Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/00354

 

МАГАДЛАЛ

2021.02.08 Дугаар 00345

 

 

 

 

 

 

С.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/03041 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Э-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ЦД Ү С ТӨХК-д холбогдох, тус компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б/355 тоот хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалаар өөр ажилд буруу шилжүүлсэн болохыг, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/378 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халсан болохыг тус тус тогтоолгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх, 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж олгохыг даалгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбилэг, түүний өмгөөлөгч Ж.Содномдаржаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтангэрэл, Ч.Мөнхпүрэв, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ЦД Ү С ТӨХК-ийн Улаанбаатар салбарын захиргаа, аж ахуйн албаны даргын албан тушаалд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн туршилтаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Үүнээс хойш хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам болон холбогдох бусад дүрэм, журам, Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу хариуцсан үүргээ гүйцэтгэж ирсэн. Гэтэл 2020 оны 7 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд 2 хоног эрүүл мэндийн шалтгааны улмаас ажилдаа ирж чадаагүй байхад гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлан, Улаанбаатар салбарын Захиргаа аж ахуйн албаны даргын ажил үүргээс чөлөөлж, Улаанбаатар салбарын Захиргаа аж ахуйн албаны дотоод ажил хариуцсан мэргэжилтэн албан тушаалд томилсон. Эрүүл мэндийн шалтгаантай байснаа нотолсон эмнэлгийн магадлагааг байгууллагад өгөхөд хуурамчаар олгосон гэж Мэргэжлийн хяналтын газар гомдол гаргаж шалгуулсан боловч холбогдох хууль, дүрэм журам зааврын дагуу олгосон нь тогтоогдсон. Эрүүл мэндийн шалтгаантай байгаа талаар албаны ажилтнууд болон хэлтсийн шинэ дарга болох М.Даваажавт мэдэгдсэн байхад гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/378 тоот тушаалаар ажлаас халсан. Хөдөлмөрийн тухай хууль болон тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр эрүүл мэндийн байдлын улмаас чөлөө авах нь ажлаа тасалсанд тооцохгүй. Мөн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 24-ний өдрийг хүртэлх хугацаанд тус компанийн Улаанбаатар салбарын даргын албан тушаал хашдаг Ч.Мөнхпүрэв надтай 3 удаа уулзаж гүйцэтгэх захирал чамайг ажлаас гарах өргөдлөө өг гэж байна, чи өргөдлөө өг, арга хэмжээ авна гэх мэтээр дарамт үзүүлсэн, миний бие боломжгүй гэдгээ хэлсэн. Гэтэл ярилцсанаас хойш 6 хоногийн дараа албан тушаал бууруулж, дахин 4 хоногийн дараа ажлаас халах арга хэмжээ авсанд гомдолтой байна. Мөн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны нийт ажлын 7 өдрийн эмнэлгийн хуудсыг батлуулахаар тус байгууллагад өгсөн боловч баталж, нийгмийн даатгалд хүргүүлээгүй тул хөдөлмөрийн чадвараа алдсан тэтгэмжийг авч чадаагүй. Иймд тус компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б/355 тоот хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалаар өөр ажилд буруу шилжүүлсэн болохыг, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/378 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халсан болохыг тус тус тогтоолгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэх, 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж олгохыг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтангэрэл, Ч.Мөнхпүрэв нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага корона вирусийн улмаас тус компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 163 дугаар тушаалаар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байсан хугацааг 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгасан, энэхүү тушаалаар нийт ажилчид нь тухайн салбарын захиргааны зөвшөөрөлгүйгээр ажил амралтын өдрүүдэд хөдөө орон нутагт явахгүйгээр сонор сэрэмжтэй байж, сахилга баттай, хариуцлагатай байж, зохион байгуулалттайгаар авч хэрэгжүүлэх талаар зохицуулсан. С.Э нь 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлээд нэг ч удаа холбогдож, ажил гарсан эсвэл бие өвдсөн гэж мэдэгдээгүй. С.Э 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хуралд ирээгүй. Хурлын дараа хуулийн зөвлөх М.Төгөлдөрт С.Этай холбогдож юу болсон талаар тодруул хэлэхэд М.Төгөлдөр нь даргатай холбогдсон, Хөвсгөл аймгаас цаашаа гарсан тул усанд боогдсон юм шиг байна. Тань руу өөрөө ярина гэж байна гэж хэлсэн. 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр М.Төгөлдөр өчигдөр санаа зовоод хэлж чадаагүй юм аа, эхнэр нь жуулчны бааз дээрээ ганцаараа байгаа тул ирж чадахгүй байна гэж хэлсэн гэсэн. 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр С.Э ажилдаа ирж, шуурхай хуралд суусан, түүнээс дээрх өдрүүдэд ажилдаа ирээгүй шалтгааныг тодруулахад Хөвсгөл аймаг руу явсан, амралтын газарт эхнэр ганцаараа байгаа учраас ажилдаа ирж чадаагүй гэх тайлбарыг хэлсэн. Иймд С.Э нь 2020 оны 7 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй, эрүүл мэндийн шалтгаантай байсан гэдгээ мэдэгдээгүй, эмнэлгийн магадлагааг ажилдаа ирэхдээ салбарын захиргаанд огт өгөөгүй. Хөдөлмөрийн гэрээнд хүндэтгэн үзэх шалтгаантайгаар ажилдаа ирэх боломжгүй болсон бол тухайн өдрийн 12 цагаас өмнө өөрийн хариуцсан удирдах албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй тул түүнийг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б/355 тоот тушаалаар, Хөдөлмөрийн гэрээний 6.2.3в заалтад заасан шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатай биелүүлээгүй гэх үндэслэлээр, салбарын захиргааны аж ахуйн албанд дотоод ажлыг хариуцсан мэргэжилтнээр томилсон. Гэтэл С.Эыг үүнийг зөвшөөрөөгүй, мөн ажилдаа ирээгүй тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчлийг гаргасан гэх үндэслэлээр 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/378 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Э-ын хариуцагч ЦД Ү С ТӨХК-д холбогдуулан гаргасан тус компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б/355 тоот хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалаар өөр ажилд буруу шилжүүлсэн болохыг, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/378 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халсан болохыг тус тус тогтоолгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэх, 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж олгохыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч С.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. С.Э нь ЦД Ү С ТӨХК-ийн Улаанбаатар салбарын захиргаа, аж ахуйн албаны даргаар 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн туршилтаар ажиллаж эхэлээд 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Үүнээс хойш хөдөлмөрийн ямар нэг зөрчил гаргаж байгаагүй. Анхан шатны шүүх хөдөлмөрийн гэрээний 6.2.3.в-д "...эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй бол ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж өөр ажилд томилсон нь үндэслэлтэй гэж дүгнэсэн. Гэвч С.Э нь 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрүүдэд эрүүл мэндийн шалтгааны улмаас ажилдаа очиж чадаагүй, Аюурвэд-Энх эмнэлэгт үзүүлж магадлагаа авсан. Шүүх "...шууд удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг санаатай биелүүлээгүй" гэж дүгнэсэн нь яг ямар үүрэг даалгаварыг хэн гэдэг албан тушаалтнаас өгч С.Э нь үүнийг яагаад биелүүлээгүй гэдгийг нь тодорхой дурдах ёстой. 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б/355 тоот тушаалыг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Мөн С.Эыг ажлаас нь халахдаа 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б355 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж, өөр ажилд томилох тухай тушаал гаргаснаа сахилгын шийтгэл оногдуулсан гэж анхан шатны шүүх хурлын үеэр хариуцагч талын зүгээс тайлбарласан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд сахилгын шийтгэл нь сануулах, цалин бууруулах сахилгын шийтгэлийн ногдуулаагүй. 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/378 тоот тушаалд "...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 31-ний өдрүүдэд ажлын 5 хоног ажил тасалж, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гэх шалтгаанаар түүнийг ажлаас халсан нь үндэслэлтэй гэж дүгнэсэн байна. 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс мөн оны 8 дугаар сарын 05-ны өдрүүдэд С.Э нь эрүүл мэндийн шалтгаантай байсан талаар албаны ажилтнууд болон хэлтсийн дарга М.Даваажавт мэдэгдсэн. Мөн С.Э 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 24-ний өдрийг хүртэлх хугацаанд ЦД Ү С ТӨХК-ийн Улаанбаатар салбарын дарга Ч.Мөнхпүрэв нь 3 удаа уулзаж "гүйцэтгэх захирал чамайг ажлаас гарах өргөдлөө өг гэж байна, чи өргөдлөө өг, арга хэмжээ авна" гэх мэт дарамт үзүүлсэн, тухайн үед ажлаас гарах өргөдлөө өгөх боломжгүй гэдгээ хэлсэн. Иймд анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байнагэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсгийн Шийдвэр удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ, мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсгийн Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн татгалзал, тайлбар, зохигчийн төлөөлөгч гуравдагч этгээд, түүний төлөөлөгчийн тайлбарын агуулгыг заана гэж, 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсгийн Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэж тус тус заасны дагуу шүүхийн шийдвэрийг үйлдээгүй, хуулиар тогтоосон шаардлагад нийцээгүй байна.

 

Тухайлбал, шийдвэрийн 3 хуудсны сүүлийн өгүүлбэр зөвшөөрчээ гэж төгссөн, гэтэл 4 дэх хуудсны эхний өгүүлбэр ны өдөр гэж эхэлсэн, 4 дэх хуудсны өгүүлбэр маргасан төгссөн, 5 дахь хуудсны эхний өгүүлбэр ажилдаа гэж эхэлсэн, мөн хуудсны сүүлийн өгүүлбэр байна гэж төгссөн, 6 дахь хуудас гэж үзэх гэж эхэлсэн, мөн хуудсны сүүлийн өгүүлбэр ажилгүй байсан гэж дууссан байхад 7 дахь хуудас үндэсний гэж эхэлсэн байгаа зэргээс үзэхэд агуулга, дүгнэлт ойлгомжгүй байгаагаас гадна шийдвэрийн үндэслэх хэсгийн зарим үг, өгүүлбэрийг орхих буюу давхардсан байна.

 

Дээрхээс үзэхэд шийдвэрийн үндэслэх хэсгийн 4,5,6,7 дахь хуудасны дүгнэлт дутуу, бичвэр ойлгомжгүй, агуулга нь тодорхойгүй байх тул давж заалдах шатны шүүхээс уг зөрчлийг арилгаж, талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаанд дүгнэлт хийж хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/03041 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.БАЙГАЛМАА