 ширхэг төхөөрөмж /таблет/-ийн шуурхай санах ой /RAM/-н хэмжээ, арын камерийн үзүүлэлт шаардлага хангахгүй, аналоги телевиз хүлээн авагч байхгүй, загвар /Model/-ын дугаар, өнгө, хэмжээ зөрүүтэй, санах ойн хэмжээг 512 МВ гэж зааснаас 97 МВ-аар бага, техникийн үзүүлэлтэд 5 мега пикселийн камер байна гэж заасан боловч 2 мега пикселийн нягтралтай камертай. Тухайн төхөөрөмжийн техникийн нөхцөл, зохицуулалт чанарын шаардлагыг заасан батлагдсан үндэсний стандарт байхгүй тул баталгаажсан тоног төхөөрмж гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэснийг тухайн үед хариуцагч үгүйсгээгүй байна.

Мөн 851 ширхэг таблетаас 80 ширхэг таблетыг санамсаргүй байдлаар сонгон чанар байдал нь биет байдлын болон ажиллагааны доголдолтой учир зориулалтын дагуу ашиглах боломжгүй гэсэн үндэслэлээр дүгнэлт гаргаснаар тухайн эд хөрөнгийг бүхэлд нь доголдолтой гэж үзэх боломжгүй. /1хав-126-137-х/ Үүнтэй холбогдуулан шинжээчийн дүгнэлт дутуу хийгдсэн, нэмэлт шинжилгээ хийлгэх шаардлагатай өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 851 ширхэг таблет бүхэлдээ шаардлага хангасан эсэхэд шинжээчийн дүгнэлт дутуу хийгдсэн, тул нэмэлт шинжилгээ хийлгэх шаардлагатай гэсэн агуулгаар шүүх дахин шинжээч томилсон.

Шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 01/2020 дугаар дүгнэлтээр: С ХХК-ийн агуулахад байгаа 771 ширхэг төхөөрөмж /таблет/ нь бүхэлдээ гэрээнд заасан чанар байдлыг хангахгүй байна гэсэн агуулгаар дүгнэлт хийж, таблет тус бүрийг 5 төрлийн үзүүлэлтээр дүгнэсэн дүгнэлтийг хавсралтаар гаргасан байна.

Ийм учраас дээрх 2 шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан 851 таблетийг бүхэлд нь доголдолтой гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан Таблетийн үзүүлэлт тус бүрээс үзэхэд бүгд гэмтэлтэй гэж үзэхээргүй байсан гэсэн агуулгатай гомдол нь таблетийг бүхэлд нь биет байдлын болон ажиллагааны доголдолгүй гэж үзэх үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл, гэрээгээр тохиролцсон чанарын түвшинд хүрэхгүй байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасан.

Хариуцагч Монгол сүлжээ ком ХХК-ийн нийлүүлсэн 2 500 ширхэг таблет нь биет байдлын доголдолтой, гэрээний хавсралтад заасан бүтээгдэхүүний чанар, үзүүлэлтийн шаардлагыг хангахгүйгээс, хэрэглэгчид борлуулах боломжгүй талаар худалдан авагч С ХХК нь худалдагч М С К ХХК-д мэдэгдэж, талууд хамтарсан уулзалтын хүрээнд илрүүлсэн доголдлыг 2012 оны 11 дүгээр сарын 09-ний дотор арилгахаар нэмэлт хугацаа тогтоосон боловч доголдлыг арилгаагүй тул 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлсэнийг хариуцагч баримтаар няцаагаагүй байна. /1хав-32х/

Хариуцагч доголдлын талаарх шаардлагаа хугацаандаа гаргаагүй гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргаж, мөн нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэл болгосон боловч тухайн үед 81 төхөөрөмж доголдолтой байсан талаар мэдэж, зөвшөөрсөн байдаг.

Нөгөө талаар доголдолтой төхөөрөмжийг сольж өгөх талаар ярилцаж, 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэхэд шинэ таблет нийлүүлэхээр харилцан тохиролцож байсан гэх тайлбараас үзэхэд тухайн үед доголдлын талаар мэдэгдэж байсан гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар зохигчийн тайлбар өөрөө нотлох баримт болдог. Иймд худалдах, худалдан авах гэрээний зүйл болох төхөөрөмж /таблет/-ийн доголдлын талаар тухайн үед талууд ярилцаж байсан нь талуудын тайлбараар тогтоогдож байгаа учир доголдлыг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан урьдчилан мэдэгдэх шаардлагыг хангасан буюу хуульд заасан хугацаанд мэдэгдсэн гэж үзэх тул доголдлын талаар шаардлага гаргах хугацаа өнгөрсөн тухай хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний доголдолтой хэсгээс буюу зарим хэсгээс татгалзах эрх үүсч, өгсөн авсан зүйлээ харилцан буцаан шаардах эрх нэхэмжлэгчид үүснэ.

Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зохицуулсан.

Харин Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ гэж заажээ.

Нэхэмжлэгч С ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд М С К ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 39186 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаасан, мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШЗ2017/13167 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/02238 дугаар шийдвэрээр Монгол сүлжээ ком ХХК болон түүний захирлыг эрэн сурвалжилсан үйл баримт тогтоогдсон. /1хав-40, 44-48х/

Тиймээс Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагчийн татгалзал болон гомдол үндэслэлгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нь доголдлын талаар мэдэгдэх хуульд заасан хугацаа болон гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй болох нь тогтоогдсон тул үүнтэй холбоотой хариуцагчийн давж заалдах гомдол болон нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан тайлбар үндэслэлгүй. Нөгөө талаар нэхэмжлэгч 851 ширхэг таблет гэрээнд заасан шаардлага хангаагүй, буюу гэрээний чанарын байдалд нийцээгүй доголдолтой төхөөрөмж нийлүүлсэн үндэслэлээр гэрээний зарим хэсгээс татгалзсан тул үүний дагуу шилжүүлсэн мөнгөө Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал үүнийг дахин нотлохгүй гэж заасан. Монгол банкны цахим хаягт ам.долларын ханшийг нийтэлсэн нийтэд илэрхий баримт байна. Иймд анхан шатны шүүх 1 ам.долларыг 2012 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Монгол банкны зарласан ханш 1 337,59 төгрөгөөр тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасантай нийцсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

Анхан шатны шүүх 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг цуцлаж, хариуцагчаас 851 таблетийн үнэ 325 550 679 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч С ХХК-аас 851 ширхэг таблет гаргуулаж хариуцагч М С К ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Харин нэхэмжлэлийн шаардлагаас олох ёстой орлого буюу хохиролд 92 290 320 төгрөгт холбогдох хэсгийг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Учир нь Иргэний хуулийн 227 дугаар 227.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан.

Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Монгол сүлжээ ком ХХК-ийн нийлүүлсэн 851 таблетийг хэрэглэгчдэд хэдий хугацааны дотор худалдан борлуулж, хэдэн төгрөгийн ашиг олох байсан гэх байдал нотлох баримтаар тогтоогдоогүй тул хохиролд 92 290 320 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4 дэх хэсэгт мөн хуулийн 120-т заасан хугацаа өнгөрсөн тохиолдолд эд мөрийн баримтыг хуульд өөрөөр заагаагүй бол эзэмшигчид буцаан олгоно гэж заасан энэ хэрэгт нотлох баримтаар авагдсан 1 ширхэг таблетийг шүүхийн шийдвэр хүчин төгөдөр болсны дараа нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/03069 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Монгол сүлжээ ком ХХК-аас 325 550 679 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 92 290 320 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч С ХХК-аас 851 таблетийг гаргуулж хариуцагч М С К ХХК-д олгосугай гэж,

2 дахь заалтын ...хариуцагч Монгол сүлжээ ком ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2 247 160 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид гэснийг ...хариуцагч Монгол сүлжээ ком ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1 785 7063 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 2 247 155 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХТӨР

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

Д.БАЙГАЛМАА