Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2020/02383

 

МАГАДЛАЛ

2020.12.18. Дугаар 2383

 

 

 

 

 

 

Нийслэлийн ерөнхий боловсролын

00- дүгээр сургуулийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/03026 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Нийслэлийн ерөнхий боловсролын 00- дүгээр сургуулийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л Н Х ХХК-д холбогдох, автомашины гарааш буулгаж, газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэвээн, хариуцагчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Нийслэлийн ерөнхий боловсролын 00- дүгээр сургууль шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай сургууль Нийслэлийн засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 671 тоот захирамжийн дагуу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 19/0092 нэгж талбарын дугаартай 9100 м.кв талбайтай сургалтын зориулалттай газрыг эзэмшин үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл Ланд энд хаус ХХК нь зөвшөөрөлгүйгээр манай эзэмшлийн газрын баруун хойд талын талбай руу 4м 30см оруулан автомашины гарааш барьж, манай байгууллагын эрх ашгийг зөрчсөн. 2019 оны 5 дугаар сараас эхлэн манай сургууль Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар өргөтгөлийн ажил хийгдэх болсонтой холбогдуулан газрын кадастрын зургийн дагуу хашаа барих шаардлагатай болсон боловч дээрх гарааш баригдсанаас болж энэхүү бүтээн байгуулалтын ажил явагдах боломжгүй байдал үүсээд байна. Газрын тухайн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж тодорхой заасан байгаа. Засаг даргын захирамж нь 2009 оны 7 дугаар сарын 19-ний өдөр гарсан, үүнийг үндэслээд газар эзэмших гэрээ 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдаж, гэрчилгээ олгосон. 2005 оны гэрчилгээг тухайн үед захирамжаар хүчингүй болгосон. Тухайн газрыг сургууль эзэмшиж байсан, дахин гэрчилгээ олгосон учраас шаардах эрх нь энэ үеэс үүснэ гэж үзэж байна. Иймд Ланд энд хаус ХХК-ийн зөвшөөрөлгүй барьсан автомашины гараашуудыг албадан буулгаж, манай газрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ланд энд хаус ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ланд энд хаус ХХК нь Нийслэлийн засаг даргын 2001 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 231 тоот захирамжаар Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3000 м.кв газрыг ашиглах эрхтэй болсон бөгөөд тус газар дээр орон сууцны барилга барьж, ашиглалтад оруулсан. Манай компанийн зүгээс автомашины гараашийг орон сууцны хамт 2001-2002 онд барьсан бөгөөд барилгыг барих үед ерөнхий боловсролын 00- дүгээр сургуулийн тухайн үеийн захирал Б.Цэрэндондог сургуулийн ойр орчимд барилга, гарааш барьж байгаа тул биеийн тамирын талбай болон сургуулийн урд талын талбайг засаж тохижуул гэх зэрэг шаардлага тавьсан. Манайх тус сургуулийн гадна талын 5х60 м буюу 300 м.кв биеийн тамирын талбайг тохижуулж өгсөн, талбай талын 12 ширхэг цонхны хамгаалалт хийж өгсөн, сургуулийн урд талын 23х15 м талбайг засаж тохижуулсан, сургуулийн бохирын шугамын диаметрийг өргөтгөн сайжруулсан ба эдгээрийг тэр үеийн ханшаар 10 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, тус сургуулийн багш, ажилчдын 5 давхар орон сууцыг удирдлагатай нь тохиролцон хөнгөлттэй үнээр барьж өгсөн, тус сургуулийн анги танхимын дотоод тохижилтод 20 орчим сая төгрөгийн санхүүжилт өгсөн, 2006-2007 онд тус сургуулийн багш ажилчдын орон сууцны ажлыг хөнгөлөлттэй үнээр гүйцэтгэж өгсөн. Мөн тухайн үед Ерөнхий боловсролын 00- дүгээр сургууль газар эзэмших эрхтэй байсан мэдээлэл бидэнд байхгүй. Учир нь тухайн үед кадастрын зургаа үзүүлээд 00- дүгээр сургуулийн газар гэдгийг нотолсон зүйл байхгүй. Тухайн үеийн захирал Б.Цэрэндондогийн амаар хэлсэн мэдээлэл дээр үндэслээд бид тус сургуулийн газарт гарааш оруулж барьсан байна гэж үзэн хөрөнгө, санхүүжилт хийсэн. Гэтэл сургуулийн захирал өөрчлөгдөж, өмнөх захирлынхаа шийдвэрийг үгүйсгэж, газар чөлөөлөхийг шаардаж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Тус гарааш нь одоо 200 гаруй сая төгрөгийн үнэтэй, 15 өөр этгээдийн өмчлөлийн хөрөнгө байгаа. Иймд хууль бусаар бусдын газарт барилга бариагүй бөгөөд нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол /16050/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, С51 тоотод байршилтай, Ерөнхий боловсролын 00- дүгээр сургуулийн эзэмшлийн нэгж талбарын 18640310432825 дугаар бүхий 9100 м.кв талбайтай газрын баруун хойд талд байрлах 2 гарааш барьсан 319 м.кв, 6 м.кв нийт 325 м.кв талбай бүхий газруудыг чөлөөлж өгөхийг Л Н Х ХХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л Э Х ХХК-аас 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэгч нь тус газрыг 2005 оноос хойш эзэмшиж байгаа боловч манай компани нь тус гараашнуудыг 2004 онд барьсан болохыг гэрч нарын мэдүүлэгээр тогтоогдоно. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ" гэж зааснаас үзвэл Ерөнхий боловсролын 00- дүгээр сургууль нь 2005 онд хууль ёсоор газар эзэмших эрхтэй болсон. Иймд манай компанийг гараашнуудыг барих үед хууль ёсоор газар эзэмших эрхгүй байсан учир шаардах эрх үүсэхгүй. Манай компани тухайн үед гараашуудыг тус иргэдийн захиалгаар барьж гүйцэтгэсэн. Бидний зүгээс хүний өмчлөлийн зүйлд халдах эрхгүй бөгөөд хэрхэн яаж буулгах асуудалд шүүхийн шийдвэрийг биелүүлэх ямар ч боломжгүй нөхцөл байдал бий болоод байна. Нөгөөтэйгүүр тус гараашийн өмчлөгчийн эрх ашиг нь хөндөгдөх учраас гараашийг эзэмшиж, ашиглаж байгаа этгээдүүдийг оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгах гэж хуульчилсан. Газар эзэмших, газрыг өөрийн мэдэлд байлгах буюу үл хөдлөх эд хөрөнгө эзэмших эрх нь эдийн бус хөрөнгө гэсэн ойлголтод хамаарахгүй. Гэтэл шүүхээс эдийн бус хөрөнгөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Манай компани нь 2004 онд гараашийг барьснаас хойш 16 жил өнгөрсөн байна. Шүүхээс гарааш хэзээ барьсныг нотлоогүй учир хөөн хэлэлцэх хугацааг хэтэрсэн гэж үзэх үндэслэлгүй гэдэг ч Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн 2006 оны 9 дүгээр сарын архивын зурган мэдээллийг сансарын зурагтай давхцуулсан зурагт тухайн үед гарааш баригдсан байдаг. Мөн гэрч Н.Отгончимэгийн шүүхэд гаргасан мэдүүлэгт 2007 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилласан, тухайн үед гарааш баригдсан байсан гэж мэдүүлсэнэс үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй. Мөн тухайн үеийн сургуулийн захирал н.Цэрэндондогийн санал, зааварчилгааны дагуу сургуульд зайлшгүй шаардлагатай байсан засвар үйлчилгээний ажлыг хийж, анги танхимыг нь тохижуулан ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсэн. Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-т Газар эзэмшигч нь хөршийн зөвшөөрөлгүйгээр хил зөрчин барилга байгууламж барьсан бөгөөд хөрш нь ийнхүү хил зөрчихөөс өмнө буюу хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруй тухайн эзэмшигчид уг үйлдлээ зогсоох шаардлага гаргаагүй бол зөрчлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй" гэж заасан бөгөөд тус гараашийг барьж байх үед хөршийн зүгээс аливаа зогсоох шаардлага гаргаагүй харин ч зөвшөөрөл олгосон болохыг гэрч нарын мэдүүлгээс харж болохоор байна. Шүүх "Ерөнхий боловсролын 00- дүгээр сургууль нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-т зааснаар гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших эрхтэй бөгөөд өөрийн эзэмшил газрыг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй" гэж дүгнэсэн. Гэтэл Ерөнхий боловсролын 00- дүгээр сургууль нь Нийслэлийн Засаг даргын 2009 оны №671 дүгээр захирамжаар 9 100 м:кв газрыг эзэмших эрхтэй болсон бөгөөд маргааны үндэслэл болоод буй гараашууд нь нэхэмжлэгчийг ийнхүү 9 100 м.кв газрыг эзэмшихээс өмнө тухайн газарт баригдсан ба ийнхүү баригдаж дууссан болох нь хэрэгт авагдсан сансраас авсан газрын зураг болон гэрчийн мэдүүлгүүдээр тус тус тогтоогддог. Өөрөөр хэлбэл, маргааны үндэслэл болоод буй гараашууд нь нэхэмжлэгч 9 100 м.кв газрыг эзэмших эрхтэй болохоос өмнө баригдсан тул Газрын тухай хуульд заасны дагуу тухайн барилгажсан талбайд нэхэмжлэгчид газар олгох хууль зүйн үндэслэл болохгүй. Нэхэмжлэгчийн 2005 онд эзэмшиж байсан 9 332 м.кв газрын баталгаат хэмжээг тогтоосон акт, Ерөнхий бүдүүвч зураг болон 2009 онд эзэмших эрхтэй болсон 9 100 м.кв газрын кадастрын зургийг харьцуулан үзэхэд гарааш баригдсан газрыг хасч нэхэмжлэгчид олгосон болох нь дээрх баталгаат хэмжээг тогтоох акт болон кадастрын зургаар тогтоогдсон. Мөн нэхэмжлэгч нь 2005 онд нэгж талбарын ямар дугаарт, хаана ямар газрыг эзэмшиж байсан болох нь уг хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой тул 2005 оны газар эзэмших эрх, түүний газрын кадастрын зураг, мөн 9 332 м.кв газрыг ямар учраас 9 100 м.кв болгон өөрчилсөн зэрэг нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр тухайн маргааныг шийдвэрлэх ёстой юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжаар шинжээч томилсон. Уг захирамжийн 3 дахь заалтын "а болон б" хэсэгт шинжээчид тавих асуултыг тусгасан. Тус захирамжийн дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар шинжээчээр ажиллаж, 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн тоот шинжээчийн дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн боловч тус дүгнэлт нь шүүгчийн захирамжид заагдсан асуултуудад бүрэн хариулт өгөөгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн. Гэвч Газар зохион байгуулалт. геодези, зураг зүйн газраас ирүүлсэн 2020 оны 7 дугаар сарын 06-нь өдрийн №А/07 тоот шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх хүүль зүйн боломжгүй юм. Учир нь Газар зохион баигуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/07 тушаалаар дүгнэлт гаргах "Ажлын хэсэг"-ийг 5 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Гэтэл Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/104 тушаал гаргаж 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №А/07 тоот тушаалд өөрчлөлт оруулж, ажлын хэсгийн гишүүдийг Топкад ХХК-ийг оруулснаар шинжээчийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлд нийцэхгүй юм. Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасны дагуу шинжээч нь тухайн дүгнэлтийг гаргах боломжгүй тохиолдолд дүгнэлт гаргахаас татгалзах эрхтэй болохоос биш өөр этгээдийг оролцуулан дүгнэлт гаргах хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс House group Land and House ХХК-д холбогдох иргэний хэрэгт төлөөлөх итгэмжлэлийг Б.Баттулгад олгосон болохоос биш Л Н Х ХХК-д холбогдох иргэний хэрэгт итгэмжлэл олгоогүй. Боловсролын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1. Бага. дунд боловсролын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу Ерөнхий боловсролын 00- дүгээр сургуулийн удирдлага нь сургуулийн зөвлөл байх ба тус сургуулийн захирал нь шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрхгүй юм. Шүүх тухайн маргааныг шийдвэрлэхдээ дараах байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна. Хэргийн оролцогчид буюу нэхэмжлэгч, түүний төлөөлөгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч гарын үсэг зуруулаагүй байх ба мөн нөлөөллийн мэдүүлэгт нэхэмжлэгч, түүний төлөөлөгчид танилцуулж, гарын үсэг зуруулаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдийн хүсэлтээр 4 гэрчээс гэрчийн мэдүүлэг авч хэргийн материалд хавсаргасан. Гэрчээс мэдүүлэг авахдаа шүүгч гэрчид өөрөө хууль тайлбарлан өгөөгүй. Шүүгчийн туслах нь хууль тайлбарлан өгсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Нийслэлийн ерөнхий боловсролын 00- дүгээр сургууль нь хариуцагч Л Н Х ХХК-д тус сургуулийн газар руу 4 метр 30 см оруулан барьсан автомашины гараашийг албадан буулгуулж, газар чөлөөлүүлэх агуулга бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нийслэлийн ерөнхий боловсролын 00- дүгээр сургуульд Нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 167 тоот шийдвэрээр нэгж талбарын 19/0099 дугаар бүхий 9 332 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, сургалтын зориулалтаар эзэмшүүлэхээр 056023 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг 2005 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр олгож, Нийслэлийн газрын албанаас кадастрын зураг үйлдэж, Нийслэлийн газрын албатай 2005 оны 5 дугаар сарын 13-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна. Гэвч Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 671 тоот шийдвэрээр нэгж талбарын 19/0092 дугаар бүхий 9100 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, Баянгол дүүргийн 2 дугаар хороонд, сургалтын зориулалтаар эзэмшүүлэхээр 0177729 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг 2010 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 00- дүгээр сургуульд олгож, Нийслэлийн газрын албанаас кадастрын зураг үйлдэж, Нийслэлийн газрын албатай 2009 оны 12 дугаар сарын 20-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна. /хх-58,67, 215, 216, 217/

 

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/07 тоот дүгнэлтэд Ланд энд хаус ХХК-ийн барьсан автомашины 2 гарааш нь 321 м.кв, 59 м.кв талбайтай байна. Үүнээс 1 дүгээр гарааш 319 м.кв, 2 дугаар гарааш 6 м.кв талбайгаар тус тус давхцаж байна гэсэн дүгнэлт гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн гаргасан автомашины гарааш барьсан газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэсэн агуулгатай, мөн уг гараашийг буулгуулах шаардлага нь мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасан хөрш залгаа эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдийн харилцаанд хамааралтай, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэг заасан шаардлага байхад шүүх энэ хоёр шаардлагыг тодруулах ажиллагааг хийх байжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн автомашины гарааш нь нэхэмжлэгчийн газрын хил зөрчсөн байгаа бол хөрш залгаа газар эзэмшигчийн хувиар уг үйлдлийг зогсоохыг шаардаж байгаа нь хэрэгт ач холбогдолтой.

 

Мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх шаардлага гаргаж байгаа бол тус газрыг хууль бусаар ямар этгээд эзэмшилдээ байлгаж байгаа, түүнийг бодитой чөлөөлөх боломжтой эсэхийг тодруулах шаардлагатай.

 

Эдгээр ажиллагааг давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг үндэслэн нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг Иргэний хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэлээр хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Харин хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим нь үндэслэлгүй байна. Тухайлбал, нэхэмжлэгч Нийслэлийн ерөнхий боловсролын 00- дүгээр сургуулийн захирал Ю.Энхтуул 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр House group Land & House ХХК-д холбогдох газар чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийг төлөөлөн оролцох итгэмжлэлийг Б.Баттулгад олгосон байна.

 

House group Land & House ХХК болон Ланд энд хаус ХХК нь тусдаа хуулийн этгээд бөгөөд энэ хоёр компанид холбогдуулан хоёр өөр нэхэмжлэл гаргасан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-т заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийн нэхэмжлэлээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхгүй.

 

Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШЗ2019/15653 дугаар захирамжаар Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн газрыг шинжээчээр томилсон бөгөөд тус газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/104 дугаар тушаалаар шинжээчийн бүрэлдэхүүнийг өөрчилсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэл болохгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/03026 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдусгай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Д.БАЙГАЛМАА