Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2020/03041

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2020            11               09                                       183/ШШ2020/03041  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ...................................... тоотод оршин суух, 1991 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, Х овогт С.Э /рд:00000000/-ын нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ........................, өөрийн байранд байрлах, Ц /рд:000000/-д холбогдох, 

 

Тус компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б/000 тоот хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалаар өөр ажилд буруу шилжүүлсэн болохыг, 2020 оны 7 дугаар сарын 31-ны өдрийн Б/000 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халсан болохыг тус тус тогтоолгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэх, 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж олгохыг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Э, түүний өмгөөлөгч Ж.С /ШТЭҮД-0000/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, Ч.М, гэрч М.Т, Д.Ж, В.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хариуцагч байгууллагын У салбарын захиргаа, аж ахуйн албаны даргын албан тушаалд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн туршилтаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр жинхэлж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Үүнээс хойш хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам болон холбогдох бусад дүрэм, журам, Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу хариуцсан үүргээ гүйцэтгэж ирсэн. Гэтэл 2020 оны 7 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд 2 хоног эрүүл мэндийн шалтгааны улмаас ажилдаа ирж чадаагүй байхад гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлан, У салбарын Захиргаа аж ахуйн албаны даргын ажил үүргээс чөлөөлж, У салбарын Захиргаа аж ахуйн албаны дотоод ажил хариуцсан мэргэжилтэн албан тушаалд томилсон. Өвтэй байснаа нотолсон эмнэлгийн магадалгааг байгууллагад гаргаж өгөхөд хуурамчаар олгосон гэж Мэргэжлийн хяналтын газар гомдол гаргаж шалгуулсан боловч холбогдох хууль, дүрэм журам зааврын дагуу олгогдсон болох нь тогтоогдсон. Энэхүү тушаал гарсан ч эрүүл мэндийн шалтгаантай байгаа талаар албаны ажилтнууд болон хэлтсийн шинэ дарга болох М.Д-т мэдэгдсэн атал мөн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/000 тоот тушаалаар ажлаас халсан. Хөдөлмөрийн тухай хууль болон тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээгээр эрүүл мэндийн байдлын улмаас чөлөө авах нь ажлаа тасалсанд тооцогдохгүй байхаас гадна би ажиллаж эхэлснээс хойш хөдөлмөрийн ямар нэг зөрчил гаргаж байгаагүй тул бөгөөд сануулах, цалин бууруулах зэрэг сахилгын шийтгэл ногдуулах боломжтой байсан юм. Мөн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 24-ний өдрийг хүртэлх хугацаанд тус компанийн У салбарын даргын албан тушаал хашдаг Ч.М надтай 3 удаа уулзаж “гүйцэтгэх захирал чамайг ажлаас гарах өргөдлөө өг гэж байна, чи өргөдлөө өг, арга хэмжээ авна” гэх мэтээр ажлын байрны дарамт үзүүлсэн, би боломжгүй гэдгээ хэлсэн. Гэтэл ярилцсанаас хойш 6 хоногийн дараа албан тушаал бууруулж, дахин 4 хоногийн дараа ажлаас халах арга хэмжээ авсанд гомдолтой байна. Мөн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны нийт ажлын 7 өдрийн эмнэлгийн хуудсыг батлуулахаар тус байгууллагад өгсөн боловч баталж, нийгмийн даатгалд хүргүүлээгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж буй тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй. Миний яриагүй зүйлийг яагаад ярьсан болгоод байгаа нь ойлгомжгүй байна. Өглөөний шуурхай дээр тийм зүйл яригдаагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын ярьсан зүйл бүгд худлаа. Намайг ажлын байрнаас шахах байдлаар дарамт үзүүлж байсан. Хавар надад үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл авах гээд байсан. Энэ хүмүүст захиргаа аж ахуйн даргын албан тушаал нь хэрэгтэй болохоос биш мэргэжилтний албан тушаал хэрэггүй тул намайг тэр албан тушаалд томилсон.  Гэрчүүдийн мэдүүлэг нь худлаа байж болно. Яагаад гэвэл даргынхаа дор ажилладаг хүмүүс эсрэг мэдүүлэг өгөхгүй байх. Иймд тус компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б/355 тоот хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалаар өөр ажилд буруу шилжүүлсэн болохыг, 2020 оны 7 дугаар сарын 31-ны өдрийн Б/378 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халсан болохыг тус тус тогтоолгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэх, 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж олгохыг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэв. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай байгууллага нь хагас цэрэгжилтийн зохион байгуулалтай үйл ажиллагаагаа явуулдаг. Ковид-19 цар тахлын улмаас тус компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 163 дугаар тушаалаар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байсан хугацааг 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгасан, энэхүү тушаалаар нийт ажилчид нь тухайн салбарын захиргааны зөвшөөрөлгүйгээр ажил амралтын өдрүүдэд хөдөө орон нутагт явахгүйгээр сонор сэрэмжтэй байж, сахилга баттай, хариуцлагатай байж, зохион байгуулалттайгаар авч хэрэгжүүлэх талаар зохицуулсан байсан. С.Э нь 7 дугаар сарын 10-аас эхлээд нэг ч удаа холбогдож, ажил гарсан эсвэл бие өвдсөн гэх мэтээр хэлээгүй, яриагүй. Миний  хувьд шууд удирдах албан тушаалтан нь учраас энэ хүн рүү өөрөө залгаагүй. Манай байгууллага даваа гариг бүр шуурхай хурал хийдэг, бусад ажлын өдрүүдийн өглөөний шуурхай хуралд ерөнхий инженерүүд оролцдог боловч би 7 дугаар сарын 16-ны өдөр 5 хоногийн амралтаас ажилчид маань цуглаж байгаа, мөн дээрээс нь бэлэн байдал зарласан байсан учраас өөр дээрээ хурал зарласан. Ингэхэд С.Э ирээгүй. Албаны дарга нь байх учир хуулийн зөвлөх М.Тийг оролцуулж болох уу гэж захиргаа аж ахуйн албаны мэргэжилтэн Н санал гаргаж байсан. Хурлын дараа би хуулийн зөвлөх М.Тт “С.Э даргатайгаа холбогд, юу болсон талаар олж мэд” гэж хэлсэн, М.Т нь “даргатай холбогдсон, утас нь болж байна, Хөвсгөл аймгийнхаа цаашаа гарсан тул усанд боогдсон юм шиг байна. Тан руу өөрөө ярина гэж байна” гэж хэлсэн, гэтэл яриагүй. 17-ны өглөө захиргаа аж ахуйн дарга ирсэн үү гэж асуухад ирээгүй гэсэн, яагаад өнөөдөр бас ирсэнгүй вэ, дахиад холбогдоод үз гэхэд үдээс хойш нь М.Т надад “өчигдөр санаа зовоод хэлж чадаагүй юм аа, эхнэр нь жуулчны бааз дээрээ ганцаараа тул орхиж ирж чадахгүй байна” гэж надад хэлсэн гэсэн. 17-ны өдөр нь баасан гариг байсан, энэ хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлыг шалгаж, бүртгэл хийгдсэн, захиргаа аж ахуйн дарга ажил тасалсан гэж бүртгэл мэдээлэлд бүртгэгдсэн. Ингээд 20-ны даваа гаригт С.Э ажилдаа ирж, шуурхай хуралд суусан, түүнээс дээрх өдрүүдэд ажилдаа ирээгүй шалтгааныг тодруулахад “Хөвсгөл аймаг руу явсан. Амралтын газарт эхнэр ганцаараа байгаа учраас ажилдаа очиж чадаагүй” гэх тайлбарыг хэлсэн, үүнийг шуурхайд орсон бүх хүмүүс сонссон. Иймд С.Э нь 2020 оны 7 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй, ирээгүй шалтгаан буюу өвдсөний улмаас гэдгээ ямар нэгэн байдлаар илэрхийлээгүй, өвчтэй байсныг тодорхойлох нотлох баримт болох эмнэлгийн магадалгааг ажилдаа ирэхдээ салбарын захиргаанд огт өгөөгүй. Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн хүндэтгэн үзэх шалтгаантайгаар ажилдаа ирэх боломжгүй болсон бол тухайн өдрийн 12 цагаас өмнө өөрийн хариуцсан удирдах албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй тул түүнийг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б/000 тоот тушаалаар, Хөдөлмөрийн гэрээний 6.2.3в заалтад заасан шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатай биелүүлээгүй гэх үндэслэлээр, салбарын захиргааны аж ахуйн албанд дотоод ажлыг хариуцсан мэргэжилтнээр томилсон. Гэтэл С.Э-ыг үүнийг зөвшөөрөөгүй, мөн ажилдаа ирээгүй тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчлийг гаргасан гэх үндэслэлээр 2020 оны 7 дугаар сарын 31-ны өдрийн Б/378 тоот тушаалаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. 2020 оны 7 дугаар сарын 28-аас 8 дугаар сарын 05-ны хооронд өвчтэй байсан гэдэг боловч уг баримтаа гаргаж өгөөгүй, эмнэлгийн лист нь 5-нд бичигдсэн, бидэнд 17-нд хуулийн зөвлөх М.Төөр явуулсан байсан. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэв. 

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч Ц-д холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б/000 тоот хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалаар өөр ажилд буруу шилжүүлсэн болохыг, 2020 оны 7 дугаар сарын 31-ны өдрийн Б/000 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халсан болохыг тус тус тогтоолгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 310 658 төгрөг  гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэх, 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ. 

Тэрээр Ц-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 27, 31-ний өдрийн тушаалуудад гомдлоо 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр тус шүүхэд гаргасан Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гомдлоо гаргана” гэж заасантай нийцсэн байна.  

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Нэхэмжлэгч С.Э болон хариуцагч Ц нарын хооронд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр С.Э-ыг тус компанийн Захиргаа, удирдлагын албаны даргаар ажиллуулахаар талууд тохиролцжээ.

 

Зохигчид дээрх гэрээг байгуулахдаа гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3-т хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох ноцтой зөрчлийн нэр төрлийг тухайлан тусгасан байх тул уг гэрээг талуудын чөлөөт байдлыг хангасан, хөдөлмөрлөх гол нөхцөлийг тохиролцсон Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт нийцсэн гэрээ гэж шүүх дүгнэв.  

 

Ц-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б/355 тоот тушаалаар С.Э-ыг компанийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллах хугацаанд буюу 2020 оны 7 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд ажлын 2 өдөр ажил тасалж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй гэх үндэслэлээр, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнийг Захиргаа, аж ахуйн албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлж, тус албанд дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. 

 

Хэрэгт авагдсан, Ц-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/161 тоот тушаалаар Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, шугам тоноглолын найдвартай ажиллагааг хангах зорилгоор компанийн хэмжээнд 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих хугацааг сунгаж, энэ хугацаанд нийт ажилтнууд компани, салбарын захиргааны зөвшөөрөлгүйгээр ...хөдөө орон нутагт явахгүй байх, сонор сэрэмж, хариуцлага, сахилга батыг дээшлүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг хэлтэс, салбарын дарга нарт даалгаж шийдвэрлэсэн, 7 дугаар сарын 16-ны өдрийн А/000 тоот тушаалаар дээрх хугацааг 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар сунгасан болох нь тогтоогдсон. 

 

Нэхэмжлэгч дээрх тушаалыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “...2020 оны 7 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд эрүүл мэндийн шалтгааны улмаас ажилдаа ирж чадаагүй байхад ажил тасалсан гэж үзэж өөр ажилд буруу шилжүүлсэн. Үүнийг нотолсон эмнэлгийн магадалгааг байгууллагад гаргаж өгөхөд хуурамчаар олгосон гэж Мэргэжлийн хяналтын газар гомдол гаргаж шалгуулсан боловч холбогдох хууль, дүрэм журам зааврын дагуу олгогдсон болох нь тогтоогдсон” гэж тайлбарласан, 

хариуцагч “...С.Э нь 2020 оны 7 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай талаар мэдэгдээгүй, энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй, 7 дугаар сарын 20-ны өдөр ажилдаа ирж, салбарын шуурхай хуралд ажилдаа ирээгүй шалтгаанаа “Хөвсгөл аймаг руу явсан. Амралтын газарт эхнэр ганцаараа байгаа учраас ажилдаа очиж чадаагүй” гэж тайлбарласан тул дээрх арга хэмжээг авсан, уг тушаал үндэслэлтэй” гэж маргасан. 

 

Нэхэмжлэгч С.Э-т А эмнэлгээс 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр магадалгаа олгож, тус магадалгаагаар түүнийг 2020 оны 7 дугаар сарын 16-аас 17-ны өдрүүдэд ажлаас чөлөөлсөн байх бөгөөд Ц-ийн гаргасан гомдлын дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нь уг магадалгааг Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А/243 дугаар тушаалын хавсралт, Эмнэлгийн магадалгаа гаргах нийтлэг журамд нийцсэн болохыг тогтоожээ.

 

Гэвч С.Э нь дээрх шалтгаанаа хөдөлмөрийн гэрээний 4.1.8-д “Ажилтан нь хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирэхгүй байх тохиолдолд тухайн өдрийн 12 цагаас өмнө өөрийн хариуцсан удирдах албан тушаалтанд заавал мэдэгдэх” гэж зааснаар мэдэгдээгүй байхаас гадна өвчний улмаас ажлаас чөлөөлсөн гэх дээрх эмнэлгийн магадалгааг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн тушаал гарахаас өмнө хариуцагч байгууллагад хүргүүлсэн эсэхээ нотлоогүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар хэргийн нотлох баримтад зохигчийн тайлбар багтах бөгөөд хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Э-ын гаргасан “...2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр эмнэлгийн магадалгааг авсан” гэх мэдүүлэг, гэрч нарын “...С.Э нь ...дээрх өдрүүдэд хувийн ажлаар хөдөө явсан гэж шуурхай хуралдаанд тайлбарласан” гэх мэдүүлэг зэргээс шүүх А ХХК-аас олгосон эмнэлгийн магадалгааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан эргэлзээгүй, үнэн зөв баримт гэж дүгнэх боломжгүй байна.  

 

Иймд талууд хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3-ын в-д “...эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй” бол ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлахаар харилцан тохиролцсоны дагуу С.Этай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, өөр ажилд томилсон Ц-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б/355 тоот тушаал үндэслэлтэй.

 

Үүний дараа гаргасан, Ц-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/378 тоот тушаалд “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2020 оны 7 дугаар сарын 27-ноос 31-ний өдрүүдэд ажлын 5 хоног ажил тасалж, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн У салбарын Захиргаа, аж ахуйн албаны дотоод мэргэжилтэн С.Эын хөдөлмөрийн гэрээг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс цуцалж, ажлаас халсугай” гэжээ. 

 

Хавтаст хэрэгт, мөн А ХХК-аас С.Э-т олгосон эмнэлгийн хуудас авагдсан байх бөгөөд дээрх хуудаст, С.Э, албан тушаал дотоод алба, ху, хариуцсан мэргэжилтэн, ХЧТА эхэлсэн 2020 оны 7 дугаар сарын 28, дууссан 2020 оны 8 дугаар сарын 05, олгосон 8 дугаар сарын 05 гэж бичигдсэн, мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нь уг хуудсыг Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайдын 2015 оны А/30 тушаалын нэгдүгээр хавсралт “Иргэн /даатгуулагч/-д эмнэлгийн хуудас олгох журам”-ын 2.10-т заасны дагуу олгогдсон болохыг тогтоосон байна. 

Нэхэмжлэгч С.Э нь өөр ажилд шилжүүлсэн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн тушаалд гомдлоо 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн тушаал гарахаас өмнө шүүхэд хандан гаргаагүй, мөн дээрх эмнэлгийн хуудаст түүний албан тушаал ...мэргэжилтэн гэж бичигдсэн зэргээр түүнийг өөр ажилд шилжүүлсэн тушаалыг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй тул талуудын хооронд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг хүчин Т гэж үзнэ. 

 

Дээрх гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3-ын б-д “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан” бол ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлахаар тохиролцсон байна. 

 

Нэхэмжлэгч дээрх тушаалыг зөвшөөрөхгүй үндэслэлээ “...Эрүүл мэндийн шалтгаантай байгаа талаар албаны ажилтнууд болон хэлтсийн шинэ дарга М.Д-т мэдэгдсэн, эмнэлгийн хуудас /лист/-ийг хүргүүлсэн атал 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн тушаалаар ажлаас халсан. Хөдөлмөрийн тухай хууль болон тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээгээр эрүүл мэндийн байдлын улмаас чөлөө авах нь ажлаа тасалсанд тооцогдохгүй байхаас гадна ажиллаж эхэлснээс хойш хөдөлмөрийн ямар нэг зөрчил гаргаж байгаагүй тул бөгөөд сануулах, цалин бууруулах зэрэг сахилгын шийтгэл ногдуулах боломжтой байсан” гэж тайлбарласан, 

хариуцагч “...2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн тушаалыг С.Э зөвшөөрөөгүй, ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөнө гэж тайлбарласан, ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр мөн ажилдаа ирээгүй тул хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. 2020 оны 7 дугаар сарын 28-аас 8 дугаар сарын 05-ны хооронд өвчтэй байсан гэдэг боловч уг баримтаа тушаал гарахаас өмнө гаргаж өгөөгүй, тушаал гарсны дараа, 8 дугаар сарын 17-нд хуулийн зөвлөх М.Т-өөр байгууллагад хүргүүлсэн, уг листийг 8 дугаар сарын 05-ны өдөр олгосон байсан” гэж маргасан. 

 

Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/30 тушаалын нэгдүгээр хавсралт “Иргэн /даатгуулагч/-д эмнэлгийн хуудас олгох журам”-ын 2.8.1-д ХЧТА /хөдөлмөрийн чадвар түр алдах/-ын эмнэлгийн хуудсыг эмнэлгээс гарсан өдөрт нь эсвэл эмчлүүлж дууссанаас хойш ажлын 5 хоногийн дотор олгоно гэж журамлажээ. 

 

Нэхэмжлэгч С.Э эмнэлгийн хуудсыг 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр бичүүлж, байгууллагад хүргүүлсэн нь дээрх журамд нийцсэн байх боловч тушаал гарсан 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа талаарх нотлох баримтыг байгууллагад гаргаж өгөөгүй, энэ талаар мэдэгдсэн гэж байгаа боловч үүнийгээ нотлоогүй, Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А/243 дугаар тушаалын хавсралт, “Эмнэлгийн магадалгаа гаргах нийтлэг журам”-ын 2.1.1-д хувь хүн өвчний улмаас хөдөлмөрийн  чадвараа түр алдсан бол эмнэлгийн магадалгаа олгохоор зохицуулсны дагуу эмнэлгийн магадалгаа бичүүлж, байгууллагад хүргүүлээгүй байна. 

 

Иймд түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэх үндэслэлээр ажлаас халсан Ц-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/378 тоот тушаалыг буруутгах үндэслэлгүй, нэхэмжлэгч нь 2020 оны 7 дугаар сарын 28-аас 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж олгохыг даалгахаар шаардах эрхгүй байна.   

 

Дээрх үндэслэлүүдээр, нэхэмжлэгч С.Э-ын Ц-д холбогдуулан гаргасан тус компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б/355 тоот хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалаар өөр ажилд буруу шилжүүлсэн болохыг, 2020 оны 7 дугаар сарын 31-ны өдрийн Б/378 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халсан болохыг тус тус тогтоолгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 310 658 төгрөг  гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэх, 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж олгохыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

С.Э-ын гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх иргэний хэрэгт багтах тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь: 

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Э-ын хариуцагч Ц-д холбогдуулан гаргасан тус компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б/355 тоот хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалаар өөр ажилд буруу шилжүүлсэн болохыг, 2020 оны 7 дугаар сарын 31-ны өдрийн Б/378 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халсан болохыг тус тус тогтоолгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэх, 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж олгохыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

  

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.МӨНГӨНТУУЛ