Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 371

 

                                                                         

Э.Д, Б.Э нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Одонсүрэн, шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Х.Даваасүрэн, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 297 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 379 дүгээр магадлалтай, Э.Д, Б.Э нарт холбогдох 1806076510292 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Э.Д-гийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1994 онд төрсөн, 25 настай, тусгай дунд боловсролтой, буудагч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Б овогт Б-ийн Э,

2. Монгол Улсын иргэн, 1994 онд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Э овогт Э-ны Д нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Д, Б.Э нарыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Э-ыг 2 жил хорих ял, Э.Д-г 1 жил 6 сар хорих ял тус тус шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогтын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.Д гаргасан гомдолдоо “Миний хувьд өвсийг хадгалаагүй, бусдад өгөөгүй, санамсаргүй байдлаар Э-ыг өвсийг цагдаагийн машины цонхоор хаях гэж байгаад баригдсан. Э өөрийнх нь өвс гэдгийг хүлээн зөвшөөрсөн байтал намайг уг хэрэгт хамааруулан ял шийтгэсэнд гомдолтой байна. Энэхүү хэрэгт би буруугүй юм. Харин өвс хэрэглэж байсан нь үнэн боловч гэм буруугаа ойлгож, дахин хэрэглээгүй болно. 82 настай эмээ болон зүрхний хүнд өвчтэй эх, бага насны хоёр дүүгийн хамт амьдардаг бөгөөд надаас өөр ажил хөдөлмөр хийдэг хүн байхгүй. Иймд хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Х.Даваасүрэн хэлсэн саналдаа “Шүүгдэгч Б.Э нь мөрдөн шалгах ажиллагааны үед үйлдсэн гэмт хэргийн талаар үнэн зөв мэдүүлж, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн байдаг. Шүүгдэгчийн зүгээс гомдол гаргаагүй тул тусгайлан гаргах саналгүй” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Ш.Одонсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Э, Э.Д нарын үйлдсэн гэмт хэрэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Шүүх хэргийг хянан шийдвэрлэх үед Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Д-гийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Э, Э.Д нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр байрны гаднаас Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон делта-9 тетрагидроканниболын агууламж бүхий уутны хамт 44.8 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүсэн,

2018 оны 09 дүгээр сарын 15-наас 17-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Алтан-Өргөө хотхоны гадаа, “Адидас" загварын цүнхэндээ Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон делта-9 тетрагидроканниболын агууламж бүхий уутны хамт 44.8 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар авч явсан буюу хадгалсан,

2018 оны 09 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны Алтан-Өргөө хотхоны гадаа, Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон делта-9 тетрагидроканниболын агууламж бүхий уутны хамт 35.7 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр Э.Д-д өгсөн,

Э.Д нь 2018 оны 09 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны Алтан-Өргөө хотхоны гадаа, “Лонгвэй” загварын цүнхэндээ Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон делта-9 тетрагидроканниболын агууламж бүхий уутны хамт 35.7 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар авч явсан буюу хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Э, Э.Д нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн тэднийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч нарт хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь хэргийн нөхцөл байдалд бүрэн нийцсэн байна.

Шүүгдэгч Э.Д нь Б.Э-ын хаячих гэж өгсөн өвсийг машины цонхоор хаях гэж байгаад цагдаагийн алба хаагчид баригдсан тул уг бодисыг хадгалаагүй гэж хяналтын гомдолдоо дурджээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Б.Э-ын цүнхэнд авч явсан өвс гэх мансууруулах бодисоос Э.Д нь тасдаж авч, хатааж байгаад хэрэглэх зорилгоор уутанд хийж биедээ авч явах үедээ түүнтэй хамт явж байсан Б.Э, Б.М нар хоорондоо маргалдаж, уг маргааныг зохицуулахаар ирсэн эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан цагдаагийн ажилтан Т.Б нь Э.Д-гийн биед үзлэг хийж уг бодисыг илрүүлсэн байна.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, түүнчлэн тусгайлан бэлтгэсэн нуувч зэрэг газарт байлгахыг хадгалсан гэж үзэх бөгөөд шүүгдэгч Э.Д-гийн мансууруулах бодисыг биедээ авч явсан үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал үндэслэл бүхий болжээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Д-гийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 297 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 379 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Д-гийн хяналтын шатны шүүхэд  гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                          

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН